Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханд овогт И.Бд холбогдох эрүүгийн 2007000000246 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм-удирдлагын сэтгэл зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ................................................. тоотод бүртгэлтэй боловч ....................................... тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Ханд овогт И.Б /РД:  /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим Н................................................. хохирогч М.Бтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн хавирга орчим хөлөөрөө өшиглөн биед нь зүүн 8 дугаар хавирганы цууралт, баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн бугуйн үе, зүүн сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч И.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гадуур явж байгаад 19 цагийн үед гэгээ тасрах гэж байхад би машинаа байрныхаа урд талын зогсоолд байрлуулаад гэртээ орох гээд орцны үүдэнд очиж явахад манай 1 дүгээр орцны 3 давхарын Цэцэгээ орцон дотор үүд хэсгийг шүүрдэж байгаа нь орцны хаалга онгорхой болохоор харагдсан. Тэгээд би явж ороод орцны үүдийг хартал шээсэн бололтой нойтон мөн архины шилнүүд шалаар нь хаясан байдалтай байхаар нь би Цэцэгээд хандаж энд бас шээсэн байна уу архины шилнүүд хөглөрчихөж гэхэд Цэцэгээ наадуул гээд ерөнхийдөө бол манай орцны 1 давхар 1 тоотод оршин суудаг И.Б байнга архи уудаг, янз бүрийн хүмүүс цуглуулдаг гэдгийг манай орцныхон бүгд мэддэг болохоор миний хэлснийг шууд ойлгоод харин тиймээ наадуул чинь өнөөдөржин архидлаа, цонхоороо 0.75 литрийн архины шил гадагшаа цонхоороо шидээд машин зам дээр хагарсан байгаа биз дээ гэж хэлэхээр нь Цэцэгээтэй хамт гарч хартал зогсоол дээр архины шил хагарсан машины дугуй зүсэхээр харагдсан. Ингээд буцаад Цэцэгээтэй орц руу орох гээд явж байтал үүдэн дээр И.Б согтуу гарч яваад таарсан. Тэгэхээр нь би “чи наад архины шилээ ав” гэхэд юм дуугаралгүй буцаж эргээд, цаашаа явахаар нь би араас нь очоод мөрнөөс нь гараараа зуураад, татаж эргэж харуулаад “чи энэ архины шилээ ав, наана чинь энэ хүн байнга цэвэрлэж байна. Хүний хөдөлмөрийг үнэлж сур” гэтэл та нар байнга шээж, хог тарьж байдаг гэсэн чинь шууд л их зандрангуй байдлаар “чи муу ер нь юу юм. Тэр цагдаадаа өгнө биз” гэснээ гараараа миний баруун нүд, зүүн шанаа руу нэг нэг удаа цохиод заамдаж аваад, боогоод газар унагаад, зүүн хавирга руу болон нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би гараараа нүүрээ хаахад, миний гаран дээр хүртэл өшиглөж байсан. Тэгтэл цаанаас гэрээс нь нэг залуу гарч ирээд И.Быг араас нь 2 суганы доогуур нь гараа оруулаад татаад авсан... И.Б намайг орцонд гараараа нэг удаа, баруун нүд болон зүүн шанаанд цохиход, баруун дээд зовхинд цус хурсан заамдаж авахад, хүзүүнд цус хуралт гэмтэл учраад боогоод газар унагаад өшиглөхөд, зүүн 8 дугаар хавирганы цууралт гэмтэл учирсан дахин өшиглөхөд нь нүүрээ гараараа хаахад зүүн бугуйн үе, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И.Б согтуу байхаар нь миний уур хүрээд чи архи уулаа гээд бид 2 хоорондоо маргалдаад би явлаа гэж хэлээд гэрээс гартал араас И.Б гарч ирж яваад орцны үүдэн дээр хөрш М.Б ахтай таараад, М.Б ах орцонд байсан архины шилийг авч хая гээд И.Быг загнахад, И.Б “авчихна ш дээ” гэж хэлээд тонгойход “та нар дандаа архи уудаг наадхаа цэвэрлэ” гэснээ И.Бын баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгсэн чинь И.Б уурлаад эргэж хараад, хоорондоо барьцалдаад авахаар нь би айсандаа маш хурдан гэр рүү нь гүйж ороод Өнөрмөнхийг дуудаад буцаад гараад иртэл хоорондоо заамдалцсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...3 давхраас эхлээд орцоо шүүрдэж цэвэрлээд 1 давхарт явж байтал М.Б ах гаднаас орж ирж таарахад М.Б ах “бас шээчихсэн байна уу” гэхээр нь тиймээ уусан архиныхаа шилийг ч хаяад дээрээс нь шээчихсэн байна гэж хэлээд цэвэрлэж байтал 1 номерын хаалганаас И.Б гараад ирсэн. Тэгтэл М.Б ах уурлаад И.Быг уусан архиныхаа шилийг ав, хогийн саванд хий гээд И.Бын мөр рүү хуруугаараа 2 удаа зөөлөн цохисон чинь И.Б гэнэт уурлаад, юу гэнээ новш минь гэж хэлээд М.Б ахын шанаа руу 1-2 удаа цохиход М.Б ах газар унасан чинь И.Б хөлөөрөө өшиглөхөөр нь би болиоч хүн аллаа гээд И.Бын цамцнаас татахад над руу эргээд муухай харахаар нь би зугтаахад И.Бын гэрээс нэг эмэгтэй, нэг эрэгтэй 2 хүн гарч ирээд И.Быг салгаад гэр рүүгээ аваад орсон. ... 2 удаа шанаадаад М.Б ах газар унахад хөлөөрөө 1-2 удаа хэвлий рүү нь өшиглөсөн. ...Архины шилийг И.Б хаясан эсэхийг бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан өдөр намайг машиндаа суугаад хөдлөх гэж байхад цонхоороо архины шил хаясан ба ер нь байнга хүмүүс цуглуулж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

      Шүүгдэгч И.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Налайхаар таксинд явж байгаад 15 цагийн үед дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн эдэн нэртэй архи аваад буцаад манай гэрт орж тэрийгээ хувааж уугаад 18 цагийн үед дуусгаад хоорондоо юм яриад сууж байтал манай эхнэр орж ирээд намайг архи уулаа гээд загнаад бид 2 хоорондоо маргалдаад байж байтал манай эхнэр явлаа гээд гарахаар нь араас нь гартал М.Б ах орцны үүдэнд зогсож байснаа намайг дуудаад учир зүггүй энэ архины шилээ ав муу сайн архичид дандаа ингэдэг гээд л хажууд Цэцэгээ эгч зогсож байсан ба нийлээд л намайг орцонд шээлээ барилаа... гээд загнаад мөр рүү түлхээд тэр архины шилээ ав гэхээр нь би “ахаа би энэ архийг уугаагүй шүү үнэнээ хэлье гэхдээ авчихъя” гээд авах гээд тонгойход араас түлхээд миний баруун шанаа руу нэг удаа цохихоор нь би эргэж хараад зүүн гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл М.Б нь намайг заамдаж аваад би зөрүүлээд заамдаж авахад манай найз Өнөрмөнх намайг араас тэвэрч аваад шууд гэр рүү оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 739 дугаар:

      “1. М.Бын биед зүүн 8 дугаар хавирганы цууралт, баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн бугуйн үе, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.           

      3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

      5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

      Шүүгдэгч И.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, хохирол нэхэмжилсэн баримт /47-48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байрны орцонд хохирогч М.Бтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн хавирга орчим хөлөөрөө өшиглөн биед нь зүүн 8 дугаар хавирганы цууралт, баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн бугуйн үе, зүүн сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч И.Бын шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн “... та нар байнга шээж, хог тарьж байдаг гэсэн чинь шууд л их зандрангуй байдлаар “чи муу ер нь юу юм. Тэр цагдаадаа өгнө биз” гэснээ гараараа миний баруун нүд, зүүн шанаа руу нэг нэг удаа цохиод заамдаж аваад, боогоод газар унагаад, зүүн хавирга руу болон нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би гараараа нүүрээ хаахад, миний гаран дээр хүртэл өшиглөж байсан. ...И.Б намайг орцонд гараараа нэг удаа баруун нүд болон зүүн шанаанд цохиход баруун дээд зовхинд цус хурсан, заамдаж авахад хүзүүнд цус хуралт гэмтэл учраад, боогоод газар унагаад өшиглөхөд зүүн 8 дугаар хавирганы цууралт гэмтэл учирсан, дахин өшиглөхөд нь нүүрээ гараараа хаахад зүүн бугуйн үе, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд учирсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И.Б уурлаад эргэж хараад, хоорондоо барьцалдаад авахаар нь би айсандаа маш хурдан гэр рүү нь гүйж ороод Өнөрмөнхийг дуудаад буцаад гараад иртэл, хоорондоо заамдалцсан байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И.Б гэнэт уурлаад юу гэнээ новш минь гэж хэлээд М.Б ахын шанаа руу 1-2 удаа цохиход М.Б ах газар унасан чинь И.Б хөлөөрөө өшиглөхөөр нь би болиоч хүн аллаа гээд И.Бын цамцнаас татахад над руу эргээд муухай харахаар нь би зугтаахад И.Бын гэрээс нэг эмэгтэй эрэгтэй 2 хүн гарч ирээд И.Быг салгаад гэр рүүгээ аваад орсон. ...2 удаа шанаадаад М.Б ах газар унахад хөлөөрөө 1-2 удаа хэвлий рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 739 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч М.Бын эрүүл мэндэд учирсан “...зүүн 8 дугаар хавирганы цууралт, баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн бугуйн үе, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл нь шүүгдэгч цохисон, өшиглөсний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч И.Б нь хохирогч М.Бын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч М.Б нь гэмтлийн улмаас эмчилгээ, эм авсан зэрэг зардалд баримтаар нийт 104.777 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх дээрх баримтуудыг судлан үзээд нийт 104.777 төгрөгийг шүүгдэгч И.Бас гаргуулж хохирогч М.Бод олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч И.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нь “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 1 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч М.Бын Хаан банкинд эзэмшдэг дансанд мөнгийг шилжүүлж, гэм хорын зардлыг нөхөн төлсөн болох нь банкны орлогын баримтаар тогтоогдсон. Иймээс шүүгдэгч И.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд 800.000 төгрөгөөр торгох ял  оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч И.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.   

 

Шүүгдэгч И.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар 2011 онд ял шийтгэгдэж байсан байх ба уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахмад настай хүний биед халдаж зодсон), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн), шүүгдэгчийн хувийн байдал (хувиараа таксинд явдаг, өндөр настай ээжийгээ асардаг, эхнэр нь  жирэмсэн)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ханд овогт Ичинхорлоогийн И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЭНХЖАРГАЛ