Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/32

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

Хохирогч Л.Б,  

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 09 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Б.Зд холбогдох эрүүгийн 2007003680014 дугаартай хэргийг 2021 оны 01  дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, хүү, 4 дүүгийн  хамт ......................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овгийн Б.З /РД:/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Б.З нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим ......................................... тоотод хохирогч Л.Бг “эгч О.Нийг дээрэлхсэн” гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.З  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би сонгуулийн  сурталчилгаанд ажиллаж байгаад орой гэртээ амарч байсан. Гэтэл манай  хүргэн ах Л.Б эгч хоёрын хооронд маргаан гарч манай эгч намайг авраарай гээд дуудаад байсан. Намайг гэрт орох үед ах, эгч хоёр хоорондоо зууралдсан байдалтай байхаар нь би ахыг очоод цохиод авсан” гэв.

Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр оройн 17 цагийн үед би Улаанбаатар хотоос гэртээ ирсэн. Манай эхнэр өмнөх  өдөр нь болон хэрэг гарсан өдөр намайг ирэх  үед хүүхдүүдээ хоол хийж өгөөрэй гэж хэлээд гаргаад явсан. Би  эхнэрээ гарч явсны дараа дэлгүүр ороод хоол хүнсний зүйл авч,  бас өөртөө 2 шил пиво авсан. Тэгээд орой нь манай эхнэр гэртээ ирэхээр нь би чи хаана байж байгаад ирсэн юм бэ гэж асуухад төмөр зам дээр сууж байгаад ирлээ гэж надад хэлсэн. Харанхуй болж байхад гэртээ эрт ирэхгүй гэж хэлэхэд надад уурлаад намайг элдэв үгээр доромжлоод, гэрээс хүртэл хөөсөн. Бид хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл З орж ирээд намайг цохиж авсан. Гэтэл цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулаад би маргааш цагдаа надаас байцаалт авах үед л өөрийнхөө нүдийг хөхөрсөн талаар мэдсэн” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Згийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 35-242 тоот гэртээ байж байхад манай хашаанд түр амьдардаг байсан манай үеэл эгч О.Н нөхөр Л.Бтэйгээ маргалдаад хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд удалгүй О.Нийн авраарай гэсэн орилох чимээ дуулдахаар нь юу болчхов гэж бодоод санаа зовоод О.Нийн гэрийн үүдний амбаарт ортол үүдний амбаар дотор Л.Б, О.Н хоёр хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би үеэл эгч О.Нийг өмөөрөөд Л.Б рүү “миний эгчийг яагаад дээрэлхээд байгаа юм бэ?” гэж хэлээд баруун гараараа Л.Бгийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохичихсон юм. Үүдний амбаар нь харанхуй байсан учир би Л.Бгийн нүүрний аль хэсэгт нь цохисноо мэдээгүй ямар ч байсан нүүр лүү нь гараараа цохисон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 53 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Л.Бгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 35-242 тоотод байх манай эхнэр О.Нийн үеэл дүү Б.Згийн хашаанд эхнэр бид 2 гэр бариад түр амьдарч байсан юм. Тэр өдөр 22 цагийн орчим О.Н гэртээ оройтож ирэхээр нь би нөхрийнх нь хувиар жаахан уурлаад...өөрийнхөө хувцсыг цүнхлээд байж байхад О.Н гэрээс гараад явчихсан. Намайг хувцсаа цүнхэлж дуусаад гэрийнхээ хаалгаар гараад үүднийхээ харанхуй амбаарт явж байтал...О.Н миний ард гараад хоёр гараараа үснээс зулгаасан. Тэгэхээр нь хөөш яаж байна болиоч гээд О.Нийн хоёр гарыг үснээсээ салгаж болиулаад надад чамтай ингэж зууралдаж байх шаардлага байхгүй, би явлаа гэж хэлээд яг үүдний амбаараас гарах гэж байхад Б.З өөдөөс гарч ирээд “чи миний эгчийг дээрэлхдэг хэн бэ?” гээд ямар ч үгийн зөрүүгүй миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод О.Нийг дагуулаад гараад явчихсан. Би тухайн үед Б.Зд цохиулсан болохоор нүүрээ дараад яаж ч чадалгүй доошоо хараад сууж байтал цагдаа нар ирээд аваад явсан....” гэх мэдүүлэг,

/хх 17-18 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр О.Нийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:: “...2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим гэртээ орж ирсэн чинь манай нөхөр Л.Б “чи чинь хэлж ярихгүй хэдэн хүүхдүүдээ үлдээчхээд шөнө орой хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ” гээд намайг загнахаар нь уур хүрээд “миний хаагуур явж, юу хийх чамд ямар хамаатай юм” гээд бид жаахан өндөр дуугаар маргалдаж байсан юм. Харин үүнийг манай үеэл дүү Б.З сонсоод манай нөхөр Л.Бг намайг дээрэлхээд байх шиг байна гэж бодоод намайг өмөөрөөд гаднаас орж ирээд Л.Б рүү “миний эгчийг дээрэлхдэг хэн бэ” гээд уурлаад шууд нүүр рүү нь цохиод авсан. ..Энэ үйл явдал нь манай гэрийн үүдний харанхуй амбаарт болсон юм. Уг амбаар нь харанхуй байсан болохоор Б.З манай нөхөр Л.Бгийн нүүр рүү нь яг хэдэн удаа цохисон яаж цохисныг нь би сайн хараагүй юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-27 дугаар тал/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/620 дугаар:

“1. О.Нийн биед 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар  гэмтэл тогтоогдсонгүй. О.Нийн биед үзлэг хийсэн гэх 2020 оны 06 дугаар сарын 20-ны эмнэлгийн бичигт үүссэн гэмтлүүдийн байрлал, хэмжээ, шинж чанар нь тодорхой бичигдээгүй байх тул тухайн үед үүссэн гэх гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 37 дугаар тал/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/429 дугаар:

            “Л.Бгийн биед зүүн доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний алимны доргилт, үс уналт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 44 дүгээр тал/

           

Яаралтай тусламжийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2197 дугаартай хуудас,

 /хх-ийн 39-40 дүгээр тал/

 

            Б.Згийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 59 дүгээр тал/,

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 54 дүгээр тал/,

           

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 55 дугаар тал/

 

Б.Згийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 56-74 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн  “Шүүгдэгч Б.Зд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч  Б.Зд ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангид  зааж өгсөн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг улсын яллагчийн зүгээс харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө “торгох болон нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн ялын сонгох төрөлтэй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Згаас хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.З нь гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх  саналтай байна” гэх,

Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Зд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 35-242 тоотод хохирогч Л.Бг “эгч О.Нийг дээрэлхлээ” гэх шалтгаанаар  нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний алимны доргилт, үс уналт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Б.Згийн  ... Намайг гэрт орох үед ах эгч хоёр хоорондоо зууралдсан байдалтай байхаар нь би ахыг очоод цохиод авсан” гэх,

Хохирогч Л.Бгийн “... Бид хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл З орж ирээд намайг цохиж авсан. Гэтэл цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулаад би маргааш цагдаа надаас байцаалт авах үед л өөрийнхөө нүдийг хөхөрсөн талаар мэдсэн.” гэх,

Гэрч О.Нийн “... гаднаас орж ирээд Л.Б рүү “миний эгчийг дээрэлхдэг хэн бэ” гээд уурлаад шууд нүүр лүү нь цохиод авсан. ... Энэ үйл явдал нь манай гэрийн үүдний харанхуй амбаарт болсон юм. Уг амбаар нь харанхуй байсан болохоор Б.З манай нөхөр Л.Бгийн нүүр лүү нь яг хэдэн удаа цохисон яаж цохисныг нь би сайн хараагүй юм.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/429 дугаар: Л.Бгийн биед зүүн доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний алимны доргилт, үс уналт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Згийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бгийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “... гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ гэрчээр өгсөн мэдүүлэгт хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн хуралд гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овгийн Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 120 /нэг зуун хорь/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ