Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Х.Эд холбогдох эрүүгийн 2007003500274 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 63 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, ................................... мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ........................................... оршин суух хаягтай.

Урьд Улаанбаатар хотын шүүхийн 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 238 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаас 7 сарын засан хүмүүжүүлэх ажил хийх ялыг 70 хоног хорих ял болгон өөрчилж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Хонхор дахь ЗЗХ колонид эдэлж байгаад 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  1 жил 3 сар 27 хоногийн хорих ялыг 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дүгээр зарлигийн 1 дүгээр зүйлийг баримтлан өршөөн хэлтрүүлсэн,

1997 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 135 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 10.000 төгрөгөөр торгох ялаар,

2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн шүүхэд давж заалдсаны дагуу Нийслэлийн шүүх 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 631 дугаартай магадлалаар хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баривчлах ялыг эдэлж дуусаж суллагдсан,

2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн шүүхэд давж заалдсаны дагуу Нийслэлийн шүүх 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 267 дугаартай магадлалаар хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дэх зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 158 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан,

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Их монгол  овогт Х.Э /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ........................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.Эгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, духаараа мөргөн  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Х.Э  нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...Манай найзын хүүхдийн үсний найр болж эхнэр бид хоёр хамт очсон. Бид хоёрыг очих үед манай эхнэрийн найз нь 20.000 мянган төгрөг өгсөн би мөнгийг хувааж авах гээд эхнэрээ түлхэж унагааж цохисон. ” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Х.Эрдэнийн өгсөн:
“...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эхнэр С.Эгийн хамт айлын үсний найран дээр очсон тэнд хүмүүс архи уугаад байхаар нь надад архи уух сэдэл төрөөд манай эхнэр С.Эд хүн өгсөн 20.000 төгрөгөөр нь архи аваад уусан. Би угаасаа архинд их хурдан согтчихдог болохоор тухайн үед эхнэр С.Эгаасаа дахиад архи авч өг гэж агсарч дайрахад С.Э надад архи авч өгөөгүй тэгэхээр нь би согтуурхаад эхнэрийн хацар хавьцаа нь зүүн гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд С.Э босох гээд өндийхөд нь би бас өөдөөс нь тонгойж байгаад духаараа С.Эгийн уруул руу нь мөргөсөн үйл явдал болсон. Би үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг

/хх-н 40-41 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Эгийн өгсөн: "...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найз О.Сийн зээ хүүгийнх нь дайх үргээх ёслолын арга хэмжээнд 14 цагийн үед очсон. Эрдэнэчимэг бид хоёрт 20.000 төгрөг өгөөд гэртээ хэрэгтэй юм аваарай танайхаар дүү нь очиж чадахгүй нь ээ гэж хэлсэн. О.Сийн гэрээс 16 цагийн үед гараад явж байхад нөхөр Эрдэнэ нь надад хандаж наад 20.000 төгрөгийн 10.000 төгрөг нь минийх юм шүү гэхээр нь юу яриад байгаа юм бэ хүн гэр орондоо юм аваарай гээ биз дээ гэж хэлэхэд 0.33 литрийн архи авч өг гэхээр нь замдаа нэг дэлгүүр орж 0.33 литрийн хараа нэртэй архи авч өгсөн. Хэдэн ширхэг гоймон болон зайрмаг аваад 5000 төгрөг үлдсэн. Гэртээ бид 2 харьсан. Би зээ хүүхдийнхээ хувцсыг солиод хооронд нь сүүдрэвчинд Эрдэнэ тухайн архийг задалж уусан. Архи нь дуусаад гэр лүү орсон би ядраад унтахаар хэвтсэн. Эрдэнэ нь зүүн талын орон дээр зээгээ бүүвэйлээд унтуулсан. Над дээр хүрч ирээд архи авч өг гэж нэхсэн. Би өгөхгүй унт гэж уурлаж нэг үзээд аашилж нэг үзсэн. Намайг боогоод дарсан. Боож аллаа шдээ за за авч өгье гэж хэлэхэд гараа тавьсан. Босох гээд өнгийж байх үед духаараа миний уруул руу Эрдэнэ нь мөргөсөн. Дээд талын уруул дотор талдаа сэтрээд их цус гарсан. Эрдэнээд архи авч өгье гэж хэлээд дэлгүүр орж 100 граммын архи авч өгсөн. Эрдэнэ тэр архийг гудамжинд задлаад уучихсан. Тоглоомын талбай дээр хэсэг ярьж байгаад гэр лүүгээ харьсан. Гэртээ орсны дараа дахиж надаас архи нэхээд байхаар нь зээ нараа хувцаслаж аваад гэрээс гараад зам уруудаад найзынх руугаа явсан. Эрдэнэ архи нэхээд байхаар нь чи өөрөө О.Сээс нүүрээрээ мөнгө зээл дараа нь өөрөө өг гэхэд Эрдэнэ миний нүүр лүү гараараа цохисон. Би хүүхдүүдээ саатуулаад О.Сийн хашаа руу гүйгээд орсон. О.Ст болсон явдлыг хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэр үед миний дээд уруул дотор талдаа язарч, духан дээр хөхөрч хавдсан..." гэх мэдүүлэг

/хх-н 11-12 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр О.Сийн өгсөн: “...2020 оны 8 сард манай зээ хүүгийн сэвлэг үргээх ёслол болсон. Яг хэдийд гэдгийг нь сайн санахгүй байна. Тэр үед С.Э нөхөр болох Эрдэнэтэй хамт Гордокт байх манай 71-7 тоот байранд ирж хамтдаа цай ууцгаасан. Тэгэхэд С.Э болон Эрдэнэ нар зүв зүгээр л байсан Эрдэнэ манайд байхдаа айраг л ууж байгаад С.Э тэр 2 гараад явсан. Харин орой болж байхад С.Э уруул нь хавдчихсан ам нь нэлэнхийдээ цус болчихсон нэлээн айж чичирсэн байдалтай манайд орж ирээд Эрдэнэ намайг цохиод уруул ам ийм болгочихлоо гэж хэлээд манайд байхдаа утсаараа цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг

            /хх-н 17-18 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Э.Огийн өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай ээжийн найз болох О.Сийн зээ хүүгийн сэвлэг үргээх ёслолд манай аав ээж 2 уригдаад очсон. Тэнд байхдаа манай аав хүмүүсийн ууж идэж байгааг хараад архи уух сэдэл нь төрсөн юм шиг байгаа юм. Тэр айлаас ээжтэй цуг гараад гэртээ хариад ээжээс архи авч өг гэж нэхэж дарамтлаад ээж архийг нь авч өгөхгүй болохоор ээжийг аав толгойгоороо уруул руу нь хүчтэй мөргөсөн асуудал гарч ээжийн уруул нь сэтэрсэн байсан. Үүнийг би тэр өдрийн орой ээжээсээ сонсоод шууд Налайх руу явж байсан..." гэх мэдүүлэг

/хх-н 19-20 дугаар тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн "...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №08 шэ/622 дугаартай "...С.Эгийн биед дээд уруулд шарх, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт

/хх-н 28-29 дүгээр тал/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 61 дүгээр тал/,

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Х.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох санал гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “60-аас дээш насны хүнд нийтэд тустай ажил хийх” ял оногдуулахгүй гэж зааж өгсний дагуу шүүгдэгчид торгуулийн арга хэмжээ   авхуулах, мөн энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх,  

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан туулийн задгай тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий эхнэр С.Эг “архи авч өг” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, духаараа мөргөн  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Х.Эрдэнийн “...өгсөн би мөнгийг хувааж авах гээд эхнэрээ түлхэж унагааж цохисон..” гэх,

Хохирогч С.Эгийн “.... Намайг боогоод дарсан. Боож аллаа шдээ за за авч өгье гэж хэлэхэд гараа тавьсан. Босох гээд өнгийж байх үед духаараа миний уруул руу Эрдэнэ нь мөргөсөн. Дээд талын уруул дотор талдаа сэтрээд их цус гарсан... Эрдэнэ архи нэхээд байхаар нь чи өөрөө О.Сээс нүүрээрээ мөнгө зээл дараа нь өөрөө өг гэхэд Эрдэнэ миний нүүр лүү гараараа цохисон...” гэх,

Гэрч О.Сийн “...Харин орой болж байхад С.Э уруул нь хавдчихсан ам нь нэлэнхийдээ цус болчихсон нэлээн айж чичирсэн байдалтай манайд орж ирээд Эрдэнэ намайг цохиод уруул ам ийм болгочихлоо гэж хэлээд манайд байхдаа утсаараа цагдаа дуудсан.” гэх,

Гэрч Э.Огийн “...Тэр айлаас ээжтэй цуг гараад гэртээ хариад ээжээс архи авч өг гэж нэхэж дарамтлаад ээж архийг нь авч өгөхгүй болохоор ээжийг аав толгойгоороо уруул руу нь хүчтэй мөргөсөн асуудал гарч ээжийн уруул нь сэтэрсэн байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08/шэ/622 дугаар: "...С.Эгийн биед дээд уруулд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Эгийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Х.Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр  торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их Монгол овогт Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Их Монгол овогт Х.Эийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 180 /зуун ная/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ