| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0221/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/10 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч С.Ц,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон оточ овогт Д.Мад холбогдох эрүүгийн 2007000000238 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 39 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ................................................. ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ................................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Боржигон оточ овгийн Д.М /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр .................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.Цтой маргалдан нүүр хэсэгт нь гараараа алгадсан, 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зүүн талын хавирга хэсэгт нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөж биед нь зүүн 10-р хавирганы хугарал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 09 дүгээр сарын 13-ны шөнийн 01 цагийн орчим нүүр хэсэгт нь гараараа цохих, зүүн талын хавирга хэсэгт нь тохойлдох зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би улсын яллагчийн хэлж байгаа шиг өшиглөж зодсон асуудал бол гаргаагүй. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн асуудал дээр манай эхнэр согтуу уурлаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь анхааруулах гээд би нэг удаа алгадсан. 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн үйл явдлыг би өөрөө сайн санахгүй байна. 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлын шугамаар Улаанбаатар хот руу ажилд явсан манай эхнэр хардаад хэрүүл маргаан хийсэн. Би орой гэртээ ирэх үед хэрүүл маргаан хийгээд унтуулж амраахгүй байхаар нь би хүүхдээ аваад гэрээс гарах гэх үед зууралдаад байхаар нь би гарын тавиулах гэж байгаад тийм асуудал гарсан байх” гэв.
Хохирогч С.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хүүхдээ харж чадахгүй хэмжээнд архи ууж байгаагүй. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр миний төрсөн өдөр болоод манай найзууд гэрт ирээд уугаад сууж байтал О ирсэн. Тэгээд яг намайг алгадсан талаар нь бол би өөрөө сайн санахгүй байна. 09 дүгээр сард би хүүхдийн мөнгө буухаар нь найз нартайгаа хамт 1 пиво уусан тэгээд маргаан гарсан. Би нөхрөө зарим даа хардаа байдаг нь үнэн. Хэрэг гарсан өдөр манай нөхөр надад гар хүрээд миний хавиргыг гэмтээсэн. Нөхөр маань гэртээ байхаасаа байхгүй нь их байгаад байхаар нь миний хардах сэтгэл төрөөд байдаг” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Цгийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: 2020 оны 09 сарын 13-н өдөр Д.М бид 2 үлдээд би танай гэрийнхэн бүгдээрээ нийлж намайг доромжиллоо. Дахиад хэрэлдэж байгаад зуухны урд сууж байхаар нь уурандаа очоод мөр рүү нь нэг удаа гараараа түлхэхэд Д.М зөрж босож ирээд миний цээж рүү 2 гараараа түлхэхэд би хойшоогоо сандал дээр суугаагаараа унаад буцаад босоод ирсэн чинь баруун хацар руу нэг удаа алгадахад миний нүдний шил газар унаад, авах гээд тонгойход тохойгоороо миний зүүн хавирга руу тохойлдсон ба энэ үед хавирга маш их хөндүүрлээд явчихсан. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн...
2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шиг санагдаж байна. Гэртээ хүүхдээ хараад байж байгаад 18 цагийн үед байх хүүхдээ салхилуулангаа хамар хашааны Огийн гэрт ортол 2,5 литрийн савтай пиво задлаад ууж байсан ба намайг хань болоод суугаач гэхээр нь ойр зуурын юм ярингаа пивыг нь хувааж ууж дуусгаад 30-аас 40 минутын дараа буцаад гэртээ ортол нөхөр ирээгүй байсан ба удалгүй араас орж ирээд надаас пиво үнэртэж байна чи уусан юм уу гэхээр нь би тиймээ гэхэд хүүхэд харж байж яаж байгаа юм гээд над руу уурлахаар нь би чамд ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдаад хэрэлдсэн чинь орон дээр суугаад хэрүүл хийж байхад ирээд миний шилбэ рүү нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би босож зогсоод хэрэлдэхэд ирээд цээж рүү гараараа түлхэхэд нь би газар унасан чинь зүүн хавирга руу их хурдан хурдан 3-аас 4 удаа өшиглөсөн. Тэгээд л хавирга их сонин болоод явчихсан ба амьсгалж болохгүй хэсэг явсан юм. Тэр үедээ хавирга хугарсан гэж мэдээгүй учир мах хавчуулагдсан юм байлгүй дээ гэж бодоод юм бодолгүй явж байгаад сая сүүлд зодоход хавирга эвгүй байхаар нь үзүүлэхэд хугарсан байна гэсэн.....2020 оны 02 дугаар сарын 04-ний миний төрсөн өдрөөр найзууд ирээд маргалдсан. Тэгсэн тэр өдөр Д.М надтай маргалдаад уурлаад эхлээд миний баруун хацар руу гараараа нэг удаа алгадах үед миний хамраас цус гарсан. Дараа нь миний зүүн хөл хэсэг рүү 3-4 удаа өшиглөж зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Тухайн өдөр С.Цгийн төрсөн өдөр манай найзууд гэрт нь цугларсан тэмдэглэж байна гэхээр нь би 20 цагийн үед гэрт нь очиход тэмдэглээд бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь би явж орохдоо 1 шоколад 2.5 литрийн нийслэл нэртэй пиво барьж орсныг бүгдээрээ хувааж уугаад сууж байтал С.Ц гэнэтхэн уурлаад надтай нөхрийгөө хардаад байгаа бололтой үг хаяж байснаа гэнэт үстээд авсан ба Д.М голоор орж ирээд салгахад шууд нөхөр рүүгээ орилж хашхираад дийлдэхгүй байсан чинь Д.М 2 удаа хацар руу нь алгадаад дуугүй болгохоор нь би шууд гараад яваад өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би хотоос 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр ах Д.Ганболдын гэрт ирээд амарч байгаад 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 23 цаг 50 минутын үед унтах гээд орондоо орчихсон унтаж байтал гаднаас бэр Цоомоо орж ирээд за чи ах эгч нартайгаа ярь гэж хэлээд орилоод байсан. Утсаа чанга яригч дээр тавцан хоорондоо хэрэлдээд байсан чи түрийний ярьсан зүйлээ ярь гээд С.Ц орилж байгаад гараад явсан. Тэгээд унтаж чадацгаахгүй бүгд сэрээд кино үзэж байсан тэгтэл юм чанга дуугараад байхаар нь би хүүхэд нь айчих вий гэж бодоод дүү Д.Мын гэрт ороход баганын хоёр талд хэрэлдээд зогсож байсан" гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 хуудас/,
Д.Мын яллагдагчаар өгсөн:"...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр С.Цгийн төрсөн өдөр нь болоод О гэж найз нь ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд С.Ц нэлээн согтсон байдалтай байхдаа би Отай жоохон юм ярьсан чинь хардаж уурлаад та 2 суу, зайл, жаргаарай харна гээд л элдвээр хэлээд Отай маргалдаад сүүлдээ С.Ц Ог үстээд татахаар нь би дундуур нь ороод салгахад орилоод дийлдэхгүй байхаар нь С.Цгийн хацар руу 1 удаа алгадсан" гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн шинжээчийн №714 дугаар:
1"С.Цгийн биед зүүн 10-р хавирганы хугарал, зүүн шилбэнд цус хуралт" гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь тогтоол дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,
Шинжээч эмч С.Төгсбуянгийн "...2020 оны 09 сарын 15-ны өдрийн цээжний рентген зургийн хариунд "зүүн талын 10 дугаар хавирга хугарсан" гэж бичсэн байх ба дээрх хугарал шинэ хуучин гэж бичээгүй учраас шинэ хугарал гэж үзсэн. Хавирга ясны шинэ хугарал бороо үүсээгүй байх тохиолдолд 28 хүртэлх хоногийн өмнө үүссэн байх боломжтой" гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 48-50 хуудас/ зэрэг хэрэг
Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр .................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.Цтой маргалдан нүүр хэсэгт нь гараараа алгадсан, 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зүүн талын хавирга хэсэгт нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөж биед нь зүүн 10-р хавирганы хугарал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 13-ны шөнийн 01 цагийн орчим нүүр хэсэгт нь гараараа цохих, зүүн талын хавирга хэсэгт нь тохойлдох зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би улсын яллагчийн хэлж байгаа шиг өшиглөж зодсон асуудал бол гаргаагүй. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн асуудал дээр манай эхнэр согтуу уурлаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь анхааруулах гээд би нэг удаа алгадсан. 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн үйл явдлыг би өөрөө сайн санахгүй байна. 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлын шугамаар Улаанбаатар хот руу ажилд явсан манай эхнэр хардаад эрүүл маргаан хийсэн. Би орой гэртээ ирэх үед хэрүүл маргаан хийгээд унтуулж амраахгүй байхаар нь би хүүхдээ аваад гэрээс гарах гэх үед зууралдаад байхаар нь би гарын тавиулах гэж байгаад тий асуудал гарсан байх” гэх, Хохирогч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....нөхөр ирээгүй байсан ба удалгүй араас орж ирээд надаас пиво үнэртэж байна чи уусан юм уу гэхээр нь би тиймээ гэхэд хүүхэд харж байж яаж байгаа юм гээд над руу уурлахаар нь би чамд ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдаад хэрэлдсэн чинь орон дээр суугаад хэрүүл хийж байхад ирээд миний шилбэ рүү нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би босож зогсоод хэрэлдэхэд ирээд цээж рүү гараараа түлхэхэд нь би газар унасан чинь зүүн хавирга руу их хурдан хурдан 3-аас 4 удаа өшиглөсөн. Тэгээд л хавирга их сонин болоод явчихсан ба амьсгалж болохгүй хэсэг явсан юм. Тэр үедээ хавирга хугарсан гэж мэдээгүй учир мах хавчуулагдсан юм байлгүй дээ гэж бодоод юм бодолгүй явж байгаад сая сүүлд зодоход хавирга эвгүй байхаар нь үзүүлэхэд хугарсан байна гэсэн” гэх, Гэрч З.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С.Ц гэнэтхэн уурлаад надтай нөхрийгөө хардаад байгаа бололтой үг хаяж байснаа гэнэт үстээд авсан ба Д.М голоор орж ирээд салгахад шууд нөхөр рүүгээ орилж хашхираад дийлдэхгүй байсан чинь Д.М 2 удаа хацар руу нь алгадаад дуугүй болгохоор нь би шууд гараад яваад өгсөн” гэх, Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гээд орондоо орчихсон унтаж байтал гаднаас бэр Цоомоо орж ирээд за чи ах эгч нартайгаа ярь гэж хэлээд орилоод байсан. Утсаа чанга яригч дээр тавцан хоорондоо хэрэлдээд байсан чи түрийний ярьсан зүйлээ ярь гээд С.Ц орилж байгаад гараад явсан. Тэгээд унтаж чадацгаахгүй бүгд сэрээд кино үзэж байсан тэгтэл юм чанга дуугараад байхаар нь би хүүхэд нь айчих вий гэж бодоод дүү Д.Мын гэрт ороход баганын хоёр талд хэрэлдээд зогсож байсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/714 дүгээр дүгнэлт, хувийн байдлыг тодруулсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Улсын яллагч нь шүүгдэгч Д.Мыг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг эрүүл мэндэд нь халдсан үйлдлийг “байнга” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгчийн хохирогчийн эсрэг үйлдсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зургаан сарын хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөр дууссан байна.
Ингээд шүүгдэгчийн энэхүү үйлдлийг 2020 оны 08 дугаар сарын 22 , 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдийн үйлдлүүдтэй холбож гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэж үйлдэл хооронд нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байдлаас хамааран нэгтгэн дүгнэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчид холбогдуулсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл байнга зодож үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шүүгдэгчид холбогдох дээрх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Д.Мын 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг учруулаагүй талаар мэдүүлснийг шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргийг үнэлэн хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Мад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжээр буюу 800.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Боржигон оточ овогт Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж
6. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД