Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

   2021        03          10                                   2021/ШЦТ/163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Д.Ундармаа,

  шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Х.М-д холбогдох эрүүгийн 2111 00000 0019 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Нийслэлийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуульд слесар ажилтай, ам бүл 1,       дүүргийн       дугаар хороо,         дүгээр гудамжны        тоотод оршин суух бүртгэлтэй боловч        дүүргийн          дугаар хороо         тоотод оршин суудаг,

-урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1- зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-мөн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 7 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,

  Х.М /РД:       /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан сангийн нийтийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Ариунаатай маргалдаж, улмаар түүний хамар хэсэгт өшиглөж, цээж, хавирга хэсэгт нь өвдөглөж, цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан өдөр Ариунаа манай гэрт ирсэн. Ирснээсээ хойш надаас хэрүүл өдөөд байсан. Би нэг ч үг дугараагүй. Намайг унтаж байхад утас дугараад Цэцэгбал, Батбаяр нар манайд ирье гэхээр нь би дуудсан. Цэцэгбал Батбаяр хоёр 3 том савлагаатай пиво авч ирсэн. Бид 4 хувааж уусан. Цэцэгбал, Батбаяр хоёр ахиж пиво авах гээд гарсан. Ариунаа тэр хоёрыг гарсан хойгуур над руу гутал шидэж, хусуураар миний толгой руу цохисон. Бид хоёрыг муудалцаж байхад Цэцэгбал, Батбаяр нар орж ирсэн. Би тэр хоёрт Ариунааг аваад яв гэж хэлсэн. Ариунаа ерөөсөө явахгүй байсан. Ариунаатай дахин маргалдаж зодолдсон. Тухайн үед Ариунаад эмчилгээ хийлгээрэй, эмнэлэгт үзүүлээрэй гэж 110.000 төгрөг, дансаар 450 000 төгрөг нийт 560 000 төгрөг өгсөн.Одоо хохирогчтой эвлэрсэн, хэвийн харилцаатай байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Ариунаагийн “... 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Х.М-ийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан сангийн нийтийн байранд очсон. ...Намайг тоохгүй байхаар нь би “танайд нохой ороод ирсэн юм уу” гэсэн. Тэгээд байж байхад Х.М-ийн утас дуугарч утсаар ярьсан. Удалгүй Цэцэгбал, Батбаяр хоёр 2,5 литр савлагаатай 1 ширхэг сэрүүн нэртэй пивотой орж ирсэн. ...тэгээд бид хэд пиво ууж дуусгасан. ...Би гал түлэх гээд байж байгаад муудалцаад хэвтэж байсан Х.М лүү гутал шидсэн. Тэгээд би муудалцаж байгаад барьцалдаж аваад Х.М намайг мангасдаж унагаасан. Тэгээд Цэцэгбал, Батбаяр хоёр гаднаас орж ирээд салгасан. Х.М лүү модон ганбанз шидсэн, хусуураар Х.М-ийн толгой луу хоёр удаа цохисон. Намайг Х.М хамар луу 1 удаа өшиглөсөн. ...Намайг ор луу мангасдаж унагаагаад миний цээж, хавирга хэсэгт өвдөглөж байгаад намайг гурван удаа цохисон. ...Цэцэгбал, Х.М, Батбаяр бид дөрөв 2,5 литр савлагаатай 3 ширхэг сэрүүн нэртэй пиво хувааж уусан. ...Эм тариа, ойр зуурдаа хэрэглэ гэж 110,000 төгрөг өгсөн, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Э.Цэцэгбалын “...Батбаяр бид хоёр дэлгүүрээс пиво аваад ортол хоорондоо зодолдсон, хэрэлдсэн сууж байсан. Юу болсон талаар асуухад Х.М ах “Ариунаа над руу гутал шидэж агсан тавьсан, би нэг удаа алгадсан” гээд сууж байсан. Х.М ах “Ариунааг гэрт нь хүргээд өгчих, наадах чинь уухаараа дандаа агсан тавьдаг” гэсэн. Ариунаа эгч “явахгүй, чи намайг гэрээсээ хөөлөө" гээд миний нүдэн дээр гараараа Х.М ахын нүүр болон цээж хэсэг лүү нь 2 удаа цохисон. Тэгээд Х.М ах уурлаад дайрсан чинь Батбаяр Х.М ахыг барихад Ариунаа эгч хоолны хусуураар Х.М ахын толгой луу 2 удаа цохисон. Тэгээд Х.М ах Ариунаагийн курткнээс татаж унагаагаад хамар луу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Батбаяр явлаа гээд явсан. Би үлдээд Ариунаа эгчийг аваад явах гэсэн боловч Ариунаа эгч явахгүй гэсэн тул би гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн хүний биед хийсэн 260 дугаартай “...Д.Ариунаагийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн талын 2-р хавирганы хугарал, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дээр, эрүүний баруун доор, оочны доор, цээж, 2 бугалганд цус хуралт, нэг шүдний сулрал, баруун шанаа, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.М-ийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ унтаж байхад Ариунаа өдөр 14 цагийн үед орж ирээд тухайн үед намайг хэвтэж байхад “дуугарсангүй, танай гэрт нохой ороод ирсэн байна уу” гэсэн, би юм дуугараагүй. Батбаяр над руу залгаж “гэртээ байна уу, танайд очиж болох уу" гэсэн. Би зөвшөөрч Батбаяр, Цэцэгбал нар хамт 1 ширхэг 2,5 литр савлагаатай Сэрүүн нэртэй пивотой орж ирсэн. Тэгээд бид дөрөв хувааж уугаад дуусахад Батбаяр машинаасаа 2 ширхэг 2,5 литр савлагаатай пиво оруулж ирээд бид дөрөв дуустал нь уусан. Дахиад аваад ирье гээд Батбаяр, Цэцэгбал гараад явсан. ...зурагт үзэж байхад Ариунаа араас өшиглөөд гутал шидээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байхад Цэцэгбал, Батбаяр хоёр гаднаас орж ирэхэд нь би “энэ Ариунааг аваад манайхаас яв” гэсэн. ...Ариунаа намайг ганбанзаар нэг удаа гуя луу цохисон. Тэгээд хусуур аваад толгой луу хоёр удаа цохисон. ...Цэцэгбалыг гарангуут би Ариунааг нүүр лүү нь мангасдаж унагаагаад цээжин дээр нь хөлөөрөө дарж байгаад гараараа нүүр лүү нь гурван удаа алгадсан. Тэгээд Ариунаа тайвширч бид эвлэрээд хамт хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/, оршин суугаа газрын тодорхойлот /хх 50/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 51/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 52/, Нийслэлийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан сангийн нийтийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Ариунаатай маргалдаж, улмаар түүний хамар хэсэгт өшиглөж, цээж, хавирга хэсэгт нь өвдөглөж, цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Ариунаагийн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч Э.Цэцэгбалын мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн хүний биед хийсэн 260 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүгдэгч Х.М-ийн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгийн торгуулийн ял шийтгэл оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаар бичгээр хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч Х.М нь гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шүүх шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал /хохирол төлбөр барагдуулсан, гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Д.Ариунаа нь “...хохирол болох 560.000 төгрөгийг авсан. Гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Х.М-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ