| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Хохирогч Ц.Б,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ган овогт Д.Гт холбогдох эрүүгийн 2007000000269 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 28 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, ……………………… мэргэжилтэй, …………………………… ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ………………………………………………… тоотод оршин суух бүртгэлтэй боловч …………………………………………. түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ган овогт Д.Г /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........................тын газрын үүдний зааланд иргэн Ц.Бтай “зөвшөөрөлгүй дуу, дүрсний бичлэг хийсэн” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохих, маажих зэргээр биед нь зүүн дээд 1, зүүн доод 1,2 дугаар шүдний сулрал, зүүн хацар хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шинжээч Төгсбуян нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хиймэл шүднүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд хамаардаггүй. Дүгнэлт хэсэгт өөрийн шүднүүдийг үзэж дүгнэлт гаргасан. Үзлэгт зүүн дээд 1 дүгээр шүд бөгөөд эмзэглэл ихтэй. Зүүн талын үүдэн хоёр шүд хөдөлгөж үзэхэд ганхаж хөдөлж байсан учир хөдөлгөөнд орсон гэж дүгнэлт гаргасан. Хохирогч үзлэгт ирэх үедээ шүднүүд нь хөдөлгөөнд орсон гэхдээ унаагүй байсан. Үзлэг хийлгэсний дараа шүдээ авхуулсан байгаа юм. Шүд нь амны хөндийг гаднын биетээс хамгаалах хоол зажлах, ярианд нөлөөлөх зэрэг олон нөлөөтэй. Хохирогч үзлэгт ирэх үедээ шүд нь байсан учраас сулрал гэдэг онош тавиад гэмтлийн хөнгөн зэрэг гэж үзсэн. Хэдэн шүд унасан тохиолдолд гэмтлийн зэргийн хэдэн хувь тогтооно гэдэг нь гэмтлийн зэрэг тогтоох заавар дээр тоогоороо байдаг ” гэв.
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16-17 цагийн үед Гараашны түлхүүр аваачиж өгөх гээд буудлын сангийн өрөөнд очоод Ц.Б ахлах руу залгаад би ирчихлээ гэж хэлсэн. Ахлах намайг урд хаалгаар ороод ир гэж хэлсэн. Би цар тахлын үед урд хаалгаар хүн орж болох эсэх дээр эргэлзээд өөрөөс нь асуусан. Урд яваад очтол рессепшин Б.Б урд хаалга онгойлгоод шууд ор гэж хэлсэн. Тэгээд намайг яваад ортол хохирогч шууд гар утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Би яагаад бичлэг хийгээд байгаа талаар нь хүмүүсээс асуутал хэн ч надад хариу хэлээгүй. Миний уур хүрээд гар утсыг нь аваад шидсэн. Хохирогчийн хүзүү болон цээж хэсэгт нь гараараа маажсан. Би шүдийг нь гэмтээсэн үйлдлээ сайн санахгүй байгаа ч бичлэг үзээд мэдсэн миний буруу байна” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........................тын газар ажлын байран дээрээ тогооч нарын ордог амралтын өрөөнд сууж байхад коридорт хүмүүс орилолдоод үзелийн өрөөнд хүрээд ир гэж чанга дуугараад байхаар нь амралтын газрынхаа төв хаалга нь дээр явж очиход үл таних эмэгтэй хүн манай менежер Ц.Б рүү дайрч, би чамтай ганцаараа уулзмаар байна. Өрөө чинь хаана байдаг юм гэх зэргээр орилж чарлаад байхаар нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэгтэл намайг бичлэг хийлээ гээд шууд миний нүүрийг маажаад гар утсыг маань авч шидсэн. Тэгэхээр нь би газар унасан гар утсаа авах санаатай доошоо тонгойтол нөгөө эмэгтэй баруун гарын тохойгоороо миний хүзүүг тохойлдож газар унагаасан. Намайг газраас босох үед нөгөө эмэгтэй намайг цохих гэж сарвайж дайрсан бөгөөд би цохиулахгүйн тулд биеэ хамгаалсан... Улмаар ариун цэврийн өрөөнд ороод толинд хартал миний баруун хацар болон хамрын угалз хэсэгт маажигдсан. Доод эрүүний үүдэн нэг шүд хөдөлсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/
Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ажлын цонхны гадаа Д.Г пизда минь гараад ир чамайг алаад өгье гэж чанга дуугаар орилоод байсан. Д.Гийг орилохоор нь манай тогооч Ц.Б сонсоод хүлээн авах зааланд юу болоод байна. Энд нэг эмэгтэй ална хядна гэж хэлээд орилоод байна гэж яриад өөрөө хүрээд ирсэн юм. Д.Г хүлээн авах хэсэгт орж ирээд над руу дайрахаар нь манай тогооч Ц.Б бичлэг хийсэн чинь “энэ яахаараа бичлэг хийж байгаа юм бэ” гэж хэлээд Ц.Бтай хэрүүл хийгээд гар утсыг нь булааж аваад газарт чулуудсан. Тэгээд Д.Г Баттулгыг заамдаж аваад нүүр хэсгийг маажсан...Д.Г Баттулгын нүүр хэсгийг нь маажаад, хүчтэй цохиод байсан. Д.Гийг гараад явсны дараа Ц.Б миний шүд хөдөлсөн байна шдээ гэж байсан. Д.Г Ц.Б руу дайраад зууралдаж байхад Ц.Б чи намайг тавилдаа миний ам хамраас цус гараад байна шдээ гэж Д.Гт хандаж хэлсэн чинь өөдөөс нь хохино гээд байсан." гэх мэдүүлэг
/хх-ийн 18-19 хуудас/
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Гтэй маргалдаж байтал Ц.Б ирээд гар утсаараа бичлэг хийхэд Д.Г нь гар утсыг нь цохиж унагаад Ц.Б авах гээд явтал Д.Г нь Баттулгыг заамдаж зуурч аваад шууд нүүр рүү нь цохиод мөн маажсан. Тэгэхээр нь би болон Ц.Б дарга, Д.Гийн нөхөр П.Б нар голоор нь ороод салгасан” гэх мэдүүлэг
/хх-ийн 28 хуудас/
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний харснаар Д.Г утсыг аваад шидэхэд Ц.Б, Д.Г 2 заамдалцаж авахад Д.Г Баттулгын нүүрийг самардахад хий самардсан. Дахиад самардахад нүүрэнд нь хүрсэн бололтой маск нь салаад унаж байсан. Тэгээд л заамдаж байсан аа хоёулаа тавиад утсыг Д.Г очоод авах гэтэл Ц.Б очоод дээрээс нь дараад Ц.Б бас очоод дээр дээрээсээ давхралдаад утас булаацалдаад байсан ба Б.Б бид 2 очоод салгахад Баттулгын уруулаас цус гарчихсан босож ирсэн” гэх мэдүүлэг
/хх-ийн 34 хуудас/
Шинжилгээний Хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгсбуянгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шэ/№242 дугаартай: “Ц.Баттулгын биед зүүн дээд 1, зүүн доод 1,2 дугаар шүдний сулрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тус бүр нэг удаагийн мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт
/хх-ийн 38-39 хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,
Д.Гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 61-72 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Налайх дүүргийн хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэн би Д.Гт холбогдох эрүүгийн нь 2007000000269 дугаартай хэрэгт төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........................ын газрын үүдний зааланд иргэн Ц.Бтай зөвшөөрөлгүй дуу, дүрсний бичлэг хийсэн гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохих, маажих зэргээр биед нь зүүн дээд 1, зүүн доод 1,2 дугаар шүдний сулрал, зүүн хацар хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт байгаа гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө нийтэд тустай ажил хийх болон торгох, эрх хасах гэсэн ялын төрөлтэй. Яллагдагч нь эрхэлсэн тодорхой ажилтай, улс орон даяар цар тахал гарсантай холбоотой нийтэд тустай ажил хийх ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс баримтаар 47500 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүх хуралдааны өмнө хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлтэй үлдээж өгөх, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хамт хадгалах, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Гт холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний 17 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..........................тын газрын үүдний зааланд иргэн Ц.Бтай “зөвшөөрөлгүй дуу, дүрсний бичлэг хийсэн” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохих, маажих зэргээр биед нь зүүн дээд 1, зүүн доод 1,2 дугаар шүдний сулрал, зүүн хацар хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.Гийн “...Ц.Б гэдэг хүн тал талаас намайг гар утас нь дээрээ бичээд байхаар нь миний уур хүрээд гар утсыг нь булааж аваа үүд рүү шидсэн юм. Тэгсэн Ц.Б над руу дайрахаар нь би айсандаа болоод Баттулгыг заамдаж авсан, тухайн үедээ би заамдаж авахдаа хүзүүг нь маажсан би тухайн үед намайг цохиж авах гэж байна гэж бодсон.Тэгээд дахиад гараараа ам хэсгийг нь маажсан чинь маск нь тасраад унасан юм.”гэх,
Хохирогч Ц.Б: “...Тэгтэл намайг бичлэг хийлээ гээд шууд миний нүүрийг маажаад гар утсыг маань авч шидсэн. Тэгэхээр нь би газар унасан гар утсаа авах санаатай доошоо тонгойтол нөгөө эмэгтэй баруун гарын тохойгоороо миний хүзүүг тохойлдож газар унагаасан. Намайг газраас босох үед нөгөө эмэгтэй намайг цохих гэж сарвайж дайрсан бөгөөд би цохиулахгүйн тулд биеэ хамгаалсан” гэх,
Гэрч Ц.Бийн: “...Д.Г Баттулгын нүүр хэсгийг нь маажаад, хүчтэй цохиод байсан. Д.Гийг гараад явсны дараа Ц.Б миний шүд хөдөлсөн байна шүү дээ гэж байсан.” гэх
Гэрч Б.Бийн: “...Д.Г нь Баттулгыг заамдаж зуурч аваад шууд нүүр рүү нь цохиод мөн маажсан.” гэх
Гэрч П.Бийн: “...Д.Г утсыг аваад шидэхэд Ц.Б, Д.Г 2 заамдалцаж авахад Д.Г Баттулгын нүүрийг самардахад хий самардсан. Дахиад самардахад нүүрэнд нь хүрсэн бололтой маск нь салаад унаж байсан.” гэх
мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 884 дугаар: "...Ц.Баттулгын биед зүүн дээд 1, зүүн доод 1,2 шүдний сулрал, зүүн хацар хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Баттулгын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...дахиж хиймэл шүд хийлгэх шаардлагатай” тул хохирол төлбөртэй гэж үзэв.
Хохирогч Ц.Б учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ган овогт Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл байхгүй болохыг болон шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.Б нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ