Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

 

 

 2021        02           25                                               2021/ШЦТ/69

                                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.М

Шүүгдэгч Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Шт холбогдох 2021000000270 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 0-14 насны 5 хүүхдийн хамт ............................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн,  

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уг ялаас 5 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, ............... овогт Ш /РД: ................./.

Шүүгдэгч Ш нь бүлэглэн хохирогч Ж.М-ын тээврийн хэрэгсэл дотор байсан ХААН банкны 5421097779 дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг, нийт 850.000 төгрөгийг авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б бид хоёр М-ын ажил руу хамт явсан. М-ыг ажил руугаа орчихсон байх үед Б намайг “хоёулаа зах орж АТМ-ээс мөнгө аваад ирье” гэсэн. Намайг “чамд карт байгаа юм уу, хэний карт юм бэ” гэхэд Б “надад Мын карт байгаа” гэсэн. Тэгээд бид хоёр Мын машинтай зах орж Мын дансаас 250,000 төгрөг аваад буцаж очсон. М бид хоёрыг картаас нь мөнгө авсныг мэдээгүй. Тэгээд бид хоёр 13 цагийн орчим “Билэг” зочид буудалд орж архи уусан. Өглөө 07 цагийн орчим Б “хоёулаа Мынх руу очъё, картанд нь мөнгө байгаа, 600,000 төгрөг авъя” гэсэн. Бид хоёрыг очиход М унтаж байсан. Б машиных нь түлхүүрийг авч надад өгөөд намайг “урд талынх нь хайрцагнаас виза картыг нь авчих” гэсэн. Б миний гар дээр картны нууц кодыг нь бичиж өгч, би Мын данснаас 600,000 төгрөг авсан. Тэр мөнгөөрөө бид хоёр “Ногоон төгөл” амралтын газарт очиж архи уусан. Б бид хоёр хохирогч Ж.Мад 850,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэв.

Хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ш, Б.Б нараар би гэрийнхээ хойд талын барилгын ажилд туслуулан ажиллаж байсан юм. Тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө миний машинаас ХААН банкны виза карт алга болсон. Тэр үед би Шыг аваад явсан талаар Бгаас сонссон. Харин дараа нь тэр хоёрыг харилцан тохиролцож миний картнаас 850,000 төгрөг уншуулан авч архи уусныг мэдсэн. ...одоогоор миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Гэхдээ барагдуулна гэж тэр хоёр хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 19/

Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ш гэх залуугийн хамт 2020 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдийн хооронд Ж.Мын ХААН банкны картыг хулгайлж 850,000 төгрөг уншуулан идэж уусаар байгаад үрсэн. Тухайн үед би Ж.Мын гэрийн ажилд тусалж байсан бөгөөд түүний ХААН банкны виза картны нууц үгийг нь цээжилсэн байсан юм...” гэжээ. /хх-ийн 33/

Ш мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Бгийн хамтаар найз болох Мын ХААН банкны виза картыг хулгайлж дотроос нь 850,000 төгрөг авч үрсэн нь үнэн. Эхлээд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг уншуулан авсан. Дараа нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөг уншуулан авсан...” гэжээ. /хх-ийн 31/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17/

Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20/

Шын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/

Ж.Мын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 34/

Ж.Х-ын мэдүүлэг /хх-ийн 106/

Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 107-110/

Цагдаагийн газрын “Аsap сангийн мэдээлэл /хх-ийн 111/

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-ийн 99-102/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 37/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас гаргаж өгсөн хохиролд 425,000 төгрөг шилжүүлсэн тухай 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Шт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч .........овогт Ш нь хохирогч Ж.Мын тээврийн хэрэгсэл дотроос түүний эзэмшлийн ХААН банкны 5421097779 дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 06 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөг буюу нийт 850,000 төгрөгийг авч, хохирогч Ж.Мад 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Б.Бтай бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Мын ХААН банкны виза картыг хулгайлж дотроос нь 850,000 төгрөг авч үрсэн нь үнэн. Эхлээд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, дараа нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөг уншуулан авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогч Ж.Мын “...2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө миний машинаас ХААН банкны виза карт алга болсон. Тэр үед би Шыг аваад явсан талаар Бгаас сонссон. Харин дараа нь тэр хоёрыг харилцан тохиролцож миний картнаас 850,000 төгрөг уншуулан авч архи уусныг мэдсэн...” гэх, Б.Бгийн  “...Шын хамт 2020 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд Ж.Мын ХААН банкны картыг хулгайлж 850,000 төгрөг уншуулан идэж уусаар байгаад үрсэн. Тухайн үед би Ж.Мын гэрийн ажилд тусалж байсан бөгөөд түүний ХААН банкны виза картны нууц үгийг нь цээжилсэн байсан юм...” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Ж.Мын депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 Шүүгдэгч Ш нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж  бүлэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Шыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш нь мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, хаана байгаа нь тодорхойгүй байсан учраас прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг Б.Б нарт холбогдох хэргээс тусгаарласан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж зааснаар  шүүгдэгч Шт холбогдох хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.

 

Иймд шүүгдэгч Шт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос өөрт ноогдох хэсгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний хувьд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ш нь хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоосон хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 425,000 төгрөгийг төлсөн, ам бүл долуулаа, эхнэр, 0-14 насны 5 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 5 сар 14 хоногийн өмнө суллагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацааны өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 5 сар 14 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоолоо.

Хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас хохирогч Ж.Мад 850,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ш нь хохирогч Ж.Мад 425,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас гаргаж өгсөн хохиролд 425,000 төгрөг шилжүүлсэн тухай нэг хуудас баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгчийг өөрт ноогдох хохирлыг төлсөн гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ................ овогт Шыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шт өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 05 сар 14 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 05 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шт оногдуулсан 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шын цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ш нь хохирогч Ж.Мад 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА