Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 758

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “А ” ХХК

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Н ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К, өмгөөлөгч Д.О хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, тус яамны Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б гуравдагч этгээд “Н ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч А.К, өмгөөлөгч Д.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилга, хот байгуулалтын яамнаас “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2  дугаартай  зөвлөх  үйлчилгээний 

 

тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан бөгөөд манай “А ” ХХК нь уг тендерт оролцсон. Уг зөвлөх үйлчилгээний тендерт нийт 7 компани оролцсоноос техникийн оноогоор манай 2 компани шалгарч, “А ” ХХК нь 390,000,000 төгрөг, “Н ” ХХК нь 422,404,000 төгрөгийн үнийн саналтай байсан.

 

“А ” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 39 дүгээр зүйлийн 39.14-д заасны дагуу хосолмол үнэлгээний аргаар үнэлэхэд техникийн оноо болон санхүүгийн саналаар шалгараагүй болох” тухай мэдэгдлийг хүлээн авсан болно.

Манай компани нь 2000 оноос хойш барилгын зураг төсөл, гадаад худалдааны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба барилга, байгууламжийн зураг, төсөл, Монгол Улсын барилгын стандарт, норм дүрэм, хэм хэмжээг нарийн чанд баримтлан чанарын өндөр төвшинд гүйцэтгэж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А/05 дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулсан. Уг хороо нь Завхан аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерийн материалыг боловсруулж, тендерийн зохион байгуулалтын үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А/121 дүгээр тушаал гаргаж шинэ Үнэлгээний хороог байгуулсан. Ингээд А/121 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь уг тендерийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг хийсэн. 

 

Энэ үйл ажиллагаанаас харахад Үнэлгээний хороо нь эхний байдлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Барилга, байгуулалтын яамнаас зөвлөх үйлчилгээний тендерийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зарлаад 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор эхний тендер зохион байгуулах үйл ажиллагааг явуулсан байдаг. Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зар дээр “уг тендерт оролцох эрх бүхий этгээд нь дараах материалыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ” гээд 3.1-3.6-д заасан баримтуудыг шаардан, эхний шалгаруулалтын үйл ажиллагааг явуулсан. “Н ” ХХК-ийн тусгай 

 

зөвшөөрөл 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэмэлтээр гарсан байдаг. 

 

Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т “...тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлнэ” гэж зохицуулсан. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд түүнийг тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж нэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага тэгш эрхийн зарчмыг зөрчиж тус байгууллагын материалыг хүлээн авсан.

Угтаа бол Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хороо нь манай “А " ХХК-ийн техникийн үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлага, ажил, бараа үйлчилгээний онцлог, ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварын талаар огт үнэлгээ өгөөгүй, ноцтой зөрчсөн байгаа нь харагдаж байна.

 

Түүнчлэн “А ” ХХК нь тухайн зөвлөх үйлчилгээний тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн, санхүүгийн хувьд 100 хувь үнэлэгдсэн байхад Тендерийн үнэлгээний хороо нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14-т заасныг зөрчиж, “Н” ХХК-тай гэрээ байгуулахаар шалгаруулсан. Энэ нь манай компанийн тендерт оролцох эрх, гэрээ байгуулах эрх, тендерт өрсөлдөх тэгш боломж болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.1-д заасны дагуу Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах тусгай зөвшөөрөл болон геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдсан. Гэтэл “Н ” ХХК хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерийн тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар 03-ны өдөр авсан байдаг. Харин уг компанид геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй. Ийм компанийг тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулсан нь хууль зөрчсөн явдал болж байна.

Мөн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.4-т зөвлөх компани нь хураангуй жагсаалтад орсон болон бусад компанитай хамтарч ажиллаж болохгүй гэсэн шаардлага байдаг. Гэтэл тендерт шалгараад байгаа “Н ” ХХК нь “Б ХХК-иар инжинер, геологийн ажлаа хийж гүйцэтгүүлэхээр, “Г ” ХХК-иар геодезийн инженерийн ажлыг гүйцэтгүүлэхээр материал бүрдүүлж   өгсөн.  “Б ”   ХХК   нь   тендерийн   баримт    бичгийн   хувьд   огт 

 

шаардлага хангаагүй. Ажилтны намтар байхгүй, компанийн тусгай зөвшөөрөл ч байхгүй. Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа 4.4, 4.5-д тухайн тендерт оролцож байгаа зөвлөх компанийн ажилтан, ажилтны намтар, гарын үсэг, тухайн санал болгож байгаа мэргэжилтэн, компани өөрөө гарын үсэг зурсан байх ёстой гэсэн маш тодорхой шаардлагууд байгаа. Эдгээр шаардлагуудыг хангаагүй компанийг шалгаруулан дахин хууль зөрчиж байна.

Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа 4.4 (3)-д голлох мэргэжилтнүүдийн олонх нь тухайн компанийн үндсэн ажилтан байх ёстой. Гэтэл тендерт шалгарсан компани нь өөрөө 2 ажилтантай гэдэг нь Нийгмийн даатгалаараа батлагдчихсан байгаа. Эдгээрээс үзвэл Тендерийн үнэлгээний хороо нэг этгээдэд давуу байдал олгож, тендерийн үндсэн зорилгын дагуу тусгай мэдлэг чадвараа сорьж оролцож боломжийг хааж байна. 

Тухайн компанийн үндсэн ажилтан биш зөвхөн энэ тендерийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан хүмүүсийг санал болгож оролцуулж байхад Тендерийн үнэлгээний хороо ийм байдлаар үнэлж болохгүй. Тендерийн санал боловсруулах зааварчилгаа, Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан тодорхой шаардлага шалгууруудыг хангахгүй байгаа компанийг тендерийн ялагчаар тодруулж байгаа нь хууль бус байна гэж бид дүгнэж байна.  

 

“А ” ХХК-ийн санал болгосон хот төлөвлөлтийн эдийн засагчид 0 оноо өгч, авах ёстой зохих оноог өгөөгүй асуудал нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Бид хот төлөвлөлтийн эдийн засагч Ц.Х, Д.Х гэх 2 хүний баримтыг гадаад хэлнээс баталгаат орчуулгаар орчуулга хийлгэн, нотлох баримтын шаардлага хангуулан бүрдүүлж, санал болгосон. Гэтэл баримт бичгийг буруу орчуулсан гэдэг үндэслэлээр 0 оноо тавьсан. Мөн холбоо дохиоллын  инженерээр Н.Б-ыг манай компанийн зүгээс санал болгосон боловч Н.Б-ын материалыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр 0 оноо өгсөн боловч Тендерийн өгөгдлийн хүснэгтийн дагуу нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх гэсэн шаардлага тавиагүй. Ийм байдлаар манай компанийн оноог санаатайгаар хасаж байгаад гомдолтой байгаа.  

Захиалагч нь тендер шалгаруулалттай холбоотой хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болно гэсэн зохицуулалт байдаг. Гэхдээ бид техникийн санал авсан үедээ зөвхөн манай компанийг үнэлсэн үнэлгээг мэднэ. Харин сүүлд санхүүгийн болон техникийн оноог эцсийн байдлаар нэгтгэж шийдвэр гарсныг   мэдэгдсэнээс   хойш   бид   гомдол   гаргах   эрх   нээгдэж    байгаа. Барилга,

 

хот байгуулалтын яам нь хамгийн өндөр оноо авсан гэж үзээд “Н ” ХХК-тай гэрээ хийсэн. Харамсалтай нь Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой дурдсан учраас захиалагч нь “Н ” ХХК-тай гэрээ байгуулах хууль, эрх зүйн орчин байхгүй гэж үзэж байна. 

Иймээс дээр дурдсан үйл баримтыг онцгойлон анхаарч Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Н ” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах“ БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерийг 2018 оны 03 дүгээр сарын 14-ний өдөр зарласан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зөвлөх үйлчилгээний хураангуй жагсаалтад 11 компани шалгаруулж урилгыг хүргүүлсэн. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас  өмнө “А ” ХХК, “Зг” ХХК, “Н ” ХХК, “Н" ХХК, “Э” ХХК-иуд тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн. 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасныг үндэслэн Үнэлгээний хорооны гишүүдийн зүгээс дээр дурдсан нэр бүхий компани нэг бүр дээр өгсөн техникийн оноог үнэлэхэд ТӨХ-д тусгайлан заасан буюу тендерийн ерөнхий шаардлагыг биелүүлээгүй 3 компанийн санхүүгийн саналыг нээлгүйгээр буцааж, Техникийн саналд авбал зохих доод оноо буюу түүнээс дээш оноо авсан “А ” ХХК, “Н ” ХХК-иудад санхүүгийн санал нээх мэдэгдлийг хүргүүлэхээр Үнэлгээний хорооны хурлаар шийдвэрлэсний дагуу мэдэгдлийг хүргүүлсэн.

 

“А ” ХХК техникийн саналын үнэлгээгээр авбал зохих доод шалгуур үзүүлэлтийн буюу 80 онооноос дээш 80.3 оноо, “Н ” ХХК 89.3 оноо тус тус авч, тэдний санхүүгийн саналыг нээсэн бөгөөд үнэлгээний явцад санхүүгийн санал бүрэн эсэх, тухайлбап техникийн саналтай холбогдох бүх нэр төрөлд үнийн санал өгсөн, үгүй бол  орхисон  эсэх  зэргийг  нэг  бүрчлэн  хянан  үзэж 

 

тэмдэглэл үйлдсэн. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасны дагуу нээсэн санхүүгийн саналыг энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.9.3-д заасан шаардлагын дагуу үнэлж оноо өгсөн.

“А ” ХХК 390,000,000.00 төгрөг, “Н ” ХХК 422,404,000.00 төгрөгөөр гэрээт ажлыг гүйцэтгэх санал тус тус ирүүлсэн. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасныг үндэслэн техникийн болон санхүүгийн оноог урилгад тусгасан хувийн жинг харгалзан хосолмол үнэлгээний аргыг хэрэглэж техникийн саналын үнэлгээ, санхүүгийн саналын үнэлгээг тус тусад нь тооцож гаргасан. Захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөх “Н ” ХХК-тай хэлэлцээ хийж тэмдэглэл хөтөлсөн.

“А ” ХХК нь уг асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд  Сангийн яамнаас хянаж үзээд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тендерийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүл гэсэн шийдвэр гарсан. Захиалагч “Н ” ХХК-тай гэрээ байгуулсан. 

 

Үнэлгээний хороо 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Үнэлгээний хороо ажиллаж байх явцад Үнэлгээний хорооны дарга ажлаасаа чөлөөлөгдсөн тул 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А/121 дүгээр тушаалаар Үнэлгээний хороонд өөрчлөлт орсон. Үнэлгээний ажлын хэсгийг өөрчилсөн шалтгаан нь Үнэлгээний хорооны дарга ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаа үргэлжлүүлэхийн тулд дотроосоо Үнэлгээний хорооны даргаа сонгоод шинээр нэг гишүүн нэмж авсан.

 

“А ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлын хувьд үнэлгээ хийж хураангуй жагсаалтад орохоос өмнө 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Барилгын үндэсний ассоциацын “тендерийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар албан бичиг ирсэн” гэсэн бичиг байсан. 2017 оны 07, 08 дугаар сараас хойш тусгай зөвшөөрөл олгох асуудлыг төрийн бус байгууллагад шилжүүлэхээр хэсэг цаг хугацаа алдаж, энэ хооронд албан бичгээр бүх тусгай зөвшөөрлийн материал авахыг хойшлуулсан байсан. Тусгай зөвшөөрлийн материалыг цахим хэлбэрт шилжүүлэх болсон. Тусгай зөвшөөрлийн материалыг 2018 оны 02, 03 дугаар сард аваагүй байдлыг харгалзан үзсэн. Мөн төрийн үйл ажиллагааны тасралтгүй байх шинж чанарын дагуу төрийн үйл ажиллагаа удааширсантай холбоотойгоор гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл хугацаа сунгагдах асуудал хүлээгдсэн байдаг. 

“Н ” ХХК-д геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай   зөвшөөрөлгүй   боловч  “Г ”  ХХК-тай   түншлэлийн   гэрээ 

 

байгуулсан. ТӨХ-ийн 4.4-т хураангуй жагсаалтад орсон компани нь мөн жагсаалтад орсон бусад компанитай хамтарч болохгүй гэсэн заалт байгаа бөгөөд харин түншилж тендерт оролцох боломжтой. 

Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн хот төлөвлөлтийн эдийн засагчаар санал болгосон 2 хүний материалд 0 оноо өгсөн. Уг хоёр хүний материал ТӨХ-ийн шаардлага хангаагүй, орчуулга буруу, мэргэжлийн Дипломыг нотариатаар батлуулж ирүүлээгүй учраас 0 оноо өгсөн. Үнэлгээний хороо ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил гаргаж, хуурамч баримт гаргаж ажиллаагүй.

ТӨХ-д зааснаар Хот төлөвлөлтийн эдийн засагч хүн нь 2 компанид зэрэг ажиллаж болно. Учир нь энэ мэргэжлийн хүн Монгол Улсад ховор байдаг тул өөр компанид ажиллаж болохоор шалгуур тавьсан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн гаргаж өгсөн материал дунд мэргэжилтнүүдийн материал дэлгэрэнгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт дунд байх баталгаат орчуулга хийлгүүлсэн мэргэжилтний орчуулгад эргэлзээ маш их байна. Бид төрийн байгууллагын төлөөлөл учраас асуудлаас ямар нэгэн ашиг сонирхол харах боломжгүй.

Үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар “А ” ХХК-ийг 84,24 оноогоор 2-т, “Н " ХХК-ийг 89,91 оноогоор 1-д эрэмбэлэн шалгаруулсан.

Бид техникийн үнэлгээ өгсний дараагаар шалгарсан 2 компанид албан бичиг хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь тухайн үед ямар компани хэрхэн шалгарсан талаар утсаар асууж мэдсэн атлаа Сангийн яаманд гомдол гаргасан байсан. Түншлэлтэй холбоотой асуудал нь тусгай зөвшөөрөлтэй компаниудад хамаарч байгаа бөгөөд хууль журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Зөвлөх үйлчилгээ гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай 35-39 дүгээр зүйлд хуульчлан зохицуулсан. Бид урьдчилсан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Сангийн сайдын 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 184 дүгээр тушаалаар батлагдсан жишиг баримтын дагуу зохион байгуулдаг. Уг урьдчилсан шалгаруулалтыг зохион байгуулахдаа оролцох сонирхолтой этгээдийн чадавхыг тодорхойлох зорилгоор энэ ажиллагааг явуулдаг.

 

Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 39 дүгээр зүйлийн 39.8, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2-т тус тус заасныг болон Сангийн сайдын  2007  оны   06  дугаар   сарын  28-ны  өдрийн   тушаалыг   харгалзан   үзэж 

 

нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд “Н ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар гүйцэтгэх захирал Д.Чинтөгс, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь барилга, хот байгуулалтын салбарт 5-30 жил ажилласан туршлагатай инженер, техникийн ажилчид, баг хамт олонтой бөгөөд БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад өндөр оноо авч шалгарсныг буруу гэж үзэхгүй байна. 

 

Манайх 2014 онд Увс аймгийн Улаангом хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ, 2015 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваанд байрлах 50 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөв боловсруулах ажил, мөн 2016 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Оргил” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажил, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь-Эх хотхон” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа, барилгажилтын зураг төсөл боловсруулах ажил, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шинэ шийдэл” иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын судалгаа барилгажилтын зураг төсөл боловсруулах ажил гэх мэт ерөнхий төлөвлөгөө болон хот байгуулалтын баримт бичиг тус тус гүйцэтгэж ирсэн туршлагатай юм. 

Барилга, хот байгуулалтын яамны Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/2706 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг ирсэний дагуу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н ” ХХК-ийн хооронд Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдаж ажлыг эхлүүлсэн явагдаж байгаа.

Манай компани нь Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлын 30 хувь буюу одоо байгаа хот, суурины дэвсгэр газрын хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ, түүний дотор Байгаль орчны үнэлгээ, Нийгэм эдийн засгийн үнэлгээ, дэд бүтцийн үнэлгээ, Архитектур орон зайн төлөвлөлт, Ландшафтын үнэлгээг хийж гүйцэтгэсэн ба инженер геологийн судалгаа, 

 

геодези зураглалын ажлыг хийж Завхан аймгийн Улиастай сумын одоогийн дэвсгэр зургийг шинэлэн гаргаж, уг дэвсгэр зураг дээр Зам талбай, дулаан хангамж, Усан хангамж, Ариутгах татуурга, Цахилгаан хангамж, Мэдээлэл холбоожуулалт, Инженерийн бэлтгэл арга хэмжээ зэрэг дэд бүтцийн одоогийн суурь судалгааг гарган ажиллаж байгаа бөгөөд ажлын хуваарийн дагуу эхлэлийн тайлангаа Барилга, хот байгуулалтын яаманд 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгч хичээнгүйлэн ажиллаж байна. 

 

Нэхэмжлэгч ямар асуудал дээр эрх ашиг нь хөндөгдөж байгаагаа тодорхой хэлж чадахгүй байна. Учир нь нэхэмжлэгч “А ” ХХК нь хийсэн ажил нь ерөнхий төлөвлөгөөний ажил хийж байгаагүй. Мөн барилгын зургийн ажил хийж байгаагүй. Манайд төлөвлөлтийн мэргэшсэн зөвлөх архитекторууд ажилладаг. Гэтэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлуудаас сангийн зургийг хийж байсан байх гэсэн бодолтой байна. Нэхэмжлэгч ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж байсан туршлагагүй атлаа уг ажлыг хэрхэн хийх нь ойлгомжгүй байна.

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас судалгаа явуулсан бөгөөд уг судалгаагаар нэхэмжлэгч болон манай байгууллага хоёрын авсан оноо харьцангуй байгаа. Манай компанийн ажилчид мэргэжлийн, хот төлөвлөлтийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан хүмүүс байгаа. Салбартаа 40-50 жил ажилласан зөвлөх архитекторууд ч ажилладаг. Энэ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж Тендерийн үнэлгээний хороо дүгнэлт гаргасан байх. Нэхэмжлэгчийн чадварын хувьд яаж хийж чадахгүй ажил дээрээ тусгай зөвшөөрөл авсан нь ч ойлгомжгүй байна. 

Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журам нь тус хуулийн 4 дүгээр бүлгийн 35-39 дүгээр зүйлд тодорхойлсон. Тендерийн урилгад ч “Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний арга” хэрэглэнэ гэж заасан. Үүнээс 39 дүгээр зүйлийн 39.8-д “Захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлцэл хийнэ” гэж заасан. Нэг ёсондоо зөвлөх сонгох хосолмол үнэлгээний аргыг хэрэглэх журам дотроос тодорхой заалтыг хэрэглэх ёстой байтал нэхэмжлэгч Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасан харьцуулалтын аргаас өөрсдөдөө тохирох тайлбарыг өгч нэхэмжлэлд дурдаад байгаа нь үндэслэлгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39.14-т “Хамгийн бага үнийн санал ирүүлсэн зөвлөхтэй энэ хуулийн 39.2-оос 39.11-д заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэх заалт нь 39.12-т   “Аудит,    инженерийн    ердийн     тооцоо,   зураг  төсөл зэрэг хэвшсэн үйл 

 

ажиллагаатай, гэрээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.3-т заасан босго үнээс хэтрээгүй зөвлөх үйлчилгээнд хосолмол үнэлгээний аргын хялбаршуулан хэлбэр болох бага үнийн аргыг хэрэглэж болно” гэж заасантай хамааралтай. Үүний дагуу хялбаршуулан арга хэрэглэх үед хамгийн бага үнийн санал ирүүлсэн зөвлөхтэй хэлцэл хийх учиртай. 

Бид нарын тендерийн хувьд ийм биш байгаа. Харин тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд нь нэмж чанар үнийн үнэлгээний нийт оноог гаргана” гэж заасны дагуу хийх ёстой. Мөн өмнө дурдсан 39 дүгээр  зүйлийн 39.8-д заасны дагуу энэ тендерийн сонгон шалгаруулалт үнэн зөв явагдсан.

Нэхэмжлэлд “А ” ХХК-ийн тендерийн материал нь Тендерийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлага, бараа, ажил үйлчилгээ, онцлог, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварыг огт үнэлээгүй гэсэн асуудлыг хөндсөн. Тендерийн үнэлгээний хороо бүх шаардлагатай жагсаалтуудад оноо өгөөд бүгдийг үнэлсэн байдаг. Яагаад 0 оноо өгсөн талаар өмнө ярьсан. Жишээ нь Н.Б нь холбоо дохиоллын инженер мэргэжил эзэмшээгүй байсан тул 0 оноо авахад нөлөөлсөн. 2 хүний диплом баримт бичгийг нотариатаар баталгаажуулаагүй байсан тул 0 оноо өгсөн нь үндэслэлтэй байна. Техникийн үнэлгээний хүснэгтүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн материалыг бүрэн дүүрэн үнэлсэн гэж үзэж байна. 

 

Үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч өмнө нь Сангийн яаманд гомдол гаргаагүй байна. Учир нь үнэлгээтэй холбоотой асуудлаар бус үнэлгээний аргачлалтай холбоотой асуудлаар гомдол гаргасан гэж Сангийн яам гомдлын хариу тайлбартаа дурджээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 5 хоногийн дотор тухайн асуудлаар гомдол гаргаж хангасан, хангаагүйгээс хамаараад дараа нь шүүхэд гомдол гаргах ёстой байсан. 

 

Нэхэмжлэгч нь өөрийн материалыг дутуу үнэлсэн гэж тайлбар хийж байна. Гэсэн атлаа Тендерийн үнэлгээний хороог “хосолмол үнэлгээний аргыг” хэрэглэх ёсгүй байсан гэж маргаж байгаа. Анх нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргахдаа буруу арга хэрэглэсэн байна гэсэн байдаг. Уг гомдлоо үргэлжлүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийнх нь тайлбараар үнэлгээ хийсэн аргыг үгүйсгэж байгаа эсхүл үнэлгээг буруу хийсэн гэж үгүйсгээд байгаагийн аль нь болохыг тодорхой хэлж чадахгүй байна. Сангийн яамнаас нэхэмжлэгчийг үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй байна гэж албан бичигтээ тэмдэглэсэн байдаг. Иймээс 

 

нэхэмжлэгч үнэлгээтэй холбоотой асуудлаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “...Тендерт оролцогч энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ” гэж заасны дагуу уг албан бичгийг бидэнд өгсөн. 

Бид тендерт шалгарч ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэн 30 хувийг ажил хийж, хүлээлгэн өгсөн. Бодит байдал дээр 40-50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “А ” ХХК “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Нэг. Үйл баримтын тухайд:

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Тендерийн үнэлгээний хороог байгуулсан байна. 

 

Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хуралдан Өнөөдөр сонинд Зөвлөх үйлчилгээний тухай зарлал 03 дугаар сарын 15-нд гаргаж, улмаар 04 дүгээр сарын 11-ний өдөр сонирхсон хуулийн этгээдийн мэдүүлгийг хянаад зөвлөх үйлчилгээний хураангуй жагсаалтад орсон 11 компанид Зөвлөхийн тендерийн урилга, Ажлын даалгаврыг 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07/1415 дугаар албан бичгээр тус тус хүргүүлж, Зураг төслийн ажлыг гүйцэтгэх тухай тендерийн баримт бичгийг 05 дугаар сарын 24-ний өдөр ирүүлэхийг мэдэгдсэн.

 

Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичиг ирүүлсэн 5 компаниас ерөнхий шаардлагыг 

хангасан гэж үзсэн 3 компанийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын техникийн саналыг үнэлэн нэгтгэхэд “А ” ХХК 80,3 оноо, “Нарт дизайн” ХХК 42,2 оноо, “Н ” ХХК 89,3 оноо тус тус авсан. Ингээд техникийн саналд авбал зохих доод онооноос дээш оноо авсан “А ” ХХК, “Н ” ХХК-иудад санхүүгийн саналыг нээх мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр албан бичгээр хүргүүлжээ.

 

Тендерийн үнэлгээний хорооны дээрх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний зорилт, хүрэх үр дүн болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгавар бэлтгэнэ”, 36.4-д “Захиалагч ажлын даалгавар бэлтгэж, төсөвт өртгийг тооцоолж гаргасны дараа зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг өдөр тутмын болон бусад хэвлэлд нийтэлнэ”, 36.7-д “Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана”, 36.8-д “Захиалагч саналын урилга болон ажлын даалгаврыг хураангуй жагсаалтад нэр нь орсон зөвлөхөд хүргүүлнэ”, 36.12-т “Техникийн саналд зөвлөхийн мэргэжлийн чадвар, туршлага, хуулийн этгээдийн хувьд голлох мэргэжилтэн, үйл ажиллагааны арга барилтай холбоотой мэдээллийг тусгана”, 36.13-д “Техникийн саналд заасан нөхцөлөөр гэрээ хэрэгжүүлэх үнийг санхүүгийн саналд тусгана”, 36.14-д “Техникийн саналыг үнэлсний дараа санхүүгийн саналыг үнэлнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

Үнэлгээний хороо 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр санхүүгийн саналыг нээхэд “А ” ХХК 390,000,000.00 төгрөг, “Н ” ХХК 422,404,000.00 төгрөгөөр тус тус гэрээт ажлыг гүйцэтгэх санал ирүүлсэн байжээ. Энэхүү Зөвлөхийн тендерийн урилгад “хосолмол үнэлгээний арга”-д үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгохоор тусгайлан заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйл “Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний арга”, 39.4-д “Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг тогтоосон хугацаанд нийтийн өмнө нээж тэмдэглэл үйлдэнэ”, 39.6-д “Нээсэн бүх санхүүгийн саналыг энэ хуулийн 36.9.3-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, оноо өгнө“, 39.7-д “Техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд  нь  нэмж  чанар  үнийн  үнэлгээний  нийт  оноог гаргана“ гэж заасны дагуу 

Үнэлгээний хороо техникийн саналын үнэлгээ, санхүүгийн саналын үнэлгээг хосолмол үнэлгээний аргыг хэрэглэн нэгтгэхэд “А ” ХХК нь нийт 84.24 оноогоор 2 дугаар байр, “Н ” ХХК нь 89.91 оноогоор 1 дүгээр байр эзэлсэн байна. Ингээд Тендерийн үнэлгээний хороо хамгийн сайн үнэлэгдсэн зөвлөхөөр “Н ” ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэн , гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гаргасан байна. 

Харин “А ” ХХК-д захиалагчаас 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 03/2707 дугаар албан бичгээр  “...саналыг үнэлэхэд...шалгарч чадаагүй болохыг мэдэгдсэн” бөгөөд тус компаниас 07 дугаар сарын 09-ний өдөр Тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яамны гомдлыг хянан үзээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 6-1/4839 дүгээр албан бичгээр  “...”А ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг...шалгуур үзүүлэлтийн дагуу оноогоор үнэлсэн шийдвэр үндэслэлтэй. ...техникийн саналд 80.3 оноо авсан болохыг захиалагчаас...03/2598 албан бичгээр мэдэгдсэн байхад ”А ” ХХК-иас...техникийн саналын үнэлгээтэй холбогдуулж тус яаманд гомдол гаргаагүй байгаа нь захиалагчийн тухайн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна” гэж шийдвэрлэсэн байна.

Улмаар захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” гэрээ  байгуулжээ. 

Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр “хамгийн сайн” үнэлэгдсэн зөвлөхөөр “Н ” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь үндэслэл бүхий Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 39,7, 39.8-д заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

 Хоёр. Нэхэмжлэгч “А ” ХХК-иас Тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч хууль бус гэж маргаж буй үндэслэлээ 

- Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/121 дүгээр тушаалаар шинээр байгуулсан Үнэлгээний хороо нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан чиг үүргийг огт хэрэгжүүлээгүй. “Н ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 03 дугаар сард дууссан байхад Үнэлгээний хороо 05 дугаар сарын 24-ний өдөр тендерийн баримт бичгийг хүлээн авч зөвлөх сонгон шалгаруулалтад оруулсан, мөн тус компани нь геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй. “Н ” ХХК-ийн санал болгож буй голлох зарим ажилтнууд ЗСБЗ-ны 4.3, 4.4 заасан шалгуурыг хангаагүй, “А ” ХХК-ийн санал болгосон зарим ажилтнуудын материалыг огт үнэлээгүй 0 оноо өгсөн тул Техникийн саналын үнэлгээ 80,3 оноо авсан. Манай компани бага үнийн санал өгсөн. Тендерийг үнэлэх шаардлага бүх оролцогчдод ижил байх ёстой, тэгш эрхийн зарчмыг хангаагүй гэх үндэслэлүүдийг тус тус хянавал:

- Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/25 дугаар тушаалаар Аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил (...Завхан...)-ын гүйцэтгэгч шалгаруулах Тендерийн үнэлгээний хороог байгуулсан ба 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар уг Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулсан байна. 

Тухайлбал, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/121 дүгээр тушаалын  тэргүү хэсэгт “Үнэлгээний хороог шинэчлэн байгуулах” тухай гэсэн байх боловч уг тушаалын агуулгаас үзэхэд Б.С-г Үнэлгээний хорооны даргаас чөлөөлж Г.Б-г томилж, түүний оронд хорооны нарийн бичгийн даргаар Б.-ыг томилжээ. Үүнээс үзэхэд Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, зөвхөн нэг гишүүн хасагдаж, нэмэгдсэн гэж үзэхээр байна.  

Иймээс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж, мөн хуулийн 35, 36, 39 дүгээр зүйлд заасны дагуу зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг шалгаруулж шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн А/121 дүгээр тушаалын дагуу шинээр Үнэлгээний хороо байгуулагдсан тул уг Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус гэж маргаж буй нь үндэслэлгүй болно.

- Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192 дугаар, 12 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тушаалуудаар Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсан байна .

Гуравдагч этгээд “Н ” ХХК-д Барилга, хот байгуулалтын яам 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3 жилийн хугацаатай ЗТ12-1565/14 дугаар тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд уг хугацаа 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна. Тус компаниас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасны дагуу Монголын барилгын үндэсний ассоциаци 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗТ12-679/18 дугаар ЗТ-2.1, ЗТ-3.1, ЗТ-4.1, ЗТ-9.1, ЗТ-9.2 заасан ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгожээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлд урьдчилсан сонголт явуулах асуудлыг зохицуулсан, мөн Сангийн сайдын 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр тушаалаар “Урьдчилсан сонголт явуулах жишиг баримт бичиг”-ийг баталсан байна.

Тендерийн үнэлгээний хороо Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлэг, баримт бичгийг хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дэлгэрэнгүй жагсаалтыг гарган, улмаар хураангуй жагсаалтад “Н ” ХХК-ийг оруулжээ . 

Үнэлгээний хорооноос “Н ” ХХК-ийн урьдчилсан сонголтод ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгахад 2014 онд олгогдсон тусгай зөвшөөрөл, мөн Монголын барилгын үндэсний ассоциацийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18/02/107 дугаар  албан албан бичгээр “Н ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл, материалыг...хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа” тухай тодорхойлолтыг хавсаргасан байсан тул хураангуй жагсаалтад оруулах боломжтой гэж үзсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч тендер ирүүлэхээс өмнө тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн чадавхийг магадлах зорилгоор урьдчилсан сонголт явуулж болох бөгөөд ...” гэж заасан бөгөөд урьдчилсан сонголт хийх зорилго нь сонирхсон хуулийн этгээдийн чадварыг магадлах зорилготой байна.

Хэдийгээр “Н ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа тухайн үед дууссан байсныг тусгай зөвшөөрөл байхгүй гэж үзэхгүй бөгөөд тухайн компаниас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан, хот төлөвлөлтийн суурь судалгаа хийж байсан, зураг төслийн ажлын туршлагатай зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байсан тул Үнэлгээний хорооны хураангуй жагсаалтад бүртгэснийг буруутгах боломжгүй юм. 

Мөн түүнчлэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн Зураг төслийн ажлыг гүйцэтгэх тендерийн баримт бичигт “Н ” ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон ЗТ12-679/18 дугаар тусгай зөвшөөрлийг  хавсаргаж ирүүлсэн байх тул эрх бүхий бус гэж үзэхээргүй байна.

-“Н ” ХХК нь зөвлөхийн үйлчилгээний ажлыг гүйцэтгэхдээ  геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Геомэп инженеринг” ХХК-тэй “Туслан гүйцэтгэх гэрээ”, “Б ” ХХК-тай “Хамтран ажиллах санамж бичиг” тус тус байгуулж, тусгай зөвшөөрөл зэрэг эрх бүхий гэдгийг нотлох бичиг баримтуудыг  хавсаргаж ирүүлсэн байна. Иймээс гуравдагч этгээдийг геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй болно.   

- Тендерийн үнэлгээний хороо 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зөвлөх үйлчилгээний ажлын техникийн саналыг үнэлэхэд “А ” ХХК 80,3 оноо авсан тул тус компанийн санхүүгийн саналыг нээхийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр албан бичгээр  мэдэгдсэн байна. 

Хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны техникийн саналын нэгдсэн үнэлгээ, нэхэмжлэгч “А ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзэхэд “А ” ХХК-ийн санал болгосон зарим ажилтнуудын материалыг огт үнэлээгүй 0 оноо өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал, I) Хот төлөвлөлтийн эдийн засагч Ц.Х, Д.Хнарын монгол хэлээр орчуулагдсан Бакалаврын диплом, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Тендерийн өгөгдлийн хүснэгт (цаашид ТӨХ гэх)-ийн 4.5-д заасан “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийг хангасан эсэх талаарх нотлох баримтуудын хуулбаруудыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ” гэсэн шаардлагыг , 

II) мөн ТӨХ-ийн 4.4.4-д “холбоо дохиоллын инженер” мэргэжилтэй инженер заавал байх шаардлага тавигдсан ба санал болгосон Н.Батбаяр нь Мэдээлэл технологи мэргэжлийн Бакалавр болон Магистрын дипломтой  байгаа нь дээрх шалгуурыг тус тус хангаагүй байх тул Үнэлгээний хорооны гишүүдийн 0 оноо өгсөн техникийн саналын үнэлгээ  үндэслэлтэй байна.

Түүнээс гадна “А ” ХХК-иас тухайн үед энэхүү техникийн саналын үнэлгээтэй холбогдуулж Сангийн яаманд гомдол гаргаж, маргаагүй атлаа одоо техникийн саналын (80,3 оноо) үнэлгээтэй холбогдуулж маргах үндэслэлгүй болно.

- Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (цаашид ЗСБЗ гэх)-ны 4.4 (3)-д “Санал болгож буй голлох мэргэжилтнүүдийн олонх нь тухайн зөвлөх компанийн үндсэн ажилтан,  эсхүл түүнтэй тогтвортой хамтран ажилладаг байвал зохино” гэж заасан бөгөөд энэ нь олонх нь тухайн зөвлөх компанийн үндсэн ажилтан байх эсхүл тухайн компанитай энэ ажил дээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байх шаардлагын аль нэг тавигдсан гэж ойлгохоор байна. Харин тогтвортой хамтран ажилладаг гэдгийг сүүлийн 3-5 жилийн хугацаанд хамтран ажилласан байхыг, нотлох баримтыг ирүүлнэ гэж ЗСБЗ-д шаардаагүй, мөн ТӨХ-д тусгайлан шалгуур тогтоогоогүй байна. 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэр бүхий голлох мэргэжилтнүүдийн баримт бичиг ЗСБЗ-ны 4.5. (4), (5)-д заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал, “Н ” ХХК тендерийн баримт бичгээс үзэхэд авто замын инженер А.Ч, геодезийн инженер Б.Гх, геодезийн инженер С.Х, холбоо дохиоллын инженер Д.С нарын Бакалаврын диплом, Мэргэшсэн нженерийн гэрчилгээг  тус тус ирүүлжээ.

Харин санал болгож буй мэргэжилтний намтар, Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, талууд хүсэлт сонирхлоо илэрхийлсэн гэж үзэхээр байх тул эрх бүхий этгээд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэж шууд буруутгахад учир дутагдалтай байна. 

Уг тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэг. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын дагуу, мөн хуулийн 35-39 дүгээр зүйлд заасны дагуу явагдах зөвлөхийн сонгон шалгаруулалт болно. 

Хэдийгээр нэхэмжлэгч “А ” ХХК нь бага үнэ 390,000,000.00 төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлсэн ч гэсэн хосолмол үнэлгээний аргаар үнэлж, оноог нэгтгэхэд “Н ” ХХК 89.91 оноогоор 1 дүгээр байр эзэлсэн тул тус компанийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.16, 39 дүгээр зүйл 39.7, 39.8-д заасантай нийцсэн байна. 

Нэгэнт “Н ” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан Үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр хуульд нийцсэн байх тул захиалагч болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Барилга, хот байгуулалтын яам болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-ний дагуу Зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэлийн баримтаас  үзвэл гүйцэтгэгч нь гэрээний дагуу нийт гүйцэтгэх ажлын 30 хувь буюу 126,721,200.00 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг дурьдах нь зүйтэй.  

Иймд “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Н ” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7, 36.16, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.6, 39.7, 39.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.ЦЭЦЭГМАА