| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0225/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Хохирогч И.Ж,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Ат холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, эрэгтэй, *******, яс үндэс Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ................................ тоотод оршин суух
Урьд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 18-ны өрийн №15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хохир ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж хараа хяналтдаа байлгаж засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Цагдаагийн хэлтэс, Говь-Алтай аймгийн хүүхдийн төлөө хэлтэс, эцэг эх нарт даалгаж шийдвэрлэсэн,
Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны №57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Аыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 18-ны өрийн 15 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг биечлэн эдэлж дууссан.
Мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр биечлэн эдэлж дууссан. ******* овогт Б.А /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 00 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо, Наадмын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр И.Жийг “намайг бусадтай хардлаа” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун дээд зовхи, баруун шуу, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, нүүр толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 09 дүгээр сарын 22-ны оройн 22 цаг өнгөрч байх үед манай найз Замын-Үүд суманд ажиллаж байгаад ирсэн манай гэрт хүрээд ирээч гэж надад хэлсэн. Би эхнэрээ дагуулаад хамтдаа явсан. Гэхдээ айлд орох үед эхнэр маань гадаа машин дотор хүлээж байсан. Манай найзын дүүгийн эхнэрийн найзууд гээд 3 эмэгтэй гэрт байсан. Манай эхнэр намайг тэр хүмүүстэй хараад маргаан гарсан. Би эхнэртээ учрыг нь зөндөө тайлбарлаж хэлсэн ч хардаад уурлаж хашигдаад байхаар нь цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч И.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ 22 цаг өнгөрч байхад найзуудтайгаа уулзахаар гарсан юм. Гэрээс гарахад нөхөр Б.А гэртээ юм. Тэгээд найзуудтайгаа уулзаад Эргэн дурсахуй бааранд орж 3 лааз пиво уусан. Тэгтэл 00 цаг өнгөрч байхад нөхөр Б.А залгаад ирэх болж байна уу манай найзынд очъё гэхээр нь гэртээ такси барьж очоод Б.Аыг найз болох Оюукагийнд ******* 8 дугаар хороо Наадмын задгайд очоод нөхөр Б.А орчхоод ирье гэж хэлээд орсон. Тэр үед такси нь хүнтэй байна хүлээхгүй гэж хэлсэн тэгэхээр нь машинаас буугаад машин хөдлөөд би найзынх нь гэр рүү ороход Б.А, найз Оюука, мөн нэг танихгүй эмэгтэй, эрэгтэй нар нь байхаар нь Б.Ат хандаж хүүе ээ яасан юм бэ такси явчихлаа чи найз чинь ганцаараа байна гэж хэлсэн эмэгтэй хүн байсан юм ш дээ гэхэд Б.А гэрээс гараад ир гэж хэлээд гараад явсан би араас нь гартал гэрийн гадаа Б.А нь "Чи яагаад такси явуулж байгаа юм бэ дуудлагын жолооч биш юм уу, дуудлагын жолооч гэсэн биз дээ би дэлгүүр орно гэж хэлээ биздээ" гэж хэлээд баруун хөлөөрөө миний баруун талын гуя орчим нэг өшиглөсөн тэгэхээр нь би хашаанаас гартал Б.А дагаад хашаанаас доошоо алхсан тэгэхээр нь би Б.Ааа би явлаа шүү гэхэд "Чи нааш зэд дуудахаар нь би очихгүй явлаа гэж хэлээд би буцаад нөгөө айлын руу ороод машин байхаар нь араар нь ороод нуугдтал Б.А нь орж ирээд "Чи намайг найзуудтай маань уулзуулсангүй юм авч өгсөнүй такси явуулчихлаа" гэж хэлээд миний баруун талын хацар орчим руу нэг удаа гараараа алгадсан тэгээд дахиад баруун талын хөл рүү хальт өшиглөсөн. Тэр үед найз болох Оюука нь гарч ирээд боль гээд болиулсан би зугтаагаад нэг харанхуй хашаа байхаар нь ортол Б.А араас гарч ирээд чи наад айлын хашаанаас гар гэж хэлээд үснээс зулгаагаад баруун шанаа орчим руу гараараа нэг удаа цохисон мөн гуяны дотор хэсэгт 2 өшиглөсөн тэгэхээр нь найзад нь хандаж чи найзыгаа аваач ээ гэж хэлээд саатуулж байх хооронд би зугтаагаад явсан. Замдаа би цагдаа дуудсан юм. Б.А нь нэлээн согтуу байсан болсон асуудлаа мэдэх чадвартай байсан эсэхийг мэдэхгүй байна. Хажууд найз Оюука нь байсан өөр хүн байгаагүй. Миний биед баруун талын шанаа орчим хавдаж хөхөрсөн баруун талын гуяны дотор хэсэг хөхөрсөн, хэлний дотор талд хөхөрсөн байна. Б.А нь гараараа цохиж болон хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан. Урьд өмнө 2018 оны 01 дүгээр сарын эхээр ******* 3 дугаар хороо Замчин 6-43 тоотод байхад архи уучихсан ирээд эрэгтэй дүүгээсээ болоод маргалдаад үснээс чирээд, нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед биед хамар мурийсан тархи хавантай хөөсөн байна гэж байсан. Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт үзүүлсэн юм. Одоо хамрын зүүн талд сорви үлдсэн байгаа. Зодуулж байхад найз Алдраа нь байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаад шалгагдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөртэй уулзаад салъя гэж хэлмээр байна. 2018 онд зодуулаад салаад 2019 оны 04 сард нийлээд хүүхэдтэй болсон юм.” гэх мэдүүлэг
/хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн 8 дугаар хороо Нарлаг задгай тоотод Будын гэрт тоглоом тоглоод сууж байтал 23.30 цагийн орчимд манай найз Б.А тоглоомоор холбогдоод орж ирсэн. Тэгээд Б.А ганц нэг пиво уумаар байна гэсэн тэгээд би завтай бол хүрээд ир ганц нэг пиво ууя гэсэн тэгтэл 00:20 цагийн орчимд Б.А эхнэрийн хамт ирсэн. Тэгээд мэнд мэдэлцээд байж байтал эхнэр нь араас нь орж ирээд Б.Атай хэрэлдээд гарсан гудамжинд хэрүүл хийгээд зууралдаад байсан тэгэхээр нь Буд бид хоёр Б.Аыг хоёр талаас нь чирээд авч явж байгаад 10 шарын энэ орчимд авчирсан. Тэгтэл Б.А гэртээ харина гээд бид хоёр таксинд суулгаж өгөөд явуулсан бид хоёр алхаад гэртээ ирээд байж байтал араас эхнэр нь цагдаа нартай орж танай нөхөр хаана байна гээд хайж ирсэн Б.А манайд эргэж ирээгүй бид хоёр суулгаж өгөөд явуулсан. Б.А манайд ирэхдээ нэлээд согтуу байсан эхнэр нь бас согтуу Б.А эхнэрийнхээ нүүр орчимд 2-3 удаа гараараа цохисон тэгээд бид хоёр гараад явсан өөр зүйл болоогүй. Б.А хяналтаа алдсан байсан. Б.А манайд эргэж ирээгүй таксинд суулгаж өгөөд эргээд гэртээ удаагүй байтал эхнэр нь цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг
/хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/735 дугаар:
"...1. И.Жийн биед баруун дээд зовхи, баруун шуу, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, нүүр, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт
/хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шинжээч томилж үнэлгээ хийлгэх тухай тогтоол
/хх-ийн 19 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 51 дүгээр хуудас/,
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч Б.А нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 00 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо, Наадмын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр И.Жийг “намайг бусадтай хардлаа” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун дээд зовхи, баруун шуу, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, нүүр толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон хохирогчийн зүгээс шүүгдэгчээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ат ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан 260 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ат холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Аын “...Манай эхнэр намайг тэр хүмүүстэй хараад маргаан гарсан. Би эхнэртээ учрыг нь зөндөө тайлбарлаж хэлсэн ч хардаад уурлаж хашигдаад байхаар нь цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна” гэх,
Хохирогч И.Жийн “...Б.А нь "Чи яагаад такси явуулж байгаа юм бэ дуудлагын жолооч биш юм уу, дуудлагын жолооч гэсэн биз дээ би дэлгүүр орно гэж хэлээ биздээ" гэж хэлээд баруун хөлөөрөө миний баруун талын гуя орчим нэг өшиглөсөн тэгэхээр нь би хашаанаас гартал Б.А дагаад хашаанаас доошоо алхсан тэгэхээр нь би Б.Ааа би явлаа шүү гэхэд "Чи нааш зэд дуудахаар нь би очихгүй явлаа гэж хэлээд би буцаад нөгөө айлын руу ороод машин байхаар нь араар нь ороод нуугдтал Б.А нь орж ирээд "Чи намайг найзуудтай маань уулзуулсангүй юм авч өгсөнгүй такси явуулчихлаа" гэж хэлээд миний баруун талын хацар орчим руу нэг удаа гараараа алгадсан тэгээд дахиад баруун талын хөл рүү хальт өшиглөсөн. Тэр үед найз болох Оюука нь гарч ирээд боль гээд болиулсан би зугтаагаад нэг харанхуй хашаа байхаар нь ортол Б.А араас гарч ирээд чи наад айлын хашаанаас гар гэж хэлээд үснээс зулгаагаад баруун шанаа орчим руу гараараа нэг удаа цохисон мөн гуяны дотор хэсэгт 2 өшиглөсөн тэгэхээр нь найзад нь хандаж чи найзыгаа аваач ээ гэж хэлээд саатуулж байх хооронд би зугтаагаад явсан. Замдаа би цагдаа дуудсан юм. Урьд өмнө 2018 оны 01 дүгээр сарын эхээр ******* 3 дугаар хороо Замчин 6-43 тоотод байхад архи уучихсан ирээд эрэгтэй дүүгээсээ болоод маргалдаад үснээс чирээд, нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед биед хамар мурийсан тархи хавантай хөөсөн байна гэж байсан. Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт үзүүлсэн юм. Одоо хамрын зүүн талд сорви үлдсэн байгаа. Зодуулж байхад найз Алдраа нь байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаад шалгагдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх,
Гэрч Г.Оын “...Буд бид хоёр Б.Аыг хоёр талаас нь чирээд авч явж байгаад 10 шарын энэ орчимд авчирсан. Тэгтэл Б.А гэртээ харина гээд бид хоёр таксинд суулгаж өгөөд явуулсан бид хоёр алхаад гэртээ ирээд байж байтал араас эхнэр нь цагдаа нартай орж танай нөхөр хаана байна гээд хайж ирсэн Б.А манайд эргэж ирээгүй бид хоёр суулгаж өгөөд явуулсан. Б.А манайд ирэхдээ нэлээд согтуу байсан эхнэр нь бас согтуу Б.А эхнэрийнхээ нүүр орчимд 2-3 удаа гараараа цохисон тэгээд бид хоёр гараад явсан өөр зүйл болоогүй. Б.А хяналтаа алдсан байсан. Б.А манайд эргэж ирээгүй таксинд суулгаж өгөөд эргээд гэртээ удаагүй байтал эхнэр нь цагдаа ирсэн.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08/шэ/735 дугаар: "...И.Жийн биед баруун дээд зовхи, баруун шуу, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, нүүр, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Аыг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч И.Жийн бие мах бодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Б.Анхбярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б.Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ