Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Э.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Э.Тд холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......................................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Э.Т /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Э.Тнь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Эийг нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Э.Тнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хувьдаа архийг хэрэглэдэггүй. Тухайн өдөр гэрт хадгалаад нэлээн удсан архи ууснаас болоод өөрийн биеийг хянах чадваргүй болж эхнэрээ ийм байдалд хүргэсэн байна. Миний амьдралд ийм зүйл байх ёсгүй гэж боддог байсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэв.

 

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчим нөхөр бид 2 гэрт байсан 2.5 литрийн боргио нэртэй пиво хувааж уусан ба би нэг аягыг уугаад дахиж уугаагүй. Тэгтэл Э.Т пивоо ууж дуусгаад дахиад гэрт байсан мандарины эсгэсэн 500 грамм брашикийг ууж дуусгаад 23 цагийн орчим гарч нэмж ууна гэхээр нь би гаргахгүй гэхэд Э.Т намайг хорьж цагдлаа гэж уурлаад бид 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. ...Тэгтэл хамар хавдаад, дээшээ нүүр рүүгээ хөхрөөд баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар зэрэг гэмтлүүд, гарна гэж ноцолдох үедээ бугалга, шуунаас барьж базаад зүүн бугалга, зүүн шууны гэмтэл, зүүн гуя руу 1 удаа өшиглөж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Э.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ өдөржин байж байгаад оройн хоолоо идчихээд бараг гэрт сар гаран болсон 2.5 литрийн пиво байсныг хувааж ууя гэж ярилцаад хоёулаа хувааж уусан. Тэгээд би пиво ууж дуусгаад дахиад гэрт байсан 500 граммын савтай мандарины брашикийг уусан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд их ууртай эхнэрийнхээ нүүр рүү нь нэг удаа цохиход хамраас нь цус гарсныг санаж байгаа. Тэгээд манай эхнэр угаалгын өрөө рүү цусаа угаахаар орохоор нь араас нь өшиглөөд хартал нойл дотор ус алдсан байхаар нь тэрийг шавхаад сууж байгаад л ухаан ороод юу болов яав гээд эхнэрээсээ асуухад чи намайг алгадчихлаа ш дээ, цус гараад байна гэхээр нь уучлалт гуйгаад байж байтал гаднаас хоёр цагдаа орж ирсэн. ...Тухайн үед бид хоёр хоёулхнаа байсан, хоёр хүүхэд унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 883 дугаар:

“1. Ц.Эийн биед баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 38-46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Э.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 61 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 68-75 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Тнь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хороолол, 4 дүгээр байрны 13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Эийг нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Э.Э.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн өдөр гэрт хадгалаад нэлээн удсан архи ууснаас болоод өөрийн биеийг хянах чадваргүй болж эхнэрээ ийм байдалд хүргэсэн байна. Миний амьдралд ийм зүйл байх ёсгүй гэж боддог байсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Э.Т намайг хорьж цагдлаа гэж уурлаад бид 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. ... гарна гэж ноцолдох үедээ бугалга, шуунаас барьж базаад зүүн бугалга, зүүн шууны гэмтэл, зүүн гуя руу нэг удаа өшиглөж гэмтээсэн” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Э.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Нэг мэдэхэд их ууртай эхнэрийнхээ нүүр рүү нь нэг удаа цохиход хамраас нь цус гарсныг санаж байгаа. Тэгээд манай эхнэр угаалгын өрөө рүү цусаа угаахаар орохоор нь араас нь өшиглөөд хартал нойл дотор ус алдсан байхаар нь тэрийг шавхаад сууж байгаад л ухаан ороод юу болов яав гээд эхнэрээсээ асуухад чи намайг алгадчихлаа ш дээ” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 883 дугаар дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Тнь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Ц.Эийн эрүүл мэндэд халдаж, “биед нь баруун, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Э.Э.Т, хохирогч Ц.Э нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э.Тг гэмт буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Ц.Э нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хоорондоо эвлэрсэн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Тд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Төөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Э.Тнь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Тнь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Э.Э.Тд улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Тг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Тд оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Тнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ