| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/09 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Б.Нд холбогдох эрүүгийн 2007003330227 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймаг, Сэргэлэн суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, .......................... ажилтай, ам бүл 6, 4 охин, 1 зээгийн хамт ............................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................................ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
Их монгол овогт Б.Н /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Н нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ................................... тоотод иргэн Б.Х, Э.Анартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдаж, зодон хохирогч Б.Хийн биед баруун чихний дэлбээ, баруун мөрөнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл, хохирогч Э.Агийн биед хамар ясны хугарал гэмтлүүдийг тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Уурхайчдын 11 дүгээр гудамжинд байх Бы хашаанд нь Э.А, С, Б, манай эхнэр Г бид нар архи ууцгаасан. Нийтдээ 2 шил 0.75 л Хараа архи, хэдэн пивотой ууж байгаад үдээс хойш 15 цагийн орчимд эхнэр Гтэй маргаж муудалцсан. 16 цагийн орчимд манай хадам ээж Б.Н, хадам дүү У нар хашаанд орж ирсэн. Хадам ээж Б.Н манай эхнэрийг архи уулаа гээд загнаж, намайг бас хүүхэд дагуулж архидаад явлаа гээд гутлаар миний баруун мөр, нуруу, баруун хавирга хавьд цохиод, хүзүү маажаад байсан. Би нэлээд цохиулж байгаад Бы “Импреза” загварын суудлын машинд ороод арын суудал дээр нь хэвтсэн. Тэгтэл миний баруун мөр, баруун чихний орчмоос цус гарч байсан. Тэгээд би нэг хэсэг унтчихсан байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хохирогч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манайд нөхөр Б, Б, Сарантуяа, Б.Х, эхнэр нь Г нар хамт архи ууцгаасан. Тэгтэл Б.Х, Г нар маргалдаж байтал гаднаас ээж Б.Н орж ирээд загнаад дайраад байсан. Би пийшингийн хажууд сууж байхдаа гэрт битгий муудалц гар гэхэд газар сууж байсан намайг Б.Н хамар руу өшиглөж хамраас цус гарсан. Би хамрын цусаа цэвэрлэж байхад хүүхэд дагуулж архи уулаа гээд хадам ээж нь Б.Хийг алгадаж цохиод байсан. Тэгээд гарахдаа үүдэнд байсан миний туфлийг, босоо шүүртэй аваад гарсан. Манай нөхөр Б, Б.Б нар гарч харсан. Сүүлд нь харахад Б.Хийн бие нь нуруу, толгой нь цус болсон харагдсан. Гадаа гаргаад зодсон гэж манай хүү яриад байсан. ...Би эмчилгээнд төлбөр мөнгө зарцуулаагүй. Хамар хэд хоноод зүгээр болсон. Одоо хэвийн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт эхнэр Э.А, найз Б буюу Эрдэнэбаатар, Сарантуяа бид нар архи ууж байгаад өдөр хавьд Эрдэнэбаатар, Сарантуяа 2 тасраад унтаад өгсөн. Үдийн үед байх манай эгч Батсүрэнгийн хүү Б.Х орж ирээд цуг архи ууж суусан. Үүний дараа Б.Хийн эхнэр Г орж ирсэн. Тэгээд бид нарыг уугаад сууж байхад Б.Хийн хадам ээж, хадам дүү хоёр орж ирээд тэр Б.Хийг загнаад дайраад байсан. Эхнэр бид хоёр “гэрт битгий муудалц гарцгаа” гэхэд хадам ээж гэх авгай сууж байхад нь манай эхнэрийн хамар нүүрэнд нь нэг удаа өшиглөхөд хамраас нь цуг гарч, эхнэр нүүрээ дарсан. Тэгээд тэд манай гэрээс ар араасаа гараад хадам ээж нь манай үүдний баруун талд байсан модон иштэй босоо шүүр, эхнэрийн туфли хоёрыг бариад гарсан. Гадаа муудалцаад байх шиг болохоор нь би гарч очиход гэрийн үүдэнд машины хажууд хадам ээж нь Б.Хийг нүүр, толгой бие рүү нь барьсан мод, туфли хоёроороо ээлжилж цохиж зодоод байхаар нь би очиж хориход, хадам дүү, эхнэр, хадам ээж нь гурвуулаа хажуугаар орж ирж Б.Х рүү дайраад байсан. Тэгээд эхнэр, хадмууд нь явцгааж Б.Х манай машин руу орж суусан. Удалгүй цагдаа ирээд биднийг авч хэлтэс дээр авчирсан. ...Намайг гараад очиход Б.Хийн чих, мөр цээж рүү нь цохиж зодоод шүүрний ишээр мөр, нуруу хавьд нь хатгаад байсан. Тэгээд болиулах гээд очиход Б.Хийн чих, мөр нь цус болчихсон харагдсан. Тэгээд би боль гээд хориод байхад хадам ээж нь хажуугаар орж ирж таарсан газар нь цохиж нүдээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн зун 07 дугаар сарын үед манай Уурхайчдын 11-504 тоот хашаанд байхад нэг өдөр манай гэрт аав Б, ээж Э.А, Э ах, Г эгч нар архи ууж сууж байгаад Э ах, Г эгч хоёр хэрэлдээд байсан. Тэгсэн чинь гаднаас Г эгчийн ээж нь гээд нэг эгч орж ирээд манай ээжтэй хэрэлдэж байгаад ээжийн хамар руу өшиглөхөд манай ээжийн хамраас нь цус гарсан. Тэгээд Э ах, араас нь тэр эгч гарахаар нь би бас гараад хартал Э ахыг машин дотроос гаргаж ирээд туфли, шүүрний иш модоор олон удаа цохиод хатгаад байсан чинь Э ахын дал, чихээс нь цус гарсан. ...Туфлийг шүүгээний хажуу талаас аваад гарсан. Гараад гэрийн гадаа байсан шүүрний ишийг дэвсэж хугалаад барьж байгаад зодоод байсан. ...Хүүхэд дагуулж архи уулаа гээд зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар:
“1. Э.Агийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 570 дугаар:
“1. Б.Хийн биед баруун чихний дэлбээ, баруун мөрөнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4277 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 65.5 см урттай нарийн модон дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.
2. Шаргал өнгийн зүүн хөлийн өрөөсөн туфль дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 65 см урттай, 3 см диаметртэй, үзүүр хэсэгтээ хуванцар улаан бариултай, цайвар шаргал өнгийн мод болон эмэгтэй хүний зүүн хөлийн, цахилгаантай богино түрийтэй гутал,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч Э.А, хохирогч Э.Б.Х нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-83 дугаар хуудас/, хохирогч Э.Б.Хийн “...одоо надад санал хүсэлт, гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж ярьсныг тэмдэглэл болгон бичсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 93 дугаар хуудас/, хохирогч Э.Ад хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 96 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 11-504б тоотод иргэн Б.Х, Э.Анартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдаж, зодон хохирогч Б.Хийн биед баруун чихний дэлбээ, баруун мөрөнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл, хохирогч Э.Агийн биед хамар ясны хугарал гэмтлүүдийг тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг бас хүүхэд дагуулж архидаад явлаа гээд гутлаар миний баруун мөр, нуруу, баруун хавирга хавьд цохиод, хүзүү маажаад байсан. ...Тэгтэл миний баруун мөр, баруун чихний орчмоос цус гарч байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас Б.Н орж ирээд загнаад дайраад байсан. Би пийшингийн хажууд сууж байхдаа гэрт битгий муудалц гар гэхэд газар сууж байсан намайг Б.Н хамар руу өшиглөж хамраас цус гарсан. Би хамрын цусаа цэвэрлэж байхад хүүхэд дагуулж архи уулаа гээд хадам ээж нь Б.Хийг алгадаж цохиод байсан. Тэгээд гарахдаа үүдэнд байсан миний туфлийг, босоо шүүртэй аваад гарсан. ...Сүүлд нь харахад Б.Хийн бие нь нуруу, толгой нь цус болсон харагдсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг уугаад сууж байхад Б.Хийн хадам ээж, хадам дүү хоёр орж ирээд тэр Б.Хийг загнаад дайраад байсан. Эхнэр бид хоёр “гэрт битгий муудалц гарцгаа” гэхэд хадам ээж гэх авгай сууж байхад нь манай эхнэрийн хамар нүүрэнд нь нэг удаа өшиглөхөд хамраас нь цуг гарч, эхнэр нүүрээ дарсан. ...Намайг гараад очиход Б.Хийн чих, мөр цээж рүү нь цохиж зодоод шүүрний ишээр мөр, нуруу хавьд нь хатгаад байсан. Тэгээд болиулах гээд очиход Б.Хийн чих, мөр нь цус болчихсон харагдсан. Тэгээд би боль гээд хориод байхад хадам ээж нь хажуугаар орж ирж таарсан газар нь цохиж нүдээд байсан” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас Г эгчийн ээж нь гээд нэг эгч орж ирээд манай ээжтэй хэрэлдэж байгаад ээжийн хамар руу өшиглөхөд манай ээжийн хамраас нь цус гарсан. Тэгээд Э ах, араас нь тэр эгч гарахаар нь би бас гараад хартал Э ахыг машин дотроос гаргаж ирээд туфли, шүүрний иш модоор олон удаа цохиод хатгаад байсан чинь Э ахын дал, чихээс нь цус гарсан. ...Туфлийг шүүгээний хажуу талаас аваад гарсан. Гараад гэрийн гадаа байсан шүүрний ишийг дэвсэж хугалаад барьж байгаад зодоод байсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 570 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4277 дугаар дүгнэлт зэрэг болно.
Хохирогч Э.Агийн эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал” гэмтэл нь өшиглөсний улмаас, хохирогч Б.Хийн эрүүл мэндэд учирсан “...биед баруун чихний дэлбээ, баруун мөрөнд шарх, хүзүүнд зулгаралт” гэмтэл нь мод, гутлаар цохисны улмаас тус тус үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Н нь хохирогч Э.А, Б.Х нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Нийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.А, Б.Х нар нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ахэргийн материалтай танилцаад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тэмдэглэл, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас хохирогч Б.Хийг хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцуулахаар дуудахад хохирогч Б.Х нь “би Дорноговь аймагт явж байна, очих боломжгүй, санал хүсэлт, гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцахгүй, мөн хэргийн материалтай танилцахгүй” гэж ярьсныг тэмдэглэл болгон бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.НаранБс “торгуулийн ялыг дэмжиж байна, хохирогч нарт учирсан гэмтлийн зэрэгтэй маргаагүй, хэрэг болсон шалтгаан нөхцлийг анхаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцсэн.
Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар “гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (51 настай, өрх толгойлсон эх, 11-25 насны дөрвөн хүүхэд, нэг зээгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 65 см урттай, 3 см диаметртэй, үзүүр хэсэгтээ хуванцар улаан бариултай, цайвар шаргал өнгийн мод болон эмэгтэй хүний, зүүн хөлийн, цахилгаантай богино түрийтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ