| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/11 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Од холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, .............................. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
******* овгийн Д.О РД:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.О нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 123 дугаар цэцэрлэгийн гадна байрлах тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулж тавьсан хохирогч Л.Згийн эзэмшлийн ........... маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, толь зэргийг хагалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэлсэн нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн: “.... Тэгэхээр нь би ардаас нь өөрийн бага хүү З.*******ыг дагуулаад салсан нөхөр Л.Згийн ажилдаг Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн гадаа очоод ...Л.З "чамтай ер нь яаж ч харьцсан яадаг юм. чи бол мөнгөний төлөө яахаа ч буцахгүй хүнээ байсан хүн, чи одоо ингээд хурдан эндээс зайл" гэж хэлээд намайг хөөгөөд байхаар нь гэнэт уур хүрээд биеэ барьж чадалгүй салсан нөхөр Л.Зг буцаад ажил руугаа орсны дараа ........... улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслийнх нь дэргэд очоод машиных нь хажууд байсан тал тоосго шиг зүйлийг нь баруун гараараа бариад урд салхины шил рүү нь 2 билүү 3 удаа хүчтэй цохисон. Тэгээд хоёр хажуу талынх нь толийг бас барьж байсан тоосго шиг зүйлээрэй тус тус 1 удаа хүчтэй цохиод хугалсан. Их гэрлийн гадна хэсгийг мөн гартаа байсан тоосго шиг зүйлээрээ нэг удаа хүчтэй цохиж хагалчхаад би бага хүүгээ дагуулаад шууд гэрүүгээ яваад өгсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Хохирогч Л.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "..2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би өглөө 11 цагийн үед салсан эхнэр Д.Оын Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 29-6 тоотод байх гэрт нь очоод хоол хүнсний зүйлс дөхүүлж өгсөн. Тухайн үед би ажилдаа явах гээд яараад байсан. Тэгсэн манай салсан эхнэр Д.О надад цай аягалж өгөхдөө цайныхаа аягыг ширээ рүү шидлээд байхаар нь би уурлаад “чи ингэж хүнд цай аягалж өгөх юм би яаж цай уусан болох юм” гэж хэлээд би шууд ажилдаа гараад явсан. Тэгээд би өөрийн ажилладаг Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн ........... улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслээ байрлуулчхаад ажилдаа орсон, тэгээд бараг 1 цагийн дараа байхаа манай салсан эхнэр Д.О миний бага хүү 9 настай З.*******ыг дагуулаад ажлын газрын зогсоол дээр ирээд намайг дуудаад надаас мөнгө гуйгаад байхаар нь ... өгөлгүй шууд буцаад ажил руу орчхоод ...цонхоор хартал манай салсан эхнэр Д.О баруун гартаа тал хэсэг нь байхгүй тоосго барьцан миний машины урд салхины шил рүү нэг удаа хүчтэй цохихоор нь би сандраад шууд манай захирал Долгорсүрэнгийн өрөө рүү гүйж ороод ...Долгорсүрэнг дагуулаад гартал явчихсан байсан. Харин миний машины урд салхины шил хоёр их гэрэл хагарчихсан мөн хоёр толь бас хугараад унжчихсан байсан. Надад одоо салсан эхнэр Д.Од ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн 2020 оны 12 р сарын 03 ны өдрийн а2910 УАН улсын дугаартай автомашинд хийсэн хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт,
Хэргийн газар үзлэг хийсэн, нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-10-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 123 дугаар цэцэрлэгийн гадна байрлах тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулж тавьсан хохирогч Л.Згийн эзэмшлийн ........... маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, толь зэргийг хагалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.640.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Оын өгсөн: ...Л.З "чамтай ер нь яаж ч харьцсан яадаг юм. чи бол мөнгөний төлөө яахаа ч буцахгүй хүнээ байсан хүн, чи одоо ингээд хурдан эндээс зайл" гэж хэлээд намайг хөөгөөд байхаар нь гэнэт уур хүрээд биеэ барьж чадалгүй салсан нөхөр Л.Зг буцаад ажил руугаа орсны дараа ........... улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслийнх нь дэргэд очоод машиных нь хажууд байсан тал тоосго шиг зүйлийг нь баруун гараараа бариад урд салхины шил рүү нь 2 билүү 3 удаа хүчтэй цохисон. Тэгээд хоёр хажуу талынх нь толийг бас барьж байсан тоосго шиг зүйлээрэй тус тус 1 удаа хүчтэй цохиод хугалсан. Их гэрлийн гадна хэсгийг мөн гартаа байсан тоосго шиг зүйлээрээ нэг удаа хүчтэй цохиж хагалчхаад би бага хүүгээ дагуулаад шууд гэрүүгээ яваад өгсөн .” гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Згийн өгсөн: “...цонхоор хартал манай салсан эхнэр Д.О баруун гартаа тал хэсэг нь байхгүй тоосго барьцан миний машины урд салхины шил рүү нэг удаа хүчтэй цохихоор нь би сандраад шууд манай захирал Долгорсүрэнгийн өрөө рүү гүйж ороод ...Долгорсүрэнг дагуулаад гартал явчихсан байсан. Харин миний машины урд салхины шил хоёр их гэрэл хагарчихсан мөн хоёр толь бас хугараад унжчихсан байсан.” гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн 2020 оны 12 р сарын 03-ны өдрийн 2910 УАН улсын дугаартай автомашинд хийсэн хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, Хэргийн газар үзлэг хийсэн, нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар явуулах нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Од холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд тохиролцсон торгох ялыг оногдуулж хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД