Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар  2021/ШЦТ/167

 

 

 

 

 

 

 

 

 2021        03          12                                   2021/ШЦТ/167

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   А.Ч-д холбогдох эрүүгийн 2011 01938 0095 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт                  оршин суух хаягтай,

урьд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,

  А.Ч /РД:      /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан сайт мет” ХХК-д ажиллаж байх үедээ иргэн У.Бумдарийн ширээн дээр цэнэглээд үлдээсэн түүний эзэмшлийн 384.700 /гурван зуун наян дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий “Рэдми Нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг хохиролгүй болгосон...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч У.Бумдарийн “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би өглөө 09 цагийн үед Хүчит шонхор захын хажууд байрлах “Монголиан сайт мет” ХХК ажил дээрээ байсан юм. Тэгэхэд манай захирал Содгэрэл, Төрбат ажил дээрээ ирчихсэн байсан. Тэгээд би өрөөндөө хувцсаа солиод гал тогооны ширээн дээр гар утсаа цэнэглээд үлдээчхээд ажлаа хийж байсан. Удалгүй миний араас А.Ч ажил дээрээ ирж байгаа харагдсан. Тэгээд би гар утсаа авах гээд гал тогооны өрөө рүү ортол миний гар утас байхгүй байсан... А.Ч-ыг дууд гэсэн ажлын байран дээрээ байгаагүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Батдэлгэрийн “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө би 09:40 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Монголиан сайт мет” ХХК ажил дээрээ ирэхэд захирал Содгэрэл, тогооч Бумдарь, туслах ажилтан Энхтөр, А.Ч дөрөв ирчихсэн байсан... удалгүй Бумдарь манай эсрэг талын өрөөндөө орж үзээд миний гар утас байхгүй байна гээд миний дугаар луу залгаад өгөөч гээд байсан... тэгээд аргаа бараад А.Ч-ын гар утас руу нь залгатал дугаар нь холбогдох боломжгүй гээд байсан. Тэгээд бид хэд А.Ч гэх хүнийг сэжиглэсэн юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-17дугаар хуудас/,

Гэрч Э.Содгэрэлийн “...тэгсэн чинь Бумдарь гар утсаа алдчихлаа гээд А.Ч-ыг наана чинь байна уу гээд байсан... бид гурав манай компанийн дээд давхарт байдаг дотуур байр руу нь орсон чинь гэр нь хоосон нэг гудас хөнжил байсан ажлын хувцсаа кордорын цонхон дээр тайлаад үлдээчихсэн байсан юм. Тэгээд бид нар А.Ч гэх хүнийг сэжиглэсэн юм... тухайн үед бичлэг хийгдээгүй байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхтөрийн “...2020 оны 11 дүгээр сарын 05-нд А.Ч манай ажил дээр ирж нягтлан Батдэлгэр, захирал Содгэрэлтэй уулзсан юм. Маргааш нь манай компанид нэг л өдөр ажилласан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Б.Оногийн “...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үнэгүй.мн гэх интернэт зар дээр Нандин-Эрдэнэ гэх хүн 99990511 дугаараас Редми Ноте-8 гэсэн гар утас зарна гэсэн зар тавьсан байсан... 30 орчим насны нэг эмэгтэй хүн гарч ирээд Редми Ноте-8 гар утас надад үзүүлсэн би сонирхож үзээд 395.000 төгрөгөөр авахаар болсон... надад гомдол санал байхгүй. Тухайн хүн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр надад хохирол болох 395.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.Нандин-Эрдэнийн “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Теди төв гар утасны дөрвөн давхарт 28 дугаар лангуун дээр зогсож байхад эсрэг талын засварчин Мягмар гэх залуу цэнхэр өнгийн Редми Ноте-8 лавлагаатай гар утас байна нэр утасны дугаар нь байгаа гээд хэлэхээр нь би найдвартай юм уу гэтэл хайрцаг савыг нь авч ирж өгнө гээд надад хэлсэн. Тэгэхээр нь би 320.000 төгрөгөөр авсан юм... тэгээд бид хоёр 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Автомолл худалдааны үүдэнд уулзахаар болоод нэг залуу ирж үзээд Редми Ноте-8 гар утсыг 395.000 төгрөгөөр авсан... би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 395.000 төгрөгийг тухайн залуугийн данс руу нь мобайлдаж барагдуулсан юм. Надад 320.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Мягмарын “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед 30 орчим насны нэг залуу ирээд утас авах уу гэхээр нь үзье гээд үзсэн чинь цэнхэр өнгийн Рэдми Нөүт-8 гар утас байсан... тэгэхээр нь би хайрцаг сав, иргэний үнэмлэх байхгүй бол авахгүй гэсэн чинь тухайн залуу би доороос иргэний үнэмлэхийн лавлагаа аваад ирье, хайрцаг сав нь Баянхошуунд гэрт байгаа гээд байсан... тухайн залуу 30 орчим насны 160 см өндөртэй. Шар өнгийн куртиктай, хар түрийтэй гуталтай явж байсан... тухайн үед би 5849057547 Хаан банкны данс руу мобайлдах гэтэл Чулуунцэцэг гэх хүний нэр гарч ирэхээр нь би хэний данс вэ гэсэн чинь манай ээжийн данс гэж хэлсэн...”, “...надад учирсан хохирлыг төлж барагдуулсан надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-33 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЧД2-20-733 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Мягмараас хавтаст хэрэгт хавсаргуулсан баримт /Хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Ч-ын “...би хүлээн зөвшөөрч байна. Би өмд хувцас аваад зардлын мөнгө хийгээд Ховд Дарви сум руу явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 86/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 83/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголиан сайт мет” ХХК-д ажиллаж байх үедээ иргэн У.Бумдарийн ширээн дээр цэнэглээд үлдээсэн түүний эзэмшлийн 384.700 /гурван зуун наян дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий “Рэдми Нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч У.Бумдарийн “...Тэгээд би гар утсаа авах гээд гал тогооны өрөө рүү ортол миний гар утас байхгүй байсан... А.Ч-ыг дууд гэсэн ажлын байран дээрээ байгаагүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/, гэрч Б.Батдэлгэрийн “...тэгээд аргаа бараад А.Ч-ын гар утас руу нь залгатал дугаар нь холбогдох боломжгүй гээд байсан. Тэгээд бид хэд А.Ч гэх хүнийг сэжиглэсэн юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-17дугаар хуудас/, гэрч Э.Содгэрэлийн “...бид гурав манай компанийн дээд давхарт байдаг дотуур байр руу нь орсон чинь гэр нь хоосон нэг гудас хөнжил байсан ажлын хувцсаа кордорын цонхон дээр тайлаад үлдээчихсэн байсан юм. Тэгээд бид нар А.Ч гэх хүнийг сэжиглэсэн юм... тухайн үед бичлэг хийгдээгүй байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/, гэрч Д.Энхтөрийн “...2020 оны 11 дүгээр сарын 05-нд А.Ч манай ажил дээр ирж нягтлан Батдэлгэр, захирал Содгэрэлтэй уулзсан юм. Маргааш нь манай компанид нэг л өдөр ажилласан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, гэрч Б.Оногийн “...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үнэгүй.мн гэх интернэт зар дээр Нандин-Эрдэнэ гэх хүн 99990511 дугаараас Редми Ноте-8 гэсэн гар утас зарна гэсэн зар тавьсан байсан... 30 орчим насны нэг эмэгтэй хүн гарч ирээд Редми Ноте-8 гар утас надад үзүүлсэн би сонирхож үзээд 395.000 төгрөгөөр авахаар болсон...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Н.Нандин-Эрдэнийн “...Тэгэхээр нь би 320.000 төгрөгөөр авсан юм... тэгээд бид хоёр 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Автомолл худалдааны үүдэнд уулзахаар болоод нэг залуу ирж үзээд Редми Ноте-8 гар утсыг 395.000 төгрөгөөр авсан... би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 395.000 төгрөгийг тухайн залуугийн данс руу нь мобайлдаж барагдуулсан юм. Надад 320.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Мягмарын “...тухайн залуу 30 орчим насны 160 см өндөртэй. Шар өнгийн куртиктай, хар түрийтэй гуталтай явж байсан... тухайн үед би 5849057547 Хаан банкны данс руу мобайлдах гэтэл Чулуунцэцэг гэх хүний нэр гарч ирэхээр нь би хэний данс вэ гэсэн чинь манай ээжийн данс гэж хэлсэн...”, “...надад учирсан хохирлыг төлж барагдуулсан надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-33 дугаар хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЧД2-20-733 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Мягмараас хавтаст хэрэгт хавсаргуулсан баримт /Хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/, шүүгдэгч А.Ч-ын “...би хүлээн зөвшөөрч байна. Би өмд хувцас аваад зардлын мөнгө хийгээд Ховд Дарви сум руу явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд У.Бумдарийн эд зүйл болох Редми Ноте-8 гар утсыг авсан шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

А.Ч нь иргэн У.Бумдарийн эд зүйл болох Редми Ноте-8 гар утсыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 384 700 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг...”

Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 35-36 х/ 384 700 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.

 Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Ч.А бусдын эд зүйл болох хуулбар гар утсыг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Ч-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч А.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв

Хохирогч У.Бумдарь Редми Ноте-8 гар утсаа буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 54 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагчаас: А.Ч-д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэсэн

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Ч-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гар утсаа буцаан авсан, төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   А.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-д 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-д оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ