Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/186

 

 

 

 

 

 

2021               03             16                                           2021/ШЦТ/186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мянгад овогт Б-ийн Гөд холбогдох эрүүгийн 2105000000000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 00-р баг Рашаант 00-р гудамж 00б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Овоот 00-000 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Их мянгад овогт Б-ийн Г, /РД:ИО00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хороо Горькийн 553б-3 тоотод эхнэр М.Уийг хардалтын улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Н.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай унтаж байхад нь эхнэр М.Утэй  хардсаны улмаас түүний цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж зүүн мөр, дал, эгэм, цээжний урд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хороо Горькийн 553б-3 тоотод эхнэр М.Уийг хардалтын улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Н.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай унтаж байхад нь эхнэр М.Утэй  хардсаны улмаас түүний цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж зүүн мөр, дал, эгэм, цээжний урд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г “... мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 21050000000000 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Эрдэнэбулганы гэрт байхад манай нөхөр Г миний нүд рүү гараараа цохисон. Гөөс өөр хүн миний биед халдаагүй. ...нөхөр бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-17 тал/,

 

Хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэбулган бид хоёр согтууруулах ундааны зүйл ууж байгаад би тасраад уначихсан байсан. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө сэрэхэд Эрдэнэбулган надад хандаж “шөнө Уийн нөхөр Г ирээд чамайг эхнэртэйгээ хардаад чиний дээрээс хөлөөрөө дэвссэн. Зургийг чинь аваад цагдаа дуудсан гэж хэлсэн. ...Миний бие одоо сайн байгаа би Гтэй эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Гэрч Э.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байхад шөнө Уийн нөхөр Г орж ирээд Уыг өшиглөөд эхнэр М.Уийг цохиод байсан. Тэгээд би босоод “чи яаж байгаа юм бэ” гэхэд гараад явчихсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 919 дугаартай “...1. М.Уийн биед дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-46 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2080 дугаартай “...1. Н.Уын зүүн мөр, дал, эгэм, цээжний урд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 тал/,

 

Яллагдагч Б.Гийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн үед эхнэр Уийг авахаар Баянгол дүүргийн 21-р хороо Горькийн 553б нийтийн байрны нэг давхарт Эрдэнэбулганы гэрт ороход харанхуй байхаар нь гэрэл асаахад эхнэр У, У хоёр хамт хэвтэж байсан. Би уурлаад хөнжлийг нь хуу татаад тэр хоёрын зургийг нь дараад эхнэр Уийн цамцнаас нь татаж чирч байгаад нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж, хамт унтаж байсан Уын цээжин хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэдний гэрээс гараад цагдаа дуудсан. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 79 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80 тал/, шүүгдэгч Б.Гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80-147 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хороо Горькийн 553б-3 тоотод эхнэр М.Уийг хардалтын улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Н.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай унтаж байхад нь эхнэр М.Утэй  хардсаны улмаас түүний цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж зүүн мөр, дал, эгэм, цээжний урд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Уийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г миний нүүр рүү гараараа цохисон. Гөөс өөр хүн надад халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-17 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 919 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-46 тал/, гэрч Э.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн “...Уийн нөхөр Г шөнө орж ирээд Уыг өшиглөөд, эхнэр Уийг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 37 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2080 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч М.Уийн биед “дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан нь хэргийн 44-46 дахь талд авагдсан шинжээч эмчийн 919 дугаартай дүгнэлтээр,

Хохирогч Н.Уын биед “зүүн мөр, дал, эгэм, цээжний урд хэсгийн цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 50-51 дэх талд авагдсан шинжээч эмчийн 2080 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Б.Г хохирогч нарыг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл  болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Г гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж  үйлдсэн гэж зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.У болон М.У нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, хохирогч М.У нь  шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий  харилцаатай этгээд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж  үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Уыг согтуу байхад нь буюу “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”  хохирогчийн биед гэмтэл учруулсан гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх ойлголтод  хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгоно. Хохирогч Н.Уын хувьд гэмт хэргийн хохирогч болох үедээ хүчтэй мансуурсан, согтуурсан талаарх тодруулбал өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан гэдгийг бүрэн нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогч Н.У нь гэмт хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдэг нь өөрийн болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдох хэдий ч хохирогчийн согтолтын байдал буюу согтолтын хувь хэмжээг тогтоосон, хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хохирогч Н.У нь биеэ хамгаалж чадахгүй  нөхцөл байдалтай байсан, шүүгдэгч энэ нөхцөл байдлыг мэдэж байсан гэж үзэх хууль үндэслэлгүй юм.

 

Иймд яллах дүгнэлтэд бичигдсэн шүүгдэгчид холбогдох гэмт хэрэг нь  “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх шинжийг хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс, шүүгдэгч Б.Гийн  2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хороо Горькийн 553б-3 тоотод эхнэр М.Уийг хардалтын улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Н.Уыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай унтаж байхад нь эхнэр М.Утэй  хардсаны улмаас түүний цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж зүүн мөр, дал, эгэм, цээжний урд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч М.У, Н.У нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Гөөс хохирогч нарт гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гөд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь  оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их мянгад овогт Б-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ