Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1056

 

 

Г.Золзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00817 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Г.Золзаяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Түгээмэл шуурхай шуудан” ХХК

Хариуцагч “Мега бренд” ХХК нарт холбогдох

 

            Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан хугацааны 15 хоногийн цалин 250 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                        Г.Золзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:         Г.Буян

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Золзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Б.Адалбек нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр "Түгээмэл Шуурхай Шуудан"ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай бичгээр байгуулж, менежерийн ажилд орсон. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захирал дуудаж, дахин хамтран ажиллах боломжгүй гэж тайлбарлан, ажлаас халсан. Би яагаад халагдсан үндэслэлээ тодорхой мэдэж чадаагүй бөгөөд сүүлд 11 дүгээр сарын 14-ний өдөр тушаалтайгаа танилцахад энэ ажлыг хийх чадваргүй гэсэн зүйл бичсэн байсан. Би тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Би анх сэтгүүлийн маркетингийн ажлыг хариуцаж хийхээр ажилд орсон бөгөөд сүүлдээ захирал сэтгүүл борлуулалт муу байна гээд маркетингийн ажлын хажуугаар сэтгүүл борлуулах ажлыг хийлгэж байсан. Алтантүлхүүр сэтгүүл дээр нийт 5 хүн ажилладаг бөгөөд үүнээс Э.Одгэрэл хэлтсийн дарга гэж явдаг. Би маркетинг нь хариуцаад н.Эрдэнэбилэг, н.Батзаяа, н.Тамир нар борлуулалт хариуцан ажиллаж байсан. Гэтэл бид 4-ийг нэг өдөр ажлаас халсан. Сард 1500 сэтгүүл борлуулдаг хүн байсан учраас та нар ч гэсэн 1500 сэтгүүл борлуулж чадах ёстой гэж хэлж байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бие өвдөөд эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эмнэлэгт үзүүлж акт авсан тухайгаа хэлсийн дарга Э.Одгэрэлд утсаар мэдэгдэж, актаа аваачиж өгөх үү гэхэд, ажил багатай байгаа юм чинь актаа дуусгаад ажилдаа ирэхгүй юу гэж хэлэхээр нь актаа аваачиж өгөөгүй. Намайг анх ажилд авахдаа сард тогтмол 500 000 төгрөгийн цалин өгнө гэж тохиролцож гэрээ байгуулсан. Би 8 дугаар сарын 31-ний өдөр ажилд ороод 9 сарын цалин 500 000 төгрөг авах байсан боловч 200 000 төгрөгийн цалин өгсөн. 10 дугаар сард огт цалин аваагүй ажлаасаа халагдсан. Иймд миний 10 дугаар сарын ажилласан цалин болох ажлын 15 хоногийн цалин 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус компани нь намайг ажилласнаас хойш миний нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тус компаний харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст төлөлт хийж байгаагүй тул ажилласан хугацаан дахь бүх төлөлтийг төлүүлэх, төлөлтөө бичүүлэх хүсэлттэй байна. Иймд намайг “Мега бренд” ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж өгнө үү. Мөн 10 дугаар сарын ажилласан цалин болох ажлын 15 хоногийн цалин 250 000 төгрөгийг гаргуулна. Миний ажилласнаас хойшхи нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг компанийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч "Түгээмэл шуурхай шуудан" ХХК, "Мега бренд" ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Золзаяа нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр "Түгээмэл шуурхай шуудан" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ хийж тус компанийн захирлын мэдлийн "Мега бренд" ХХК-аас эрхлэн гаргадаг хүүхдийн Алтантүлхүүр сэтгүүлийн менежерийн ажлыг хариуцан ажиллахаар тохиролцсон. Менежер Г.Золзаяа нь Улаанбаатар хотын Сүхбаатар, Багануур дүүргийг бүхэлд нь мөн Эрдэнэт, Дархан уул, Сэлэнгэ зэрэг аймгуудыг бүхэлд нь хариуцсан борлуулалтын менежер бөгөөд cap бүр 1500-аас дээш борлуулт хийж нэмэгдэл цалин авах болзолтой хамгийн багадаа cap бүр 1000 сэтгүүл борлуулах төлөвлөгөөтэй ажилласан боловч 9 дүгээр сард 80, дараагийн сард 115 сэтгүүлийн борлуулалт хийсэн байна. Мөн нийт ажиллах хугацаандаа хүүхдийн нэвтрүүлгийн реклам, ивээн тэтгэгчээр нэг ч байгууллага олоогүй. Сайтыг бараажуулах ажлаар нэг ч байгууллагатай гэрээ байгуулаагүй. Компанийн удирдлагын зүгээс түүнийг төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадаагүй учир хариуцлага хүлээлгэж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-г үндэслэн үндсэн цалингаас 20 хувиар хасах арга хэмжээ авч дахин нэг боломж олгож үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. Гэвч түүнээс хойш захиалгын тоог нэмэгдүүлхээр дорвитой ажил хийгээгүй төдийгүй 10 дугаар сарын 1-ний өдрөөс 25-ны хооронд нийт ажиллах ёстой 15 өдрөөс 5 өдөрт нь ажиллаж бусад өдрүүдэд өвчтэй гэх мэт шалтгаанаар ажилдаа ирээгүй болно. Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасны дагуу түүний ажилдаа идэвхи санаачлагатай ажиллах, төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг сануулж байсан. Гэвч тухайн ажилтны ажиллах байдалд ямар нэг байдлаар ахиц гараагүй тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т үндэслэн тус ажилтан мэргэжил ур чадварын хувьд тус ажилд тэнцэхгүй гэж үзэн, мөн тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах арга хэмжээ авсан болно.

Менежер Г.Золзаяа нь ажилд ороод бүтэн нэг cap болоогүй байхдаа ажлаа хариуцлагагүй хийж өөрийгөө энэ ажлыг цаашид хийх чадамжгүй гэдгээ тодорхойлж байсан. Мөн тухайн сарын цалин дээрээ цалингийн 20 хувийн арга хэмжээ авхуулсан байдал нь зэрэг хүчин зүйлүүдээс хамаараад компанийн удирдлага Нийгмийн даатгалд хамруулалгүй түр хүлээж байсан болно. Менежер нь өөрөө нийгмийн даатгалаа төлье гэсэн хүсэлтийг мөн адил гаргаагүй болно.

Үлдэгдэл цалинтай холбоотой асуудал нь менежерийн тухайн саруудад хийсэн ажлын орлогыг бүрэн орсны дараа холбогдох тооцоог хийж дуусгахыг санхүүд даалгасан бөгөөд тухайн менежерийн борлуулсан сэтгүүлийн орлого одоо болтол бүрэн ороогүй хүлээгдэж байгаа болно. Мөн менежер Г.Золзаяа нь 10 дугаар cap нийт ажиллах ёстой хоногоос 5 өдөрт нь ажилласан бөгөөд үүнд ногдох цалингийн хэмжээ нь нэхэмжлэлд тусгасан дүнгээс хол зөрүүтэй байна. Мөн ногдох цалингаас арга хэмжээ авсан дүн ажил хүлээлцэхэд гаргасан зөрчил зэргийг нь суутгаж тооцохоор цалин авах биш харин ч манай байгууллагад өглөгтэй гарсан бөгөөд бид энэхүү өрийг төлүүлэхгүйгээр тойрох хуудсыг нь зурж өгч явуулсан болно. Мөн хүүхдээ харж эмнэлэгт хэвтсэн гэх 5 хоногтоо ямар нэгэн баримт авчирч өгөөгүй ба энэ нь байгууллагын дотоод журамд заасны дагуу ажил тасалснаар тооцож арга хэмжээ авбал шууд халах үндэслэл болж байгаа юм. "Мега брэнд" ХХК нь тухайн ажилтныг ажлаас халах арга хэмжээг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу шат дараатайгаар гүйцэтгэсэн тул дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Золзаяаг "Мега бренд" ХХК-ийн Алтантүлхүүр сэтгүүлийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, "Мега бренд" ХХК-аас 2 738 376 /хоёр сая долоон зуун гучин найман мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж Г.Золзаяад олгож, Г.Золзаяагийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг "Мега бренд" ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Г.Золзаяагийн "Түгээмэл шуурхай шуудан" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Золзаяа нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой гомдлын шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Г.Золзаяагаас 8150 /найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар "Мега бренд" ХХК-аас 66 914 төгрөгийг гаргуулж, 8150 төгрөгийг Г.Золзаяад олгож, 58764 /тавин найман мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян давж заалдах гомдолдоо: ...Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйл болох хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй хэт нэг талыг баримтлан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч ажлын байраар хангаж тодорхой ажил үүргийг гүйцэтгүүлэх ажилтан ажил олгогчийн үүрэг болгосон ажил үүргийг гүйцэтгэсний хариуд цалин хөлс авах ёстой. Г.Золзаяа нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж менежерийн албан тушаалд ажил орсон. “Мега бренд” ХХК-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 08/008 дугаар тушаалаар Г.Золзаяа “Мега бренд” ХХК-д Алтантүлхүүр сэтгүүлийн борлуулалтын менежерийн албан тушаалд томилогдсон. Уг төлөвлөгөөгөөр Алтантүлхүүр сэтгүүлийн сарын борлуулалтын төлөвлөгөөг бүхэлд нь 9000 бууруулахгүй байх, менежер бүрийг өөрийн хариуцсан дүүрэг аймгийн цэцэрлэгт cap бүр 1500 дээш борлуулалт хийж төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг үүрэг болгосон. Шүүх шийдвэрээ гаргахдаа дээрх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, зөвхөн нэхэмжлэгч талын аман тайлбараар хэргийг шийдвэрлэсэн байна. Ажилтны үндсэн цалингаас нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1-т 10 хувийн шимтгэл болон Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 23.1-т заасан 10 хувийн шимтгэлийг тус тус төлж үндсэн цалингаас хасан бодох ёстой. Гэтэл шүүх шууд үндсэн цалинг бодож тооцож байгаа нь буруу байна. Дээрх бүгдээс дүгнэхэд Шүүхийн шийдвэрт заасан үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн аман тайлбарыг үндэслэл болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн хуулийн гол зорилго болох ажилтан ажил олгогчийн эрх тэгш байдлыг хангах гэсэн зарчмыг зөрчиж хэргийг шийдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Золзаяа нь хариуцагч “Түгээмэл шуурхай шуудан” ХХК болон “Мега бренд” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан хугацааны цалин                250 000 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргасан байна.

 

          “Түгээмэл шуурхай шуудан” ХХК нь ажил олгогч биш байх бөгөөд уг асуудлаар талууд маргаагүй, нэхэмжлэгч Г.Золзаяагийн хөдөлмөрийн эрхийн харилцаанаас үүссэн маргаанд “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-ийг хамааралгүй байна гэж анхан шатны шүүх үзэн тус компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Хариуцагч “Мега бренд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө захирлын тушаалаар сар бүр 1500 ширхэг сэтгүүл борлуулах төлөвлөгөө гарган даалгасныг нэхэмжлэгч тасалдуулж, 9 дүгээр сард 80 сэтгүүл, 10 дугаар сард 115 сэтгүүл борлуулсан гэсэн тайлбар гаргажээ.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Мега бренд” ХХК-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 08/008 тоот тушаалаар Г.Золзаяаг Алтантүлхүүр сэтгүүлийн борлуулалтын менежерийн албан тушаалд авч ажиллуулсан байна. /хх 15/

 

 “Мега бренд” ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2016/009 тоот тушаалаар ажилтан Г.Золзаяаг менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 /хх 21/

 

Ажил олгогч байгууллагын захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 07/009 тоот тушаалаар сэтгүүлийн борлууллатыг сар бүр 1500-аас дээш борлуулалт хийх төлөвлөгөө тавьж, уг төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг хэлтсийн дарга, менежерүүдэд үүрэг болгосон байх ба нэхэмжлэгч Г.Золзаяа нь албан тушаалынхаа хувьд уг үүргийг хэрэгжүүлэх ажилтан байна.

 

  Харин цаг хугацааны хувьд уг тушаал 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш хэрэгжинэ гэж үзэхээр байна. Хэргийн баримтаас үзэхэд тухайн байгууллага нь дээрх тушаалыг нэхэмжлэгч Г.Золзаяад уг тушаалыг танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

“Түгээмэл шуурхай шуудан” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4.4-д төлөвлөгөөт үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу захирлын баталсан төлөвлөгөөнд заасан үүргээ сар дараалан 50 хувийг гүйцэтгээгүй бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. 

 

Түүнчлэн ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөх тушаалдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлах үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь “Мега бренд” ХХК-ийн захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй болоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Золзаяаг “Мегабренд” ХХК-ийн сэтгүүлийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалттай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “… ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 2 738 376 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

           Мөн нэхэмжлэгч Г.Золзаяа нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байсан болох нь тогтоогдсон байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн 10 дугаар сард ажилласан 15 хоногийн цалин 348 837 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож          250 000 төгрөг гаргуулахаар шийдэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

                                          

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Мега бренд” ХХК-аас 66920 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж. ОЮУНТУНГАЛАГ                       

                   ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ                                      

                                                                          Ц.ИЧИНХОРЛОО