Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

     2021         03          01                                       2021/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Н.Булганчимэг,

          шүүгдэгч У.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009016141195  дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн 1982 оны 12 дугаар сарын 22-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эмэгтэй дээд боловсролтой, агарномч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хэрэг хариуцлага хүлээж байгаагүй, У.О /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч У.О нь хохирогч М.Энхтуяагийн эзэмшлийн Голомт банкны 5501609838224203 дугаартай төлбөрийн картыг түүний нөхөр Б.Мөнхтүвшин нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны орчимд гээгдүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж олж авч 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус байрны орчимд үйл ажиллагаа явуулдаг Түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа явуулдаг хүнээс мөнгө байгаа эсэхийг шалгаж өгөөч гэж гуйж түүний пос машинд 9 удаа уншуулж нийт 961.000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

         

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байрны 1 орцны үүднээс дөрвөлжин жижиг хавтас олсон бөгөөд дотор нь бэлэн 15.000 төгрөг, хөнгөлөлтийн карт, Хаан банкны карт, Голомт банкны нийт 3 ширхэг карт байсан. Тэгээд би маргааш өдөр нь буюу 2020 оны 5 сарын 17-ны өдөр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байрны хажууд байрлах ТҮЦ-нд ороод ТҮЦ-ний эмээд Голомт банкны ийм карт олсон энэ карт кодтой уншдаг юм уу? Кодгүй уншдаг юм уу? гэж асуухад кодгүй уншдаг гэж хэлэхээр нь мөнгө байгаа эсэхийг шалгаж үзэх гээд 20.000 төгрөгийг уншуулж үзэхэд болж байсан. Тэгээд нийт 9 удаа уншуулж 961.000 төгрөгийг уншуулсан бөгөөд мөнгө нь тухайн эмээгийн пос машины дансанд байсан ба тухайн эмээгээс дансаар 280.000 төгрөгийг цувуулж авсан. Тэгээд оройд гэнэт миний данс руу 500.000 төгрөг орж ирэхээр нь гайхаад байж байтал эмээ над руу яриад манай охин 200.000 төгрөг явуулах гэж байгаад 500.000 төгрөг явуулчихсан байна буцаагаад 300.000 төгрөг явуулчих гэж хэлсэн. Тэгээд маргааш явуулах гэж байтал хамт амьдарч байсан Чулуунбаатар нь миний дансанд байсан 500.000 төгрөгийг үрчихсэн байсан. Тэгээд явуулж чадаагүй тэрнээс хойш Чулуунбаатар бид 2 харилцаагүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-29-32/,

 

Хохирогч М.Энхтуяагийн “…2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 10-44 тоотод гэртээ байх үед миний гар утсанд Голомт банкны картаас зарлага гарч байгаа мессеж ирсэн. Тэр үед миний карт нөхөр Мөнхтүвшинд байсан бөгөөд нөхрийгөө авсан юм байх гэж бодоод нөхөр лүүгээ залгахад утсаа аваагүй. Тэгээд удаагүй байж байтал 9 удаагийн гүйлгээгээр нэг дор 961.000 төгрөгийн зарлага гарсан. Нөхөр рүүгээ дахин залгаж асуухад гэрт үлдээгээгүй байна уу надад карт чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Голомт банк руу залгаад картаа хулгайд алдчихлаа миний картыг хаагаад өгөөч гэж хүсэлт гаргаад картаа хаалгуулсан...тухайн үе миний Голомт банкны карт нөхөр Мөнхтүвшинд байсан бөгөөд манай нөхөр надад хэлэхдээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 45 дугаар байрны орцны үүдэнд картыг гээсэн байж магадгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-15/,

 

Гэрч Б.Мөнхтүшигийн “…2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүүгээ зайсанд хүргэж өгөхөөр гарах үед манай эхнэр гэрт сүү байхгүй байна чи сүү аваад ирээч гэхээр нь би эхнэрээсээ зээлийн картаа аваад дэлгүүрээс сүү авч өгчхөөд хүүгээ зайсанд буулгаад тэндээсээ шууд драгон орж Дархан хот руу юм өгчхөөд буцаж 3 дугаар эмнэлгийн хажуу талын сибирийн зуух нэртэй дэлгүүр орж зуухны яндан асуугаад 2 хүнтэй уулзсан. Гараад шууд гэртээ ирсэн гараагүй байж байгаад 2020 оны 05 сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гарч урд талын 45 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд зогсоод 2 давхраас багаж зөөсөн. Би шууд гоодойн зуслан явсан. Тэгсэн 12 цаг 40 минутаас эхлээд эхнэр залгасан ба утсаар ярихад намайг чи картаас мөнгө авсан уу гэж асуусан би аваагүй гэсэн... би 2020 оны 05 сарын 16-ны өглөө дэлгүүрээс сүү авч ашигласан тэрнээс хойш ашиглаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-17/,

 

Гэрч Ч.Банзрагчийн “...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 11-12 цагийн үед 45-46 дугаар байранд үйлчлэгч хийдэг Отгончимэг орж ирээд 10.000 төгрөгийн бараа аваад Голомт банкны шар өнгөтэй, ямар нэгэн кодгүй картаар тооцоогоо хийгээд буцаж орж ирээд 20.000 төгрөг энэ картаас гаргаж өгөөч гэхээр нь пос машинаас мөнгө авахаар татвар авдаг юм байна лээ гэж хэлэхэд та татварыг ав гэхээр нь татварыг нь авалгүйгээр 20.000 төгрөгийг пос машинаас уншуулж Отгончимэгт гарган өгсөн. Тэгээд удалгүй дахин орж ирээд 40 билүү 50 мянган төгрөг уншуулсан. Тэгээд дахиад карт уншуулаад өгөөч гээд байхаар нь би чи хүний картаас зуруулаад байгаа юм уу? Наад карт чинь код байхгүй, чи өөрийнхөө паспортыг авч ир гэхэд паспортоо бариад ирэхээр нь канондож аваад Отгончимэгийн пос машинаас зуруулж авсан мөнгөнүүд дээр нь гарын үсэг зуруулж авсан ба Отгончимэг нь нийт 961.000 төгрөгийг зуруулж авсан. Би тухайн хүнээс ямар нэгэн мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-26/, Голомт банкны депозит дансны хуулга /хх-51-52/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-59-60/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч У.О нь хохирогч М.Энхтуяагийн эзэмшлийн Голомт банкны 5501609838224203 дугаартай төлбөрийн картыг түүний нөхөр Б.Мөнхтүвшин нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны орчимд гээгдүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж олж авч 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус байрны орчимд үйл ажиллагаа явуулдаг Түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа явуулдаг хүнээс мөнгө байгаа эсэхийг шалгаж өгөөч гэж гуйж түүний пос машинд 9 удаа уншуулж нийт 961.000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Энхтуяа, гэрч Б.Мөнхтүвшин, Ч.Банзрагч нарын мэдүүлэг, Голомт банкны депозит дансны хуулга, шүүгдэгч У.Оийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч У.Оийн хохирогч М.Энхтуяагийн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Энхтуяад 961.000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч У.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч У.От 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч У.О нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч У.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР