Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 35

 

 

     2018            04             23                                                   35

                       Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Даргалагчаас: Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Ц.Бд  холбогдох, эрүүгийн 1819000070027 дугаартай, 1 хавтас 85 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ....... ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо, Бага нарангийн ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Урианхай овогт Ц-ийн Б /РД:ЧГ71021411/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-ийн бутлуурын талбай дээр иргэн Н.Ныг өөрөөсөө зайлуулах гэж түлхэн нүх рүү унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд холбогдох 1819000070027 дугаарт хэргийг аймгийн Прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинж нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй, мөн бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэн гарах ба Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Ц.Бгийн Н.Ныг өөрөөсөө зайлуулан нүх рүү түлхэж байгаа идэвхитэй үйлдлийн улмаас Н.Нт хохирол, хор уршиг учирна гэдгийг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас Н.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Ц.Бгийн түлхсэн үйлдэл, Н.Нын эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой, түлхсэний улмаас үүсч байгаа хор уршиг юм.

Энэ тохиолдолд заавал хууль, дүрэм, журам зөрчсөн байхыг шаардахгүй. Гэтэл анхан шатны шүүх Ц.Б нь ямар эрхийн акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй гэсэн үндэслэлээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийн заалтыг буруу ойлгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг үндэслэлгүйгээр цагаатгаж, түүнд ял завших боломжийг бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. Яллагдагч Бн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан хохирогч Н.Нын мэдүүлэг /хх-20/, гэрч Ү.Жаргалсайханы мэдүүлэг /хх-28/, шинжээчийн 2018.01.10-ны өдрийн 1142 дугаартай дүгнэлт /хх-32/, яллагдагч Ц.Бн хэргээ хүлээсэн мэдүүлэг /хх-37-38/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байхад шүүхээс дээрх нотлох баримтанд үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийгээгүй хэргийг цагаатгах шийдвэр гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянан, хэрэгт авагдсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч Ц.Бг “...хохирогч Н.Ныг түлхсэнээс хохирогчид хохирол, хор уршиг учрах боломжтойг шүүгдэгч мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр түлхсэнээс хохирогчид хүнд гэмтэл учруулсан” гэж Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ялласан нь үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж, нотолсон байх ба хохирогч Н.Н “...миний уур хүрээд Б дээр очоод цамцнаас нь зууртал миний гарыг дээш сөхөөд зүүн тал руу зайлаад намайг татчихсан, тэгээд би эрчиндээ бутлуурын яамны нүх рүү унасан ба унахдаа гараараа тулж унаад гараа хугалчихсан, миний зүгээс гомдол санал байхгүй ээ” гэж удаа дараа тогтвортой мэдүүлжээ.

Тэрээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн төдийгүй мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, мэдүүлгийг нь авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй  байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч Ц.Бн “...чи ер нь юу гээд байгаа юм гээд намайг Н цамцны энгэрээс зуураад авахаар нь би гарыг нь зайлуулж, мултлаад гарыг нь зүүн тийш  дартал бутлуурын нүх руу унаад өгсөн” гэсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээс ноцтой зөрүүгүйн гадна хохирогчийн, шүүгдэгчийг эхэлж заамдсан үйлдлээс эхлэлтэйгээр, шүүгдэгчээс “хохирогчийн гарыг тавиулах гэж зүүн тийш дарах явцад тэрээр шүүгдэгчтэй зууралдсан эрчиндээ бутлуурын нүх рүү унасан, унахдаа гараараа тулснаас гар нь хугарсан” үйл баримт нотлогдож, тогтоогдсон байна.   

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ. 

Хуулийн энэхүү зохицуулалт болон хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг бусад нотлох баримттай харьцуулан, эх сурвалжийг магадлаж үзэхэд шүүгдэгч Ц.Б хохирогчийн заамдсан гарыг тавиулах үйлдэл хийх явцад буюу тухайн цаг хугацаа /агшинд/-нд хохирогч гараа хугалах хор уршиг учрах боломжтойг Ц.Б ухамсарлах, урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал нотлогдож, тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг “болгоомжгүй гэмт хэрэгт тооцох” үндэслэлгүй болно.

Тиймээс анхан шатны шүүх “...шүүгдэгч Ц.Бг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-ийн бутлуурын талбай дээр иргэн Н.Ныг өөрөөсөө зайлуулах гэж түлхэн нүх рүү унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдуулж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнэн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Харин шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлд “...Ц.Б нь хүний эрүүл мэндэд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар эрхийн акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсонгүй” гэж тодорхойлсоныг буруу гэж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” байхыг шаардахаас гадна энэ гэмт хэргийн объектив талын бас нэг үндсэн шинжийг “...эсхүл буюу бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж тодорхой, ойлгомжтой, тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт тооцсон байх тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА