Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Д.******* /томилолтоор/,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Мад холбогдох эрүүгийн 2007000000268 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн. Эрэгтэй. *******тай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ................................................. ажилтай, ....................................................... тоотод оршин суух Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

******* овогт Г.М РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Г.М нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны орой ................................................................ иргэн Б.Г.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь баруун, зүүн, дээд, доод зовхи, баруун нүдний алимад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж байна . Хэрэг гарах үед би өөрийн уураа бариад ярилцсан бол өнөөдөр би ийм хэрэгт орохгүй байсан ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Б.Г.Мын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн "...2020 оны 11 сарын 12-ны өдөр ажил дээрээ хайрцгийн өрөөнд хайрцаг хийгээд сууж байтал Г.М мах оруулалцаад өгчих гэхээр нь нэг хүнийг хэлсэн чинь миний үгэнд ороогүй яваагүй удчихсан. Дараа нь дахиад Саранцацрал гэх хүнийг хэлж явуулаад махыг нь хөргөгчид хийсэн. Тэгээд Г.М над дээр ирснээ уурлаад "Чи орилоод байхад яагаад хүн явуулдаггүй хүн бэ" гэхээр нь би адилхан уурлаад "хүн явуулаад байгаа юм биш үү гэтэл намайг духаараа нүүр рүү нэг удаа мөргөөд дээрээс 2-3 удаа гараа атгаж байгаад нүүр рүү цохисон. Манай эхнэр Аягүль бид хоёрыг салгаад гадаа гараад ярилцаад учраа олохоор гарахад Г.М маргалдаж байгаад дахиад нэг удаа миний нүүр рүү мөргөсөн юм...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г.М надад өөрөө эмчилгээндээ хэрэглээрэй гээд 250.000 төгрөг өгөөд надаас уучлалт гуйсан байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуудас/,

Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2020 оны 11 сарын 12-ны өдөр 18 цагийн орчим манай ажлын эгч Э Г.М хоёр зодолдож байна гээд намайг дуудахаар нь гүйгээд очиход манай нөхөр Г.М доор нь орчихсон нөгөө Г.М дээр нь гарчихсан зодолдож байсан. Тэгээд голоор нь ороод салгачхаад тус тусад нь авч гараад байж байтал үйлдвэрийн гадна маргалдаад Г.М манай нөхрийн нүүр хэсэгт нь хэсэгт нь мөргөхөөр нь дахин салгаад аваад явсан. Манай нөхрийн баруун нүд нь хөхөрсөн чих хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд гараад үйлдвэрийн гадна мөргөхөд зүүн нүд нь хөхөрсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

.           Шүүгдэгч Г.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн үед би ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “*******” ХХК-ны мах бэлтгэн боловсруулах үйлдвэр дээр хөргөгчийн хэсэгт мах хөлдөөгчид хийгээд ганцаараа өргөхөд хэцүү, ажлын ачаалал ихтэй байсан тул нэг хүнээр туслуулахаар Б.Г.Маас асуухад хүн явуулахгүй удаад би ганцаараа нэлээдгүй ажил хийсэн. Энэ хооронд нэг хүн явуулаад бид хоёр ажлаа элбээд дуусгасан. Ажлаа дуусгачхаад Б.Г.Мын хөргөгчийн хажуугийн хайрцаг хийдэг өрөөнд сууж байхаар нь би уурласан байдалтай “их махтай байхад олуулаа юм байж, нэг хүн өгчихгүй пизда” гээд хэлтэл Б.Г.М “Пизда минь би өгсөн биздээ” гээд өөдөөс том дуу гаргаад босоод ирэхээр нь би Б.Г.Мын нүүр лүү нь духаараа мөргөсөн, нүүрний аль хэсэгт мөргөснөө мэдэхгүй байна, намайг мөргөхөд Б.Г.М хойшоо хайрцаг түшээд унасан, тэгээд бид хоёр бие биенээгээ цохисон..Би Г.Мыг нүүр рүү 2-3 удаа цохисон, олон цохиж чадаагүй, Б.Г.М миний бие рүү цохисон, надад гэмтэж бэртсэн юм бол байгаагүй, ингээд тэнд байсан манай ажилчид бид хоёрын яг дэргэд Б.Г.Мын эхнэр ******* хараад зогсож байгаад салгасан. Өөрөөр маргаж цохиж зодолдсон юм бол огт байхгүй. нь гараа атгаж байгаад цохисон. Намайг цохисны дараа Б.Г.Мын нүд нь хөхөрч хавдсан байсан. Би Г.Мад эмчилгээндээ зарцуулаарай гээд 250.000 төгрөг өгсөн. Тэгээд бид 2 сайн дураараа эвлэрсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 08/шэ/877 дугаартай

"1.Б.Г.Мын биед баруун, зүүн, дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тус бүр нэг удаагийн мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 15-16 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 11-р сарын 12-ны орой ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эрүүл ******* ХХК-ний мах боловсруулах үйлдвэрт хохирогч Б.Г.Мтай ажлын  харилцааны улмаас маргалдан биед нь баруун, зүүн, дээд, доод зовхи, баруун нүдний алимад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэх, Хохирогч Б.Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.М над дээр ирснээ уурлаад "Чи орилоод байхад яагаад хүн явуулдаггүй хүн бэ" гэхээр нь би адилхан уурлаад "хүн явуулаад байгаа юм биш үү гэтэл намайг духаараа нүүр рүү нэг удаа мөргөөд дээрээс 2-3 удаа гараа атгаж байгаад нүүр рүү цохисон. Манай эхнэр Аягүль бид хоёрыг салгаад гадаа гараад ярилцаад учраа олохоор гарахад Г.М маргалдаж байгаад дахиад нэг удаа миний нүүр рүү мөргөсөн юм... гэх, Гэрч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....манай нөхөр Г.М доор нь орчихсон нөгөө Г.М дээр нь гарчихсан зодолдож байсан. Тэгээд голоор нь ороод салгачхаад тус тусад нь авч гараад байж байтал үйлдвэрийн гадна маргалдаад Г.М манай нөхрийн нүүр хэсэгт нь хэсэгт нь мөргөхөөр нь дахин салгаад аваад явсан. Манай нөхрийн баруун нүд нь хөхөрсөн чих хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд гараад үйлдвэрийн гадна мөргөхөд зүүн нүд нь хөхөрсөн” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/877 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Г.Мад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.Мад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар тохиролцсон байдлыг харгалзан, шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдлуудыг үнэлэн түүнд тохирсон торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

           

            Хохирогч нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД