| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Х.Д /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д холбогдох эрүүгийн 2129000040031 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Д нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг баг, Хар Овоо гэх газар иргэн Ц.Цогт-Очиртой хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “малын бэлчээр дээр ирж буусан” гэх шалтгаанаас маргалдан улмаар Ц.Цогт-Очирыг зодож эрүүл мэндэд нь зулайд шарх, баруун гарын 2 дугаар хураа, зүүн гарын 3, 4 дүгээр хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д холбогдох эрүүгийн 2129000040031 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ:
Би адуу туугаад явж байсан. Түүнээс 1 хоногийн өмнө ядарсан байдалтай 2 хүн намайг адуугаа эрээд явж байхад төөрчихсөн Хар толгой гэх газар хаана байдаг юм гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр хүнийг жоохон буруу явж байна. Зүүн тийшээ явах хэрэгтэй. Ус чинь ханах юм уу? ус их муу, хонох юм уу? гэж асуухад фургондоо хоноод явна гэж хэлсэн. Би хүү Энх-Эрдэнэтэйгээ явж байсан. Бид хоёр хоорондоо ярилцаад энэ хоёр их ядарсан хүн байна гэж хэлж байсан. Тэгээд гэртээ очиж эхнэр хүүхэдтэйгээ ярилцаад адилхан малчин ядарсан хүмүүс байна туслах юмсан гэж хэлсэн. Маргааш нь эрж байсан адуугаа олчихоод явж байтал хонио туучихсан явж байсан. Тэгээд би адуугаа хаячихаад ямар нэгэн санаа өвөртөлж очоогүй. Юу болж байна. Ус чинь ханаж байна уу? гэж асуухад Ц.Цогт-Очир ус ханах чамд ямар хамаатай юм бэ? гээд шууд түрийнээсээ хутга гаргаж ирээд хоолойнд тулгасан. Тэгэхээр нь би мангар хүн юм болов уу? гэж бодоод мотоциклоо хаячихаад яаж байнаа чи гэсэн чинь тэрээр өөрийгөө шоронгоор 15 жил явсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би мангар хүн байна яриад ч яахав гэж бодоод гайхаад мотоциклоо унаад гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод машинаа аваад огт танихгүй хүн над руу яагаад үгийн зөрүүгүй хутга тулгадаг юм бол гэж бодоод асуухаар машиндаа суулгаад буцаад очсон. Би машинтай явж байхдаа миний хүү ойртож болохгүй шүү. Машиндаа ойрхон байгаарай. Хэрвээ хутгалаад аав нь янз бүр болох юм бол шууд машинаа унаад зугтаагаарай гэж хэлсэн. Би хохирогч Ц.Цогт-Очирыг зодож гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 300.000 төгрөг өгсөн, хохирогч гомдол саналгүй болсон гэв.
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-3/,
-Х.Д өргөдөл /хх-ийн 11/,
-2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 12/,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/,
-Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цогт-Очирын өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цогт-Очироос дахин авсан мэдүүлэг авсан /хх-ийн 32-33/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Д дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 38/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд И.Цогт-Очирын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цогт-Очирын гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 41/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Энх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 44/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Хатанбаатар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Өлзийчимэгийн мэдүүлэг /хх-ийн 46-47/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Санжаасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 48/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Мөнхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 49/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбадэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 50/,
-Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №1 дугаартай “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 55-57/,
-Өмнөговь-БОЭТөвийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №36 дугаартай “Шүүх сэтгэцийн дүгнэлт” /хх-ийн 62-64/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Баярхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 68/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72/,
-Шүүгдэгч Х.Д хүсэлт /хх-ийн 73/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссын шийдвэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хохирлын баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт, Х.Д хүсэлт /хх-ийн 79, 83-84, 86, 88, 89, 90, 91, 92, 100-107, 131/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Хохирогч Ц.Цогт-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хандцэрэн овогтой Д модоор толгой руу цохиж зулайд шарх үүсгэж, хоёр гараараа хамгаалахад гарын шарх үүссэн...”, “тухайн үед намайг хутга гаргаад ирэхэд тэр хоёр хүн надаас зайгаа аваад зугтахад нь би хадан овоо руу зугтсан тэгэхэд араас Д хүүгээ том чулуу шид гэж байсан тэгтэл ташаа хэсэг рүү чулуугаар оносон би бодохдоо тэр хүүгийн шидсэн чулуу намайг оноод Д ирээд модоор цохичихлоо гэж бодсон би тухайн үед яг тэр хүүгийн шидсэн чулуу намайг оносныг нүдээр хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
-Гэрч А.Санжаасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Цогт-Очир 98328199 дугаарын утаснаас надтай 98051121 дугаарт холбогдож хэлэхдээ ах нь хүнд зодуулчихлаа цагдаа дуудаад ахыгаа ирж аваач гэж хэлсэн. Тэгэхэд нь би яг хаана байгаа талаар асуухад бууцнаасаа хойно сумаас ирдэг замд хониныхоо хажууд хүлээж байя гээд утас нь тасарсан. Тэгээд би эргээд залгаж байгаад холбогдоод таны биеийн байдал ямар байгаа талаар асуухад толгой хагарсан мөн толгой эргээд байна гэртэй харьж чадахгүй байна хурдан хүрээд ир гэж хэлээд утас нь холбогдохгүй болохоор нь санаа зовоод Өлзийчимэгтэй утсаар холбогдож болсон явдлыг хэлээд Цогт-Очирын бууцан дээр очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд орой нар жаргасан хойно Өлзийчимэгийн хүү Хатанбаатар, Цогт-Очирын утаснаас надтай холбогдож Цогт-Очиртой уулзсан малыг нь бөөгнүүлээд явж байна. Эмнэлэг цагдаа гарсан уу гэж асуусан тэгэхэд нь би эмнэлэг, цагдаа гарсан талаар хэлээд утас тасарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
-Гэрч Ө.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Цогт-Очир гэх хүнийг танихгүй Дундговь аймгаас отор нүүдэл хийж яваа хүн гэдгийг мэднэ. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед манай хөдөө гэрийн Жи мобайлын утас руу манай хүргэн Санжаасүрэн залгаад танай “Хар толгойн” бууцанд буусан айлын хүнийг хүн зодчихлоо гэнэ очоод үзээд өгөөч гэсэн тэгээд ээж Өлзийчимэгийн хамт машинтай манайхаас урагш 20 гаран км орчим зайд байх Хар толгойн өвөлжөө рүү явж байхад өвөлжөөнөөс наана 1 км орчим зайд зодуулсан гэх хүн мотоциклийн гэрлээр дохиж бид нар уулзацгаагаад тэр хүнийг машинд суулгаад би мотоциклийг нь унаад малыг нь бууц руу туугаад бууцан дээр ирэхэд зэрэгцээд эмч цагдаа нар ирээд зодуулсан гэх хүнд эмчилгээ хийгээд аваад явсан. Би малыг нь хараад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,
-Гэрч О.Өлзийчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Санжаасүрэн надтай утсаар ярихдаа өвөлжөөнд буусан нэг хүн дээр урьд нь таарч байсан хүн очоод хэрүүл маргаан хийгээд зодсон байна. Та очоод юу болсон талаар мэдээд өгөөч гар гэрийнх нь хүмүүс надтай утсаар холбогдож хэллээ гэснээр би хүү Хатанбаатарын хамт тухайн газар очиход өвөлжөөнөөс наана 2 км зайд Цогт-Очир гэх хүн малынхаа хажууд байж байсан. Юу болсон талаар асуухад Д гэх хүн хүүхэдтэйгээ хүрч ирээд мод чулуугаар зодсон гэж байсан. Юунаас болж муудалцав гэхэд малын бэлчээр рүү малаа явууллаа гэж хэлээд маргалдсан гэж байсан би хүүгийнхээ хамт малыг нь хураалцаад өвөлжөөн ирэхэд эмч болон цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
Гэрч Ө.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед очиход Цогт-Очир гэх хүн зодуулсан байдалтай толгойноос нь цус гарсан хөл нь доголсон байсан. Бид нарыг очихоос өмнө тухайн бууцны эзэмшигч Өлзийчимэг, Хатанбаатар 2 ирээд тухайн хүний малыг хураагаад байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
-Насан хүрээгүй гэрч Д.Энх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш гэгээтэй байхад намайг худгийн баруун урд тэмээ туугаад явж байхад аав машинтайгаа ирээд намайг машинд суу, аавыг нь хүн алах гээд байна очъё гээд миний байсан газраас баруун урд зүгт 2 км шахуу яваад нэг хондон дээр ирсэн. Тэнд ногоон өнгийн фургон машины баруун хойд талд дээлний дээгүүр цэргийн эрээн хүрэм өмссөн малгайтай жижгэвтэр биетэй хүн байсан. Аав бид 2 машинтайгаа очоод фургон байсан газраас 10 метр орчим газар очиж зогсоод аав машинаас буухаасаа өмнө надад хэлэхдээ наад хүндээ ойртож болохгүй шүү хутгатай шүү гэж хэлээд буугаад машины урдуур тойроод тэр хүн дээр очиход тэр хүн баруун гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд аав руу дайрсан. Тэгэхэд нь аав газраас мод аваад тэр хүний толгой руу 2 удаа цохисон. Тэгсэн тэр хүн овоо руу гүйгээд гарсан. Тэгэхэд нь би машинаас гараад машиныхаа хажууд хараад зогсож байхад тэр овоон дээрээс аав бид хоёр руу чулуу шидээд байсан тэгж байгаад тэр хүн цаад талд нь байсан овоон дээр гараад аав руу чулуу шидээд байсан тэгсэн аав машин руу алхаж ирээд машиндаа суугаад бид 2 машинтайгаа худаг дээр байсан тэмээ рүү явж байхад аав тэр хүний шидсэн чулуунд оногдчихлоо гэж байсан. Аав бид 2 худаг дээр байсан тэмээн дээр оччихоод гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оын 12 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай “1.Ц.Цогт-Очирын биед зулайд шарх, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 3, 4-р хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Ц.Цогт-Очирын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 55-57/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Х.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Ц.Цогт-Очирын эрүүл мэндэд “зулайд шарх, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 3,4-р хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн албаны шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №1 дугаартай дүгнэлт /хх-55-57/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Цогт-Очирыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч Ц.Цогт-Очир нь гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Х.Д надад эм тарианы мөнгө болон шатахууны зардалд 300.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. /хх-32-33/
Иймд шүүгдэгч Х.Д нь хохирогч Ц.Цогт-Очирт гэм хорын хохиролд 300.000 төгрөг өгсөн, хохирогч Ц.Цогт-Очир нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Х.Д нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг баг, Хар Овоо гэх газар иргэн Ц.Цогт-Очиртой хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “малын бэлчээр дээр ирж буусан” гэх шалтгаанаас маргалдан улмаар Ц.Цогт-Очирыг зодож эрүүл мэндэд нь “зулайд шарх, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 3, 4-р хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай
нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Х.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн 40 см өндөртэй, 22*25 см өргөнтэй, таггүй хуванцар сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Цогт-Очирт буцаан олгохоор, шар, хүрэн бор өнгө эрээлжилсэн хуванцар иштэй, ажлын хэсгийн урт нь 10 см, өргөн 2 см, ишний урт нь 9.5 см хэмжээтэй хутга 1 ширхэг, улбар шар өнгөтэй, 26 см урттай 6 см өргөнтэй даавуу 1 ширхэг, 2 талын улаан шар өнгийн будаг нь халзарч арилсан 70 см урттай, 5.5*3 см өргөнтэй, нэг талын үзүүр хэсэгт хуучирч зэвэнд идэгдсэн, үзүүр хэсгийг мурийлгасан хадаас 1 ширхэг, 60 см урттай 5.5*3 см өргөнтэй голоороо 3 ухлаадастай 2 ширхэг мод, 96 см урттай, 3*1 см өргөнтэй голоороо хугарсан гэрийн ханын мод 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгахаар комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Д нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сайнхүү овогт Х.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Д нь хохирогч Ц.Цогт-Очирт гэм хорын хохиролд 300.000 төгрөг өгсөн, хохирогч Ц.Цогт-Очир нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн 40 см өндөртэй, 22*25 см өргөнтэй, таггүй хуванцар сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Цогт-Очирт буцаан олгохоор, шар, хүрэн бор өнгө эрээлжилсэн хуванцар иштэй, ажлын хэсгийн урт нь 10 см, өргөн 2 см, ишний урт нь 9.5 см хэмжээтэй хутга 1 ширхэг, улбар шар өнгөтэй, 26 см урттай 6 см өргөнтэй даавуу 1 ширхэг, 2 талын улаан шар өнгийн будаг нь халзарч арилсан 70 см урттай, 5.5*3 см өргөнтэй, нэг талын үзүүр хэсэгт хуучирч зэвэнд идэгдсэн, үзүүр хэсгийг мурийлгасан хадаас 1 ширхэг, 60 см урттай 5.5*3 см өргөнтэй голоороо 3 ухлаадастай 2 ширхэг мод, 96 см урттай, 3*1 см өргөнтэй голоороо хугарсан гэрийн ханын мод 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгахаар комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН