Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

    2021          02           24                                     2021/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009011930790  дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, банкны удирдлага мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 120 дугаар байрны 49 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Ц, /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Ц нь иргэн Б.Зоригтхүүг “Барьцаанд байгаа байраа чөлөөлж их хэмжээний зээл авах гэж байгаа юм” гэж хуурч, бусдад өр төлбөртэй байсан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай хүү” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбараас 7 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Миний зээл шийдэгдчихлээ одоо 7 сая төгрөг байвал нөгөөдөр миний мөнгө бүтэх гээд байна, бүтэхээр нь чиний мөнгийг бөөнд нь өгье” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжпийн банкны салбараас 8.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Миний бие Зоригтхүүгээс анх мөнгө зээлэн авах талаар яриагүй юм, түүний төрсөн ах болох Давааням гэдэг хүнээс мөнгө зээлэх үү гэж асуусан юм. Тухайн үед надад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байраа чөлөөлөх хэрэгтэй байсан учир мөнгө зээлэх талаар асуусан юм. Ингээд би Давааням гэдэг хүнд Банк бус санхүүгийн байгууллагаас байраа чөлөөлөн аваад тэгээд банкинд үнэлгээ өндөр зээлийн барьцаанд тавьж мөнгөө хуваан авъя гэж ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Хохирогч Б.Зоригтхүүгийн “…2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай төрсөн ах Давааням нь залгаад манай эхнэрийн дүү Цэрэндоржид 8.000.000 төгрөг хэрэгтэй байна чи зээлэх боломжтой юм уу надад мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Ингээд удалгүй Цэрэндорж над руу 99109773, 99134885 дугаарын утсаар залгаад Давааням ах чам руу ярьсан уу надад мөнгө хэрэгтэй байна байрны зээлээ хаагаад их хэмжээний зээл авах гэсэн юм, бас чамд зээл авахад чинь тусалъя гэж хэлсэн. Тухайн үед Цэрэндорж нь Улаанбаатар банкинд эдийн засагч хийдэг байсан юм. Ингээд надаас гуйсан учир би эхлээд 8.000.000 төгрөгийг 17 дугаар сургуулийн ойролцоо байдаг Хаан банкнаас шилжүүлэн өгсөн юм. Үүний дараа Цэрэндорж нь бас Давааням ахаар хэлүүлсэн бөгөөд өөрөө бас над руу ярьж 7.000.000 төгрөг хэрэгтэй байна яг зээл шийдэгдэх гээд байна 7.000.000 төгрөг өгчих юм бол зээлээ хаагаад яг зээл бүтэх гээд байна өнөө маргаашгүй гэж хэлсэн. Ингээд би дахин 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуу талын Худалдаа хөгжлийн банкнаас Цэрэндоржийн Хаан банкны данс руу 7.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн юм. Нийт Цэрэндоржийн хүссэний дагуу 15.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-50/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-55-56/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Ц нь иргэн Б.Зоригтхүүг “Барьцаанд байгаа байраа чөлөөлж их хэмжээний зээл авах гэж байгаа юм” гэж хуурч, бусдад өр төлбөртэй байсан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай хүү” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбараас 7 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Миний зээл шийдэгдчихлээ одоо 7 сая төгрөг байвал нөгөөдөр миний мөнгө бүтэх гээд байна, бүтэхээр нь чиний мөнгийг бөөнд нь өгье” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас 8.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Зоригтхүүгийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Цийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Цийн дээрх хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Цийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зоригтхүүд 15.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.Цид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Ц нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай   

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цид нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР