Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0601/З |
Дугаар | 221/МА2022/0643 |
Огноо | 2022-10-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2022/0643
Ч.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж
Нэхэмжлэгч: Ч.М,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дугаар захирамжийн иргэн З-н Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дугаар захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Цэвэгжав, Н.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 461 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд З.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд З.Чын өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.М,
Хэргийн индекс: 128/2018/0601/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 461 дүгээр шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Ч.Мын нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дугаар захирамжийн иргэн З-н Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дугаар захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Ц, Н.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгч Ч.М Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 дүгээр цахилгаан станцын баруун урд 0.5 га газрыг таван жилийн хугацаатай эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан бөгөөд Баянгол дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд үүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1/нэг/ жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж заасан.
Талуудын газар эзэмших гэрээнд заасан буюу газар эзэмших хугацаа дууссан боловч гэрээнд оролцсон талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал тавиагүй бөгөөд нэхэмжлэгч нь газраа үргэлжлүүлэн эзэмшиж, зориулалтын дагуу ашиглаж байсан учир гэрээний хугацааг гэрээний 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар сунгагдсан хэмээн ойлгосон болно. Мөн хариуцагч тал 2014 оны газрын төлбөрийг нэхэмжлэгчийг төлөхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэх ирүүлж газрын төлбөрийг авч байсан үйлдэл нэхэмжлэгчтэй байгуулсан 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээний хугацаа гэрээнд заасны дагуу 1 жилийн хугацаанд сунгагдсан болохыг нотолж байна.
2.2.Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээний 5.5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн хэлцэл болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргаагүй байна. Түүнчлэн газар эзэмшүүлэх гэрээг хариуцагч тал бэлдэж түүнд нэхэмжлэгч тал гарын үсэг зурдаг. Хариуцагчийн өөрийнх нь бэлдсэн гэрээнд гэрээний хугацааг 1 жилийн хугацаанд сунгагдсан гэж үзнэ гэсэн зохицуулалтын улмаас нэхэмжлэгч тал 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ газрын албанд гаргаж өгсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.
2.3.Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хариуцагч хүлээн авч хянаад 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/126 дугаар “Хариу өгөх мэдэгдэл” гэх албан бичгээр “Газрын хугацаа сунгах хүсэлтийг газрын албаны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна” гэсэн хариуг нэхэмжлэгчид ирүүлсэн бөгөөд түүний дараа буюу 2014 оны 9 дүгээр сард 2014 оны газрын төлбөрийг төлөхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэхийг нэхэмжлэгчид ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч газрын төлбөрийг бүрэн төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
2.4.Хариуцагч тал газар эзэмшүүлэх гэрээнд тусгасан 5.5 дугаар зүйлийн 3 дахь заалт, газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн аваад өгсөн хариу, 2014 оны 9 дүгээр сард газрын төлбөрийг төлөхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэх зэргээр газар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан болон гэрээний хугацаа дууссан өдрөөс талууд гэрээг цуцлах хүсэлт гаргаагүй бол 1 жилийн хугацаанд газар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан гэж ойлгох нөхцөл байдлыг нэхэмжлэгчид бүрдүүлсэн болно.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан энэхүү Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.3 дахь хэсэгт хуульд заасан хугацааг хэтрүүлэн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг сунгуулах хүсэлтийг 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд /хуучин нэрээр/ гаргасан байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2.5.Түүнчлэн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.7 дахь хэсэгт “Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгуулж, эрхийн гэрчилгээ олгогдож, өмнөх гэрээг шинэчлэн батлуулаагүй гэрээг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх байдлаар зохицуулжээ” хэмээн хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан гэрээний заалтыг өөрийн санаачилгаар хууль зөрчсөн байдлаар хэт нэг талыг барьсан тайлбар хийж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрсөн гэж үзнэ.
2.6.Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх тухай 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн 2-д “Дээрх иргэдэд эзэмшүүлэх газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулан, кадастрын зургийг үйлдэж, газрын төлбөрийг ноогдуулан хуулийн дагуу гэрчилгээ олгон газрын улсын бүртгэлд бүртгэхийг Газрын алба /Д.Пүрэвсүрэн/-д даалгасугай” хэмээн захирамжилсан байдаг. Энэхүү захирамж болон Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрыг нэхэмжлэгчид зааж өгөх тухайн газрыг газрын улсын бүртгэлд бүртгэх үүргийг хариуцагч хүлээж байна. Гэвч хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй нь энэхүү маргаан үүсэх үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хэмжээ, байршил газрын улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.
2.7.Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх тухай 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамж гарсны дараа буюу 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хавсралтад газрын баталгаат хэмжээ тогтоосон акт үйлдэж газар зохион байгуулагч Д.Г гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Мөн Д.Гийг гэрчээр асуухад тухайн гарын үсэг өөрийнх нь мөн энэхүү баталгаат хэмжээ тогтоосон актыг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн барьсан хашаа гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхтэй давхцаж байгаа эсэхийг болон нэхэмжлэгчийн барьсан хашаа нь газар эзэмшүүлэх гэрээний хавсралт болох баталгаат хэмжээ тогтоосон актад тусгагдсан газартай давхцаж байгаа эсэхийг шинжээч томилж тогтоолгоход шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх гэрээний хавсралт болох баталгаат хэмжээ тогтоосон актад тэмдэглэгдсэн газартаа хашаа барьсан болох нь тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дугаар дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасныг тус тус заасныг зөрчиж байна.
2.8.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.16 дахь хэсэгт “.... нэхэмжлэгч Ч.М анх өөрт олгосноос өөр буруу координат бүхий газарт хашаа барьж, хожим кадастрын зураг хийлгүүлсэн гэж дүгнэхээр байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн хариуцагчийн үйлдэл хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй...” хэмээн хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэлээ.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээний хавсралт болох баталгаат хэмжээ тогтоосон актад тэмдэглэгдсэн газраа хашаагаа барьсан нь тогтоогдож байхад дээрх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 0461 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дугаар захирамжийн иргэн З.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дугаар захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Цэвэгжав, Н.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах,
2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”,
32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”,
34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,
106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж тус тус заажээ.
3.Анхан шатны шүүхээс маргаан бүхий актууд болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дугаар захирамжийн иргэн З.Чад холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дугаар захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Ц, Н.А нарт холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийн хууль зүйн үндэслэлд хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байхад уг зөрүүг арилгалгүйгээр эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.
4.Тодруулбал, нэхэмжлэгчээс “маргаан бүхий актуудыг өөрийн 2008 онд эзэмшил үүссэн газартай хариуцагчаас хээрийн судалгаа хийлгүйгээр гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдэд газрыг давхцуулж олгосон, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын нэгж талбарыг мэдээллийн санд оруулах үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс давхцал үүссэн, хариуцагчаас гуравдагч этгээд 7 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан үед нэхэмжлэгч маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байсан” гэж маргадаг.
Харин хариуцагч, гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдээс “хуульд заасан хугацаанд газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон, нэхэмжлэгчийн газар нь гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдийн газартай давхцалгүй, гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдийн эзэмшлийн газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар биш, нэхэмжлэгч бусдын эзэмшлийн газар дээр хашаагаа барьсан, нэхэмжлэгчийн эзэмшил газарт Баянгол дүүрэг агуулах барьсан нь батлагдсан, нэхэмжлэгчид Газрын албанаас 2010, 2013 онд зааж өгсөн газар 2014 оны нэхэмжлэгчийн хийлгэсэн кадастрын нэгж талбараас зөрсөн, Газрын албанаас зааж өгсөн газраас өөр газар нэхэмжлэгч хашаагаа барьсан” гэж тус тус маргасан.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд[1] нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон нэгж талбарын 1681910102, 1681910101 дугаар бүхий газруудтай давхцуулахад уг нэгж талбаруудтай давхцалгүй, харин 18633306944801 дугаар бүхий /гуравдагч этгээд З.Ч-ын/ газартай 3584 орчим м.кв талбайгаар, нэгж талбарын 1681900069 дугаар бүхий /гуравдагч этгээд Г.Н-ын/ 998 м.кв газар болон 1681910108 дугаар бүхий /“Б” ХХК-ийн/ 618 м.кв газартай 1166 орчим м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа талаар дурдсан.
Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/528 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, зурган баримтаар[2] Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 02 дугаар сарын зурган мэдээллийг “Бориг тэс” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн иргэн Ч.М-ын 5000 м.кв талбайтай газартай давхцуулахад нэгж талбарын 18633306944801 дугаар бүхий /гуравдагч этгээд З.Ч-ын/ 5000 м.кв газартай 3777 м.кв, нэгж талбарын 1681900069 дугаар бүхий /гуравдагч этгээд Г.Н-ын/ 998 м.кв талбайтай газартай 395 м.кв, 1681910108 дугаар бүхий /“Б” ХХК-ийн/ 618 м.кв талбайтай газартай 267 м.кв-аар тус тус давхцаж байна гэжээ.
Харин Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/295 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, зурган баримтаар[3] Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 01 дүгээр сарын зурган мэдээлэлд нэгж талбарын 1681900069 дугаар бүхий /гуравдагч этгээд Г.Н-ын/ 998 м.кв газар, нэгж талбарын 1681910108 дугаар бүхий /“Б” ХХК-ийн/ 618 м.кв газар, нэгж талбарын 18633306944801 дугаар бүхий /гуравдагч этгээд З.Ч-ын/ 7000 м.кв талбайтай газрууд бүртгэлтэй байх бөгөөд "Бориг тэс“ ХХК-ийн үйлдсэн иргэн Ч.М-ын кадастрын зургийн[4] солбицлын утгыг боловсруулан үзэхэд дээрх нэгж талбаруудтай давхцалгүй талаар дурджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлт болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2/295 болон 2/528 албан бичгүүдээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдийн газрууд нь давхцалтай, эсхүл давхцалгүй эсэхтэй холбоотой нотлох баримтууд зөрүүтэй байтал анхан шатны шүүхээс энэхүү нотлох баримтуудын зөрүүтэй байдлыг арилгаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтыг нотлох баримтад үндэслэн бүрэн тогтоолгүйгээр, эргэлзээтэй, зөрүүтэй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэрт дурдсан Баянгол дүүргийн Газрын албаны мэргэжилтэн байсан гэрч Д.Гийн мэдүүлэг нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлт болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2/295 болон 2/528 албан бичгүүдэд дурдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдийн газрууд нь давхцалтай, эсхүл давхцалгүй эсэхтэй холбоотой нөхцөл байдлын зөрүүтэй байдлыг тогтооход ач холбогдолтой баримт биш байгааг дурдах нь зүйтэй.
5.Түүнчлэн нэхэмжлэгч нь анх газар эзэмших эрх хариуцагчаас олгосон газраас өөр байрлалд хашаагаа барьж зураг хийлгэснээс гуравдагч этгээдүүдийн газартай давхцал үүссэн эсхүл, нэхэмжлэгчийн анхны эзэмшлийн газарт гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдэд хариуцагчаас давхцуулан газар олгосон эсэхтэй холбоотой нөхцөл байдлыг шүүхээс тогтоогоогүй.
Гэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт[5] “...нэхэмжлэгч Ч.М-ыг анх өөрт нь олгосноос өөр буруу координат бүхий газарт хашаа барьж, хожим кадастрын зураг хийлгүүлсэн гэж дүгнэхээр байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн хариуцагчийг үйлдэл хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
6. Мөн нэхэмжлэгчээс гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгчийн маргаж буй “хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаандаа гаргасан, хугацаа сунгуулах хүсэлтэд техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна гэсэн хариуг өгсөн, хугацаандаа хүсэлтээ гаргаагүй гэх хариуг өгөөгүй, хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх үндэслэлд анхан шатны шүүхээс огт дүгнэлт өгөөгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн маргаан бүхий актууд нь гарах цаг хугацаанд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй байсан эсэх, мөн энэ цаг хугацаанд нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээний хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан эсэх, нэхэмжлэгчийн “хугацаа сунгуулах хүсэлтэд техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна гэсэн хариуг өгсөн, хугацаандаа хүсэлтээ гаргаагүй гэх хариуг өгөөгүй, хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж маргаж буй үндэслэлийг тогтоож, дүгнэлт өгөх шаардлагатай.
Мөн нэхэмжлэгчээс “гэрээний 5.5-д зааснаар гэрчилгээний хугацаа тооцогдоно”, хариуцагч, гуравдагч этгээдээс “гэрчилгээнд заасан он, сар өдөр дууссанаар гэрчилгээний хугацаа дууссанд тооцогдоно” гэх агуулгатайгаар маргаж нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт өгөх шаардлагатай байна.
7.Дээрхээс гадна гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн маргаан бүхий актууд гарах болсон зорилго, үндэслэл нь тухайн маргаан бүхий газрыг өмнө нь өөр этгээд эзэмшиж, ашиглаж байгаагүй үндэслэлээр анх гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдэд маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон эсхүл, өмнө газар эзэмшиж байсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуульд заасан хугацаанд гэрчилгээгээ сунгуулаагүй үндэслэлээр дуусгавар болсонтой холбоотойгоор тэдэнд газар эзэмших эрх олгосон эсэхийг тогтоох нь зүйтэй.
8.Цаашлаад нэхэмжлэгчид анх 2008 онд олгосон газрын байршил нь гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдийн газартай давхцалтай байсан эсхүл, нэхэмжлэгчээс 2014 онд газрын гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргахдаа хавсарган өгсөн кадастрын зурагт заасан байршил нь гуравдагч этгээд иргэд, хуулийн этгээдийн газартай давхацсан эсэх, нэхэмжлэгчийн бодитойгоор эзэмшиж, хашаа хатгасан газар нь анх нэхэмжлэгчид олгосон газар мөн эсэх хэргийн нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт өгөх нь зүйтэй.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ