Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

 

     2021         03            16                                    2021/ШЦТ/183

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн ,

            улсын яллагч А.Марал,  

            хохирогч Н.Э,

   шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орой овогт Ц-ын Зд холбогдох эрүүгийн 203800600000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа дээл оёдог, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 0-р баг Хатгал тосгонд оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 00-р хороо, Голден парк 0 хотхон, 000 байр-0 давхрын 000 тоотод түр оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Орой овогт Ц-ын З /РД:РХ000000/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ц.З нь “2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос 8х8м харьцаатай дүнзэн торхыг худалдаж борлуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Н.Эээс Хаан банкны 5077400000 дугаартай дансаар 4.960.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Ц.З нь “2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос 8х8м харьцаатай дүнзэн торхыг худалдаж борлуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Н.Эт 4.960.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…4.960.000 төгрөгийг торх зарна гээд авсан нь үнэн, хохирлыг төлнө…” гэх мэдүүлэг, 

 

Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…нийтдээ 4.960.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Гомдолтой байна. Одоо хохирол мөнгө болох 4.960.000 төгрөг нэхэмжилж байна.…” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2038006220086 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2018 оны 06 дугаар сард дүнзэн байшинтай болох зорилгоор фейсбүүк зар дээрээс Хөвсгөл аймгийн дүнзэн торх зарна гэсэн зарлал байхаар нь зарын дагуу 94700940 дугаарын утас руу залгаж ярихад эмэгтэй хүн тухайн дугаарыг авч байсан бөгөөд 8х8м харьцаатай дүнзэн торх хэрэгтэй байгаа талаар хэлсэн чинь нийтдээ 6.500.000 төгрөгийг үнэтэй гэсэн юм. Ингээд би тухайн торхыг худалдаж авахаар тохирч Баянгол дүүргийн 2-р хороо ТБД андуудын худалдааны төвийн хажууд байрлах Хаан банкны АТМ байрлах газарт уулзахад Ц.З гэх эмэгтэй байсан. Ц.З нь урьдчилгаа 30% өгөх шаардлагатай дүнзэн торхыг авчраад хүлээлгэж өгөх үедээ үлдэгдэл мөнгийг авна гэсэн учир өөрийн төрсөн ах Н.Эын Хаан банкны 5030580000 тоот данснаас Ц.Зын Хаан банкны 5077408469 тоот данс руу 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1.300.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн ах Н.Эын Хаан банкны 5030580000 тоот данснаас 2.160.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн 5063508492 тоот данснаас 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийтдээ 4.960.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Гомдолтой байна. Одоо хохирол мөнгө болох 4.960.000 төгрөг нэхэмжилж байна.…” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,

 

Н.Эийн Хаан банкны 5063508492 дугаартай Депозит дансны хуулга /хх-ийн 6-7 тал/,

Н.Эын Хаан банкны 5030586819 дугаартай Депозит дансны хуулга /хх-ийн 5 тал/,

Ц.Зын Хаан банкны 5077408469 дугаартай Депозит дансны хуулга /хх-ийн 101-107 тал/,

 

Яллагдагч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 5,6 дугаар сарын орчимд яг өдрөө санахгүй байна. Би байшин барих зориулалттай дүнзэн торхыг зарна гэсэн зарлалыг фейсбүүк дээр тавьсан чинь 99084071 дугаараас залгаад дүнзэн торх худалдаж авна гэхээр нь утсаар холбогдож байгаад Баянгол дүүргийн 2-р хороо ТБД андууд худалдааны төвийн гадна 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 99084071 дугаарын утас руу залгаж уулзахаар тохиролцоод Н.Э эгчтэй анх уулзаж дүнзэн торх худалдаж авах гэрээ байгуулаад нотариатын байгууллагаар орсон. Н.Э эгчтэй дүнзэн торхыг нийтдээ 6.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод урьдчилгаа 1.300.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлэн авсан. Дараа нь торхноос гадна мод хямд зарна , унааны зардал гэж 4 удаагийн үйлдлээр нийт 4.960.000 төгрөгийг авсан. Надад дүнзэн торх байсан боловч өөр хүнд зарчихсан учраас Н.Эийн дүнзэн торхыг өгч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ц.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 133 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “…шүүгдэгч Ц.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж   бусдын эд хөрөнгийг залилж авсан…” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Ц.З  “…гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна…” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Ц.З нь хохирогч Н.Эт “дүнзэн торх зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан  хохирогч Н.Эээс нийт  4.960.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэх дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Ц.З нь дүнзэн торх зарж борлуулах бизнесийг эрхэлж байсан талаар, өөр бусад хүмүүст дүнзэн торх нийлүүлж байсан талаарх үйл баримт тогтоогдохгүй байх тул зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч  Н.Эийг төөрөгдөлд оруулан түүнээс 4.960.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Мөн түүнчлэн, шүүгдэгч хохирогчоос авсан 4.960.000 төгрөгийг өөртөө зарцуулаад дууссан /хх-77 тал/ гэж мэдүүлсэн, хохирол төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгчийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл болохыг нотолсон, тэрээр өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.З нь  “дүнзэн торх зарна” гэж гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Н.Эээс нийт 4.960.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, Ц.Зыг  “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Ц.З нь дүнзэн торх зарна гэж хохирогч Н.Эээс нийт 4.960.000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй, шүүгдэгч нь хохирол төлбөрийг гурван сарын хугацаанд төлж барагдуулна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Ц.Заас нийт 4.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Ц.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан  хохирогч Н.Эээс нийт  4.960.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч Ц.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх  саналтай байна…” гэв.

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн  ганц бие эх, бага насны 2 хүүхэдтэй гэх хувийн байдал, хохирол төлбөрийг гурван сарын хугацаанд төлж барагдуулна гэх санал, хүсэлтийг  харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

       

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Орой овогт Ц-ын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Зыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Зд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Заас 4.960.000 /дөрвөн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эт олгосугай. 

 

5. Шүүгдэгч Ц.Зыг хохирогч Н.Эт төлөх  4.960.000 /дөрвөн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол гарснаас хойш гурван сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

 

6. Шүүгдэгч Ц.Заас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ