Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

хохирогчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

хохирогч Т.Ө

            шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Харчин овогт Д.Хт холбогдох эрүүгийн 2007001930262 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн. Эрэгтэй. 25 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, .................................................. ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ........................................................ тоотод бүртгэлтэй боловч .......................................................... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл үгүй,  Харчин овогт Д.Х РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Өтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд 2, зүүн дээд 3-р шүдний хугарал мултрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би найзуудын хамтаар Мэлхий хадны тэнд амарч байсан. Хохирогч орой манай эхнэрийг хүргэж ирсэн. Тэр үед би 2 пиво л уусан байсан. Манай эхнэр надад хэлэхдээ 20.000 мянган төгрөгөөр такси хөлслөөд ирж байна гэж хэлсэн. Манай эхнэрийг хүргэж ирснийхээ дараа надаас төлбөрт нь 60.000 мянган төгрөг нэхсэн. Тэгээд хохирогч бид хоёрын хооронд маргаан гарсан. Надад хэлэхдээ өөрийгөө цагдаагийн хурандаа хүн шүү гэж хэлсэн. Би өөр зүйл сайн санахгүй байна” гэв.

 

Хохирогч Т.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байгаад нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад Налайх дүүрэг хүртэл 20.000 мянган төгрөгөөр үнэ тохиролцоод явсан. Нөгөө эмэгтэй миний гар утсаар ярьж байгаад яаралтай ажилтай болсон тул Тэрэлж орох ажилтай болсон гэж хэлээд эндээс Тэрэлж хүртэл километрээр нь тооцож явахаар болсон. Мэлхий хад гэх газар очтол шүүгдэгч хүрч ирээд намайг шууд цохиод авсан. Намайг ална шүү гэж хэлээд нэг удаа өшиглөсөн, сууж ирсэн машиндаа буцаад суугаад явсан. Миний машинд сууж ирсэн эмэгтэй надад хаан банкны карт өгч эндээс мөнгөө аваарай гэж хэлсэн. Би машиндаа суугаад шүүгдэгчийн байгаа газарт очтол хэсэг хүмүүс байсан ба хамт байсан хүмүүс нь дахиад зодоон болбол тусална гэж бодож байлаа гэж хэлсэн. Би шууд налайх дүүргийн эмнэлэг дээр очиж яаралтай тусламж үйлчилгээ авсан. Энэ хэргээс болоод миний хоёр шүд гэмтэл аваад одоо янзлуулах шаардлагатай болсон. Шүдний эмчилгээний төлбөр болох өмгөөлөгчийн зардал 500000 төгрөг, үзлэгийн зардал 90000 төгрөг, шүд хийлгэх 9740000 мянган нийт 10330000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

            Хохирогч Т.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "2020 оны 04 сарын 11-ний өдөр буюу амралтын өдөр "АПУ" ХХК-ны дэргэд явж байхад 1 эмэгтэй гар өргөхөөр нь машиндаа суулгахад Налайх дүүрэгт хүргээд өгөөч 20.000 төгрөг өгье гэхээр нь Налайх дүүрэгт хүргээд өгөхөд нэг айлд орох гэж байснаа болиод та намайг Тэрэлж рүү хүргээд өгөөч гэхдээ нойллоод явчих гэхээр нь зөвшөөрөөд тэрэлж рүү явсан. Тэгээд мэлхий хадны ойролцоо очингуут нөгөө эмэгтэй машинаас буугаад нэг машин дээр очоод уулзаж байснаа буцаад нэг эрэгтэйн хамтаар над руу ирж байхаар нь тооцоо хийх гэж байгаа юм байх гэж бодоод машиныхаа дэргэд зогсож байхад хамт ирж байсан залуу нь миний дэргэд хүрч ирэнгүүтээ надад ямар нэг зүйл хэлэлгүйгээр шууд баруун гараараа миний амны хэсэгт нэг удаа цохиж хөлөөрөө зүүн гуяны хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд би Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тухайн залуугийн цохилтоос шалтгаалаад миний баруун зүүн талын хоёр шүд хугарч мултарсан бэртэл авсан. Буруутай хүнээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан. Эмнэлгийн байгууллагад үзүүлж шинжилгээ хийлгэхэд баруун дээд соёо шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй, зүүн дээд соёо шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй. гэсэн онош тавигдсан. Энэ талаар шинжээч эмчийн дүгнэлт гарсантай танилцсан. /Ингээд эмчилгээ хийлгэх гэхэд хоншоор эрүү хэсэгт хиймэл цөгцийн эмчилгээ. баруун дээд Хажуугийн үүдэн шүдэнд имплант эмчилгээ, зүүн дээд соёо шүдэнд имплакт эмчилгээ, баруун дээд төвийн үүдэн шүд, зүүн дээд төвийн үүдэн шүд, зүүн дээд хажуугийн үүдэн шүд зэрэгт зиркониа бүрээсээр бүрэх эмчилгээ хийгдэхээр байгаа бөгөөд эдгээр эмчилгээний төлбөрт 11240000 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Тэгэхээр буруутай хүнээс хүлээж авсан 1500000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9740000 төгрөгийг нэхэмжилж байна  гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

            Гэрчээр Л.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "..Миний бие
Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга ажилтай бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр жолоочийн хамтаар дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн мэлхий хадны ойролцоо албаны онцгой байдал гэсэн бичээстэй хар өнгийн машинтайгаа үүрэг гүйцэтгэж яваад буцаад.Налайх чиглэлд явж байхад мэлхий хадны дэргэдээс нэг залуу гар өргөхөөр нь суулгахад тэр залуу эхнэр өөдөөс машинтай ирж  байгаа, тосож авах гэсэн юм" гэхээр нь түүнийг суулгаад доошоо уруудаад 200 метр орчим явахад утас нь дугараад "урдаас ирж байгаа машин гэнээ" гээд машинаас буусан. Тэр залуу өөдөөс ирж яваа машины дэргэд очоод тухайн машинаас бууж ирсэн эмэгтэйтэй уулзаж байсан нь харагдсан ба намайг утсаар ярьж.байхад манай жолооч Т.Г нь нөгөө залуу чинь өөдөөс ирсэн машины жолоочтой зодолдоод байна гэхээр нь очоод салга даа гэхэд хоорондоо салчихлаа гэсэн ба нөгөө залуу эмэгтэйгээ дагуулаад өөр машинд суугаад буцаад мэлхий хадны зүг яваад өгсөн.Тэгтэл нөгөө өөдөөс ирсэн машины жолооч болох настайвтар эрэгтэй хүн хүрч ирээд цагдаагийн ахмад ажилтан гэсэн бичиг баримт үзүүлээд энэ залууг таних уу гэхээр нь танихгүй гэхэд намайг цохичхоод явлаа гэж байсан. Тэр хүний баруун шанаа бага зэргийн халцарсан байдалтай харагдаж байсан. Тэр хүн надад ярихдаа нэг удаа цохисон гэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/,

            Гэрч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие
Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэст гал сөнөөгч ажилтай 2020 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр байх дарга Л.Чын хамтаар албаны онцгой байдал гэсэн бичээстэй хар өнгийн машинтай би машиныг жолоодоод тэрэлжийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад буцаад.Налайх чиглэлд явж байхад мэлхий хадны дэргэдээс нэг залуу гар өргөхөөр нь зогсоход доошоо уруудаж хүн тосож авах гэсэн юм дайгдаад бууя гэсэн. Тэгээд тэр залууг машинд суулгаад хөдлөөд 200 метр орчим явахад нөгөө залуугийн гар утас нь дугараад ярингуут өөдөөс ирж явна гэнээ зогсоорой гэсэн газарт нь зогссон. Ингээд тэр залуу өөдөөс ирсэн жижиг суудлын машины дэргэд очоод нэг эмэгтэйтэй уулзсан. Тэгж байснаа нөгөө залуу чинь тухайн эмэгтэйг хүргэж ирсэн авто машины жолоочийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэнгүүтээ харсан зүйлийнхээ талаар даргадаа хэлэхэд буугаад салгаарай гэсэн. Буух гэхэд нөгөө хоёр чинь салсан. Тэгээд машинд дайгдаж явсан залуу эмэгтэйгээ дагуулаад өөр машинд суугаад буцаад явсан. Харин нөгөө машины жолооч ах дарга бид хоёрын машины дэргэд ирээд би цагдаагийн ахмад ажилтан байна. Энэ залууг таних уу намайг цохиод авлаа гэж байсан" . гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

 

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 ШЭ/242 тоот шинжээчийн

“1. Т.Өын биед баруун дээд 2, зүүн дээд 3-р шүдний хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/,

 

Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : Т.Өын биед баруун дээд 2, зүүн 3 дугаар шүдний хугарал, мултарал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл толгойн дагзны хэсэгт цохих, доргих үед үүсэх боломжгүй. Тухайн шүдний мултрал гэмтэл нь ам эрүүний харалдаа мохоо зүйлийн цохих, доргих хүчний үйлчлэлээр үүсэх ба зовиур нь гэмтэл авсан даруйд үүснэ гэсэн мэдүүлэг / хх-ийн 38 р хуудас/,

 

Хохирогчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн Эрүү нүүрний мэс заслын эмчид үзүүлсэн эмчийн тэмдэглэл, шүд хийх тухай эмчийн магадалгаа /хх-ийн 12-13 хуудас/

 

 Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Өтай таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд 2, зүүн дээд 3-р шүдний хугарал мултрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг гарсан өдөр  буюу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би найзуудын хамтаар Мэлхий хадны тэнд амарч байсан. Хохирогч орой манай эхнэрийг хүргэж ирсэн. Тэр үед би 2 пиво л уусан байсан. Манай эхнэр надад хэлэхдээ 20.000 мянган төгрөгөөр такси хөлслөөд ирж байна гэж хэлсэн. Манай эхнэрийг хүргэж ирснийхээ дараа надаас төлбөрт нь 60.000 мянган төгрөг нэхсэн. Тэгээд хохирогч бид хоёрын хооронд маргаан гарсан. Надад хэлэхдээ өөрийгөө цагдаагийн хурандаа хүн шүү гэж хэлсэн. Би өөр зүйл сайн санахгүй байна” гэх, Хохирогч Т.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэлхий хад гэх газар очтол шүүгдэгч хүрч ирээд намайг шууд цохиод авсан. Намайг ална шүү гэж хэлээд нэг удаа өшиглөсөн, сууж ирсэн машиндаа буцаад суугаад явсан. Миний машинд сууж ирсэн эмэгтэй надад хаан банкны карт өгч эндээс мөнгөө аваарай гэж хэлсэн” гэх, Гэрч Л.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр залуу өөдөөс ирж яваа машины дэргэд очоод тухайн машинаас бууж ирсэн эмэгтэйтэй уулзаж байсан нь харагдсан ба намайг утсаар ярьж.байхад манай жолооч Т.Г нь нөгөө залуу чинь өөдөөс ирсэн машины жолоочтой зодолдоод байна гэхээр нь очоод салгадаа гэхэд хоорондоо салчихлаа гэсэн ба нө,гөө залуу эмэгтэйгээ дагуулаад өөр машинд суугаад буцаад мэлхий хадны зүг яваад өгсөн” гэх, Гэрч Г.Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нөгөө залуу чинь тухайн эмэгтэйг хүргэж ирсэн.авто машины жолоочийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/ 242 дугаар дүгнэлт, Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : Т.Өын биед баруун дээд 2, зүүн 3 дугаар шүдний хугарал, мултрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл толгойн дагзны хэсэгт цохих, доргих үед үүсэх боломжгүй. Тухайн шүдний мултрал гэмтэл нь ам эрүүний харалдаа мохоо зүйлийн цохих, доргих хүчний үйлчлэлээр үүсэх ба зовиур нь гэмтэл авсан даруйд үүснэ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

             Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар талууд  зөрүүтэй санал дүгнэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Хт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянга/ төгрөгөөр ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч нь тусламж үзүүлээгүй орхиж явсан байдлыг харгалзан тус зүйл ангид зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг баримтын үндэслэн өгсөн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулахаар санал, дүгнэлтүүд гаргажээ.

 

Шүүх талуудаас гаргасан эрүүгийн хариуцлагатай холбоотой санал дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд  торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол үзлэгийн төлбөр 90000 төгрөг, 2 шүдийг Монсей эмнэлгээр хийлгэх зардал 11240000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг нийт 11830000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүгдэгчээс хохирогчид 1500000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

 

            Шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан үзээд өмгөөлөгчийн зардал нь иргэд хоорондын сайн дурын гэрээ, хэлцлийн үндсэн дээр тохиролцдог зардлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд оруулж тооцуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдэхээр, эмчид үзүүлсэн үзлэгийн төлбөр 90000 төгрөгийн шаардлага нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчээс хохирогчид өгсөн 1500000 төгрөгөөс нөхөн төлөгдсөн гэж шүүх дүгнэлээ.

 

            Харин шүүгдэгчийн 1410000 төгрөгийн өгсөн төлбөрөөс гадна хохирогчийн эмчийн магадлалаар шүд хийлгэхээр шүүгдэгчээс урьдчилан шаардсан 9830000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”  гэж заасныг баримтлан шүд хийлгэх зардлаа зайлшгүй зардал гэж хохирогч талаас нотлоогүй байх тул хохирогч нь уг зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нөхөн гаргуулахаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

           

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Өын шүүгдэгчээс нэхэмжилсэн 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч Д.Х нь хохирогчид 1500000 төгрөгийн нөхөн төлсөн болохыг дурьдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ө нь эмчилгээ хийлгэх 9 830.000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД