Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

 

 

 

 

 

    2021          03               22                                   2021/ШЦТ/195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Боржигон овогт С-ийн Бд холбогдох эрүүгийн 2105000000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 1 Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 000-р гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 3-р хороо 73-3 түр тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт С-ийн Б /РД:УХ000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга 7/2 дугаар байрны 56 тоотод иргэн Д.Цийн нүүр хэсэгт гараараа цохих, нуруу хэсэгт нь хутгаар хутгалах зэргээр түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны далд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга 7/2 дугаар байрны 56 тоотод иргэн Д.Цийн нүүр хэсэгт гараараа цохих, нуруу хэсэгт нь хутгаар хутгалах зэргээр түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны далд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б “... Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2105001940196 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ Бгийн хамт байж байхад Б нь компьютер дээр сууж байхдаа хөгжмийнхөө дууг маш чанга тавьчихсан байхаар нь наад дуугаа багасгачих цахимаар хурал хийх гээд байна гэж хэлтэл шууд намайг битгий давраад бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод зогстол Б миний урд тулаад ирэхээр нь цээжин тус газар руу нь түлхчихсэн чинь намайг шууд цохихоор нь би зөрүүлж цохиод бид хоёр зодолдсон. Тэгээд нэг мэдэхэд ширээний дэргэд очсон бөгөөд Б ширээн дээр ил байсан хутга аваад миний нурууны хойгуур гараа оруулаад дүрчихсэн. Тэгээд гэнэт болиод шууд эмнэлэг дуудаад би Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Гэрчээр С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц бид хоёр гэртээ байж байхдаа байрны түрээсийн төлбөрийг хэн нь өгөх талаар ярьж байгаад сүүлдээ хоёулаа маргаж  нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод маргалдаж байгаад хоёр талаасаа босож ирээд намайг түлхэхээр нь би нүүр рүү нь 2 гараараа ээлжлэн 7-8 удаа цохисон. Ц зөрүүлээд миний нүүр рүү цохиж зодолдож байгаад ширээн дээр хүрэн өнгийн бариултай хутгыг баруун гартаа барьж байгаад зүүн бөөрний орчимд нь нэг удаа хутгалсан чинь Ц хана налаад доош суугаад өгсөн. Нэг харсан чинь Цийн баруун бөөрний орчмоос цус гарч байхаар нь сандраад эмийн сан явж боох боолт авчирч эмнэлэг болон цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1091 дугаартай шинжээчийн: “...Д.Цийн биед бүсэлхий нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны далд хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

 

Шинжээч эмч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүсэх боломжтой. Бүсэлхий нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны далд хугарал зэрэг гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 35-36 тал/,

 

Яллагдагч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга 7/2 байрны 56 тоотод өөрийн хуурай дүү Цийн хамт байж байхдаа маргалдаад байж байтал Ц түрүүлж цохиж авахаар нь би зөрүүлээд Цийг нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиод над руу дайраад салахгүй байхаар нь айлгах гэж ширээн дээр байсан хутга аваад барихад миний өөдөөс дайраад байхаар нь би хутгаар бүсэлхий орчимд нь зүсчихсэн. Тэгээд Ц над руу дайрахаа болиод би өөрөө 103 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн С.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 60 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга 7/2 дугаар байрны 56 тоотод иргэн Д.Цийн нүүр хэсэгт гараараа цохих, нуруу хэсэгт нь хутгаар хутгалах зэргээр түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны далд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б ширээн дээр байсан хутга шүүрч аваад миний нурууны хойгуур гараа оруулаад дүрчихсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1091 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч С.Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Бгийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга 7/2 дугаар байрны 56 тоотод иргэн Д.Цийн нүүр хэсэгт гараараа цохих, нуруу хэсэгт нь хутгаар хутгалах зэргээр түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны далд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч С.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Ц нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж бичсэн хүсэлт /хх-ийн 67 тал/, шүүгдэгч С.Б нь хохирогчийн хохирол төлбөрт 2.500.000 төгрөг нөхөн төлсөн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга 7/2 дугаар байрны 56 тоотод иргэн Д.Цийн нүүр хэсэгт гараараа цохих, нуруу хэсэгт нь хутгаар хутгалах зэргээр түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны далд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Д.Цтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 67-68 тал/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг С.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт С-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ