Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 30

 

Д.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                         Б.Сүрмандах

Шүүгдэгч                                          Д.Н-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокуррын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын Н-д холбогдох эрүүгийн 1718003170182 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л- овогт Д-ын Н-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТА******** регистрийн дугаартай

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Н- нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн спорт зааланд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний үеэр Д.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 40 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Л- Д-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Н-ын 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг Дархан-Уул аймгийн Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заажээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох яп шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1-ийг тус тус журамлан шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл, ялын төрлийн талаар тогтоож өгсөн ба уг бүлгийн 8.2-т "нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэсэн ялын төрлүүдээс аль тохирохыг сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгн Д.Н- нь 1999 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн ба насанд хүрээгүй байхдаа буюу 17 нас 10 сартай байх үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-т заасан “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг журамлан ял шийтгэл оногдуулах эсэх асуудпыг шийдвэрлэх байтал анхан шатны шүүх 40 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан өөр утга агуулгатай заалтыг журамласан нь үндэслэлгүй байна.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тухайн бүлэгт заасан оногдуулж болох ялаас сонгож оногдуулах тухай заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н-ыг торгох ялаар шийтгэсэн.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т “ ... хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж...” гэж заасан нь шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх талаар заасан заалт юм. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүйгээр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаар өсвөр насны хүн нь ажил хөдөлмөр төдийлэн эрхэлдэггүй, орлогогүй байдаг тул хуулиар өсвөр насны хүнд торгуулийн ял оногдуулахгүйгээр хуульчилсан байна.

Дээрх үндэслэлээр Д.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 40 тоот шийтгэх тогтоолыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Д.Н-д холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар торгох ялыг оногдуулсан, насанд хүрээгүй хүнд торгуулийн ял оногдуулж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд нь утга агуулыгн хувьд зөрүүтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-г яаж хэрэглэх талаар практикт чиглэл байхгүй тул энэ талаар тодорхой хэлж чадахгүй байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэх ёстой байсан” гэв.

Шүүгдэгч Д.Н- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тайлбар байхгүй” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Н-ыг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн спорт зааланд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний үеэр Д.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Д.Н-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Н-ын 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг Дархан-Уул аймгийн Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т “...хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж...” гэж заасан нь шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх талаар заасан заалт юм. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүйгээр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэх эсэргүүцлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал:

Шүүгдэгч Д.Н- гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сар 4 хоногтой байсан нь хэргийн 58 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ” гэсэн 3 төрлийн ялаас сонгон хэрэглэх зохицуулалттай байна.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх насанд хүрээгүй хүнд торгуулийн ял оногдуулсан нь эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн бөгөөд өсвөр насны хүнд торгуулийн ял оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Түүнчлэн энэ хэргийг мөрдөн шалгах явцад өсвөр насны сэжигтэн,  яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ханджамцын төрсөн охин Ш.Оюунмааг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1-т заасан этгээдүүдээс сонгон тогтоох журмыг зөрчжээ. Гэвч хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотойгоор ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд зөрчлийг засах боломжгүй байх тул цаашид мөрдөгч, прокурорууд дээрх алдаа гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Н-д  холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                     ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Б.МАНЛАЙБААТАР