Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 486

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.А , О.Б нар

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд: Т.Б , Г.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А , О.Б , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Газрын албаны Хуулийн мэргэжилтэн З.М, гуравдагч этгээд Т.Б , түүний өмгөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А , О.Б , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.А ын эцэг Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны ,,, тоот газрыг 1986 оноос хойш эзэмшиж хашаа, байшин барьж, амьжиргаагаа төвхнүүлэн зохих журмын дагуу өргөдөл хүсэлтээ гаргасны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Гүйцэтгэх захиргааны 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр уг газрын баруун тал буюу .... хэсэг Б.Ц-ын нэр дээр, зүүн тал буюу 70б хэсэг О.Б ы нэр дээр тус тус 400  м2 газар эзэмших Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгогдсон. 

Д.Т гэдэг хүнд Б.Ц , О.Б нарыг газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш 1 жил 4 сарын дараа Сүхбаатар дүүргийн Гүйцэтгэх захиргааны 1996 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182 тоот шийдвэрийг үндэслэж 300 м2 газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. 

Эцэг Б.Ц өөрийн нэр дээрх хашаа, байшин бүхий .... тоот газрыг өөрийн хүү Ц.А ын нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж, Сүхбатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот захирамжаар Бэлхийн 37 дугаар гудамжны ... тоот газрыг эзэмших эрхийг шилжүүлэн Ц.А ын нэр дээр ******* дугаар үнэмлэх баталгаажсан. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны..... тоот газрыг иргэн Ц.А , зүүн тал буюу 70бтоот газрыг иргэн О.Б нар тус тус 400  м2 газар эзэмших эрхтэй. 

Гэтэл тус дүүргийн газрын кадастрын зураг хийлгэх үеэр Бэлхийн 37 дугаар гудамжны .... тоотод хамаарах Ц.А ын газрыг О.Б ы нэрээр, зүүн талын хэсэг 70б тоот О.Б ы хашааг өөр хүний нэрээр сольж, алдаатай зурагт оруулан будлиантуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар газрыг иргэн Ж.А Г.Д нарт давхардуулан олгосон байна. Энэ үеэс эхлэн хууль бус захиргааны үйл ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор тасралтгүй хөөцөлдөж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрсэнгүй. 

Газар өмчлөх эрх үүсэхийн тулд тухайн иргэний өргөдөл байх ёстой. Тэгэхээр газар өмчилж авахыг хүссэн өргөдлөө сум, дүүргийн Засаг даргадаа гаргах ёстой. Хэрэгт авагдсан материалаар Ж.А-сын газар өмчилж авахыг хүссэн өргөдөл байдаггүй. Харин нөхөр Д.Т ын “******* тоот гэрчилгээтэй газрыг шилжүүлж авъя” гэсэн өргөдөл байдаг. Газар өмчлүүлэхээс өмнө эзэмших эрх үүссэн байх ёстой. Гэтэл эзэмших эрх үүсээгүй байдаг. Мөн газар өмчлөхөд бүрдүүлэх материал дотор эзэмших эрхийн гэрчилгээ байх ёстой байтал эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Өөрөөр хэлбэл эзэмшиж байсныг нотлох баримт байхгүй байна. 

Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “...Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх”, 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “...Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т “Газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэсэн байдаг. Нийслэлийн Газрын албанаас эдгээр хүмүүсийн өргөдлийг он, цаг дарааллаар нь тэмдэглэж, ийм материал бүрдүүлж, ийм шийдвэр гаргасан гэдэг нотлох баримтыг өгөөгүй.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан. Тэгэхээр эдгээр нотлох баримтууд байхгүй байхад Нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэх захирамж гаргаж шийдвэрлэсэн учраас тус шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан Ж.А газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Т.Б ын өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг нь хууль бус юм. Бидний эцсийн гол шаардлага бол эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнө байсан байдлыг сэргээлгэж, бусдын эрхийг зөрчсөн захирамжийг хүчингүй болгуулах юм. Гуравдагч этгээд хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Гэхдээ шийдвэр чиглэсэн этгээдэд өөрт нь ашигтай боловч эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд сөрөг нөлөөлөлтэй байгаа эрхийн актад нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа шууд хамаарахгүй. Хоёрдугаарт захиргааны байгууллагаас нэхэмжлэгч талд эрхийн актын талаар мэдэгдээгүй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө нь шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Нийслэлийн Засаг дарга иргэн Ж.А Г.Д нарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх тул Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн байна. 

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 тоот захирамжийн Ж.А-д холбогдох хэсэг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн дагуу 20.3-т “...Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана” гэж зааснаар, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжийг үндсэн дээр тус газрыг Ж.А-д өмчлүүлсэн байна. 

Нэхэмжлэгч талаас “...Хүсэлт өгөөгүй, нотлох баримт цуглараагүй” гээд байна. Дүүргийн архиваас тус материал нь олдохгүй, байхгүй ч гэсэн 2003 онд Ж.А нь тус газрыг өмчлөх хүсэлт өгсний дагуу тухайн иргэнийг амьдарч байгаа эсэхийг мөн газрын хэмжээ, хашаа байгаа эсэхийг тодорхойлсны үндсэн дээр өмчлөх хүсэлтийг нь хангасан. Тухайн хашааны хэмжээ 700 м2 талбайгаар Ж.А-д хууль ёс, дүрмийн дагуу өмчлүүлсэн. 

Гуравдагч этгээд Г.Д д давхардуулаад 2 газрыг өмчлүүлсэн учраас Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 тоот захирамжаар одоо маргаад байгаа захирамжийн Г.Д д холбоотой хэсгийг хүчингүй болгосон. Хүчингүй болсон газар нь улсын өмчид хамаарна. Тус газар нь хэн нэгний эзэмшил, өмчлөлд байхгүй. Мөн нэхэмжлэгч иргэдээс алдаатай зураг оруулж будлиантуулсан гэж байгаа боловч тухайн алдаатай зургийн талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Ц.А , О.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Гуравдагч этгээд Т.Б , түүний өмгөөлөгч Л.Б нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.А нь 2010 онд нас барсан бөгөөд түүний өв залгамжлагч хүүхдүүд болох Т.Б , Т.Б, Т.Ц, Т.Б, Т.Т, Т.Б нар болно. Иргэн Ж.А өмчилж байсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамж, .... тоот газрыг түүний охин Т.Б д өвлүүлж эзэмшүүлэхийг бусад өв залгамжлагч хүүхдүүд зөвшөөрч, өөрсдийн өвлөх эрхээсээ татгалзсаны дагуу тус газрыг өвлөх эрхийн гэрчилгээг түүний охин Т.Б д олгосон. 

Аав маань анх 1992 онд зуслангийн газар авч хашаа бариад дараа нь чингэлэг барьж битүүлсэн. Тухайн үед манай хашаа руу ордог тусдаа орцтой байсан. Одоо байгаа хаашаа дундуураа хашаатай байсан. Бас О.Б ахынх нэг чингэлэгтэй байсан. Тус чингэлгийнх нь хойгуур манай хашаа, тэр хоёр хашааны өнцөгт бие засах газар, бие засах газрын урд талд газар ухсан шороо байсан. Дараа нь 1996 онд газрын цагаан гэрчилгээ авсан. Аав маань 1997 нас барсан. Сүүлд 2003-2004 оны үеэр манайх өөр зуслангийн газартай болж тэр байшин руугаа нүүгээд аавынхаа зуслангийн байшинд байнга гарахаа больсон. Гэхдээ манай дүү нар эргэж очдог, өөрийнхөө ажлын газрын хашаагүй гэсэн айлуудыг үнэ төлбөргүй суулгадаг байсан. Зуныхаа амбаарыг О.Б ахынд ч хэрэглүүлж байсан.

Ээж маань 2010 онд нас барсан. Манай аав болон ээж маань нэгээс нэг рүүгээ шилжүүлээд сүүлд нь би хуулийн дагуу эцэг, эхийнхээ хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилж байсан хашааг өвлөж авсан гэдгийг хэлмээр байна. Энэ газар бол яг байсан хашааныхаа дагуу л байгаа. Өөр хэн нэгний, илүү газрыг аваагүй. О.Б ахынх манай хашааны доод талд байсан. Урд талд нь нарийхан хашаа байдаг байсан. Тэр хашаанд хэн ч байдаггүй, хэрэглэдэггүй байсан.  Гэхдээ О.Б ахын эхнэр нь “...Б.Ц гэдэг ах энэ газрыг авсан. Бид нар энэ газрыг нь хардаг юм” гэж байсан. 

Гэтэл нэхэмжлэгч нарын тавиад байгаа шаардлагыг харахаар эрх нь зөрчигдөөгүй хүмүүс хүний өмчлөх эрхийг хүчингүй болгуулах гэж өмчлөх эрх рүү нь халдаж байна. О.Б нь 287 м2 газрыг гэрчилгээтэйгээр эзэмшиж байгаа боловч бодит байдал дээрээ 500 м2 гаруй газрыг эзэмшиж байгаа.

Бид бол О.Б , Д.Т нарыг газар эзэмшиж байсан гэдэгтэй маргахгүй байгаа. Ерөнхийдөө газрын хэмжээ зөрүүтэй байна гэсэн асуудал дээр л маргаан үүссэн гэж ойлгож байгаа. Г.Д гэж хүний 256 м2 газрыг хүчингүй болгосон учраас нэг нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсан гэж үзэж байна. Тухайн газар дээр гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй. Бүгдээрээ цагаан гэрчилгээтэй байсан. Үүнийг үгүйсгэхгүй.

Ж.А нь 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөдөл өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 413 тоот захирамж гарч өмчлөх эрхтэй болсон байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэсэн байна. Үүний дагуу О.Б нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргаж газар эзэмшсэн байна. 

Ц.А нь 2 жилийн хугацаанд газар эзэмших эрхтэй байж байгаад 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна. Эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон бол дахин хүсэлт өгөх ёстой. Гэтэл Ц.А нь нэг ч удаа газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй хирнээ хуулийн дагуу өмчлөх эрх авсан хүний өмч рүү дайраад байгаа нь зохимжгүй байна. Хуульд зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээтэй, газрын төлбөр төлсөн байх ёстой зэрэг олон шаардлага байдаг. Ц.А үнэхээр энэ газрыг эзэмшиж байсан юм бол эдгээр баримтууд байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт ийм баримт авагдаагүй байна. О.Б , Ц.А ын газар солигдсон байгаа. Одоо сул байгаа газар нь О.Б ы газар юм шиг байгаа юм.

Тухайн үед Ц.А аавынхаа 400 м2 газрыг шилжүүлж аваад, газар эзэмших эрхтэй болсон нь үнэн. Тухайн үед кадастрын зураг гэж байгаагүй учраас газар нь яг бодит байдал дээр хаагуур байсан гэдгийг мэдэхгүй. Зүгээр л 300  м2, 400 м2 гээд бичээд өгчихдөг байсан. Хамгийн гол нь Ц.А газар эзэмшиж байсан нь үнэн боловч газар эзэмших эрхээ цааш баталгаажуулаагүй байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “...Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж заасан байдаг.

Ц.А гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй учраас 39.1.4-т “...Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэсний дагуу газар эзэмших эрх нь хүчингүй болсон. Тус хуулийг Ц.А биелүүлээгүй учраас газар эзэмших эрх нь 2005 онд дуусгавар болсон байна. Газар эзэмших эрх нь аль хэдийн дуусгавар болчихсон байхад миний 400 м2 газар хаана байна вэ гээд яваад байгаа нь зохимжгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Г.Д шүүх ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Сүхбаатар дүүрэгт ямар нэгэн газар эзэмшдэггүй. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 403 дугаар захирамжаар Г.Д миний нэр дээр Бэлхийн 37 дугаар гудамжны.... тоот хаягт байрлах 256 м2 газрыг эзэмшүүлсэн байна. Хэрэгт авагдсан байдлаас үзэхэд хамтран амьдрагч байсан Ж.А миний өмнөөс өргөдөл гаргаж гарын үсэг зурсан байна. 

Миний бие уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргаагүй, газар эзэмших өргөдөлд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би тухайн газрыг өмчлөх эрхтэй болсон гэдгийг шүүх дээр ирээд мэдсэн. Тухайн газрын өмчлөх эрхийг хүчингүй болгосон тохиолдолд ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд, цаашид уг газрын маргаанд оролцох хүсэлгүй байгаа болно. Иймд намайг оролцуулахгүйгээр уг хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.А , О.Б нараас “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.А Г.Д нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд Ж.А нь 2010 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тухай лавлагаа ирсэн. Улмаар Ж.А төрсөн хүүхдүүд болох Т.Б. Т.Б, Т.Т, Т.Ц нараас төрсөн эгч Т.Б ыг энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэл  олгогдсон байна.

Ийнхүү Ж.А (асан)-ны төрсөн хүүхдүүдийн хүсэл зоригийн дагуу шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх залгамжлагчаар солих тухай” захирамжаар  гуравдагч этгээд Ж.А эрх залгамжлагчаар Т.Б ыг сольж оролцуулж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр түүнд гуравдагч этгээдийн эдлэх эрх, үүргийг танилцуулан , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно. 

Мөн гуравдагч этгээд Г.Д г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

1. Үйл баримтын тухайд:

Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 8 дугаар сарын 02 дугаар сарын 147б дугаар захирамжийг үндэслэн Б.Ц , нэхэмжлэгч О.Б нарт 1995 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 95544, 95545  дугаартай “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийн дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар (одоогийн 18 дугаар) хорооны нутаг дэвсгэрт тус бүр 400 м2 газрыг эзэмших эрх олгогдсон байна. 

Мөн Б.Ц , О.Б нарын газрын зэргэлдээ Д.Т т (Ж.А нөхөр, гуравдагч этгээд Т.Б ын аав болох) 1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн *******  дугаартай “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийн дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар (одоогийн 18 дугаар) хорооны нутаг дэвсгэрт 300 м2 газрыг эзэмших эрх олгожээ. 

Б.Ц (нэхэмжлэгч Ц.А ын аав)-ийн “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх” нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба шүүхээс нотлох баримтын шаардлага хангаж өгөхийг шаардсан боловч нэхэмжлэгч Ц.А “тухайн үед дүүргийн Газрын алба үнэмлэхийн эх хувийг хураан авч надад газар эзэмшүүлэх ******* дугаар гэрчилгээг олгосон. Энэ баримт Газрын албанаас олдохгүй байгаа” гэх тайлбарыг гаргасан болно. 

Харин шүүхэд гэрч Р. “1995 оноос Б.Ц нүүрэн талын хашааг барьсан. О.Б нь өөрийн газар болон Б.Ц ын газар, байшинг хардаг байсан” гэх мэдүүлгийг  өгсөн, мөн хэргийн оролцогчид Б.Ц ийг 1995 оноос тухайн байршилд газар эзэмшиж байсан болон түүний 95544 дүгээр “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийг үгүйсгэдэггүй тул Б.Ц ийг маргаан бүхий байршилд газар эзэмших эрхтэй байжээ гэж үзлээ.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд анх маргаан бүхий байршилд буюу 70, ...., 70б тоотод байрлах газруудад нэхэмжлэгч О.Б , Б.Ц , Д.Т нар “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийн дагуу хөрш зэргэлдээ газар эзэмшиж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно. 

Нэхэмжлэгч Ц.А од Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх тухай” 62 дугаар  захирамжийг үндэслэн тус дүүргийн 16 дугаар (одоогийн 18 дугаар) хороо Бэлхийн 37 дугаар гудамж .... тоотод байрших 400 м2 газрыг 2 жилийн хугацаатай эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг  2003 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосноор тэрээр аав Б.Ц ийн эзэмшиж байсан газрыг шилжүүлэн эзэмших эрхтэй болжээ. 

Мөн Ж.А нь (гуравдагч этгээд Т.Б ын ээж) 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөдөл (талийгаач Д.Т ын газар эзэмших эрхийг шилжүүлэн авах) гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар түүнд Бэлхийн 37 дугаар гудамжны .... тоотод байршилд 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивт  нэхэмжлэгч Ц.А ын газар баталгаажилтын хувийн хэрэг, холбогдох баримтууд хадгалагдаагүй, байхгүй болох нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болохоос Ц.А ын буруу биш тул түүнийг шууд буруутгах боломжгүй юм. Харин Ц.А газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хандаж байсан гэдгийг нотлох бүртгэл байхгүй , баримт олдохгүй байх бөгөөд тэрээр эрх бүхий этгээдэд зохих ёсоор хүсэлтээ гаргаагүй буруутай байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.А од маргаж буй Бэлхийн 37 дугаар гудамж .... хаягт байрших газрыг эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ 2003 онд олгогдсон байх тул тэрээр өөрийн газар эзэмших эрх зөрчигдсөн тухайд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

2. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн тухайд:

Ж.А нь 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөлдөө “...миний нөхөр Д.Т нас барсан тул нөхрийн дээр байгаа ******* тоот 1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших гэрчилгээг зохих журмын дагуу миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гээд, уг өргөдөлд Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх ******* дугаар, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн байдлын бүртгэл, хүсэлт гаргаж буй газрын байршлын зураг (гараар зурсан), 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг хавсаргаж өгсөн байна. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй”, 19.2.4-д “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж...гарын үсэг зурсан байна”, 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж тус тус тусгайлан заажээ. 

Гэтэл Ж.А 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалууд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.2, 20.3.4-д тус тус заасан хуулийн шаардлага хангаагүй байна. 

Тухайлбал, Ж.А т өмчлүүлсэн газрын хувийн хэрэгт авагдсан 9 хуудас материалуудыг шинжлэн судлахад Д.Т ын ******* дугаар газар эзэмших гэрчилгээн дээрх эдэлбэр газрын хэмжээ (урт нь 80м гэх) бодит байдлаас зөрүүтэй, засвартай (урт 20м, өргөн 15м байх магадлалтай), хаягийг баталгаажуулж Засаг дарга гарын үсэг зураагүй, өргөдөлд хавсаргасан гараар зурсан газрын байршлын зураглалд  6 өнцөгт хэлбэртэй байхад газрын хувийн хэрэгт авагдсан эрх бүхий этгээдийн (албан тушаалтны нэр, гарын үсэг байхгүй) үйлдсэн Хэмжилтийн актад  зөв 4 өнцөгт хэлбэртэй зэргээр хүсэлт гаргасан газрын хэлбэр хэмжээ, ерөнхий байдлын хувьд зөрүүтэй, баримт бичгийн хувьд зөрчилтэй. 

Мөн 2003 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад Бэлхийн 37 дугаар гудамжны .... тоотод байрших газрыг өмчилж авахыг хүссэн өргөдөл  (урт 40м, өргөн 17,5 м) гаргасан байх боловч уг өргөдлийн маягтад гарын үсэг зурагдаагүй. Аль баримтуудад үндэслэж өмчлөх эрх олгосон нь тодорхойгүй.

Мөн ******* тоот (газрын хэмжээ 300 м2) Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэхийг “өөрийн нэр дээр шилжүүлэх” (газрын хэмжээг бичээгүй) хүсэлтийг гаргасан байхад захиргааны байгууллагаас Ж.А од “700 м2 газрын өмчлүүлэх” шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэн нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах хүсэлт гаргах боломжтой бөгөөд гагцхүү уг газар нь иргэдэд өмчлүүлэх газарт хамаарах бөгөөд бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд Засаг дарга өмчлүүлэх шийдвэр гаргах агуулгатай байна.

Гэтэл нэхэмжлэгч Ц.А од аав Б.Ц ийн эзэмшиж байсан .... тоотод байрших 400 м2 газрыг 2 жилийн хугацаатай эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон, маргаж буй байршилд газар эзэмших эрхтэй байсан байна. 

Хэдийгээр Ж.А нь нөхөр Д.Т ын нэр дээрх газрыг шилжүүлэн эзэмших эсхүл өмчилж авах хүсэлт гаргах эрхтэй боловч хамгийн гол нь хуулийн дагуу холбогдох баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй, мөн бусдын эзэмших, ашиглах эрхтэй газартай давхацаагүй (хэсэгчлэн) тохиолдолд олгох боломжтой юм. 

Гэтэл Ж.А од ямар баримтыг үндэслэн газрын хэмжээг ихэсгэн 700 м2 газрын өмчлүүлэх шийдвэр гаргасан нь тодорхойгүй, үүнээс улбаалан хөрш зэргэлдээ нэхэмжлэгч Ц.А , О.Б ы нарын эзэмшил газартай хэсэгчлэн давхцуулсан нөхцөл байдал үүсгэсэн, улмаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн маргаантай асуудал үүссэн байна. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу захиргааны байгууллагын шийдвэр нь иргэний хуулийн шаардлага хангасан бичгээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан үнэн зөв баримт бичгийг үндэслэх гарах бөгөөд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэх, мөн Газрын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу тухайн газрыг өмчлүүлэх (эзэмшүүлэх) боломжтой эсэх зэргийг нягтлан шалгах ажиллагааг зохих ёсоор хийсний үндсэн дээр нийслэлийн Засаг даргын шийдвэр гарах ёстой.

 Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар  захирамжийг гаргахаас өмнө хүсэлт гаргагч Ж.А нь хуулиар тусгайлан шаардсан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлсэн эсэхийг нягтлан шалгаагүй, газар дээр очиж бодит хэмжилт хийгээгүйн улмаас газрын хэмжээг үнэн зөв тодорхойлоогүй, уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүссэн эсэхийг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба дээрх ажиллагааг бүрэн дүүрэн хийж газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсоны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга 2003 оны 413 дугаар захирамжийг гаргах ёстой байсан тул захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ. 

Иймээс маргаж буй захиргааны акт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцээгүй байх тул эрх бүхий этгээд нь маргаан бүхий газар дээрх хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, эзэмших, өмчлөх эрхтэйг нотлох баримт бичиг үнэн зөв эсэх, холбогдох нотлох баримтуудыг сайтар хянан шалгаж, маргаж буй газрыг хэн аль нь анх ямар хэмжээтэй эзэмшиж байсан зэргийг харгалзан 37 дугаар гудамж 70, ...., 70б тоотод байрших газруудыг ямар хэмжээгээр хэн хэн эзэмшиж, өмчлөх эрхтэй болохыг дахин нягтлан тодруулах шаардлагатай байх тул дээрх ажиллагааг бүрэн дүүрэн хийсний үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А од холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч О.Б ы эзэмшил газартай нь давхцуулан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжаар Ж.А од .... тоот байршилд 700 м2 газрыг өмчлүүлсэн байсан тул тэрээр үлдэх газарт хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/335 дугаар  захирамжаар 37 дугаар гудамж 70 тоотод байрших 287м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулан, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 516379 дүгээр  газар эзэмших эрхийн гэрчилгээ авчээ. 

3. Гуравдагч этгээд Г.Д шүүхэд  “...Тухайн газрын өмчлөх эрхийг хүчингүй болгосон тохиолдолд ямар нэгэн гомдол санал байхгүй, ...газрын маргаанд оролцох хүсэлгүй байгаа” тухай тайлбар ирүүлж, Г.Д гийн хүсэл зоригийн дагуу уг захиргааны акт гараагүй учир уг газрыг асуудлаар ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэдгээ илэрхийлжээ. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар  захирамжаар Г.Д гийн Бэлхийн 37 дугаар гудамжны 70б тоотод байрших 256м2 газрыг өмчлөх эрхийг “2 газар өмчилж авсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байх тул захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.   

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар  захирамжаар Г.Д гийн 256м2 газрыг өмчлөх эрхийг хүчингүй болгосон тул нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг шүүх дахин хүчингүй болгох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэг байдлаар хөндөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Г.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нарт Бэлхийн 37 дугаар гудамжны .... тоотод байрших 256м2 газрыг эзэмших, өмчлөх хүсэлт гаргах эрх нээлттэй бөгөөд уг газартай холбоотой хүсэлт гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

Гуравдагч этгээд Т.Б нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Бэлхийн 37 дугаар гудамжны .... тоотод байрших 700 м2 газрыг Өвлөх эрхийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг  тус тус 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр авсан байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх гаргасан шийдвэрээ биелүүлэх арга, журам, хугацааг тодорхойлох нь зүйтэй ба хариуцагч нь Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргах боломжит хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сар гэж үзэн, энэ хугацааны дотор зохих шийдвэрийг гаргасан байхыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.\

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.4, 20.3 дугаар зүйлийн 20.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А од холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурав) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар харьцуулан судалж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А од холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 

4. Нэхэмжлэгч Ц.А , О.Б нарын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Г.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан  авснаас  хойш  14  хоногийн  дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.ЦЭЦЭГМАА