Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/281

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Т.Отгонтөгс, хохирогч Ш.Б, шүүгдэгч Г.Т, Н.Б, тэдний өмгөөлөгч Б.Шихихутаг, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ц.А, Б овгийн Г.Т, Б овгийн Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03600 0087 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овгийн Ц.А, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эх, хоёр дүүгийн хамт Төв аймгийн Дэлгэрхаан сумын ** дугаар багт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд: 

- Төв аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Төв аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 54а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 

- Булган аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан. 

2. Монгол Улсын иргэн, Б овгийн Г.Т, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхон, *** байрны *** тоотод оршин суудаг, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг гэх, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ХМШЗ/78 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.   

3. Монгол Улсын иргэн, Б овгийн Н.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, Архангай аймгийн Их тамир сумын *** багт оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Овоотын *** 16 настай, 6 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.А, Г.Т, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 26 дугаарын байрны зүүн талын талбай дээр хохирогч Ш.Б-н эзэмшлийн “Samsung S8 plus”, “Samsung S6” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, бусдад 755,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Ц.А, Б овгийн Г.Т, Б овгийн Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд хохирогч Ш.Б-н эд хөрөнгө болох “Samsung S8 plus”, “Samsung S6 plus” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, бусдад 755,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Т-ий шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны орой эхнэр Н.Б-ийн хамт *** гэх кафед шар айраг ууж байгаад гарсан. Манай эхнэр жаахан согтуу ард үлдсэн. Би “В” баарны үүдэнд очоод А-тай уулзаад дахин 2 шил шар айраг уугаад эхнэрийг ирэхгүй болохоор нь хойшоо харахад 26 дугаар байрны орчимд хохирогч Б-тай хамт алхаж байсан. Би А-ын хамт араас нь очиход эхнэр хохирогчийг сугадаад алхаж байсан. Чи юу хийж байгаа юм бэ гэж хэлээд намайг хохирогчийн араас нь бооход Хаан банкны төлбөрийн карт, 1 ширхэг гар утас унасан. Манай эхнэр түрүүлээд зам гараад алхсан. Би төлбөрийн картыг нь сандал дээр орхиод, гар утсыг нь аваад эхнэрийнхээ араас явсан. Манай эхнэр гар утас авахыг хараагүй, мэдээгүй, дээрэм хийнэ гэж урьдчилж төлөвлөсөн зүйл байхгүй. Би S8 загварын гар утсыг, А S6 загварын гар утсыг нь авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тэр үед хохирогч жийнс өмдтэй явж байсан гэж худлаа хэллээ. Хохирогч хар өнгийн нэлмэгэр биеийн тамирын өмдтэй байсан юм. Миний авсан гар утасны төлбөр болох 270,000 төгрөгийг манай эхнэр төлсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Ц.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө “В” бааранд Т-тэй таараад 2 шил шар айраг уусан. Т намайг хойшоо 26 дугаар байр луу хамт яваад ирье гэхээр нь хамт явсан. Тий эхнэр Б 26 дугаар байрны сандал дээр хохирогчтой хамт сууж байсан. Т хохирогчийг эхнэртэйгээ хардаад араас нь татаж сандлаас унагасан. Хохирогчийн халааснаас юм унах шиг болсон, би анзаараагүй. Т, Б нар яваад өгсөн. Хохирогч намайг зуураад, бид хоёр хамт цагдаагийн хэлтэс дээр очиж тэндээс хамт хоноод, өглөө нь явсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

3. Шүүгдэгч Н.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Энэ хэргийг би огт санахгүй байгаа. Манай нөхөр Г.Т гар утас аваад зугтсан талаар би мэдээгүй. Цагдаа дээр дуудагдаж ирэхдээ хэргийн талаар мэдсэн. Хохирол төлбөрт 270,000 төгрөг өгчихвөл энэ хэргээс сална гэхэд нь би хэргийг хүлээн зөвшөөрсөн юм. Би тухайн үед түрээсийн байраар амьдарч байсан бөгөөд барилга дээр ажиллаж байсан. Би хүүхэд байхдаа мориноос унаж байсан бөгөөд түүнээс хойш ухаан алддаг, мартамхай болсон, мөн толгой байнга өвддөг. Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан. Би 16, 6 настай хоёр хүүхэдтэй, мөн одоо бие давхар жирэмсэн байгаа ба саяхан жирэмсний хяналтад албан ёсоор орсон...” гэсэн мэдүүлэг;

4. Хохирогч Ш.Б-н шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хархорин захын арын үйлчилгээний төвд байрлах “С” гэх газарт Б-тэй таарсан. Би тэр газраас ундаа аваад гарч ирэхэд Б хүрч ирээд “танилцъя, хаашаа явах гэж байгаа юм бэ, завтай бол хамт бааранд орж юм уух уу” гэж хэлэхэд нь би эхэндээ их гайхсан. Тэгээд бид хоёр хамтдаа “В” бааранд ороод шар айраг ууж байгаад, дараа нь Б намайг дагуулж гарсан. Бид хоёр буцаад “С” орж, би Б-т ундаа авч өгсөн. Б “чи намайг гэрт дөхүүлээд өгчих” гэсэн. Бид хоёр 26 дугаар байрны араар явж байхад “жаахан сууж амарцгаая” гэж хэлсэн. Тэгэхэд араас Т, А хоёр дагаж байсан юм байна лээ. Би сүүлд баарны камерын бичлэг болон “С” дэлгүүрийн камерын бичлэгийг үзэхэд Б байн байн гарч гүйгээд хоёр залуутай уулзаад байсан. Тэр хоёр залуу нь Т, А хоёр мөн байна. Б намайг зориуд 26 дугаар байрны зүүн талын сааданд дагуулж очсон гэж үзэж байна. Учир нь, тэрээр явган хүний замын эсрэг тийш харж сууя гээд байсан бөгөөд бид хоёр бандан сандал дээр буруу харж суусан юм. Тэр үед Т миний араас боож, А, Б нар өмдний халаасанд байсан 2 ширхэг гар утсыг дээрэмдэж аваад, Т хойшоо алхаад, Б зам хөндлөн гараад автомашинд суугаад явсан. Би бариу загварын жийнс өмдтэй байсан учраас миний гар утас өөрөө унах боломжгүй, гараа хийж авахад ч тийм амархан биш. Тийм учраас би тэднийг халаас руу гараа хийж, гар утас авч байгааг нь сайн мэдсэн юм. Тухайн үед миний эгэм гэмтэлтэй байсан учраас би гар хөдөлгөж, эсэргүүцэж чадаагүй юм. Би тэр гурвыг гурван тийш зугтах үед нь А-ыг барьж авч үлдсэн бөгөөд би түүнд “миний гар утсыг өгчих, миний бүх юм байгаа, мөнгө хэрэгтэй бол би өгнө” гэж зөндөө хэлж, гуйсан. Би Аыг дагуулаад “С” дэлгүүрийн худалдагч дээр очоод, болсон явдлыг хэлэхэд, тэрээр надад цагдаа дуудаж өгсөн юм. Цагдаа иртэл би А-тай хамт байсан. А-ыг Хархорин захын архичин хүмүүс бүгд мэдэж байсан. Бид хоёрын хажуугаар зөрсөн хүн болгон А-ыг таниад “чамайг дээрэмдсэн юм уу” гэж хэлж байсан. Цагдаа нар ирээд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст очсон. Би “***” гэдэг хятадын хөрөнгө оруулалттай компанид менежер хийдэг байсан. Хятадын хөрөнгө оруулалттай компани тул бүх үйл ажиллагаа утсаар явагддаг, гар утас холбогдохгүй бол ажил тасалсанд тооцдог, мөн утсан дээр ажлын хэрэгцээтэй дугаар, зураг гэх мэт маш олон чухал зүйлс байсан боловч бүгд алга болсон. Цагдаа дээр очиход А-ын биеэс гар утас гарч ирээгүй. Мөрдөн байцаалтын үед нэг мөрдөн байцаагч намайг дуудаад “та 3 хүнд дээрэмдүүлсэн гэж мэдүүлсэн байна, үүнийгээ боль. Б нь олдохгүй хөдөө явсан байна, Т, А нар л дээрэмдсэн байна, энэ хоёр хүн дээр гомдол гарга” гэж хэлсэн. Гэтэл бодит байдал дээр Б нь хамгийн гол хүн бөгөөд намайг зориуд дагуулж явж байгаад 26 дугаар байрны зүүн талын сааданд аваачсан. Харин нөгөө хоёр нь араас дагаж байсан юм билээ. Би “Samsung S8 plus” гар утсаа имей кодоор нь өөрөө олж авсан боловч доторх мэдээллүүд нь устгагдсан байсан. Харин “Samsung S6 plus” утас олдоогүй, одоо болтол хохирол нь төлөгдөөгүй байна...” гэсэн мэдүүлэг;

5. Хохирогч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй 24 цагийн дэлгүүрээр үйлчлүүлж байгаад гараад явж байхад нэг эмэгтэй араас дуудаад “ганцаараа явж байгаа бол хамт явъя” гэсэн. Тэгээд бид 2 хамт “В” нэртэй шөнийн цэнгээний газар орж  нэг нэг шил шар айраг уусан. Тэндээсээ гараад дахин “С” нэртэй 24 цагийн дэлгүүрээр орж юм идсэн. Дараа нь 26 дугаар байрны хавьд явж байхад тэр эмэгтэй “энэ сандал дээр сууя” гэж хэлсэн. Сууж байхад 2 эрэгтэй ирээд “та 2 юу хийж байгаа юм бэ” гэхээр нь “би чамайг танихгүй юм байна” гэтэл нэг нь араас боогоод хамт явсан эмэгтэй нөгөө эрэгтэйн хамтаар миний халааснаас 2 ширхэг гар утас аваад зугтсан. Би зууралдаж байж нэг эрэгтэйг цагдаад хүлээлгэж өгсөн. Ямар ч байсан нэг эрэгтэйтэй нь ноцолдсон, өөрөөр намайг боосон, зодож цохисон асуудал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нэг эрэгтэйтэй зууралдаж байхад нөгөө эрэгтэй, нэг эмэгтэй нь халааснаас 2 ширхэг гар утас аваад зугтсан. Миний алдсан гар утас Samsung S8 plus, Samsung S6 plus загварын гар утаснууд байсан. Samsung S6 plus гар утсыг 2017 онд 600,000 төгрөгөөр авч байсан, имей дугаар байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-41 дүгээр хуудас);

6. Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “С” дэлгүүрт харилцагч үйлчилгээний ажил хийдэг. 2019 оны 7 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө хуваарийн дагуу ажилтай байсан. Шөнийн 02 цагийн үед ногоон цамцтай, архи үнэртүүлсэн ах орж ирээд манайхаас Hot Dog авч идээд цонхны хажуугийн сандал дээр сууж байсан. Би тухайн үед ажлаа хийгээд явж байгаад заал руу гарахад манай ажлын гадаа нэг эгч зогсож байсан. Нэг харахад тэр 2 гадаа хамт зогсож байгаад хамт дэлгүүрт орж ирсэн. Миний харж байгаагаар тэр эмэгтэй нь архи уусан бололтой харагдаж байсан. Тэр 2 нэг ундаа авч хамт ширээн дээр суугаад нэлээн байж байгаад дэлгүүрээс бохь аваад хамт гараад явсан. 30 минутын дараа ногоон цамцтай ах нэг залууг дагуулж орж ирээд “ахдаа цагдаа дуудаад өг, энэ залуу болон хамт явсан хүүхэн, залуу 2 миний хоолойг араас боогоод, 2 ширхэг гар утсыг дээрэмдчихлээ” гэж хэлсэн. Цагдаа хүлээж байхдаа би тамхилах гээд гадаа гарахад *** автомашинд ногоон цамцтай ахтай хамт гарсан эгч машины ар талын суудал дээр суучихсан, дэлгүүрээс авсан ундаагаа уугаад, хажууд нь нэг залуу мөн суучихсан байсан. Тэр 2 нуугдсан шинжтэй хараад сууж байсан. Би буцаж ажил руугаа ороод ногоон цамцтай ахад гадаа машинд  нөгөө эгч сууж байна гэж хэлээд эргээд харахад машин хөдлөөд явсан байсан. Удалгүй цагдаа ирээд тэр 2-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-52 дугаар хуудас);

7. Иргэний нэхэмжлэгч У.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-аас 20-ны өдрийн хооронд би гар утас худалдан авахаар фейсбүүкийн “гар утасны хар зах” гэсэн групп рүү ороход “Samsung S8 plus” загварын утас таалагдаж, пост оруулсан хүнтэй нь холбогдож уулзаад, уг гар утсыг 270,000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг гар утсанд өөрийн дугаараа хийгээд барьж байхад 2020 оны 2 дугаар сарын эхээр цагдаагаас хурааж авсан. Надад утас зарсан хүний мэдээлэл одоо байхгүй, учир нь тэр цагаас хойш 2 жил өнгөрсөн байна. Би Г.Т, Ц.А .Н.Б гэх хүмүүсийг танихгүй. Гар утас худалдаж авсан 270,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-43 дугаар хуудас);

8. Гэрч Г.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** улсын дугаартай автомашинаа “***” ББСБ-аас зээлээр авсан учраас өдрийн цагаар ажлаа хийгээд шөнийн цагаар такси үйлчилгээнд явдаг. Машины жинхэнэ эзэн манай эхнэр О, гэхдээ би унаж явдаг. Би Г.Т, Ц.А, Н.Б гэх хүмүүсийг таньж мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед би такси үйлчилгээнд явж байсан байх ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71-73 дугаар хуудас);

9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 22-24 дүгээр хуудас), Дамно хөрөнгийн үнэлгээний газрын “...Samsung S8 plus, Samsung S6 plus загварын загварын гар утсыг 755,000 төгрөг гэсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 80-81 дүгээр хуудас);

10. 2019 оны 9 сарын 13-ны өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн: “...Хохирогч Ш.Б нь тухайн хүнийг нүүр, биеийн өндрөөр нь танина. ...2 ба 8 дугаартай хүмүүс мөн байна. Тухайн үеийн нүүр царай мөн байна. Би шууд хараад таньж байна...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 27-30 дугаар хуудас) гэсэн тэмдэглэл,

11. 2021 оны 2 сарын 01-ний өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн: “...Хохирогч Ш.Б нь намайг дээрэмдсэн гэх эмэгтэйг өмсөж явсан хувцас, нүүр царай төрх, биеийн байдлаар нь танина. ...4-н эмэгтэйгээс 3 дугаартай номер барьсан эмэгтэйг таньж байна. ..Уг хүний дүр төрх өөрчлөгдсөн зүйл байхгүй, бага зэрэг махлагдуу болсон шиг харагдаж байна...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 31-33 дүгээр хуудас);

12. Юнитель ХХК-н 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 05-е1/7880 дугаартай “*** гэсэн имэй дугаар нь У овогтой Н гэсэн хэрэглэгчтэй байна...” гэсэн лавлагаа;

13. Шүүгдэгч Г.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 сарын 6-7-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, “С” гэх газраас хохирогч гарч явсан. Тэр үед манай эхнэр Б уг хүнтэй уулзаад 26 дугаар байрны тоглоомын хойд талын саадад очиж суусан. Би А-ын хамт очоод “юу хийж байгаа юм бэ” гээд хохирогчийг араас нь боох үед гар утас нь газарт унасан. Тэгээд би нэг утсыг нь аваад эхнэрийн хамт явсан. Харин А нөгөө утсыг нь авсан. Тэндээс эхнэрийн хамт такси бариад гэр рүүгээ явсан. Гар утсаа 80,000 төгрөгөөр зарсан. Архи уух зорилготой хүний гар утсыг дээрэмдэн авсан. А өөрөө надад “нэг гар утсыг нь авсан, 70,000 төгрөгөөр зарсан” гэж хэлж байсан. Би тухайн үед А-т “манай эхнэрийг тэнд явсан гэж яах гэж хэлсэн юм бэ” гэж хэлсэн. Манай эхнэр Архангай аймгийн Их тамир суманд байгаа. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 117-120 дугаар хуудас);

14. Шүүгдэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 сарын 6-7-нд шилжих шөнийн 02 цагийн үед Б баарны орчим явж байгаад Т-тэй таарсан. Тэр үед Т надад 2 шил пиво авч өгсөн. Уг пивыг уучхаад байж байхад Т намайг 26-р байр руу явчхаад ирье гэж хэлээд дагуулаад явсан. Байрны гадаа очиход Т-ий эхнэр болох Ч нэг залуутай сууж байсан. Тухайн үед Т уг залууд “яагаад эхнэр оролдоод байгаа юм бэ” гээд сууж байсан сандал дээр нь татаж унагаасан. Тэр үед хохирогч залуугийн халааснаас эд зүйл унах шиг болсон. Түүнийг Т эхнэр Чимгээгийн хамт аваад зугтааж, төв замаас 1 машинд суугаад явсан. Харин намайг хохирогч залуу барьж аваад улмаар цагдаа дуудаж цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Т надад “нэг утсыг нь чи авсан болчих, эхнэрийг энэ хэрэгт оролцуулаад яах юм” гэхээр нь би нэг гар утсыг нь аваад нуусан гэж худал мэдүүлж байсан....Надад ашиг хувь хүртсэн зүйл байхгүй. Уг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Гэмт хэргийг үйлдэх санааг Т эхнэрийгээ хардаж улмаар шууд тэр даруй гаргасан. Тухайн үед гар утас дээрэмдэн аваад хэд хоног сураггүй алга болсон...” “...Би сонсгож байгаа ял болон холбогдох зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 111-115 дугаар хуудас);

15. Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би болж өнгөрсөн үйл явдлыг санахгүй байна, гэхдээ намайг оролцсон гэж гэрч, хохирогч, яллагдагч нар мэдүүлж байгаа бол хүлээн зөвшөөрч байна. Би ер нь мартамхай учраас одоогоос 2 жил орчмын өмнө болсон асуудлыг сайн санахгүй байна. Нөхөр Т-ийг хайж яваад ийм үйлдэлд хамтран оролцсон байх. Би тэнд байсан бол нөхөр Т-ий хамт зугтсан байх. Samsung S8 plus, Samsung S6 plus гар утсыг Т, А нар зарсан байж магадгүй. ..Би анхны хүүхдээ 2004 онд төрүүлсэн, түүний эцгээс салсан. Түүнээс хойш Улаанбаатар хотод ажил хийж явж байгаад Т-тэй 2010 онд танилцсан улмаар бид 2 гэр бүлд болж дундаасаа 2014 онд нэг хүүхэдтэй болсон. Хүү маань одоо 1 дүгээр ангийн сурагч, харин би одоо 2 сартай жирэмсэн. Архангай аймагт эхо-д орж хяналтад бүртгүүлсэн байгаа. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 121-125 дугаар хуудас);

16. Шүүгдэгч Г.Т-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 134 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг хуудас (хх-ийн 141 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 176 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 156 дугаар хуудас), Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 305 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 171-174 дүгээр хуудас), Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамж (хх-ийн 175-176 дугаар хуудас), Архангай аймгийн прокурорын газрын “Г.Т-д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй” талаарх албан бичиг (хх-ийн 226 дугаар хуудас);

17. Шүүгдэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 130 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг хуудас (хх-ийн 142 дугаар хуудас), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 126, 238 дугаар хуудас), эхо, дүрс оношилгооны зураг, чанд авиан шинжилгээ (хх-ийн 128 дугаар хуудас), сэтгэцийн эрүүл мэндийн төвийн “Н.Б нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болон амбулаторийн хяналтад байдаг гэх баримт байхгүй” гэх тодорхойлолт (хх-ийн 225 дугаар хуудас), хохирол төлсөн баримт (шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн);

18. Шүүгдэгч Ц.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 138 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг хуудас (хх-ийн 140 дүгээр хуудас), Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 147-150 дугаар хуудас), Төв аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 54а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 164-165 дугаар хуудас), Өршөөл үзүүлэх комиссын тогтоол (хх-ийн 166 дугаар хуудас), Булган аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 168-169 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Шихихутаг: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Т, Н.Б нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Т гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн авсан гар утасны 270,000 төгрөгийн хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогч Б нь Бийг уруу татаж, бааранд оруулж, согтууруулах ундаа өгч дагуулж явсан. Улмаар Т-ий нүдэн дээр эхнэрийг нь оролдож сандал дээр сууж байхад нь Т ирж эхнэртэйгээ хардаж, зууралдах явцад хохирогчийн халааснаас гар утас унаж, энэ үед л гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт гэнэт төрсөн байна. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй, цохиж зодоогүй. Шүүгдэгч Б-ийн хувьд энэ хэргийг үйлдэх санаа зорилго огт байгаагүй. Хохирогч мэдүүлэхдээ боолгох үедээ дээшээ харсан, мэдэрсэн гэж байна. Халааснаас нь хэн гар утсыг авсан гэдгийг тогтоох боломж байхгүй. Мөн хохирогчийн өгсөн мэдүүлгээр Б “...та нар хэн бэ? юун хүмүүс вэ? гэж хэлсэн...” гэж байгаа нь тэр үедээ Б согтолттой байсан, таньдаг хүнээ ч танихгүй болсон байсан нь харагдаж байна. Болж байгаа үйл явдлыг ойлгох чадваргүй болтлоо согтолттой байсан байна. Гэрч Т-ын мэдүүлэгт “...миний харж байгаагаар тэр эгч архи уусан бололтой харагдаж байсан...” гэсэн нь мөн Б-ийн согтуу байсныг нотолж байна. Иймд Б-ийг өөрийгөө удирдан жолоодох, өөрийнхөө үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан гэж үзэж байна. Энэ нь дан ганц архи, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэснээс болоогүй, түүний эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой гэж үзэж байна. Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...би мартамхай тул одоогоос 2 жилийн өмнө болсон үйл явдлыг сайн санахгүй байна...” гэж хэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Б-тэй уулзаж ярилцахад үйлдсэн хэргийнхээ талаар үнэхээр санахгүй, тайлбар өгч чадахгүй байсан учраас эргэлзээ төрж байсан. Б өөрөө багадаа мориноос унаж тархи толгой өвддөг, мартамхай болсон, хожим унаж татдаг болсон, үүнээс болж эмнэлгээр явж байсан гэж хэлж байсан. Иймээс сэтгэцийн байдлыг шалгуулах хүсэлтээ урьд гаргаж байсан. Одоо гаднаас нь харахад эрүүл мэт харагдаж байгаа ч хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэвийн биш байсан байж болох юм. Үүнийг мэргэжлийн шинжээч томилж мэдэх боломжтой байсан гэж үзэж байна. Хохирогч халааснаас гар утсыг авсан гэж мэдүүлдэг боловч хэн, яаж авсан болох нь тодорхойгүй. Хохирогчийг араас нь боох үед өөрийнх нь халаасанд хэн гараа хийж авч байгааг харах боломжгүй. Т гар утсыг нь халааснаас нь аваагүй газар унахад газраас авсан. Мөн Б уг хэрэг оролцоогүй, гар утас авсан гэдгийг мэдээгүй гэж мэдүүлсэн. А мөн Б энэ хэрэгт оролцоогүй, гар утас авсан гэдгийг хараагүй гэж мэдүүлсэн. Иймд Б хохирогчийн халааснаас гар утас авсан буюу гэмт хэрэг оролцсон болох нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа тул Бийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь анх хохирогч Ш.Б-д “танилцъя, хамт сууя, шар айраг ууя” гэсэн санал гаргасан, улмаар тэд Хархорин үйлчилгээний төвийн урд байрлах “B” бааранд орж, шар айраг ууцгаасан, дараа нь үйлчилгээний төвийн зүүн хойно байрлах “С” сүлжээ дэлгүүрт буцаж орсон, тэндээсээ гараад шүүгдэгч Н.Б-ийн санал болгосноор ертөнцийн зүгээр хойш чиглэн 200 метр орчим зайд 26 дугаар байрны зүүн талд байрлах бандан сандал дээр, мөн шүүгдэгч Н.Б-ийн саналаар явган хүний замын эсрэг тийш буруу харж сууцгаасан байна. Харин тэр үед Т, А нар ирж, хохирогч Ш.Б-н араас довтолсон бөгөөд 2 ширхэг гар утсыг нь жийнс өмдний халааснаас нь хүч хэрэглэн авч зугтаасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Т П гэх бааранд шүүгдэгч Н.Б-тэй хамт шар айраг уучхаад салсан гэх боловч тэрээр 30 минут орчмын дараа шүүгдэгч Н.Б-ийг 26 дугаар байрны зүүн талд хохирогчтой хамт сууж байхад нь олж очсон, мөн эхнэртэйгээ хардсан гэх нөхцөл байдал эргэлзээ бүхий байна. Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд “...Би “B” баарны үүдэнд очоод А-тай уулзаад 2 шил шар айраг уугаад, эхнэрийг ирэхгүй болохоор нь хойшоо харахад 26 дугаар байрны орчимд хохирогчтой хамт алхаж байсан. Би А-ын хамт араас нь очиход эхнэр хохирогчийг сугадаад алхаж байсан...” гэж мэдүүлсэн. Харин шүүх интернэт сүлжээнд бүх нийтэд нээлттэй байдаг “Google map” программ ашиглан шалгаж үзэхэд “B” баар нь Хархорин үйлчилгээний төвийн урд байрлалтай байх бөгөөд тэр газраас хойш 26 дугаар байр хүртэл 300 гаруй метр зайтай байна. Мөн үйлчилгээний төв болон 26 дугаар байрны дунд 27 дугаар байр байрлах бөгөөд “B” баарны гаднаас буюу үйлчилгээний төвөөс гэмт хэрэг гарсан 26 дугаар байрны зүүн талыг харж чадахааргүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд “...Хохирогч тэр үед жийнс өмдтэй явж байсан гэж худлаа хэллээ. Хохирогч хар өнгийн нэлмэгэр биеийн тамирын өмдтэй байсан юм...” гэж мэдүүлсэн боловч хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан 2, 3 дугаартай гэрэл зургаас хохирогч Ш.Б нь халдлагад өртөх үедээ хар хөх өнгийн жийнс өмдтэй явж байсан нь тогтоогдохын зэрэгцээ хохирогчийн мэдүүлэг батлагдаж, шүүгдэгч Г.Т-ий мэдүүлэг няцаан үгүйсгэгдсэн болно.

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хэргийн талаар санахгүй байгаа зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахгүй, мөн түүний гэм бурууг үгүйсгэхгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.    

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гэмт хэргийн халдлагын зүйл болох “Samsung S8 plus”, “Samsung S6 plus” загварын гар утсыг нийт 755,000 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 755,000 төгрөгөөр тогтоолоо.

Шүүгдэгч Ц.А, Г.Т, Н.Б нарын үйлдэл идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хор уршгийг зориуд хүсэж бий болгосон байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар бүлэглэж довтолсон шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.А, Г.Т, Н.Б нарыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар бүлэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын үнэлгээний тайланд “Samsung S8 plus” загварын гар утсыг 535,000 төгрөгөөр,  “Samsung S6 plus” загварын гар утсыг 220,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд хохирогч Ш.Б “Samsung S8 plus” загварын гар утсаа биет байдлаар буцаан авсан байна. Харин иргэний нэхэмжлэгч У.Н нь уг гар утсыг гэмт хэргийн зүйл болохыг мэдэлгүй 270,000 төгрөгөөр худалдан авсан байх тул энэ гэмт хэргийн улмаас төлөх төлбөрийг буцаан олгогдсон гар утастай холбоотой иргэний нэхэмжлэл болон буцаан олгогдоогүй, олдоогүй гар утасны үнэлгээний нийлбэрээр тооцох нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэлийн 270,000 төгрөг дээр “Samsung S6 plus” загварын гар утасны үнэлгээ болох 220,000 төгрөгийг нэмээд, 490,000 төгрөгийг гурван шүүгдэгчээс хувь тэнцүүлэн хүн тус бүрээс 163,333 төгрөг гаргуулахаар байна. Үүнээс шүүгдэгч Г.Т, Н.Б нар 270,000 төгрөг буюу нэг хүнд 135,000 төгрөг ногдох байдлаар урьдчилан төлжээ. Харин шүүгдэгч Ц.А ямар нэгэн хохирол, төлбөр төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Ц.А-аас 163,333.0 төгрөгийг, шүүгдэгч Г.Т, Н.Б нараас тус бүр 28,334.0 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ш.Б-д олгох нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Шихихутаг, Ч.Отгонбаатар нарын хүсэлтээр шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар буюу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл завсарлуулсан бөгөөд шүүгдэгч Ц.А өөрт ногдох 163,333.0 төгрөгийн хохирлыг төлөөгүй хэвээр, харин шүүгдэгч Г.Т, Н.Б нар хохирогчтой тохиролцсоны үндсэн дээр 150,000.0 төгрөгийг сайн дураараа төлсөн байна. Иргэний хуулийн гэм хор арилгах хэм хэмжээ, зарчмын дагуу шүүхээс тогтоосон төлбөрөөс илүү төлсөн талуудын тохиролцоог шүүх хөндөхгүй бөгөөд тэдний илүү төлсөн үнийн дүнг шүүгдэгч Ц.А-ын төлөх төлбөрт тооцох боломжгүй гэдгийг дурдах нь зүйн хэрэг.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Ц.А, Н.Б нарт тус бүрд нь 02  жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Г.Т-ий хувьд 2020 оны 06 сарын 23-ны өдрийн Хэнтийн аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 78 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 25 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 02 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож, дээрх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Т, Ц.А нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Хохирогч Ш.Б эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэрэг үүсээд 2 жил болсон байна. Сая завсарлах хугацаанд Т, Б нарын өмгөөлөгч надтай уулзсан. Т, Б нар үйлдсэн хэргээ хүлээж, надаас уучлалт гуйж, хохирол болон бусад зардалд тооцон 150,000 төгрөг өгсөн тул тэдэнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. А-ын өмгөөлөгч надтай ямар нэгэн байдлаар харилцаагүй, хохирлоо төлөөгүй тул гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар эрүүгийн хариуцлагын талаар: “...А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй,  хохирол төлөхөө илэрхийлсэн боловч ар гэрийн зүгээс төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Улсын яллагчийн гаргаж буй ялын саналаас нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг нь хүлээн зөвшөөрч байна. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Шихихутаг эрүүгийн хариуцлагын талаар: “...Б-ийн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон тул миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйж, хохирлоо бүрэн төлсөн. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо жирэмсэн байгаа, мөн өрх толгойлсон эмэгтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Т анхнаасаа гэм буруугаа хүлээсэн бөгөөд хохирлоо төлсөн тул мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж өгнө үү...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Т, Н.Б нар нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Ц.А-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Т, Н.Б нар нь гэм буруугийн талаар маргасан буюу гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөгүй, харин шүүгдэгч Ц.А нь бүлэглэж үйлдсэн талаар хүлээн зөвшөөрсөн боловч хохирлоо төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдэл оролцоо, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Г.Т нарт хоёр жил зургаан сарын, шүүгдэгч Н.Б-т хоёр жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь одоо жирэмсэн байгаа боловч тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилийн хугацаагаар оногдуулахаар тогтоосон хүнд гэмт хэрэг үйлдсэн тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Г.Т Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/305 дугаар тогтоолоор нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ХМШЗ/78 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар эдлээгүй үлдсэн 01 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоожээ. Түүний хяналтын хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 23-аас 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хамаарч байна.

Харин шүүгдэгч Г.Т-ий үйлдсэн бөгөөд энэ шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцоогдсон “дээрэмдэх” гэмт хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө буюу дээрх хяналтын хугацаанаас нэг жилийн өмнө үйлдэгдсэн байх тул түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэл алга.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан ялтан хяналтын хугацааны дотор санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг ... нэмж нэгтгэнэ.” гэж зааснаар тухайн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үр дагавар бий болох учиртай.

Шүүгдэгч Г.Т, Ц.А нар нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нийт 51 (тавин нэг) хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Т, Н.Б нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Ц.А, Б овгийн Г.Т, Б овгийн Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар бүлэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Г.Т нарт хоёр жил зургаан сарын, шүүгдэгч Н.Б-т хоёр жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Г.Т, Ц.А, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Ц.А нарын цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-аас 163,333.0 төгрөг гаргуулан хохирогч Ш.Б-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Т, Н.Б нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Т, Ц.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Т, Н.Б нарын асрах хүнгүй үлдэж буй бага насны хүүхэд болох зургаан настай Б овгийн Т-ий Т (РД:***)-т хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг хүүхдийн оршин сууж буй харьяалах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Т, Ц.А, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                       

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА