Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2017/00000

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р баг, Баянхайрхан өргөө, 12 дугаар байр, 07 тоотод оршин суух, ДЮ72122978 регистрийн дугаартай, Боржигон овогт Бат-Өлзийн Батбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн, Баянхонгор сумын 1-71-3 тоотод оршин суух, ВГ74021412 регистрийн дугаартай Хонгор овогт Далайн Сайнжаргал,

Хариуцагч: Баянхонгор аймгийн, Баянхонгор сумын 1-71-3 тоотод оршин суух, ВЭ73111608 регистрийн дугаартай Сартуул овогт Баатарын Гантуяа нарт холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн 30.770.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батбаатар, хариуцагч Д.Сайнжаргал, Б.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2012, 2013 онуудад Д.Сайнжаргал, Б.Гантуяа, Нямхүү, Бурмаа, Б.Батбаатар миний бие нарын 5 хүн 60 айлын орон сууц хамтран барьсан. 2014 оны 01-р сард тухайн барилгыг ашиглалтад оруулж 4, 5 дугаар саруудад тооцоо нийлсэн хэдий ч тохиролцоонд хүрээгүй. 2014 оны 06-р сард Д.Сайнжаргал, Б.Гантуяа нар нь 60 айлын ашгийн тооцоог нэгтгэв гэсэн 2 хуудас тооцоо өгсөн бөгөөд энэ нь өмнөх тооцооноос ондоо үнэнд үл нийцэх тооцоо бөгөөд дахин тооцоогоо нийлье гэж удаа, дараа шаардсан боловч ажилтай завгүй байна гээд янз бүрийн шалтаг тоочин өдийг хүрсэн. Тухайн тооцоог А тал болох /Нямхүү, Бурмаа, Батбаатар нар/ хүлээн зөвшөөрөөгүй болно. Тэр тооцоогоор Батбаатар миний хөрөнгө оруулсан мөнгө болон ашгийн 560181490 төгрөг болсон байгаа юм. Үүнээс байр 88320000 төгрөг №5, 61440000 төгрөг №55, 50960000 төгрөг №52, 54880000 төгрөг №24, 5600000 төгрөг 7ш х 8000000 төгрөг авто зогсоол, 1500000 төгрөг бэлнээр, 80000000 төгрөг дансаар нийт 406600000 төгрөг өгөөд 2014 оны 07-р сарын 01-нд зарагдаагүй байсан байр болох 54880000 төгрөг №29, 62720000 төгрөг №54, нийт 117600000 төгрөг шахаж бүгд 524200000 төгрөг болгосон. Үлдэгдэл 35981490 төгрөгийг удахгүй өгнө гэсэн юм. Үлдэгдэл мөнгөнөөс 2014 оны 12 сард 5000000 төгрөг, 2015 оны 2 сард 10000000 төгрөг, 2015 оны 12-р сард 4000000 төгрөг, нийт 19000000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд өдөр бүр шаардсаны хүчинд авсан ба үлдсэн мөнгийг хүүтэйгээр өгөхөөр тохиролцсон юм. 2014 оны 03-р сараас хойш Сайнжаргал, Гантуяа нар нь 60 айлын орон сууц 2 ширхэг, мөн Нэгдэлчин зочид буудлын хажуу талд үйлчилгээний барилга барьсан ба одоо болтол миний үлдэгдэл мөнгө болох 16981490 төгрөгийг өгөөгүй байгаа юм. Тухайн барилгыг барьж байхад Дуламсүрэн Сайнбаяр, Бороо, Цэрэнням, Гана, Цэвэлмаа нараас сарын 3, 4, 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн ба хүүнд нь 36675000 төгрөг төлсөн баримт байдаг. Мөн 2014, 2015 оны барилгаа барихдаа банкнаас зээл бүтэхгүй байна гээд хувь хүмүүсээс 5 хувийн хүүтэй мөнгө зээлдэж барьж байна. Энэ байрыг ашиглалтад өгөөд мөнгө орж ирэхээр хүүтэй нь өгье гэсээр 2016 оныг хүргэсэн. 2016 оны 01-р сарын 08-нд Улаанбаатараас ирж уулзтал 8 хувийн ипотекийн зээл зогсчихлоо чамд зээл эхлэхээр хүүтэй нь өгье чамайг хохироохгүй гэж хэлээд Улаанбаатар явах ажилтай гээд намын бага хуралд явсан. Үүнээс хойш утас руу нь удаа, дараа залгасан боловч утсаа аваагүй бөгөөд өдий хүртэл 1 удаа хариу өгөөгүй: Тухайн барилга нь 2013 оны 12-р сард улсын комисст хүлээлгэн өгсөн ба дараагийн барилгаа 2014 оны 03-р сард эхэлсэн бөгөөд тухайн барилгуудад миний мөнгө ашиглагдаж байсан болно. 2014 оны 07-р сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн гэх цаас чулуудсан ба түүнээс хойш 27 сар өнгөрч байна. Иймд үндсэн мөнгө болох 17000000 х 3 хувь / сарын/ = 13770000, нийт 30770000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх бодолтой байна. Үүнийг энэ шүүх хуралдаан дээр биш дараа жич шийдвэрлүүлнэ. Эвлэрэх боломжгүй. Үндсэн мөнгө болох 17 сая төгрөгөнд хүү тооцсон баримт, гэрээ хэлцэл байхгүй. Уг нь 3 хувийн хүү төлнө гэсэн баримт байсан боловч одоо надад байхгүй, үрэгдүүлсэн байна.Барилгын тооцоог дахин хийлгэж шүүхэд хандах болно. 70-р байрны дараа хоёр 60 айлын орон сууц барьсан тэр байрыг миний мөнгөөр барьсан, татварын төлбөрт 70 сая төгрөг төлсөн эсэх, халаалтын төлбөрт төлөгдвөл зохих мөнгийг бүрэн төлсөн эсэх зэрэг асуудлыг би холбогдох газраар нь шалгуулах болно. Хамтран ажиллах гэрээгээр хөрөнгөө хамтатган байр барьж ашгийг хуваан авах зорилготой байсан. Надад өгвөл зохих мөнгөө цувуулж өгсөөр 17 сая төгрөг үлдсэн юм. Энэ үед Д.Сайнжаргал нар нь дараагийн барилгаа эхлүүлсэн байсан. Энэ дараагийн барилгад миний 17 сая төгтөгийг оруулсан юм. Энэ үед хариуцагч нар нь банкинд зээлтэй байсан. Миний мөнгийг дараагийн барилгад оруулахдаа хүү төлнө гэж тохирсон юм. Халаалтын болон баталгаат засварын мөнгө төгрөгийг бид урьд тохиролцоод барилгын тооцоонд оруулсан юм. Энэ бол тусдаа асуудал юм. 2012 оны 07 сарын 02-нд анх 70-р байрыг барьж эхэлсэн. 60-айлын орон сууц барих болсон тул хоёр талаас тэнцүү хэмжээнд мөнгө төгрөг гаргаж 900 сая төгрөгийн санхүүжилтээр энэ барилгыг барих болсон. Энэ барилгыг барьж байхдаа барилгын материалыг хариуцагч нар өөртөө их хэмжээгээр ашиглаж байсан. Энэ байрыг барьсанаар надад 560181490 төгрөгийн орлого ашиг авах болсон. Энэ тооцоог 2 тал хүлээн зөвшөөрч байгаа юм. Ингээд хариуцагч нар нь надад 524200000 төгрөгийн ашиг буюу байр, бэлэн мөнгө, машины зогсоол зэргийг өгсөн. Одоо үлдэгдэл нь 16.981.490 төгрөг байгаа юм. Энэ мөнгөн дээр би хүү тооцож байгаа юм. Хүү тооцох шалтгаан нь энэ мөнгийг дараагийн 2 орон сууц барихдаа ашигласан юм. Ингэхдээ хариуцагч нар бусдаас хүүтэй мөнгө төгрөг зээлж байсан нь нотариатын газруудад байгаа баримтаар тогтоогдно, миний мөнгөнд хүү тооцно гэж энэ хүмүүс хэлж тохирч байсан юм. Энэ мөнгөнөөс одоогоор төлөгдөөгүй байна. 10 сая төгрөг төлсөн гэдэг бол худлаа. Иймд Д.Сайнжаргал нараас 30770000 төгрөг гаргуулж өгнө үү?гэв.

Хариуцагч Б.Гантуяа, Д.Сайнжаргал нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Сайнжаргал Б.Гантуяа бид иргэн Л.Нямхүү, Б.Бурмаа, Б.Батбаатар нарын хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулж 2012-2013 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт 60 айлын орон сууцны барилга барьсан. Тус барилгын ажил 2012 оны 07 сарын 20-нд эхэлсэн бөгөөд хамтран барилга барих асуудал амаар яригдаж байх үед барилгын бүх ажлаа хамтран хийнэ, санхүүжилтээ хамтран гаргана гэж тохироод ажлаа эхэлсэн. Ажил эхлэхэд хамтран ажиллах гэрээ хийнэ гэж тохирсон боловч А тал гэрээ байгуулахад ямар нэгэн байдлаар цааргалсаар байгаад гэрээг 2013 оны 03 сарын 01-ний өдөр нилээн гуйлгаж мөн хэрүүл хийсний хүчинд байгуулсан. Тухайн барилга барьсан газар Аталын нэр дээр байсан учраас тухайн талын хүмүүс гэрээ байгуулахад маш хойрго хандсан. Ажил эхэлсэн цагаас эхлээд Б тал болох бид бүх ажлыг дангаар хийсэн. Уг нь аман яриагаар бүх ажлаа хамтран хийнэ гэж тохирсон байсан. Гэтэл 2012 онд барилгын суурь болон 1-2-р давхарын карзаз цутгалтын ажлыг хийхэд ямар нэгэн байдлаар ажилд хамжиж дэмжиж ер оролцоогүй зөвхөн өөрсдийн бизнесийг хийж байсан. Ингээд 2012 онд 2 давхар хүртэл карказ цутгаад ажил зогссон. Бид А талын хүмүүсийг 2012 онд ажилд ямар ч тус дэм болоогүй болохоор 2013 онд гэрээ байгуулахдаа 2.26 мөн 2.29 заалтуудыг гэрээнд оруулсан боловч энэ хүмүүс гэрээнд заасан энэ ажлуудыг хийгээгүй. Зөвхөн биднийг эзгүй байх хооронд 4-р давхарын карказ цутгалтын ажлыг л 7 хоног хариуцсан. Ажил хариуцаж байхад гэрээнд тусгагдаагүй зардал их гардаг. А талын хүмүүс энэ зардлыг гаргахгүй гэсэндээ мөн өөрсдийн бизенс ашиг орлогоо бодож барилгын ажилд ердөө оролцдоггүй байсан. Бид удаа дараа хамтран ажлаа хийнэ гэснийг сануулахад та нар хүрз бариад шороо ухаа юу, та нар тоосго үүрч зөөсөн юм уу та нар юу хийсэн юм гэх мэт зохисгүй авирлаж байсан. 2013 онд орон сууцны барилгууд ихээр баригдаж захиалга муу байсан тул барилгын ажил санхүүжилтгүй болж зогсоход хүрсэн. Бид А талд хамтран санхүүжилтээ шийдий гэж удаа дараа хүссэн боловч энэ хүмүүс гаргах мөнгө байхгүй гээд гаргаагүй. Ажил зогсвол 2 талын санхүүгийн байдал нилээд хүндрэх байсан тул бүх эрсдэлийг бид үүрч хувь хүмүүсээс их хэмжээний мөнгө хүүтэй зээлж ажлыг үргэлжүүлэн дуусгасан. Хэрэв бидний хамтран хийсэн ажил ямар нэг байдлаар эрсдэлд орсон бол А талын хүмүүсээс зээлсэн мөнгийг хувааж төлөхгүй ямар нэг эрсдэл үүрэхгүй гэдэг нь тодорхой байсан. Анх барилгын ажил 2012 оны 05 сарын 01-нд эхэлнэ гэж тохирч бараа материал татсан байсан боловч А талын хүмүүс гэрээний 2.4 дэх заалтыг биелүүлээгүйгээс ажил 2012 оны 07 сарын 20 нд эхлэж ондоо багтахгүй ажил зогссон. Хэрэв А тал гэрээний үүргээ биелүүлсэн бол бид 2012.05 сард бараа татаж мөнгөө түгжихгүй байсан. Мөн санхүүжилтээ ижил тэнцүү гаргаж ажлаа явуулна гэж тохирсон боловч А тал 2012 онд 80 гаруй сая төгрөг дутуу гаргасан. Бид илүү гаргасан мөнгөнд ямар нэг хүү тооцоогүй дараа оны 04 сард ажил дахин эхэлсэн. Бид маш их эрсдэлийг үүрч энэ хүмүүсийн мөнгийг өсгөж өгсөн. Б.Гантуяа би 2013 онд бие давхар байсан бөгөөд 2013 оны 10 сарын 29-нд төрсөн. Би 2013 оны 10 сарын 29-нийг хүртэл ажлаа хийж байгаад төрсний дараа 1 сар бололгүй ажилдаа орсон. Барилга улсын комиссоор 2013 оны 12 сарын сүүлээр орсон боловч комиссоос өгсөн үүрэг даалгавар болох ажлуудыг хийсээр 2014 оны 02 сарын сүүлээр ажил дууссан. Би 2013 оны 10 сарын 29-нд төрөөд 20 иод хоноод ажилдаа орохоос аргагүй байдалд хүрсэн. А талын хүмүүс өчүүхэн төдий хүн чанартай байсан бол би эрүүл мэндээрээ үр хүүхдийнхээ эрүүл мэнд амь насаар дэнчин тавьж ажиллахгүй байсан. Мөнгөнөөс өөр юм нүдэнд нь харагдахгүй, хүн чанар өчүүхэн төдий ёс зүйгүй энэ хүмүүс одоо барилгын тухай хуульд заасны дагуу баталгаат хугацааны 3 жилд хийх ёстой засварын ажлыг хийхгүй захиалагч оршин суугчдыг хохироож байна. Баталгаат хугацаанд хийх ёстой ажлуудыг А талд удаа дараа хэлж гуйж албан бичиг өгсөн ч гарах ёстой мөнгө санхүүжилтээ гаргахгүй байна. Оршин суугчид баталгаат хугацааны засварыг удаа дараа хийлгэхээр шаардаж байгаа тул бид арга буюу засварын мөнгийг дангаар гаргах засваруудыг хийж байна. А тал болох Б.Батбаатар нь барилгын ажилд нийт 295.712.770 төгрөгийн санхүүжилтийг гаргасан бөгөөд ашигт нь 264468630 төгрөг авсан. Нийт 560.181.490 төгрөг авахаас бэлэн мөнгө байр, авто зогсоолийг оролцуулан нийт 553.200.000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 6.981.490 төгрөгийг баталгаат засвар дууссаны дараа Б.Батаад ногдох хэсгийг нь хасаад үлдэгдэл мөнгийг нь өгөх болно. Өнөөдрийн байдлаар бид баталгаат хугацааны засварын ажилд 4.558.700 төгрөг Б талаас гаргаж хийсэн байгаа. Байрны баталгаат хугацааны засварын ажилд 4.558.700 төгрөг Б талаас гаргаж хийсэн байгаа. Байрны баталгаат хугацаа 2016 оны 12 сард дуусч байгаа боловч хийгдэх ажлуудыг нөхөж хийх тул нэмэгдэж гарах зардлыг тооцоод шүүхэд гаргах болно. Бидний хооронд тооцоо нийлэхгүй хүлээн зөвшөөрөхгүй ямар ч асуудал байхгүй бөгөөд барилга барьсан газар Аталын Б.Бурмаагийн газар бөгөөд А тал нь дотроо газрын үнэ дээрээ тохиролцохгүй байгаа нь бидэнд хамаагүй асуудал болно. А талын газар дээр барилга барьсан учраас харилцан тохирч А тал ашгийн 60 хувийг авсан. Б.Батбаатар нь бидний шилжүүлсэн мөнгөнөөс дүү Одмаагийн дансанд хийсэн 10 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би удаа дараа Батбаатарт дүү Одмаагийн ХААН банкны 5003473808 тоот дансны 2015.02-2015.12-хүртэлх хуулгыг үзүүлээч гэж удаа дараа гуйсан боловч хүнд дансны хуулгаа үзүүлэхгүй гээд үзүүлээгүй. Баталгаат хугацааны 3 жилд хийгдэх бүх засвар үйлчилгээг хийсний дараа Б.Батбаатараас гарах ёстой зардлыг авсны дараа мөнгө үлдвэл өгнө..гэжээ.

Хариуцагч Д.Сайнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бурмаа, Нямхүү нартай хамтарч байр барих болоход Нямхүү нь манай хүргэн байгаа юм гээд Б.Батбаатартай хамтран ажиллах болсон би тэр үед дургүй л байсан. 16.981.490 төгрөгөөр бид 2 удаа 60 айлын орон сууц барина гэж юу байхав дэ. Харин энэ хүн 264468630 төгрөгийн ашиг авчихаад өдий хүртэл баярлалаа гэж хэлж чадахгүй яваа хүн юм. Мөнгө төгрөг цувуулж өгсний хувьд 70-р байрнаас орж ирэх мөнгөнүүд зээл орж ирэх явц хугацаанаас болж тухай бүрт өгөгдөж байсан. Б.Батбаатарт барилгаас олсон орлогын үлдэгдэл 16.981.490 төгрөгийг өгөх нь үнэн гэхдээ хамтран ажиллах гэрээний 2.14-д зааснаар барилгын баталгаат засварын хугацаанд гарсан зардлыг хасаж үлдэх мөнгийг өгөх болно. Б.Батбаатар нь энэ барилгыг барьж байхад нэг ч удаа ирж сэтгэл санаа гаргаж хуруугаач хөдөлгөж байгаагүй, ашиг хүртэж байсан хүн юм. 16.981.490 төгрөгийг би дараагийн барилдгад оруулаад хүү тооцоод өгнө гэсэн зүйл байхгүй. Гэрээ хэлцэл хийгээгүй..гэв.

Хариуцагч Б.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ барилгад Б.Батбаатар нь 295.712.770 төгрөгийн хөрөнгө оруулж цэвэр ашигт нь 264468630 төгрөг авч нийт 560.181.490 төгрөг авахаас бэлэн мөнгө байр, авто зогсоолийг оролцуулан авсан бөгөөд 16.981.490 төгрөгийн үлдэгдэл байгаа юм. Энэ мөнгийг бид дараагийн барилгад оруулж хүү тооцож буцаан авна гэсэн зүйл огт байхгүй. Бид энэ мөнгийг өгөх гэсэн боловч энэ хүн хаана оршин суудаг нь тодорхойгүй, баталгаат засварын хугацаанд тухайн байранд засвар үйлчилгээ хийж Б.Батбаатараас гарах зардлыг хасаж үлдэх мөнгийг өгөх хүсэлтэй байна. Энэ мөнгийг өгөхгүй байсан шалтгаан нь тухайн байрны баталгаат засварын хугацааны зардлыг Б.Батбаатараас гаргуулахын тулд үлдэгдэл мөнгийг барьцаа байдлаар өгөөгүй гэж ойлгож болно..гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчид нь Баянхонгор сумын 1-р багт иргэн Бурмаагийн эзэмшлийн газар дээр 60-айлын барилга барих зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулж Б.Батбаатар нь 295.712.770 төгрөгийн хөрөнгө оруулж цэвэр ашгийн 60 хувь буюу 560.181.490 төгрөгийн ашиг авахаас 16.981.490 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг хариуцагч нар төлөхөд татгалзах зүйлгүй байгаа. Гагцхүү хамтран ажиллах гэрээний 2.14-д зааснаар уг байрны баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч нар нь засвар үйлчилгээ хийх ёстой тул уг байранд засвар үйлчилгээ хийж гарсан зардлыг 2 тал ижил хэмжээнд гаргах тул Б.Батбаатарт ногдох засварын төлбөрийг хасаж үлдэх хэсгийг өгөх саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү?гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батбаатар нь Б.Гантуяа, Д.Сайнжаргал нарт холбогдуулан Баянхонгор сумын 1-р дүгээр багт байрлах 70 дугаар байрыг хамтран бариулж түүнээс олсон ашгийн өөрт ногдох 17000000 төгрөг, хүү 13770000, нийт 30770000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Б.Гантуяа, Д.Сайнжаргал нар нь нэхэмжлэлийн зарим хэсэг болох 16.981.490 төгрөгөөс хамтран ажиллах гэрээний 2.14-д заасны дагуу барилгын баталгаат хугацаанд гарсан засварын ажлын зардал 3.619.070 төгрөг, халаалтын төлбөр 1.831.620 төгрөг нийт 5.450.690 төгрөгийг хасаж 11.530.800 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

2012 оны 05 сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээгээр нэг талаас Л.Нямхүү, Б.Батбаатар, Б.Бурмаа /А-тал/, нөгөө талаас Д.Сайнжаргал, Б.Гантуяа /Б-тал/ нар харилцан тохиролцож Баянхонгор сумын 1-р багт байрлах Б.Бурмаагийн эзэмшлийн газар дээр 60 айлын орон сууцыг 900.000.000 төгрөгийн санхүүжилтээр 2 тал тэнцүү хуваан гаргаж. Нийт ашгийн 60 хувийг А-тал, 40 хувийг Б-тал авахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэргээр хамтран ажиллах гэрээний нийт орлогоос Б.Батбаатар нь 560.181.490 төгрөгийн ашиг хүртэхийг зөвшөөрч зохигчид тооцоо нийлсэн, энэ талаар маргаангүй байна.

Улмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар дээрх мөнгөнөөс 17.000.000 төгрөгийг хариуцагч нар нь төлөөгүй тул түүнд ногдох хүү 13.770.000 төгрөгийг нэмж нийт 30.770.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй хэмээн мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

1. Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээээр зохицуулагдахаар байна.

Үйл баримтаас үзвэл зохигчид хамтран ажиллах гэрээ байгуулан хөрөнгөө нийлүүлэхдээ хамтран үл хөдлөх хөрөнгө барьж түүнээс ашиг хүртэх зорилготой байсан нь тогтоогддог. Хамтран ажиллах гэрээнээс олсон нийт орлогоос Б.Батбаатар нь 560.181.490 төгрөгийн ашиг хүртэх талаар зохигчид тооцоо нийлж, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлөгдөөгүй 16.981.490 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болохоо хариуцагч нар илэрхийлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.. мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй..гэжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлд Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.  Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана..гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.Батбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 17.000.000 төгрөгийн 3 хувийн хүү болох 510.000 төгрөгийг нийт 27 сард хувилан 13770000 төгрөгийн хүү гаргуулах гэсэн шаардлагаа нотолж чадаагүй, бичгээр гэрээ хийгээгүй байна.

Хариуцагч нарын зүгээс Б.Батбаатарт төлвөл зохих 16.981.490 төгрөгнөөс хамтран ажиллах гэрээний 2.14-д заасны дагуу барилгын баталгаат хугацаанд гарсан засварын ажлын зардал 3.619.070 төгрөг, халаалтын төлбөр 1.831.620 төгрөг нийт 5.450.690 төгрөгийг хасаж 11.530.800 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган холбогдох баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч хариуцагчаас гаргасан нотлох баримтууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тухайлбал : Гал хонгор ХХК-ийн захирал Д.Сайнжаргалын 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 73 дугаар албан бичгээр 70-р байрны засварын ажилд 9.084.700 төгрөгийн зардал гарах талаар урьдчилан тооцоолж гэрээний нэг талд хүргүүлсэн албан бичиг байгаа бол хавсралтаар 4.107.200 төгрөгийн засварын ажил хийгдсэн талаар бичиг, зураг хавсаргажээ. Гэтэл дээрх зардлын тооцоо нь хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтээр нотлогдоогүй, зөвхөн хариуцагч байгууллагын өөрийн зүгээс гаргасан баримт тул шүүх дээрх баримтанд үндэслэх нь учир дутагдалтай байна.

Мөн 70-р байрны зарим үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх явцдаа ашигласан халаалтын төлбөр 1.831.620 төгрөгийг Б.Батбаатар хариуцан төлөх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчдын Хамтран ажиллах гэрээний 2.14-д заасны дагуу барилгын баталгаат хугацаанд гарсан засварын ажлын зардал 3.619.070 төгрөг, халаалтын төлбөр 1.831.620 төгрөг нийт 5.450.690 төгрөгийг хасаж тооцуулахыг хүссэн шаардлагыг хангах боломжгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 13.788.510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас 16.981.490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Сайнжаргал, Б.Гантуяа нараас хамтран ажиллах гэрээний үүрэг 16.981.490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.788.510 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.800 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сайнжаргал, Б.Гантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 242857 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаатарт олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ