Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2016/01913/и |
Дугаар | 1035 |
Огноо | 2017-04-28 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 1035
Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбааатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00595 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ж.Богд-Эрдэнэ
Хариуцагч Г.Оюунжаргал
Хариуцагч Б.Жавхлан
Гуравдагч этгээд Л.Жигдбаяр нарт холбогдох
Г.Оюунжаргал, Б.Жавхлан, Ж.Богд-Эрдэнэ нарын 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “Газар худалдах-худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй
Гуравдагч этгээдийн шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Тэмүүлэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Тоосгоны 1-Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах газар бол ааваас минь өвлөгдөн ирсэн миний хамгийн үнэтэй өв хөрөнгө бөгөөд манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч байсан юм. Г.Оюунжаргал, Б.Жавхлан нар нь надад мэдэгдэлгүйгээр Ж.Богд-Эрдэнэд энэ газрыг 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1 000 000 төгрөгөөр худалдсан байна. Миний бие 2010 оны 10 дугаар сарын 22-ноос 2 жилийн хугацаатай Америкийн нэгдсэн улсад суралцаж байсан бөгөөд энэ тухай юу ч мэдээгүй. Гэр бүлийн дундын өмчийн газрыг өөр этгээдэд худалдсан тухай 2015 оны 12 сард гэрт байсан бичиг баримтаас олж мэдээд, мэдсэн даруйдаа шүүхэд хандсан. Ж.Богд-Эрдэнэ болон Г.Оюунжаргал, Б.Жавхлан нарын 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “газар худалдах-худалдан авах тухай гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, сайн дураараа хэлэлцэн тохиролцож хэлцэл хийдэг ба Б.Баясгалан уг хэлцлийг хийгээгүй. Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Гэр бүлийн дундын өмчлөлийн газрыг худалдах, өөр бусад байдлаар өөрийнхөө зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах тухай итгэмжлэлийг эх болон дүүдээ олгож байгаагүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 00206 дугаар шийдвэрээр Б.Баясгалангаас Г.Оюунжаргалд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг холбогдох бүртгэлийн хамт хүчингүй болгосон. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Оюунжаргал, Б.Жавхлан, Ж.Богд-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн газар худалдах-худалдан авах тухай гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор гарах үр дагаврыг хуульд тодорхой заасан тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Жавхлан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байгаа болно. Учир нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Тоосгоны 1-Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах газрыг зарахдаа Б.Баясгалан ахаас зөвшөөрөл аваагүй худалдсан юм.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Г.Оюунжаргал түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Баясгаланг гадаадад сурахаар явсан хойгуур 2011 оны 3 сарын сүүлчээр Ж.Богд-Эрдэнэ гэх хүн надруу залгаж намайг өөрийн өмчлөлийн газраа зарчих хэмээн залгасан бөгөөд Ж.Богд-Эрдэнэ нь удаа дараа залгаж та газраа зарчих гэж шалсаар cap гаруй хугацаа өнгөрсөн. Ингээд 5 сард надад хувийн шаардлагаар мөнгөний хэрэгцээ бий болж улмаар миний бие 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Тоосгоны 1-Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 3 хүний өмч газраа Ж.Богд-Эрдэнэд худалдаж, танил нотариатч дээр очиж худалдах-худалдан авах тухай гэрээг баталгаажуулсан тухайн үед миний том хүү Монголд байгаагүй. Мөн Б.Баясгалангаас надад олгосон итгэмжлэлийг Ж.Богд-Эрдэнийн хэлж явуулсан нотариатч дээр очиж хийлгэсэн юм. Би Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Тоосгоны 1-Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах газрыг зарахдаа Б.Баясгалангаас зөвшөөрөл аваагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ж.Богд-Эрдэнийн шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч Д.Тамирын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн үед газар худалдана гэсэн зарын дагуу Г.Оюунжаргалтай холбогдсон. Г.Оюунжаргал цагаан хоолны газар ажиллуулах гэж байгаа учраас мөнгөний хэрэгцээтэй болоод газраа зарах гэж байгаа тухайгаа хэлсэн. Газар худалдах-худалдан авах тухай гэрээ хуулийн дагуу хийгдсэн бөгөөд хамтран эзэмшигч болох Б.Баясгалангийн итгэмжлэлийг үндэслэж нотариатч шалгаж баталгаажуулан гэрээ хийгдсэн. Тус газрыг 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Б.Баясгалангаас Г.Оюунжаргалд олгосон итгэмжлэлийг 4 дугаартай нотариатч гэрчилсэн байдаг. Харин худалдах-худалдан авах хэлцлийг 283 дугаартай нотариатч гэрчилсэн. Г.Оюунжаргалд олгогдсон итгэмжлэлийг буруу гэдгийг Ж.Богд-Эрдэнэ мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Учир нь Г.Оюунжаргал манай нэг хүүхэд завгүй байгаа учраас итгэмжлэл хийж өгсөн гээд итгэмжлэл гаргаж нотариатчид өгсөн бөгөөд нотариатч шалгаж үзээд гэрээг баталгаажуулсан. Ж.Богд-Эрдэнийн таньдаг хүнээр итгэмжлэлийг баталгаажуулсан гэдэг худлаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Л.Жигдбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Жигдбаяр нь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ж.Богд-Эрдэнэтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 1Б гудамж, 14 тоот хаягтай 582 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээ хийн худалдаж авсан болно. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр энэхүү газар нь шүүгчийн захирамжаар биетүүмжлэгдсэн болохыг олж мэдсэн. Энэ хэрэг нь Л.Жигдбаярын 32 000 000 төгрөгөөр хууль ёсны дагуу Ж.Богд-Эрдэнээс худалдаж авсан газрын тухай маргаан учир гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударга өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос үүсэх хохирлоо нэхэмжлэгч нь буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй, харин Л.Жигдбаярын өмчлөгчөөр бүртгэгдсэн газрыг буцаан авах боломжгүй юм гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 1Б гудамж, 14 тоот хаягтай 582 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас Б.Баясгалангийн газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Л.Жигдбаярын шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 317 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Богд-Эрдэнэ, Г.Оюунжаргал, Б.Жавхлан нараас 28550 төгрөг гаргуулан Б.Баясгаланд олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ж.Богд-Эрдэнийн өмгөөлөгчийн Д.Тамир давж заалдах гомдолдоо: ... Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Г.Оюунжаргалд олгосон итгэмжлэл, шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч Б.Баясгалангийн эх Г.Оюунжаргал нь өмгөөлөгч н.Энхбаатарыг дагуулж ирсний үндсэн дээр итгэмжлэлийг хийж өгсөн, итгэмжлэл хийлгэсэн Г.Оюунжаргал нь үүний гол буруутан нь болох бөгөөд хохирлын асуудлыг Г.Оюунжаргал хариуцах ёстой гэсэн нотариатчын тайлбараар нотлогддог. Энэхүү итгэмжлэлийг Г.Оюунжаргал нь Ж.Богд-Эрдэнэд үзүүлэн өөр нотариат дээр очин итгэмжлэлээ үзүүлж "худалдах-худалдан авах тухай гэрээ" байгуулсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан Ж.Богд-Эрдэнэ болон уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл, Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэгчийн үйлдлүүд нь хууль ёсны дагуу хийгдсэн үйлдлүүд юм. Өөрөөр хэлбэл Ж.Богд-Эрдэнэ нь итгэмжлэлийг хууль бусаар хийлгэсэн байсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Тухайн үед энэхүү маргаж буй хашаа байшингийн үнэ зах зээлийн ханшаар 8 000 000 төгрөгийн үнэтэй байсан, одоогийн ханшаар тооцоход хэд дахин өссөн байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан буцаах буюу боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн заалтыг баримтлан харилцан буцаахыг даалгасан шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан буруутай этгээдийг өөгшүүлж, гэм буруугүй иргэнийг илтэд хохироосон шийдвэр болсон байна. Г.Оюунжаргал нь Б.Баясгалангийн зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон. Г.Оюунжаргал нь Б.Баясгалангийн зөвшөөрлийг аваагүй гэх шалтгаанаар хэлцлийг хүчингүй болгож байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар буруутай этгээд нь хохирлыг нөхөн төлөх ёстой буюу Г.Оюунжаргал нь хүү Б.Баясгаланд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас 2 гэрчийн оролцуулсан. Гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлж үзэлгүй орхигдуулсан. Дээрх бүгдээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр болсон. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Баясгалан хариуцагч Ж.Богд-Эрдэнэ, Г.Оюунжаргал, Б.Жавхлан нарт холбогдуулан газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Оюунжаргал, Б.Жавхлан нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч Ж.Богд-Эрдэнэ эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч Б.Баясгалан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “…шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Г.Оюунжаралд олгосон итгэмжлэл болон нотариатын үйлдэл хүчингүй болсон” гэж тайлбарласан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Л.Жигдбаяр оролцож, маргааны зүйл болж буй газрын шударга өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг, хариуцагч Г.Оюунжаргал, Б.Жавхлан нар эс зөвшөөрөн маргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г.Оюунжаргал, Ж.Богд-Эрдэнэ нар 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр газар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Оюунжаргал, Б.Баясгалан, Б.Жавхлан нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, Тоосгоны 1Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 582 м.кв талбайтай газрыг худалджээ. /хх6/
Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, Тоосгоны 1Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 582 м.кв талбай бүхий газар нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр Г.Оюунжаргал, Б.Баясгалан, Б.Жавхлан нарын гурван хүний өмч болох нь тогтоогдсон байх бөгөөд хариуцагч Г.Оюунжаргал нь нэхэмжлэгч Б.Баясгаланг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж уг хэлцэлд гарын үсэг зурсан гэсэн тайлбарыг гаргасан байна. /хх 4-6/
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 182/ШШ2016/00206 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны 1Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 582 м.кв талбай бүхий газрыг бусдад худалдан борлуулах эрхийг Г.Оюунжаргалд олгосон итгэмжлэл, уг итгэмжлэлийг 475 дугаарт бүртгэн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгожээ. /хх 86-89/
Анхан шатны шүүх Г.Оюунжаргал нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, Тоосгоны 1Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 582 м.кв талбай бүхий газрыг Ж.Богд-Эрдэнэд худалдахдаа өмчлөгч Б.Баясгалангийн зөвшөөрлийг авалгүй хэлцэл хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Жигдбаяр нь хариуцагч Ж.Богд-Эрдэнэтэй 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан, уг гэрээгээр маргааны зүйл болж буй Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны 1Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 582 м.кв талбай бүхий газрыг 1 000 000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гуравдагч этгээд Г.Жигдбаяр, хариуцагч Г.Оюунжаргал нар маргаагүй байна.
Дээрх хүчин төгөлдөр хэлцлийг үндэслэн Л.Жигдбаяр 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, Тоосгоны 1Б дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 582 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх126/
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд Л.Жигдбаяр нь хариуцагч Ж.Богд-Эрдэнэтэй хийсэн гэрээний үндсэн дээр тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байх тул түүнийг шударга эзэмшигч гэж үзнэ.
Харин гуравдагч этгээд Л.Жигдбаяр хэлцлийн үндсэн дээр маргааны зүйл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч байх тул түүнийг дахин өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй болно.
Иймд анхан шатны Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 1Б гудамж, 14 тоот хаягтай 582 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас Б.Баясгалангийн газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Жигдбаярын шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч 2 гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.
Гэрч Т.Тогтохжаргалын “...түрээсийн төлбөрийг эхний удаа хашаанд байсан эмгэн өвгөн хоёрт өгч байсан, Г.Оюунжаргалтай өөртэй нь утсаар ярьсан, утсаар ярихад 15 000 000 төгрөгөөр зарна гэсэн”,
гэрч Т.Бадрахын “..уг газар нь нэхэмжлэгч нарын нэр дээр байсан. Ж.Богд-Эрдэнэ таньдаг нотариатч олсон” гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байх боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог тул гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн маргааны зүйл болж буй газрыг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлгүй болно.
Энэ талаар давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамирын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Ж.Богд-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ц.ИЧИНХОРЛОО