| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч В.Ц,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дархчууд овогт Н.Бд холбогдох эрүүгийн 2007002250127 дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* *******т төрсөн,*******тай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт ................................................ тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасны дагуу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09 ны өдөр өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Дархчууд овогт Н.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүгийн *******ны *******ын *******инд хохирогч В.Цыг газарт унагаан улмаар хөлөөрөө толгойн тус газарт 2-3 удаа дэвсэж зодсоны улмаас биед нь эрүү ясны хугарал, доод баруун 2-р шүдний булгаралт, буйл болон дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч В.Цын толгойн тус газар нь цохиж гэмтээсэн. Хэрэг гарсан өдөр би архи уусан байсан болохоор зарим нэг зүйлийн сайн санахгүй байна. Хохирогчийн эрүү хугарсан ч эмнэлэгт хэвтсэнийг нь би мэдээд өөрийнхөө буруу гэдгийг ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан” гэв.
Хохирогч В.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эрүүгээ хугалуулж хадаас хадуулсан ба 11 дүгээр сард хадаасаа авхуулахаар байсан ч мөнгөний боломжгүй байдлаас болоод одоог хүртэл хагалгаандаа орж чадаагүй байна. Иймээс хагалгааны зардал болох 2.500.000 мянган төгрөгийг гаргуулж авмаар байна...Н.Бтэй танилцаад 1 жил гаруй хугацаа өнгөр ч байна. Тэр өдөр би шүүгдэгчтэй ямар нэгэн байдлаар маргаан гаргаагүй. Шүүгдэгч өөрөө гэнэт л надад уурлаад миний эрүүг хугартал зодсон. Надад хохирол төлбөрт 5.500.000 мянган төгрөг өгсөн ба би одоо эрүүнийхээ хадаасыг яаралтай авхуулах шаардлагатай байна. Урьд нь шүүгдэгчийн зүгээс өгсөн 2.500.000 мянган төгрөгийг би гэмтэл аваад 3 сар гаруй ажилгүй гэртээ байхдаа зээлийн төлбөртэй өгөөд дууссан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч В.Цын өгсөн: "Би 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байтал Н.Б найзын маань эхнэр Нарантуяа нь утсаар хүрээд ир хүнээс мөнгө авах гэсэн юм гэж дуудсан. Тэгээд гэрээсээ гараад *******ад байдаг хүнээс мөнгө авч өгсөн юм. Тэр үед нөхөр гэх Н.Б нь гарч ирээд "чи яахаараа ингээд явж байдаг юм вэ" гэхээр нь "би хүнээс эхнэрийн чинь мөнгийг авч өгсөн юм" гэхэд намайг ална хядна гээд машинаас бууж ирээд намайг боож унагаад зодож байх явцад нь би ухаан алдсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт байсан. Миний тухайн үед эрүү хугарсан, 2 шүд хугарсан байна лээ. Мөн нүүр болон дүгнэлтэд тусгасан гэмтлүүд учирсан. Эдгээр гэмтлийг Н.Б гэх хүн учруулсан. Зодож байх үед өөр хүн байгаагүй. Харин эхнэр нь намайг ухаан алдахаас өмнө байсан. Би тэр хунд ямар ч гэм хийгээгүй. Тухайн үед эмчлүүлж байхад эмчилгээний төлбөр гээд 2.500.000 төгрөг өгсөн" гэх мэдүүлэг,
/хх-ийн 7-8 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Н.Бий 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “Би бол цааш нь түлхсэн тэгэхэд газар уначхаад орилоод байсан. Харин надтай уулзахдаа хүнтэй зодолдсон бололтой хамар амнаас нь цус гарчихсан байсан. Би бодохдоо надтай уулзахаас өмнө хүнд зодуулсан байх гэж бодож байна. Тэрнээс би тэгж зодож гэмтэл учруулаагүй...Би энэ хүнийг таньдгийн хувьд ар гэрээс нь чи л зодсон гээд байсан учраас би эмнэлэгт дагуулж үзүүлсэн. Би тийм гэмтэл авчихсан байсныг нь мэдээгүй. Тэгээд хүн чанар гаргаад дагуулаад явсан. Үзүүлж харуулах мөнгө ч байхгүй байсан учраас би өөрөөсөө мөнгө гаргаж үзүүлж харуулсан тэгтэл одоо намайг зодсон болгоод явж байгаад гомдолтой байна. Үнэхээр би эрүүг нь хугалаад зодож нүдчихсэн бол хариуцлагаа бүрэн хүлээнэ. Харин урьд нь зодуулсан байсан үгүйг нь тогтоолгомоор байна. Намайг хараад хөндлөнгийн зөндөө хүмүүс зогсож байсан би босохгүй болохоор нь бос гээд татаад байхад босохгүй орилоод байсан тэгж байтал нэг цагдаа гээд залуу ирсэн. Тэр залууд би хүмүүст зодуулчихсан байна. Тэгээд босохгүй гээд орилоод байна гэж хэлсэн.” гэх,
/хх-ийн 16-18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч А.Ггийн өгсөн: "Өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Мөөгий бас нэг залуу хамт Налайх дүүргийн ******* Цайз зах явах замд дугуй засварын хажууд барилгын ажил хийж байсан. Тэгтэл 16 цагийн орчимд замын эсрэг талд хүн орилох шиг болсон. Тэгээд харсан чинь замын эсрэг талд нэлээд тарган саарал фодволктой залуу улаан өнгийн монгол дээлтэй хүнийг газар унагаад хөлөөрөө 2-3 удаа дэвсэлсэн. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Удалгүй нөгөө фодволктой залуу ирээд хараад зогсоод байсан. Тэгээд манай хажууд байдаг дугуй засвар дээр цагаан өнгийн машинтай цагдаа ирэхээр нь бид нар хэлсэн. Манай хажууд байдаг дугуй засварчны эхнэр бүх юмыг харсан." гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-12 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч В.Огийн өгсөн: "2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ах В.******* нь хүнтэй утсаар яриад гэрээс гарснаас хойш 30 минутын дараа манай хашааг худалдаж авсан гэх хүний эхнэр нь манайд орж ирээд "ах чинь тэнд хүнд зодуулаад байна ухаан алдаад уначихлаа, дээрээс нь дэвсээд байна" гэхээр нь гэрээсээ гараад очиход *******ын *******ны 1а тоотын эсрэг талд ... манай ах цус нүжтэйгээ холилдоод хүнд зодуулсан байдалтай газарт хэвтэж байсан. Хажууд нь зодсон гэх Н.Б зогсож байсан бас нэг цагдаа зогсож байсан. Зодсон гээд байгаа залуугаас асуухад "Хэсэг бүлэг залуучууд зодчихоод зугтчихлаа" гэж анх надад хэлсэн. ...хажуу талын дугуй засвар ороод "та нар юу болсон талаар харсан уу" гэхэд "наад хүн чинь зодсон, өөр хүмүүс байгаагүй, наад хүн чинь боож унагаачхаад дээрээс нь дэвсээд байсан" гэж хэлсэн." гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-15 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч А.Эын өгсөн: "...хашааны буланд явган сууж байтал нэг саарал машин ирээд ...гудамжны үзүүрт зогсоод дотроос нь хоёр залуу гарч ирээд хоёулаа согтуу байсан. Улаан дээлтэй ах махлаг залуугаас мөнгө нэхээд юм хийнэ гэлүү ганц юм авна гэлүү нэхээд байсан. Харин нөгөө машин нь хөдлөөд шууд засмал ороод явчихсан. Тэгээд тамхилах гээд зогсож байснаа би чи гээд явчихсан, алчихъя, зодчихъё гээд ирэхээр нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд болохгүй байсан. Би утас унтарчихаар нь утсаа нээгээд дахиад хартал нөгөө дээлтэй ах бөгсөөрөө газар явган суучихсан маргалдаад байсан би яг зодож цохисныг нь хараагүй. Улаан дээлтэй залуу бол нүүрэн дээр нь цус юм уу шалбарчихсан байсан. Махлаг залуу нь надаас дүү байхаа их омголон залуу байсан... Нэг залуу ирчхээд байхад махлаг залуу "түрүүний хоёр залуу зодчихоод зугтаачихсан" гээд байсан. Би махлаг залууг тэр залууг зодсон үгүйг хараагүй, өмнө зодсон үгүйг мэдэхгүй. Миний хажууд нэг залуу харагдсан тэр бас утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан утсаа гаргаж ирчхээд хараад байсан яасныг тул хараагүй" гэх мэдүүлэг,
/хх-ийн 85-86 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Бийн өгсөн: "...цагаан саарал өнгийн жип машинаас монгол дээлтэй, махлагдуу энгийн хувцастай хоёр залуу буугаад тамхи татах гээд байгаа бололтой байсан. Тэр машин буулгачхаад хөдлөөд явсан. Би 30 орчим метрийн зайтай хүн хүлээгээд зогсож байсан эхлээд чанга чанга дуугараад маргалдах гээд байсан. Тэгтэл махлаг залуу нь дээлтэй залууг цээж рүү нь нэг түлхээд холдуулсан тэгээд ахиад түлхсэн тэр үед дээлтэй залуу арагшаагаа бөгсөөрөө унаад шууд хэвтсэн. Тэгснээ толгойгоо өндийлгөчхөөд нөгөө залуутай хэрэлдээд орилоод байсан. Махлаг залуу нь би чамайг зодчих уу чадна шдээ гээд гараараа далайгаад цохих гээд сүрдүүлээд байгаа бололтой байсан. Би махлаг залууг араас нь "хөөе чи болиоч хүн дээрэлхээд цагдаа дуудлаа шүү" гэхэд тэр залуу миний хэлж байгааг тоож байгаа ч юм байхгүй хөлөөрөө газар дэвслээд чамайг ална хядна гээд гараа зангидчихаад нүүрэнд нь тулгаад чи муу гуйлгачин гээд үг хэлээд байсан. ...гэнэт нэг залуу хүрч ирээд чи хүн зодчихлоо шдээ гэсэн чинь "энэ хүн чинь хоёр залууд зодуулаад хоёр залуу нь зугтаачихлаа" гээд байсан. Би махлаг залууг тэр залууг зодсон гэдгийг хараагүй өмнө нь зодсон үгүйг мэдэхгүй" гэх мэдүүлэг,
/хх-ийн 89-90 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Аийн өгсөн: "...В.Ц гэх хүнийг тэр махлаг залуу яг хаашаа нь хэдэн удаа цохисныг хараагүй. Нэг харахад ямар ч байсан хөлөөрөө өшиглөсөн харагдсан. Гэхдээ яг хаашаа нь өшиглөснийг хараагүй. Бас нэг хоёр удаа цохих шиг болсон" гэх мэдүүлэг,
/хх-ийн 91-92 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №311 дугаар:
“1. В.Цын биед эрүү ясны хугарал, доод баруун 2 шүдний булгарал, буйланд шарх, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хамрын зүүн угалз, баруун шанаанд зулгаралт, баруун шанаанд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт,
/хх-ийн 23-25 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3301 дугаартай хуудас,
/хх-ийн 30-31 дүгээр тал/
Н.Н.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 94 дүгээр тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 95 дугаар тал/,
Н.Н.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 94-112 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хохирогч В.Цт нийт 5.500.000 төгрөгийн хохирол барагдуулсан бөгөөд хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Н.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчээс 2.500.000 мянган төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байгаа ч нотлох баримт байхгүй тул нэхэмжлэх эрхийг нь нээлттэй хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг хуулийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэх,
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ******* *******ын *******инд хохирогч В.Цтай тааралдан "чи яахаараа ингээд явж байдаг юм вэ" гэхээр нь "би хүнээс эхнэрийн чинь мөнгийг авч өгсөн юм" гэхэд хардан түүнийг газарт унагаан хөлөөрөө толгойн тус газарт 2-3 удаа дэвсэх зэргээр эрүүл мэндэд эрүү, ясны хугарал, доод баруун 2-р шүдний булгарал, буйланд шарх, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хамрын зүүн угалз, баруун шанаанд зулгаралт, баруун шанаанд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Н.Н.Бийн “...Хохирогч В.Цын толгойн тус газар нь цохиж гэмтээсэн. Хэрэг гарсан өдөр би архи уусан байсан болохоор зарим нэг зүйлийн сайн санахгүй байна. ” гэх,
Хохирогч В.Цын “...намайг ална хядна гээд машинаас бууж ирээд намайг боож унагаад зодож байх явцад нь би ухаан алдсан.”гэх,
Гэрч А.Ггийн “...Тэгээд харсан чинь замын эсрэг талд нэлээд тарган саарал фодволктой залуу улаан өнгийн монгол дээлтэй хүнийг газар унагаад хөлөөрөө 2-3 удаа дэвсэлсэн....” гэх,
Гэрч В.Огийн “...ах чинь тэнд хүнд зодуулаад байна ухаан алдаад уначихлаа, дээрээс нь дэвсээд байна" гэхээр нь гэрээсээ гараад очиход *******ын *******ны 1а тоотын эсрэг талд ... манай ах цус нүжтэйгээ холилдоод хүнд зодуулсан байдалтай газарт хэвтэж байсан.” гэх,
Гэрч А.Эын “...Улаан дээлтэй залуу бол нүүрэн дээр нь цус юм уу шалбарчихсан байсан. Махлаг залуу нь надаас дүү байхаа их омголон залуу байсан... Нэг залуу ирчхээд байхад махлаг залуу "түрүүний хоёр залуу зодчихоод зугтаачихсан" гээд байсан.” гэх,
Гэрч Г.Бийн “...Тэгтэл махлаг залуу нь дээлтэй залууг цээж рүү нь нэг түлхээд холдуулсан. Тэгээд ахиад түлхсэн тэр үед дээлтэй залуу арагшаагаа бөгсөөрөө унаад шууд хэвтсэн. Тэгснээ толгойгоо өндийлгөчхөөд нөгөө залуутай хэрэлдээд орилоод байсан. Махлаг залуу нь би чамайг зодчих уу чадна шдээ гээд гараараа далайгаад цохих гээд сүрдүүлээд байгаа бололтой байсан... ” гэх,
Гэрч П.Аийн “...Нэг харахад ямар ч байсан хөлөөрөө өшиглөсөн харагдсан. Гэхдээ яг хаашаа нь өшиглөснийг хараагүй. Бас нэг хоёр удаа цохих шиг болсон” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №311 дугаар: В.Цын биед эрүү, ясны хугарал, доод баруун 2-р шүдний булгарал, буйланд шарх, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хамрын зүүн угалз, баруун шанаанд зулгаралт, баруун шанаанд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч В.Цын бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...Эрүүгээ хугалуулж хадаас хадуулсан ба хадаас авхуулах 2.500.000 мянган төгрөгийг гаргуулаад авах юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбарыг үндэслэн шүүгдэгч Н.Б нь В.Цын 5.500.000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан тул энэ тогтоолоор хохирол төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч В.Ц учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ гэрчээр өгсөн мэдүүлэгт хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн хуралд гэм буруугын талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Н.Н.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархчууд овогт Намсрайн Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ