Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

 

 

 

 

   2021        03          10                                   2021/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэенноров

  шүүгдэгч Г.Ш /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Г.Ш-т холбогдох эрүүгийн 2011 01832 0064 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт          дүүргийн          дугаар хороо        гудамж               тоотод оршин суух хаягтай,

урьд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

  , Г.Ш регистрийн дугаар /                 /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 10 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 дугаар гудамжны 738 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, охин 04 нас 04 сартай, эмэгтэй Э.Эмүжинг хуванцар аягаар цохиж , эрүүл мэндэд нь “...духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энх-эрдэнэтэй хамт амьдарч байгаа.Э.Эмүжин бол миний хүүхэд мөн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Цаашид ажилд орж, гэр бүлтэйгээ хамт байна.Архи дарс уухгүй.Бусад зүйлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэенноров нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 онд гэхэд 108 тусгай дугаарын 3 удаагийн дуудлагатай. Хүүхдүүд нь 3 удаа түр хамгаалах байранд байсан. Нэг удаа намайг шөнө эргүүлээр очиход Г.Ш, Энх-Эрдэнэ хоёр согтуу, хүүхдүүд нь нүцгэн, гэр нь хүйтэн, бага хүүхэд нь тэжээлийн дутагдалтай байсан. 2020 оны 08 дугаар сараас хойш нэг хүүхэд нь Хүүхдийн төв сувилалд, 2 хүүхэд нь түр хамгаалах байранд байгаа. Г.Ш ажил, хөдөлмөр эрхэлдэггүй. Хүүхдүүдийнхээ мөнгөөр архи авч уудаг...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэрч /хохирогчийн төрсөн эх/ Э.Энх-Эрдэнийн “...Би нөхөр Г.Ш болон гурван бага хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-738д тоотод хашаа байшин түрээслэн амьдардаг. 2020 оны 10 сарын 10-ны шөнө 21 цагийн орчим манай нөхөр Г.Ш нь охин Эмүжинг унтуулаач гэж надад хэлсэн, тэгэхээр нь би тэгж байгаад өөрөө унтчихна шдээ гэж хэлсэн, тэр үед охин орон дээрээ сууж байсан, тэгээд нөхөр унтах гээд газраар ор засаад хэвтсэн, тэгээд би 4 сартай охиноо хөхүүлэх гээд ор луу дөхөж байхад нөхөр босож ирээд ус уучихаад аяга ширээн дээр тавих гэж байгаа харагдаж байсан, тэгээд би орон дээр очиж охиноо авчихаад эргэх үед нөхөр Г.Ш нь ард “энэ одоо яагаад унтаагүй байгаа юм бэ” гэж хэлээд тас хийх шиг болсон, тэгээд эргээд хартал миний охин Эмүжингийн духнаас нь цус гарчихсан байсан, тэгээд би нөхрийг чи яаж байгаа юм, хүүхэд алчихлаа ш дээ гэж хэлсэн чинь Г.Ш намайг юу гэж сүржигнээд байгаа юм бэ гэж хэлээд орон дээр суусан, тэгээд сууж байсан аа гэнэт би юу хийчих вэ гээд хүүхдээ тэврээд аавыгаа уучлаарай гэж хэлсэн, би гэрт байсан тамодины уусмалаар духыг нь цэвэрлээд унтуулсан, 1 жил гарангийн өмнө Эмүжингийн биед нь хаана гэдгийг нь одоо санахгүй байна, зодоод хөхрөлт үүсгэсэн байсан, тэгээд би цагдаад дуудлага өгөөд 20 хоногийн баривчилгаа өгүүлж байсан, сүүлийн энэ асуудал дээр цагдаад болон эмнэлэгт хандаагүй ээ, Эмүжингийн дух нь гайгүй юм шиг болохоор эмнэлэг дуудаагүй, цагдаад болохоор Г.Ш надаас гуйсан, мөн би өөрөө ажилгүй болохоор Г.Ш цагдаад баригдаад явчихвал яаж амьдрах вэ гэж бодогдсон, одоо Г.Шыг хаана байгааг мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч /Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн эмч/ Л.Лхамсүрэнгийн “...2020 оны 10 сарын 16-ны орой 19:50 минутын орчим Э.Эмүжин /4нас,4сар,эм/ 38 градус хүртэл халуурсан, таталт өгсөн байдалтай яаралтай түргэн тусламжийн эмчээр хүргэгдсэн ирсэн, манайхаас эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлж эм тариаг хийсэн, хүүхдийн тархи хавантай байгаа бөгөөд энэ доргилт уу, ханиад уу гэдгийг одоогоор тогтоох боломжгүй байна, одоо хүүхдийн биеийн байдал тогтвортой болсон тул энгийн тасаг руу шилжүүлж байна, хүүхдийн эмээ Н.Энхтайвангаас утсаар асуумж авахад Эмүжин нь урьд нь 1 сарын өмнө гэртээ таталт өгч байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Гэрч /Хүүхэд хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтан/ Д.Эрдэнэцэцэгийн “...2020 оны 10 сарын 11-ний өдөр Э.Эмүжин /4н,4с/ нь төрсөн эцэг Г.Ш-т зодуулсан байдалтай хамгаалах байранд хүргэгдэн ирсэн бөгөөд 2020 оны 10 сарын 16-ны орой 20 цагийн үед гэнэт өндөр халуурч Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн, Э.Эмүжингийн төрсөн эцэг эх нь архины хамааралтай бөгөөд үр хүүхдээ асарч хардаггүй, архи уугаад алга болчихдог байсан тул, хорооноос нь урьд нь манайд хэд хэдэн удаа ирж байсан, одоогоор төрсөн эх Энх-Эрдэнэ нь сураггүй байгаа тул би хүүхдийг сахиж эмнэлэгт байна, одоо хүүхдийн биеийн байдал сайжирсан тул эмч нар бид хоёрыг тасаг руу шилжиж байгаа, урьд нь хамтарсан багийн хурлаар орж эхэд нь Эмүжинг хүлээлгэн өгч байсан гэсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Б.Отгонцэцэгийн “...Би нөхөр охины хамт Чингэлтэй дүүргийн 12 хороо булгийн 16-738д тоотод хашаа байшин түрээслэн 1 жил орчим амьдарч байгаа. Манайхыг энд 1 жилийн өмнө нүүж ирэхэд эсрэг талын хаалганд Г.Ш, Э.Энх-Эрдэнэ нар нь 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Г.Ш нь зах дээр юу ч юм нэг ажил хийдэг юм шиг байна лээ, байнга архи уудаг, Г.Ш-ыг архи уухаар эхнэр Э.Энх-Эрдэнэ нь дагаад уучихдаг, тэгээд хоорондоо зодолдож муудалцдаг, эрүүлдээ ч хэрэлдэж муудалцаад байх юм байна лээ, тэгээд хүүхдүүдээ ямар ч харах хүнгүй хаячихдаг, гурван бага насны хүүхэд нь гэртээ баас шээсэндээ холилдоод хэвтэж байдаг, Эмүжинг нь эцэг Г.Ш нь цохиж зодсон асуудлыг бол тэр орой нь мэдээгүй, хоорондоо бол зодолдож муудалцсан зүйл ажиглагдаагүй, ер нь бол орой болгон шахуу л хүүхдүүд нь уйлалдаж байдаг. Г.Ш, Э.Энх-Эрдэнэ нар нь учиргүй хүүхдүүдээ бол нүдэж зодоод байдаггүй, хаа нэг согтуудаа цохиж байгаа харагддаг, Эмүжин охин өөрөө маш их хөдөлгөөнтэй, их үймүүлдэг хүүхэд байгаа, бас унаж татдаг өвчтэй гэсэн, тэгээд уналтын эсрэг эм уудаг гэж ээж нь надад нэг удаа хэлж байсан, Эмүжингийн толгой руу аав нь аягаар цохиод хагалчихсан гэж надад ээж нь хэлсэн, тэгээд цагдаад дуудлага өгсөн өдөр Г.Ш нь гэрээс гарч яваад эргэж ирээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Н.Энхтайваны “...Би Энх-Эрдэнийн төрсөн эх нь байгаа юм аа, Энх-Эрдэнэ нь өмнөх салсан нөхрөөсөө 2 хүүхэдтэй бөгөөд сүүлд Г.Ш гэх хүнтэй хамт амьдраад гурван хүүхдийг нь төрүүлсэн, том 2 хүүхэд нь манайд байдаг, саяхан Энх-Эрдэнэ над руу залгаад би Г.Ш-тай цуг самранд явж байна гэж хэлж байсан, Г.Ш, Э.Энх-Эрдэнэ нар нь архины хамааралтай хүмүүс бөгөөд архины албадан эмчилгээнд хоёулаа явж байсан, Э.Энх-Эрдэнэ архи уугаагүй үедээ бол хүүхдүүдээ маш их халамжтай, хүүхдүүдээ хиртэй хувцастай явуулдаггүй, хоол ундыг нь хийгээд өгчихдөг, үр хүүхдээ цохиж зодоод байх нь гайгүй байдаг, Эмүжин хэт хөдөлгөөний эмгэг гэдэг оноштой, мөн таталт өгдөг өвчтэй, тийм болохоор аав нь хаяа нэг цохиж зодсон юм шиг байна лээ, тусдаа амьдардаг болохоор бусад нарийн зүйлсийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 11828 дугаартай: “...Э.Эмүжингийн биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/,

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 83-93 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 10 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 дугаар гудамжны 738 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, охин 04 нас 04 сартай, эмэгтэй Э.Эмүжинг хуванцар аягаар цохиж , эрүүл мэндэд нь “...духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч /хохирогчийн төрсөн эх/ Э.Энх-Эрдэнийн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, гэрч /Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн эмч/ Л.Лхамсүрэнгийн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, гэрч /Хүүхэд хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтан/ Д.Эрдэнэцэцэгийн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.Отгонцэцэгийн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, гэрч Н.Энхтайваны гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 11828 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 83-93 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Г.Ш нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж, гэм буруу болон зүйлчлэл маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэенноров нь “...нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Шыг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Иймд шүүх шүүгдэгч Г.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 /зургаан зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Г.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг 640 /зургаан зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Г.Ш нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ