| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
2021 02 25 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч У
Насанд хүрээгүй хохирогч С.У
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Ут холбогдох 2121000000025 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ............................. овогт У /РД: ..................../.
Шүүгдэгч У нь 2020 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Ялалтын 18-02 тоотод, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ................................. тоотод насанд хүрээгүй хохирогч С.У-г бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт маргах зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч С.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдаанд У цагдаад өгснөөс хойш надтай уулзаагүй мэт ярьсан. Гэтэл тэрнээс хойш У согтуу манай хаалгыг эвдэж, гэрт орж ирсэн. Тухайн үед ах, эгч, эмээ байсан учраас надад гар хүрч чадаагүй. Би цаашид шүдээ эмчлүүлнэ. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй. У бид хоёр хамтран амьдарч байгаагүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...У гадагшаа гарахаараа утсаа унтраагаад хаана хэнтэй юу хийгээд явж байгаа нь мэдэгдэхгүй болдог. Охиноо хаагуур хэнтэй яваад байгааг нь таамаглах боломжгүй учраас харанхуй шөнө үүдэндээ хүлээхээс өөр арга байдаггүй. С.У надад Уыг танилцуулсан. Өөрөөс нь хэдэн насаар ах учраас тохитой томоотой хүн байна гэж бодсон. Энэ хоёр хоорондоо тохироод байхаар нь охиноо томоожиж, гадуур дотуур явахаа болих байх гэж бодсон. Миний нүднээс далд Ут зодуулаад явж байсныг нь мэдээгүй. Сүүлд У намайг зодож, толгойндоо оёдол тавиулж байхдаа “хүүхдээ буруу хүмүүжүүлж, хүүхдийнхээ нөхөрлөж байгаа хүнийг таньж чадаагүй” гэж бодож, өөртөө маш их гомдсон. Хамгийн гол нь энэ хоёрын харилцаа дахин үргэлжилж, утсаар ярьж, нэг нэгэнтэйгээ уулзаад байвал цаашид юу болох бол гэж айж байна. Энэ асуудлаас болоод гэртээ тайван амьдарч чадахгүй байна...” гэв.
Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын эхээр У над руу залгаад манай гэр рүү С.Утай хамт ирсэн. ...С.У, У бид хэд манай гэрт архи ууж байхад С.У өөр хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд У хардаад хэрүүл маргаан болоод байсан. У өөрөө их түргэн ууртай, дээрээс нь хардаад байсан. У, У-тай хэрэлдэж маргалдаж байгаад С.Угийн нүүр рүү цохичихсон. Тэгсэн чинь У миний шүдийг цохичихлоо гээд бахираад байсан. Тэгээд У нь Ут цохиулаад босож ирэхээр нь харсан чинь У-ийн амнаас цус гараад байсан...” гэжээ. /хх-ийн 13/
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...С.Угийн гэрт хоол идээд байж байсан чинь У ирээд ...Дэнжийн 10-10 тоотод байдаг Уын найзын гэрт очсон. ...Тэгээд байж байгаад манай найз намайг ирж аваад би ... явсан. Тэнд болсон асуудлыг мэдэхгүй. ...У найз залуудаа зодуулсан гээд цагдаа дээр явж байна гэхэд нь мэдсэн...” гэжээ. /хх-ийн 14-15/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот дүгнэлтэд:
1. С.Угийн биед нүүр, баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, 1 шүдний хугарал, зүүн сарвуу шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20/
У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ... С.Уг хардаад бид хоёр маргасан. ...тэгээд миний уур хүрээд С.Уг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. ...2020 оны 11 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ ...С.У хүнтэй утсаар яриад байсан, тэгээд би өөрөө аймаар хартай болохоор уур хүрээд тэсэлгүй С.Угийн шүд рүү нь цохичихсон. ...Тэгээд шүд рүү нь цохисоны маргааш өглөө нь босоод харсан чинь С.Угийн шүд нь хугарчихсан байсан. ...Би өөрийн гэм бурууг бүрэн ойлгож байна...” гэжээ. /хх-ийн 29-31/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 5-6/
Насанд хүрээгүй хохирогч С.Угийн толгойн томографийн шинжилгээ /хх-ийн 21/
Хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 55/
Насанд хүрээгүй хохирогч С.Угийн мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11/
Д.Алтангэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12/
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-39/
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-42/
Уын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 53/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ут холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ................. овогт У нь 2020 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Ялалтын 18-02 тоотод, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ............................ тоотод насанд хүрээгүй хохирогч С.Уг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С.Уг хардаад бид хоёр маргасан. ...тэгээд миний уур хүрээд С.Уг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. ...2020 оны 11 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ ...С.У хүнтэй утсаар яриад байсан, тэгээд би өөрөө аймаар хартай болохоор уур хүрээд тэсэлгүй С.Угийн шүд рүү нь цохичихсон…” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч С.У, түүний хууль ёсны төлөөлөгч Д.А, гэрч А.Т, Т.А нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Уын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Угийн биед нүүр, баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, нэг шүдний хугарал, зүүн сарвуу шууны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ут холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд улсын яллагч гаргасан санал шүүгдэгч Уын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ут 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч У нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ялыг нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350.000 төгрөгөөр торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч С.У нь “...одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ би шүдээ эмчлүүлмээр байна...” гэж мэдүүлж байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзэж насанд хүрээгүй хохирогч С.У, түүний хууль ёсны төлөөлөгч Д.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Уаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч У нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................ овогт Уыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ут 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ут энэ тогтоолоор оногдуулсан 1350.000 төгрөгөөр торгох ял, өмнөх тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Насанд хүрээгүй хохирогч С.У, түүний хууль ёсны төлөөлөгч Д.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Уаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА