Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 2021        03          12                                   2021/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Анармөнх,

  шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш-д холбогдох эрүүгийн 2011 00000 1115 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, “Од” группийн тоног төхөөрөмжийн оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт        дүүргийн       дугаар хороо,         дугаар хороолол       тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Г.Ш /РД:     /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Ш нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” нэртэй шөнийн цэнгээний газарт үл таних М.Доржсүрэнтэй “бусдыг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би тус баарны гадаа тамхи татчихаад буцаад ороход миний сууж байсан буйдан дээр хохирогч сууж байсан. Доржсүрэн надтай хамт явж байсан хүнтэй маргалдсан. Би хохирогчийг санаатайгаар цохьё гэж цохиогүй. Найзыгаа өмөөрч, тэр хоёрыг салгах гэж байгаад цохисон. Би хохирогчид 1 000 000 төгрөгийн хохирол төлбөр аавынхаа дансаар шилжүүлж барагдуулсан. Одоогоор дансны хуулга авч амжаагүй байна. Хохирогч өөрөө шүүх хуралд ирж гомдол, саналгүй талаараа мэдүүлнэ гэсэн боловч ирээгүй байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэм буруутайд тооцсоны дараа мэдүүлэхдээ:.Хохирол төлбөр төлсөн баримт банкнаас авч ирэх тул шүүх хуралдааныг завсарлуулах саналтай байна. Завсарлагын хугацаа дуусаж хуралдаан үргэлжлэхэд шүүгдэгч нь хаан банкны дансны хуулга баримтаар шүүхэд гаргаж өгсөн болно.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Доржсүрэнгийн “...2020 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” гэх нэртэй бааранд найз Б.Жунайгийн хамт шоудаж байхад нэг залуутай би маргалдаад улмаар тэр залуу шууд миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Намайг мөргөхөд хамраас цус гараад би хамраа бариад доошоо тонгойсон чинь тэр залуу дахиад хөлөөрөө миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн...Хамрын яс маань хугарчихсан байна гэсэн...Би толгойны зураг 120.000 төгрөгөөр авхуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13089 дугаартай “...М.Доржсүрэнгийн биед хамар ясны хугарал, духанд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Ш-ийн “...Би гадна тамхи татаад зогсож байхад Б.Содхүү залгаад “чи хаана байгаа юм бэ, эд нар чинь намайг аллаа ш дээ” гэхээр нь би баар руу буцаж ороод Б.Содхүү дээр очиход Б.Содхүү буйдан дээр нөгөө залуугаар дээрээсээ даруулчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би Б.Содхүү тэр хоёрыг салгасан чинь нөгөө /М.Доржсүрэнтэй/ залуутай хамт явж байсан нэг залуу нь миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. Улмаар Б.Содхүүг би аваад буйдангийн дэргэд зогсож байхад хөл рүү өшиглөсөн залуу намайг цохиж ирж байхад нөгөө залуу /М.Доржсүрэн/ нь урдуур ороод улмаар би нүүр рүү нь нэг цохичихсон юм. Дараа нь баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгаад тэр залууг гадагшаа аваад гарсан ба сүүлд царайг нь харсан нүүрнээс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ш нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” нэртэй шөнийн цэнгээний газарт үл таних М.Доржсүрэнтэй “бусдыг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Доржсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13089 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Ш-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Г.Ш нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” нэртэй шөнийн цэнгээний газарт үл таних М.Доржсүрэнтэй “бусдыг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

 Шүүгдэгч Г.Ш нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Улсын яллагч: Г.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэг буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хийсэн үйлдэлдээ харамсаж байна гээд хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Иймд шүүгдэгч Г.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол, төлбөр төлөгдөөгүй/ гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, улсын яллагчийн санал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хохирогч М.Доржсүрэн нь баримтаар 120.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирол төлөх зорилгоор ажлын нэг хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч боловч хохирол төлсөн талаарх Хаан банкны баримт ирүүлсэн нь хангалттай нотлох баримт болохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Ш-өөс 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Доржсүрэн /Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, олимп хотхон 119-75 Б тоотод оршин суудаг, РД: ЗП91121518/-д олгуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Г.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Ш-өөс 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Доржсүрэн /Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, олимп хотхон 119-75 Б тоотод оршин суудаг, РД: ЗП91121518/-д олгосугай.

6. Шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ