Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 799

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Н.У

Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга 

Гуравдагч этгээд: “Б ” ХХК, “Ц ” ХХК

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “Б ” ХХК, “Ц ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.У нь Б.Э тэй 2006 оны 01 дүгээр сараас 2012 оны 08 дугаар сарын хооронд хамтран амьдарч байсан. Тэднийг хамтран амьдарч байх хугацаанд 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин Э-н А төрсөн. Н.У ийн хувьд 2006 оноос жирэмсэн, улмаар 2007 оноос хойш нярай, хөхүүл хүүхэдтэй байсан тул албан ёсоор гэр бүл болоогүй ч өөрийн нөхөр, хүүхдийнхээ эцэг Б.Э т итгэн, өөрийн бүхий л эд хөрөнгө, бизнес, компаниудын үйл ажиллагааг даатган, мөн түүний нэр дээр компани байгуулан өгч үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл Б.Э нь ил далд хэлбэрээр, элдэв арга мэх хэрэглэн Н.У ийн хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, зарж борлуулан ашиг олох, улмаар тэгж олсон мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн, өөрт нууц хөрөнгө бий болгох замаар байнга ажиллаж байсан. Б.Э т итгэн нэр дээр нь бүртгэгдсэн байсан Н.У ийн хөрөнгийг өөрийн болгох, эсхүл өөрийн нэр дээр байгаа байдлыг ашиглан өөрийн нэрээс бултуулахаар бусдад хэлбэр төдий шилжүүлэх, эсхүл бусдад өндөр үнээр зарж борлуулан хөрөнгөжих, түүнийгээ хувирган өөр эд хөрөнгө бий болгох зэргээр хөдөлгөөнд оруулж эхэлсэн.

Учир нь 2012 оноос бид тусдаа амьдрах болсноор эд хөрөнгүүдийн маргаан үүсч эхэлсэн бөгөөд эрүү, иргэн, захиргааны маш олон хэргүүд үүссэн тул Б.Э нь эдгээр хэргүүд шийдвэрлэгдэхээс өмнө “Т ” ХХК-ийн болон өөрийн нэр дээр бүртгэгдсэн Н.У ийн эд хөрөнгийг үрэн таран хийх, өөрийн нэрээс түр холдуулах олон арга заль хэрэглэж эхэлсэн байдаг.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дугаар захирамжаар “Т ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй С******* дүүргийн нэгж талбарын ******* дугаартай, газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй 8200 м2 газарт ямар нэгэн тодорхой ажиллагаа /худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг/ гүйцэтгэхгүй байхыг даалгасан байхад эзэмших эрхийг “Б ” ХХК-д шилжүүлсэн үйлдэл нь хууль бус юм.

 

Ингээд дээрх захирамжийн дагуу тус талбайг битүүмжилсэн. Энэ захирамжийг 2 удаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүргүүлсэн байдаг. Бүртгэлийн байгууллагаас албан бичгийг хүлээж авсан талаар мэдэгдсэн. Нийслэлийн Газрын алба, С******* дүүргийн Газрын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар тус албан бичгийг хүлээн авсан нь баримтаар нотлогдож байгаа.

 

Уг газрын шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тухай төрийн захиргааны байгууллагаас шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл С******* дүүргийн Газрын албанаас Газрын мэдээллийн санд түдгэлзүүлэх тэмдэглэл хийгээгүйн улмаас дээрх газар нь “Т ” ХХК-иас “Б ” ХХК-д шилжигдэж нэхэмжлэгч Н.У ийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Албан бичгүүдийг хүргүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байдаг. 

 

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Т ” ХХК-ийн нэр дээр С******* дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны баруун талд орон сууцны зориулалтаар нэгж, талбарын 18627308811565 дугаартай 8200 м2 газрыг битүүмжлэгдсэн байх үед нь дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг “Б ” ХХК, “Ц ” ХХК-иудад шилжүүлсэн гэж маргажээ.

 

“Т ” ХХК нь С******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 378 дугаар захирамжаар тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооны баруун талд орон сууцны зориулалтаар нэгж, талбарын ******* дугаартай 8200 м2 газрыг эзэмших эрхтэй болсон.

“Т ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э , Д.Насанчимэг нар нь “Б ” ХХК-ийн захирал Н.Наранбаттай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, гарын үсэг зурж, “Т ” ХХК-ийн эзэмшлийн газрыг “Б ” ХХК-д шилжүүлэх тухай албан бичиг, дүүргийн Газрын албатай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, “Б ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа нотолгоо, газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт зэргийг бүрдүүлэн С******* дүүргийн Газрын албанд ирүүлсэн.

 

 

“Т ” ХХК, “Б ” ХХК-иудын гаргасан хүсэлт, бүрдүүлсэн баримт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тул С******* дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг “Б ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь тогтоогдож байсан.

 

Мөн “Т ” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаартай, газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй 8200 м2 газрыг битүүмжилсэн, эрх түдгэлзүүлсэн тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дүгээр захирамж дүүргийн Газрын албанд ирсэн бүртгэл байхгүй бөгөөд С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжаар “Б ” ХХК-ийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг 9586 м2 болгон нэмэгдүүлж, 2016 оны А/489 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан С******* дүүргийн Засаг даргын захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Б ” ХХК, “Ц ” ХХК-ийн захирал Р.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “2016 оны 10 дугаар сард зарын дагуу “Б ” ХХК-ийн захирал Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-тай харилцан тохиролцсоны дагуу “Б ” ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлэн худалдан авсан. Уг компанийн эрх шилжин ирснээр түүний эзэмшилд байх 000321228 дугаар гэрчилгээтэй, ******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх шилжин ирсэн.

Компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хууль дүрмийн дагуу нотариатаар баталгаажуулан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт материалаа бүрдүүлэн өгч “Б ” ХХК-ийг иргэн Н.Н-ын эзэмшлээс хасч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Тус компанийн эзэмшилд байгаа газрын байршил, эзэмших эрхийн гэрчилгээний дугаар нь нэхэмжлэгч Н.У ийн нэхэмжлэлийн шаардлагад бичсэнээс зөрүүтэй байна. Хавтас хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаанд “Т” ХХК-ийн хууль ёсны өмчлөгчийн гишүүнд нэхэмжлэгч Н.У ийн нэр байхгүй байгаа нь түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. 

“Б ” ХХК-ийн хувьцааг худалдан авахаас өмнө тус компанийн эзэмшлийн газрын тухай лавлагааг С******* дүүргийн Газрын албанаас авсан бөгөөд түүнд уг газар нь шилжихээсээ өмнө барьцаанд тавигдаагүй, битүүмжлэгдээгүй болохыг дурдсан байдаг.

2017 оны 12 дугаар сард С******* дүүргийн Газрын албанд хандан 2004 онд миний үүсгэн байгуулсан өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, татвараа төлж байгаа “Ц ” ХХК-ийн дээр шилжүүлэн авч санхүүгийн тайландаа тус эд хөрөнгөндөө бүртгэн авсан болно. Иймд манай компани болон төр захиргааны байгууллагын нэр хүндэд халдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Н.У ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн “С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамжийн “Б ” ХХК, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн “Б ” ХХК, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсны дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1829/ч дугаар шийдвэрээр “Н.У , Б.Э нар 2006 оны 01 сараас 2012 оны 08 сар хүртэл хамтын амьдралтай байсан” болохыг тогтоосон. Н.У нь “Т ” ХХК болон Б.Э нартай “Дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах”-аар иргэний шүүхэд маргаж байгаа. Гэтэл Б.Э нь иргэний шүүхийн шүүгчийн 2015 оны 624 дүгээр захирамжаар битүүмжилсэн, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхүүдийг хориглосон байхад газар эзэмших эрх болон эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлсэн нь хууль бус” гэж маргаж байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуулийн зорилго, агуулгаас үзэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол заавал зөрчигдсөн байх хуулийн шаардлага тавигдаагүй, харин захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, түүний үр дагаврын улмаас өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байна.

С******* дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 378 дугаар захирамжаар  “ “Т ” ХХК-д 20 дугаар хороо, 22-ын товчооны баруун талд байрших 8200м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Н.У ээс иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар  “Т ” ХХК болон Б.Э нарт холбогдуулан “Дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай шаардлагаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 

Дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.У ийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дүгээр захирамжаар  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, хариуцагч Б.Э болон “Т ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй (үүнд маргаж буй “Т ” ХХК-ийн С******* дүүрэгт байрлах 8200м2 газар, нэгж талбарын ******* дугаартай, Газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ бүхий) үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд ямар нэгэн тодорхой ажиллагаа (худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг) гүйцэтгэхгүй байхыг даалгасан байна.  

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/436 дугаар албан бичгээр “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 624 дүгээр захирамжийг биелүүлэх мэдэгдэл”-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн.

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1/28702 дугаар  албан бичгээр Нийслэлийн газрын алба, С******* дүүргийн Газрын албанд “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дүгээр захирамжийг биелүүлэх мэдэгдэл”-ийг хүргүүлсэн байх ба уг мэдэгдлийг С******* дүүргийн Газрын албаны ажилтан С.С, н.П нар 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан болох нь С******* дүүргийн Газрын албаны “Ирсэн баримт бичгийн бүртгэл”, “Монгол шуудан” ХК-ийн лавлагаа зэрэг баримтуудаар  тогтоогдож байна.

С******* дүүргийн Газрын алба нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний 1/28702 дугаар мэдэгдлийг 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан атлаа Газрын мэдээллийн санд “Т ” ХХК-ийн эзэмших С******* дүүрэгт байрших нэгж талбарын ******* дугаартай, Газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээнд зохих тэмдэглэгээг хийгээгүй байх ба энэ нь тус албаны 2018 оны 12 дугаар сарын 03-ны 17/2148 дугаар  албан бичгээр ирүүлсэн “...Нийслэлийн Газрын албанаас 1/28702 дугаар албан бичгийг манай албанд...ирүүлсэн боловч Газрын мэдээллийн санд газрын эрхийн шилжилт, хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тухай тэмдэглэл хийгдээгүй байдаг” гэсэн тайлбараар нотлогдож байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 32.2-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 32.3-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж Шүүхийн шийдвэрийн (шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж мөн адил хамаарна) хүчин төгөлдөр байдал, заавал биелэгдэх шинжийг тунхаглан хуульчилж өгсөн. 

Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна” гээд, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл захиргааны байгууллага хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр (шүүгчийн захирамж)-ийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу Газрын мэдээллийн санд зохих тэмдэглэгээг хийх эрх бүхий этгээд нь С******* дүүргийн Газрын алба байна.

Иймээс С******* дүүргийн Газрын алба нь хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг биелүүлээгүй, “Т ” ХХК-ийн 8200м2 газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй холбоотой шилжилт, хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тэмдэглэгээг Газрын мэдээллийн санд хийгээгүйгээс болж газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг “Б ” ХХК-д шилжүүлсэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, түүний үр дагаврын улмаас нэхэмжлэгч Н.У ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсчээ. 

Тухайлбал, “Т ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 624 дүгээр захирамжаар “Т ” ХХК-ийн С******* дүүрэгт байрших нэгж талбарын ******* дугаартай, Газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ бүхий газартай холбоотой ямар нэгэн ажиллагааг гүйцэтгэх (шилжүүлэх)-ийг хориглосныг мэдсээр байж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  “Т ” ХХК-ийн эзэмших дээрх газрыг “Б ” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасан.

Улмаар С******* дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр  захирамжаар “Т ” ХХК-ийн эзэмших 32 дугаар хороо 22-н товчооны баруун талд байрших 8200 м2 газрыг эзэмших эрхийг “Б ” ХХК-д шилжүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газрын мэдээллийн санд маргаж буй газрын эрхийн шилжилт, хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тухай тэмдэглэл хийгдээгүй байсан, мөн хүсэлт нь хуулийн шаардлага хангасан тул Засаг даргын 2016 оны А/489 дүгээр захирамж гарсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно...”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг тодруулсны үндсэн дээр зохих шийдвэр гаргах ёстой тул маргаж буй С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамж хуулийн дээрх заалттай нийцээгүй байна. 

Зүйн нь, хариуцагч С******* дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын алба нь хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичиг үнэн зөв эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх зэргийг нягтлан хянаж, хуулийн шаардлага хангасан гэж үзвэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу С******* дүүргийн Засаг дарга “Т ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Б ” ХХК-д шилжүүлэх ёстой байжээ.   

Газрын тухай хуулиар дүүргийн Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хуулийн шаардлага хангагдсан эсэхийг нягтлан, хянасны үндсэн дээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээтэй бөгөөд захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоогүй байдал, хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас Н.У ийн эрх ашиг зөрчигдөн, хохирох ёсгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.У ээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэн тухай” 6587 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад “Т ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э ийн хүсэлтийн дагуу С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамжаар маргаж буй Газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг “Б ” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус болжээ. 

Мөн С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр  захирамжаар “Б ” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг ихэсгэн 9586 м2 болгон өөрчилж баталгаажуулсан. Дахин 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар  захирамжаар “Б ” ХХК-ийн эзэмших 9586 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээг “Ц ” ХХК-д тус тус шилжүүлсэн байх тул дээрх А/94, А/587 дугаар дугаар захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Н.У ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаж буй С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэв гуравдагч этгээд “Б ” ХХК, “Ц ” ХХК-иуд нь газар эзэмших эрх шилжүүлэн авсантай холбоотой хохирол учирсан гэж үзвэл “Т ” ХХК-иас иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамжийн “Б ” ХХК, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн “Б ” ХХК, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.У т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     М.ЦЭЦЭГМАА