| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/18 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Б.Гд холбогдох эрүүгийн 2007004270284 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ......................... мэргэжилтэй, ........................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Б.Г /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж шугуйн 33 тоотод Г.Этэй маргалдаж зүүн гарын дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг гарсан өдөр буюу 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн хамтаар Тэрэлжид байрлах манай гэрт очсон. Налайхаас явахдаа 2 том Сэнгүр нэртэй пиво авч явсан. Тэгээд бид хоёр очоод нэгийг хувааж уусны дараа би хоол хийж өгөөд үлдсэн нэг пиво хуваагаад ууж дуусгасан. Хохирогч Г.Э өөрөө Д, Г хоёрыг хүүхдүүдийн хамтаар нь дуудсан ба манайд ирэх үедээ пиво авч ирсэн. Бид нар бөөндөө хөзөр тоглоод пиво хувааж уугаад сууж байтал Г.Э өөрөө намайг шоолоод байхаар нь эхлээд би цохисон. Гэтэл Г.Э буцаагаад миний нүүр лүү түлхэх үед гарын хуруу нь миний аманд ороод ирэхээр нь би хазсан. Г.Э гараа татаж авах үед миний үүдэн шүд унасан ба би өөрөө цагдаа дуудсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Ггийн өгсөн: "...2020 оны 10 дугаар 06-ны өдөр найз Г.Этэй утсаар холбогдож байгаад салхинд гарахаар болоод Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж Шугуйн 33 тоот хаягтай манай зуслан руу явахаар болоод 14 цагийн үед Налайх 1 дүгээр хороо Буян-Налайх автобусны буудал дээр Г.Этэй уулзаад микрогоор Тэрэлж рүү явсан 15 цагийн үед Тэрэлжид байх зуслан дээрээ очоод хоол унд хийж идээд авч очсон 2 савтай 2.5 литрийн сэнгүүр нэртэй пивыг хувааж уусан. Ингээд 18 цагийн үед байх Г.Эгийн эгч Гтай миний бие найзууд болохоор хүрээд ирээч гэхэд 21 цагийн үед Г нөхөр Дн хамт ирээд хоол идээд авчирсан 2 сав 2.5 литрийн сэнгүүр нэртэй пивыг хувааж уунгаа 4-үүлээ хөзөр тоглоод ууж дуусгаад 23 цагийн үед унтах гээд байж байхад Г.Э намайг хожигдсон талаар яриад намайг шоолоод инээгээд байхаар нь би очоод зүүн мөр рүү нь нэг удаа цохиход намайг давраад байгаарай пизда минь гээд намайг мангасдахаар нь би гарынх нь хурууг хазахад Г.Э хүчтэй татаж авсан ба энэ үед миний шүд унасан. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг
/хх-н 51-52 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Эгийн өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Б.Гтай гэрт нь очиж амрахаар болоод 14 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо Буян-Налайх худалдааны төвийн автобусны буудал дээр уулзаад хамтдаа Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж шугуйн 33 тоот хаягтай гэрт нь очсон. Ингээд бид 3 хоол идээд авч очсон 2.5 литрийн сэнгүүр нэртэй пиво 1 савыг авчирсныг бид 4 хувааж уугаад ойр зуурын юм ярьж байгаад Б.Г бид 2 хөзөр тоглоход Б.Г хожигдоод би шоолж байсан. Яг юу хэлээд шоолж байснаа санахгүй байна. Тэгээд 00 цагийн үед амрах гээд хэвтээд зүүрмэглэж байтал гэнэт гар аймаар өвдөөд явчихаар нь татаад автал Б.Г миний гарыг хазсан байсан ба шүд нь булгараад гараад ирсэн. Тэгтэл Б.Г уурлаад шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Мангасдсан асуудал огт байхгүй би унтаж байхдаа өвдөлт мэдрээд сэрсэн ба гараа рефлексээрээ татаад хартал Б.Г хазсан байсан ба тэр үед л түлхэж холдуулсан..." гэх мэдүүлэг
/хх-н 16-17 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Дн өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед Г.Э над руу залгаад амралтын газар хүрээд ир гэсэн тэгээд би эхнэр хүүхдээ аваад Тэрэлж шугуй гэх газар очсон. Бид нарыг очиход Г.Э, Б.Г нар нэлээн халамцуу байсан. Тэгээд Г.Э, Б.Г бид гурав 2.5 литрийн 2 ширхэг сэнгүүр нэртэй пиво уусан. Тухайн үед би ядраад унтаад өгсөн. Намайг унтаж байхад Б.Г агсам тавиад орилоод байсан. Тэгээд унтаж байхад Б.Г нь орилсон тэгээд сэрээд хартал Б.Г нь Г.Эгийн хурууг хазчихсан байсан. Тэгэнгүүт Г.Э хуруугаа Б.Ггийн амнаас татаж авахад Б.Ггийн шүд уначихлаа гэсэн би хэдэн шүд унасныг хараагүй. Тэгээд Б.Г нь цагдаа дуудсан. Тэгэхэд би унтаж амраад маргааш өглөө нь явсан..." гэх мэдүүлэг
/хх-н 23-24 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Г.Ггийн өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед манай нөхөр Д руу Г.Э залгахаар нь бид 2 Тэрэлж явсан. Тэрэлжийн шугуй гэх газар очиход Г.Э, Б.Г 2 нэлээн халамцуу байсан. Тэгээд орой болохоор нь тэндээ бид 2 хүүхдээ аваад амарсан. Тэгээд унтаж байтал шөнө эмэгтэй хүн орилохоор нь би сэрсэн. Тэгтэл Б.Г шүд уначихлаа гэж орилсон. Тухайн үед намайг босож ирэхэд Б.Г цагдаа дуудсан. Эргээд Б.Г нь цагдаа руу залгаад бид 2 эвлэрчихлээ ирээд хэрэггүй гэж хэлсэн. ...Хэрүүл маргаан хийгээгүй манай дүү Г.Э 22 цагийн үед орондоо ороод унтаж байхад нь сэрээч, босооч чи яахаараа унтдагийн гээд хэрүүл маргаан үүсгэх гээд байсан..." гэх мэдүүлэг
/хх-н 26-28 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 805 дугаар: “Г.Эгийн биед зүүн сарвууны 3-р хуруунд хумс хөндийрөлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, /хх-ийн 39-40 дүгээр тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 54 дүгээр тал/ Б.Ггийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 57-75 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчээс хохирогчийн зүгээс баримтаар ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гд холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж шугуйн 33 тоотод хохирогч Г.Эийг “намайг мангасдлаа” гэх шалтгаанаар зүүн гарын дунд хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Ггийн “..Г.Э намайг хожигдсон талаар яриад намайг шоолоод инээгээд байхаар нь би очоод зүүн мөр рүү нь нэг удаа цохиход намайг давраад байгаарай пизда минь гээд намайг мангасдахаар нь би гарынх нь хурууг хазахад Г.Э хүчтэй татаж авсан ба энэ үед миний шүд унасан.” гэх,
Хохирогч Г.Эгийн “..Тэгээд 00 цагийн үед амрах гээд хэвтээд зүүрмэглэж байтал гэнэт гар аймар өвдөөд явчихаар нь татаад автал Б.Г миний гарыг хазсан байсан ба шүд нь булгараад гараад ирсэн. Тэгтэл Б.Г уурлаад шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Мангасдсан асуудал огт байхгүй би унтаж байхдаа өвдөлт мэдрээд сэрсэн ба гараа рефлексээрээ татаад хартал Б.Г хазсан байсан ба тэр үед л түлхэж холдуулсан.”гэх,
Гэрч Б.Дн: “...Б.Г нь орилсон тэгээд сэрээд хартал Б.Г нь Г.Эгийн хурууг хазчихсан байсан. Тэгэнгүүт Г.Э хуруугаа Б.Ггийн амнаас татаж авахад Б.Ггийн шүд уначихлаа гэсэн би хэдэн шүд унасныг хараагүй.”гэх,
Гэрч Г.Ггийн: “...Тэгээд унтаж байтал шөнө эмэгтэй хүн орилохоор нь би сэрсэн. Тэгтэл Б.Г шүд уначихлаа гэж орилсон.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 805 дугаар: “Г.Эгийн биед зүүн сарвууны 3-р хуруунд хумс хөндийрөлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эгийн бие махбодод хөнгөн хохирол учирсан бөгөөд “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн
эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ