Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01889

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01898 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2018/01658 дугаар магадлалтай,

Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

орон сууц хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00629 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас 149.021.766 төгрөг гаргуулж Пүре финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Б.Энхзул болон Пүре финанс ББСБ-ын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байхад Б.Мөнхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгааг мэдэж шүүхэд гомдол гаргасан. Би ББСБ-аас зээл аваагүй, Б.Энхзул зээл авсан, төлбөрийг Б.Энхзул төлөх ёстой. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот орон сууцанд хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус юм. Иймд дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.           

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00629 дүгээр шийдвэрээр Б.Энхзулаас 148.123.200 төгрөг гаргуулж, Пүре финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Энхзулын үүргийн гүйцэтгэлд Ц.Сүлдгэрэл, Д.М- нарын барьцаалсан Баянгол дүүргийн19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171/03 тоот тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч Б.Энхзул, өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.М- нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад төлбөр авагчтай харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг 88.000.000 төгрөгөөр тогтоосон байна. Эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан төлбөр төлөгч Б.Энхзул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Энхзул нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны албадан дуудлага худалдааны үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02976 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Энхзул, өмчлөгч Б.Сүлдгэрэл, Д.М- нар үндэслэлгүйгээр нэхэмжлэл,гомдол гарган шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01898 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2018/01658 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01898 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 1658 тоот магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хянаптын шатны гомдлыг гаргаж байна.

Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шийдвэрээр Б.Энхзулаас 149.021.766 төгрөг гаргуулж Пүре финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа.Тус шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад Б.Энхзул болон Пүре финанс ББСБ-ын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байхад Б.Мөнхтуяа миний өмчлөлийн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51 дүгээр байр, 84 тоот, 40 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгааг мэдэж шүүхэд гомдол гаргасан. Төлбөрийг Б.Энхзул төлөх ёстой. Шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдсэн байхад Д.М- миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийгээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүхээс дүгнээгүй, баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь буруу болсон байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01898 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 1658 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцыг битүүмжилсэн, хураасан болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэжээ.

Б.Энхзул нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 00629 дүгээр шийдвэрээр “Пүре финанс ББСБ” ХХК-д 148.123.200 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэрт заасан барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотын 3 өрөө сууцыг битүүмжилж, хураан авсан ба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Мөнх-оргил трейд ХХК-г шинжээч томилж, үнэлгээ тогтоолгожээ.

Б.Энхзул үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 1586 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна /хэргийн 41-47 дугаар тал/.

Тэрээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ний өдрийн 2976 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгожээ /хэргийн 57 дугаар тал/.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль зрчөөгүй, энэ тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01898 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2018/01658 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ