Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

 

2021        02         24                                              2021/ШЦТ/68                              

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Мт холбогдох 2021005960020 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн ............................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....................... овогт М /РД: ...................../.

 

Шүүгдэгч М нь Дорнод аймгийн ........................... тоотод гэртээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  ... 18 цаг өнгөрч байхад манай нөхөр М гэрээсээ гараад явсан бөгөөд 40 орчим минутын дараа ирэхдээ нилээн согтуу газар унасан бололтой хувцас нь шороо болчихсон, хамраас нь цус гараад цамц нь цус болчихсон орж ирсэн. ...буруу хараад хоол идэх гээд сууж байтал араас ирээд гараараа хүзүүнээс боомилж унагаад доороо хийгээд үсдээд нуруун дээр суучихаад дагз руу хэд хэдэн удаа цохиод намайг дээш нь харуулаад баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд ширээн доороос алх авах гэхээр нь би алхыг нь өгөхгүй гээд доороо хийгээд хэвтэхэд чамайг аав ээжийн чинь араас явуулна, ална гэсэн. ...Өмнө нь хэд хэдэн удаа зодуулж байсан бөгөөд тэр үедээ цагдаад хандаж байгаагүй. Ихэвчлэн үсдээд намайг алгадаж нүд хөхрүүлдэг, мөн хоолой боодог. Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сард надад согтуу гар хүрч байсан, өмнө нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр 10 сарын эхээр гэртээ агсам тавьж намайг зодоод баривчилгаа авч байсан. ...Өмнө нь 2019 оны 11 дүгээр сард М согтуу ирээд надтай бэлгийн харьцаанд орохдоо зүй бусаар харьцаж, миний бэлэг эрхтэн болон арын сүврүү гараа хийж хоолой ам боогоод нүүр рүү дуугай бол гэж хамар руу цохисон. Тухайн үед цагдаа ирээд авч явж эрүүлжүүлсэн. ...гаргах гомдол санал байхгүй...“ гэжээ. /хх-ийн 11-12, 13-14/

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр болгон Мтай уулзаад байдаггүй болохоор ямар зан авиртай эсэхийг мөн архи уудаг талаар нь сайн мэдэхгүй. Харин сүүлийн үед архи уугаад дүүд маань гар хүрээд байдаг талаар дүүгээсээ сонсож байсан. ...2020 оны 10 дугаар сарын 18-ны орой над руу дүү Н яриад нөхөр Мтаа зодуулаад гэртээ байна гэхэд нь би гэр рүү нь шууд яваад очиход Мыг цагдаа аваад явчихсан, Нарантогосын нүүр нь хөхөрч улайж хавдсан байдалтай байсан тул эмнэлэг рүү дагуулж явж анхны үзлэг хийлгэж, эм бичүүлж авсан...” гэжээ. /хх-ийн 20-21/

Насанд хүрээгүй гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед аав ээжийг элдвээр хэлээд байсан бөгөөд бас дүү бид нарыг гөлөг гэсэн. Тэгснээ аав ээжийг ширээний хажууд буруу хараад юм хийж байхад нь очиж гараараа ээжийн хүзүүг ороож заамдаад ширээн дор байсан алхыг авах гэж оролдохоор нь ээж өгөхгүй гэж булаацалдаад аав авч чадахгүй болохоороо ээжийг толгой болон нүүр рүү нь гараараа цохиод байсан. Мөн газар хэвтүүлээд дээрээс нь гараараа цохиод байхаар нь би айгаад гэрээс гарч гүйгээд ...арын байшингийн Баатараа ахыг дуудсан...Тэр үед ээж маань уйлчихсан нүүр ам нь улайж хавдсан байдалтай байсан. ... Манай аав М согтуу ирэхээрээ л ээжтэй хэрэлдэж маргалддаг. ...Ээжийг миний санахаар 2-3 удаа зодож байсан. ...Манай аав бид гуравт гар хүрч зодож байгаагүй, зөвхөн ээжтэй л маргалдаад гар хүрдэг. ...Эрүүл үедээ зүгээр байдаг...” гэжээ. /хх-ийн 26-28/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 784 тоот дүгнэлтэд:

1. Н.Н-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт, уруулын баруун дээд хэсгийн цус хуралт, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33-34/

 

М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Өмнө нь би эхнэртээ 2 удаа гар хүрч байсан асуудал байдаг. ... дахиж эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй...” гэжээ. /хх-ийн 43-45, 48-49/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32/

Шинжээч эмч Ж.Жаргалангийн мэдүүлэг /хх-ийн 38/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 54-56/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ................. овогт М нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 17-03 тоотод гэртээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  18 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт, уруулын баруун дээд хэсгийн цус хуралт, баруун сарвууны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Н.Н, гэрч Н.Э, насанд хүрээгүй гэрч Н.Х, шинжээч эмч Ж.Жаргалан нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 784 тоот дүгнэлт, анхны үзлэгийн тодорхойлолт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Мын үйлдлийн улмаас хохирогч Н.Н-ыг биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт, уруулын баруун дээд хэсгийн цус хуралт, баруун сарвууны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 784 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Мт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Н нь “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................ овогт Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА