Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Т.Ө,  

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 235 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадик овгийн Х.Сад холбогдох эрүүгийн 2007000000281 дугаартай хэргийг 2021 оны 01  дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Ар хуст суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,  .............................. ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн  хамт .................................... тоотод оршин суух бүртгэлтэй,

 урьд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг эцэг Х.Х, Налайх дүүргийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн төв, Нийслэлийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж шийдсэн, Жадик овгийн Х.С /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.С нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүгийн 4 дүгээр хороо Туулын 6 дугаар гудамжинд хохирогч Т.Өийг “утсаар яриулсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг гарсан өдөр буюу 11 дүгээр сарын 30-ны оройн 17 цагийн үед Алтайн 10 дугаар гудамжнаас 2 гудамжны урд явж байгаад хохирогч Т.Өээс  гар утсаараа яриулж болох уу гэж асуусан  ба надад утас байхгүй гэж хэлснээ намайг түлхэж унагаагаад маргаан гарсан. Би хохирогчийн малгайнаас татаж байгаад боож унагаасан” гэв.

Хохирогч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой би айлд очоод буцаж явтал шүүдэгч надаас утас байна уу гэж асуусан. Тэгэхэд нь  надад утас байхгүй гэдгээ хэлтэл намайг заамдаад авсан. Тэр үед нь би гарыг нь тавиулаад цааш гэрийн зүг явж байтал ардаас ирээд намайг мөргөх үед өөрийнх нь хамраас цус гарсан. Миний ардаас ирээд хэрүүл маргаан хийгээд зодоон гаргах гээд байхаар нь би цагдаа дуудсан” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Сын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос манай найз хонь авах гэж ирээд 19 цагийн үед хонио худалдаж аваад явахдаа машиныхаа ард байсан тал шил архийг өгчхөөд явсан. Би тухайн архийг өөрийнхөө амьдардаг хашаан дотор орж ганцаараа ууж дуусгаад хашаанаасаа гараад явж байтал 3 гудамжны цаана зүс таних ахтай таараад утсаараа ганц удаа яриулчих гэтэл нөгөө ах байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь гудамжинд таарсан ахаас дахиад утсаараа ганц яриулчих, хэрэгтэй байна гэж хэлтэл чи согтуу байна, одоо яв гэж хэлээд намайг түлхсэн, тэгэхээр нь уначхаад буцаж босож ирээд нөгөө ахыг энгэрээс нь заамдаж авах үед намайг хавирч унгаахаар нь би босож ирээд намайг хавирсан ахыг толгойгоороо хамар луу нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл миний мөргөсөн ах намайг хаяад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод  гүйцэж барьж аваад заамдаж аваад маргалдаад зогсож байтал нэг эгч гарч ирээд чи манай дүүг зодлоо гээд намайг барьж аваад энэ уучихсан согтуу байна. Цагдаа дууд гэхээр нь би гарыг нь цохиж тавиулаад шууд зугтааж гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал төд удалгүй цагдаа нар ирээд намайг барьж эрүүлжүүлэх байранд оруулсан. намайг хойш нь түлхэж унагаасан учраас би босож ирээд тухайн хүний нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тухайн хүн манай гэрээс холгүй амьдардаг. Гудамжинд олон удаа таарч байсан. ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 36-37 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Т.Өийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орой 19 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Бүс нуурын 7-7 тоотод оршин суудаг хадам дүү Жаналын гэрээс өөрийн төрсөн охин Нурсаулийг авах гэж очоод 20 цаг өнгөрч байхад тэдний гэрээс охиноо аваад гарсан. Охин бид хоёр гэртээ харих санаатай Туулын 6 дугаар гудамжинд явж байтал зүс таних залуу гарч ирээд гар утас байна уу, байвал гар утсаараа ганц яриулчих гэхээр нь надад гар утас байхгүй гэж хэлээд охинтойгоо хамт цааш алхаад 2 гудамж өнгөрөөд явж байтал надаас гар утсаар яриулчих гэж асуудаг залуу араас хүрч ирээд юүдэнтэй  цамцны малгайнаас татаж боосон. Тэгэхээр нь нөгөө залуу руу эргэж хараад шууд өөртөө татаж байгаад газар хавирч унагаасан. Тэгтэл нөгөө залуу газар унахаар нь татаж босгоод миний дүү чи согтуу байна, одоо яв гэж хэлээд газраас татаж босгоод өөрийнхөө малгайг засаж байтал миний татаж босгосон залуу өөдөөс толгойгоороо хамран тус газар нэг удаа мөргөөд зугтаах гэхээр нь би бариад авсан. Тухайн залууг барьж аваад чи одоо харь, намайг зодож цохиод яаж байгаа юм гэтэл нөгөө залуу харихгүй надтай зууралдаж аваад намайг тавихгүй байхаар нь нөгөө залууг чирээд 2-3 гудамж явсан. Энэ үед манай хадам эгч Э.А гарч ирээд гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл манай эгчийг цагдаа руу ярих хооронд заамдаж байсан гараа тавиад зугтаагаад явчихсан. Тэгтэл тэр залууг явсны дараа цагдаа нар ирээд хамтдаа намайг цохисон залуугийн гэрт очиж нөгөө залууг гэрээс нь барьж авсан юм. Миний хамар хугарсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. ..Хамар ясны хугарал гэмтлийг намайг мөргөсөн залуу учруулсан. Зулайн хуйханд цус хуралт гэмтэл хэрхэн учирсан талаар мэдэхгүй байна. Намайг мөргөсөн залууг танихгүй. Миний ус авдаг худгаас байнга ус авдаг залуу байгаа юм. Худаг дээр тааралдаж байсан болохоор намайг мөргөсөн залуугийн зүс царайг сайн мэдэж байгаа юм. Гэр нь манай гэрээс зүүн тийш 4 гудамжны цаана байдаг юм. Эхлээд надаас гар утас байна уу, утсаараа яриулчих гэсэн. Тэгэхээр нь би байхгүй гэж хэлээд цааш явж байтал араас ирээд миний цамцаар хоолой боохоор нь би эргэж хараад хавирч унагаад газраас татаж босготол намайг мөргөчихсөн юм...Толгойн томограф зураг авхуулахад 130.000 төгрөг, 7 хоног “Эмүүн” сувилал эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал 280.000 төгрөгийг надад гэмтэл учруулсан залуу төлчихсөн. Мөн надад бичиж өгсөн эм тариаг тухайн залуу авч өгсөн байгаа. Одоо тухайн залуугаас ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх 6-8 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр А.Н 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “Манай аав намайг эгчийн гэрээс ирж аваад бид хоёр харих гээд гэр лүүгээ явж байсан. Манай гудамжны доор хэсэгт нэг ах ааваас гар утсаа өгчих гэсэн. Аав надад гар утас байхгүй шдээ гэсэн чинь чи юу гэнээ гээд аавыг барьж аваад заамдалцаад эхлэхээр нь би айгаад гэр лүү гүйгээд эгчийг дуудсан. Манай аавыг юу гэнээ гээд заамдаад авсан. Тэгээд аавыг цохиод авах шиг болохоор нь би айгаад гэр лүүгээ гүйсэн тэгээд эргэж харах үед аав араас ирж байгаа харагдсан. Тэгсэн нөгөө залуу араас нь хөөгөөд гүйж байсан. Би тэгээд эгчид аавыг согтуу хүн зодоод байна гэж орж хэлсэн. Манай аав эрүүл байсан. Манай аавтай уулзаж гар утас асуусан хүн аймар согтуу байсан. Намайг зодож цохисон зүйл байхгүй. Манай аавыг зодсон гэх хүнийг танихгүй залуухан хүн байх шиг байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Аийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цаг 00 минутын орчим манай дүүгийн охин болох А.Н гаднаас гэнэт уйлаад ороод ирэхээр нь би гайхаад яагаад уйлаад байгаа юм гэж асуутал манай аавыг хашааны буланд нэг согтуу хүн зодоод байна гэж хэлэхээр нь би яарч сандран куртик, гутал хоёроо өмсөөд гараад очтол манай дүү болох Т.Ө нэг үл таних залуутай заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод танихгүй залууг барьж аваад дүүгийн охин болох Нарсаулег эгчийнхээ гар утсыг гэрээс очоод аваад ир цагдаад хэлье гэж хэлээд гэр лүү утас руугаа явуулсан. Манай дүү болох Т.Ө бид хоёр тэр үл таних залууг чирээд гэрийнхээ ойролцоо авчрахад Нарсауле миний гар утсыг авчирч таарахаар нь би утсаа аван цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл тэр үл таних залуу миний гарыг цохиод барьж байсан гарыг минь тавиулан зугтаагаад яваад өгөхөөр нь би өөрийн дүү болох Т.Өийг чи яагаад энэ залууг явуулчхав гэж хэлсэн чинь зүгээрээ би наад залуугийн гэрийг мэднэ гэж хэлсэн. Дүү бид хоёр гэртээ ороод 10-аад минутын дараа цагдаа нар гэрт ирээд зугтсан залуу хаана байна гэж асуухаар нь гэр лүүгээ зугтаагаад яваад өгсөн гэж хэлээд бид нар хамт тэр үл таних залуугийн гэрт очиж тэр залууг барьж авсан." гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Хын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “Х.С гэх манай хүү аав, ээж, нэг дүүгийн хамт амьдардаг. Эхнэрийнх нь ээж нас барсан гээд түр хугацаагаар Ховд аймаг яваад өгсөн. Манай хүү Нарантуул худалдааны төвийн гэр ахуйн бараанд туслах ажилтан хийдэг. Манай хүү өдрийн 25.000 төгрөгийн цалин авч байсан. Харин одоо ажилгүй байгаа. Манай эхнэр болох Э.Аь Нарантуул худалдааны төвд жаазан эдлэл хийдэг байсан. Одоогоор ажилгүй түр хугацаагаар зогссон байгаа. Манай хүүгийн нэр дээр Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Өөр үл хөдлөх хөрөнгө нэр дээр нь байхгүй. Манай хүү их зөөлөн сэтгэлтэй, зөөлөн зантай бөгөөд хааяа түргэн уур гаргачих гээд байдаг. Зан ааш сайтай, хүнд их тусархуу, сэтгэл санааны хувьд тогтвортой бусдад их тусч хүү байгаа юм. Манай хүү гэр бүл найз нөхдийн хүрээнд харилцаа сайтай, хүнд тусархуу, ажилсаг. Цэрэгт манай хүү явахдаа шагнал урамшуулал авч байсан. ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Э.Аийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “манай хүү аав, ээж, нэг дүүгийн хамт амьдардаг. Эхнэрийнх нь ээж нас барсан гээд түр хугацаагаар Ховд аймаг яваад өгсөн. Манай хүү Нарантуул худалдааны төвийн гэр ахуйн бараанд туслах ажилтан хийдэг. Манай хүү өдрийн 25.000 төгрөгийн цалин авч байсан. Харин одоо ажилгүй байгаа. Манай нөхөр болох Х.Х одоогоор ажил хийдэггүй. Манай хүүгийн нэр дээр Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Өөр үл хөдлөх хөрөнгө нэр дээр нь байхгүй. Манай хүү их зөөлөн сэтгэл, зөөлөн зантай бөгөөд хааяа түргэн уур гаргачих гээд байдаг. Сэтгэл санааны хувьд тогтвортой бусдад их тусч хүү байгаа юм.” гэх мэдүүлэг

/хх 13 дугаар тал/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/893 дугаар:

“1. Т.Өийн биед хамар ясны хугарал, зулай хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 24-25 дугаар тал/

           

Яаралтай тусламжийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10137 дугаартай хуудас,

 /хх-ийн 27-28 дугаар тал/

 

            Х.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 63 дугаар тал/,

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 38 дугаар тал/,

           

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 39 дүгээр тал/

 

Х.Сын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 68-84 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн “Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Д.Аянагүл би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн К.Х.Сад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 6 дугаар гудамжинд хохирогч Т.Өийг “утсаар яриулсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь гэрч, хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн  1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө “торгох болон нийтэд тустай ажил” хийлгэх гэсэн ялын сонгох төрөлтэй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар  550 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Х.Сад нь хохирогч Т.Өэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 466.250 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч Х.Саас хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн тул шүүгдэгчийг  бусад төлөх төлбөргүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Х.С нь гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг болон гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй зэргийг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна.  Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх  саналтай байна.” гэх,

Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Сад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19-20 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 6 дугаар гудамжинд хохирогч Т.Өийг “гар утсаараа яриулсангүй” гэх шалтгаанаар  юүдэнтэй цамцны малгайнаас нь татан хоолойг нь боож, нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зулай хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Х.Сын ... Т.Өээс  гар утсаараа яриулж болох уу гэж асуусан  ба надад утас байхгүй гэж хэлснээ намайг түлхэж унагаагаад маргаан гарсан. Би хохирогчийн малгайнаас татаж байгаад боож унагаасан.” гэх,

Хохирогч Т.Өийн “...надад утас байхгүй гэдгээ хэлтэл намайг заамдаад авсан. Тэр үед нь би гарыг нь тавиулаад цааш гэрийн зүг явж байтал ардаас ирээд намайг мөргөх үед өөрийнх нь хамраас цус гарсан. Миний ардаас ирээд хэрүүл маргаан хийгээд зодоон гаргах гээд байхаар нь би цагдаа дуудсан” гэх,

Гэрч Нарсуале “...Манай аавыг юу гэнээ гээд заамдаад авсан. Тэгээд аавыг цохиод авах шиг болохоор нь би айгаад гэр лүүгээ гүйсэн тэгээд эргэж харах үед аав араас ирж байгаа харагдсан...” гэх,

Гэрч Э.Аь “...дүүгийн охин болох А.Н гаднаас гэнэт уйлаад ороод ирэхээр нь би гайхаад яагаад уйлаад байгаа юм гэж асуутал манай аавыг хашааны буланд нэг согтуу хүн зодоод байна гэж хэлэхээр нь би яарч сандран куртик, гутал хоёроо өмсөөд гараад очтол манай дүү болох Т.Ө нэг үл таних залуутай заамдалцаад зогсож байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/893 дугаар: Т.Өийн хамар ясны хугарал, зулай хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Сыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Өийн  бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ гэрчээр өгсөн мэдүүлэгт хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн хуралд гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Х.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч   Жадик овгийн Х.Сыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000  /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ