| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 186/2018/0071/Э |
| Дугаар | 305 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 305
Л.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Байгалмаа,
хохирогч Х.С, Б.М,
шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Б-д холбогдох эрүүгийн 1711005480358 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Л-ийн Б, 19.. оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ........... аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, худалдаа нийтийн хоолны хөргөлтийн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн .. дүгээр хороо, ....... дүгээр гудамж, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............. /;
Л.Б нь 2014 оноос эхлэн ...... дүүргийн 14 дүгээр хороо, .............. 11 дүгээр гудамжны 194 тоотод оршин суух гэртээ эхнэр М.С, охин Б.М нартай байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Б-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие тархиндаа хүнд гэмтэлтэй, группэд байдаг ба хөргөгч, угаалгын машин засварлаж амьдралаа залгуулдаг. Би 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ архи ууж орсон ба эхнэр М.С, охин Б.М нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Би эхнэртэйгээ 20 жилийн хугацаанд хамтран амьдрахдаа гар хүрч, чанга дуугарч үзээгүй. Би хааяа архи уудаг бөгөөд архи уусантай холбоотой эхнэртэйгээ хэрүүлийн шинжтэй зүйл болж байсныг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх намайг гэм буруугаа хүлээсэн гэж дүгнэн илт гүтгэж, ял шийтгэл хууль бусаар оногдуулсан гэж үзэж байна.
Миний нэг гар татанги, нэг хөл хазгар бүрэн ажиллагаагүй бөгөөд бусдад гэм хор учруулах бие махбодийн болон сэтгэл санааны чадамжгүй билээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох байнгын шинжтэй, хэрхэн яаж гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх миний эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдлыг хэлэлцэж, надад хүнд ял оногдуулсанд туйлын их гомдолтой байна.
Намайг архи уусан, эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсаны төлөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүх ял оногдуулж байгаа тохиолдолд манай улсад ял шийтгэлгүй хүн үлдэхгүй байх гэж бодож байна.
Хохирогч гэх М.С, Б.М нарын мэдүүлэгт гэр бүлийн шинжтэй хэрүүл маргааны талаар, гэрч Т.Б, Б.Ш нарын мэдүүлэгт гэр бүлийн хэрүүл маргааны шинжтэй буюу архи уусантай холбоотой маргаан гардаг байсан талаар тодорхой дурдсан байх боловч шийтгэх тогтоолд намайг буруутгах ял халдаах агуулга бүхий буруутгасан мэдүүлгийг тусгасан нь тодорхой харагдаж байна.
Мөн цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээллээр нотлох баримттай нийцэхгүй дүгнэлт хийсэн нь хуулиар олгогдсон миний эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг гэм буруугүй болохыг тогтоож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхээс Л.Б-д 1 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, зөрчлийн шинжтэй үйлдэл байна. Л.Б-н холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж буюу байнга хүчирхийлэл үйлдэгдсэн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.С нь “...2014 оноос эхлэн энэ байдал улам бүр даамжраад өдөр болгон шахуу архи ууж, хутга мэсний зүйл бариад айлгаж сүрдүүлдэг болсон...” гэх мэдүүлгийг өгсөн байдаг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” байхаар зохицуулсан бөгөөд хохирогч М.С-н дээрх мэдүүлэг нь бусад эх сурвалжаар нотлогдоогүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.
Хохирогч Б.М, гэрч Т.Б, Б.Ш, Б.Л, Д.Т нар нь шүүгдэгч Л.Б-г 2014 оноос хойш буюу байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар мэдүүлдэггүй. Мөн хохирогч М.С, Б.М нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь тархины гэмтлийн улмаас группэд байнгын ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй талаар мэдүүлсэн байдаг.
Цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээллээр 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гудамжинд танхайрсан, 2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр архи ууж агсам тавьсан гэх дуудлага бүртгэлтэй байх ба 2014 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь дээрх баримтаар тогтоогдож байна гэж дүгнэх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү нотлох баримт нь хэргийн баримт буюу бодит нөхцөл байдалд нийцээгүй.
Шүүх, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн байна.
Хэрэгт авагдсан баримтаар Л.Б нь эхнэр, охиндоо харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд түүнийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс цагаатгах эрх зүйн бүрэн боломжтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б-г цагаатгаж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүх Л.Б-д холбогдох хэргийг цагаатгах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэв.
Хохирогч М.С давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн зүгээс уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон М.С надад шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байсан. Миний зүгээс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргахдаа нөхөр Л.Б-г архи уухыг нь болиулах, хашраах зорилготой байсан юм. Миний нөхөр Л.Б нь архи их уудаг ч гэр бүлээ байнга хүчирхийлж, дарамталж байсан үйлдэл өмнө нь байгаагүй ба 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр согтуу байсан нь үнэн юм. Мөрдөн байцаагч нь надаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг үүсгэхгүй, зөрчлийн арга хэмжээ авч, торгоод явуулна гэж хэлж байсан болохоор шууд шоронд орно гэж бодоогүй. Л.Б нь өмнө нь тархиндаа хүнд гэмтэл авч хоёр удаа тархины хүнд хагалгаанд орсны улмаас баруун гар, хөл нь саажилттай, эрүүл мэндийн хувьд муу, группэд байдаг хүн юм. Бие муу байж архи уугаад байдаг болохоор нь айлгаж, архи уухыг нь болиулах гэж цагдаад хандсан. Миний нөхөр Л.Б нь бие махбодийн хувьд бидний эрүүл мэндэд хохирол учруулах чадваргүй хүн юм.
Охин бид хоёрын зүгээс нөхөртөө болон аавдаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг мөрдөн байцаалтад удаа дараа хэлж байсан нь бидний өгсөн мэдүүлэгт байхгүй байна. Мөн мэдүүлгийг утга найруулгын хувьд өөрчилж, нэмж яллах дүгнэлт болгон шийтгэх тогтоолд бичсэн байна.
Иймд миний нөхөр Л.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, шоронгоос гаргаж өгнө үү...” гэв.
Хохирогч Б.М давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн зүгээс уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.М надад шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, шүүх хуралдаанд оролцож үг хэлэх боломжоор хангалгүй аавд минь хорих ял оногдуулсанд туйлын гомдолтой байна. Миний зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байхад цагдаагийн ахмад Л.Түвшинжаргал мэдүүлэг авч, намайг хохирогчоор тогтоосон. Би цагдаагийн байгууллагад аав намайг зоддог, хүчирхийлдэг гэсэн мэдүүлэг огт өгөөгүй. Гэтэл намайг тэгэж хэлсэн мэтээр бичсэн байсан. Сүүлд мэдүүлэг өгөхөд энэ талаар бас хэлсэн. Манай аав намайг ухаан орсноос хойш өнөөдрийг хүртэл дүү бид хоёрт гар хүрч үзээгүй. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрт аав согтуу байсан бөгөөд ээжтэй хэрүүл хийгээд байсан болохоор ээж цагдаад дуудлага өгч аавыг эрүүлжүүлэхэд өгсөн. Дараа нь цагдаагаас дуудаж мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг үүсгэхгүй, зөрчлийн арга хэмжээ авч хэдэн төгрөгөөр торгоод явуулна гэж хэлж байсан. Шоронд хорино гэж огт бодоогүй. Бие муу байж архи уугаад байдаг болохоор нь айлгаж, архи уухыг нь болиулах гэж цагдаад хандсан юм гэж ээж хэлж байсан. Гомдолгүй гэдгийг мөрдөн байцаалтад удаа дараа хэлж байсан боловч бидний өгсөн мэдүүлэгт байхгүй байна. Манай аав эрүүл мэндийн хувьд хүнд бөгөөд эрүүл мэндийн хувьд нэг жил шоронд байж чадахгүй. Иймд миний аав Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Гэр бүлийн хүчирхийлэл нь дандаа далд аргаар, гэр бүлийн хүрээнд үйлдэгддэгээрээ онцлог. Энэ хэргийг анх зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй үйлдэгдсэн гэж үзэж, зөрчлийн хэргийг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Л.Б нь 2014 оноос хойш хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж эхэлсэн боловч сүүлдээ илүү даамжирч хурц шинжтэй болж, хутга барьж, аяга, таваг шидэх, ална гэж сүрдүүлэх байдлаар илэрч, үүний улмаас хохирогч нар сэтгэл санааны дарамтад байдаг болсон. Догшин авирлаж, харгис хэрцгий хандсан байдал тогтоогдсон. Үүнийг байнгын шинжтэй гэж үзсэн. Тухайн хашаанд амьдарч байсан гэрч Ш, Б нараас мэдүүлэг авахад “гэртээ агсам тавьдаг” гэдгийг гэрчилсэн. Мөрдөгч нь хүчирхийллийн аюулын зэрэг, эрсдэлийн түвшинг тогтоосон. Дээрх баримтуудаас үзэхэд 2014 оноос хүчирхийлэл даамжирсан болох нь тогтоогддог. Мөн зэвсгийн чанартай зүйл ашиглаж хүчирхийлэл үйлдэж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл нь заавал зодож, цохих, бие махбодид нь гэмтэл учруулсан байхыг шаардахгүй. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд “хүчирхийлэл нь бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн, бэлгийн гэсэн шинжтэйгээр үйлдэгдэж” болохыг тусгасан. Энэ хэргийн тухайд хохирогч нар нь бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байсан нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-д тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Л.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байхад хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэрэг гарсан байдал”-ыг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэргийг хэзээ, яаж үйлдсэнийг тогтоогоогүй байна.
Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт шүүгдэгчийг “2014 оноос эхлэн” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг ойлгомжгүй байдлаар бичсэн байх ба 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг шинээр гэмт хэрэгт тооцож, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Иймд тухайн хэргийн гэмт хэрэг гарсан байдлыг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн үндэстэй зөв тогтоосноор хэргийг зүйлчлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй хууль буцаан хэрэглэх эсэх асуудлыг нэг мөр үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой болох юм.
Дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөнийг дурдаж, цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцаасан тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай...” гомдлыг энэ удаад хэлэлцээгүй болно.