| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
2021 02 26 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч Д.Д
Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Нд холбогдох 2121000000021 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ........................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ............... овогт Н. /РД: ..................../
Шүүгдэгч Н нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн ........................ тоотод гэртээ Д.Д-ийн зүүн гар руу хутгаар хатгаж “...Д.Д-ийн биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл...” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед согтуу байснаас бүх юм болсон. Надад нэмж ярих зүйл байхгүй. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед Нд хутгалуулсан байсан. Цус нь тогтохгүй болохоор эмнэлэгт оёдол тавиулаад явсан боловч 4 хоногийн дараа эмнэлэгт долоо хоног хэвтсэн. Эмнэлгээс гараад нилээн хэд хоног боолттой байсан. Одоо ч гэсэн эм түрхэж, боолт хийлгэж байгаа. Би эмчилгээний зардалд гарсан 300.000 төгрөгийг Нгээс гаргуулмаар байна” гэв.
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н А гэх эмэгтэйг хэл амаар доромжлоод байхаар нь эмэгтэй хүнийг яаж байгаа юм болиоч гэхэд Н намайг гэрээсээ хөөсөн. Тэгэхээр нь би гэрийн зүүн талаар гарахад А намайг гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр хаалган дээр байж байтал Н миний араас зүүн гар хэсэгт хутгаар зүсчихсэн. Тухайн үед би тоогоогүй гэрээс гараад явсан. ...би хоёр гараа нуруундаа үүрээд гэрлүүгээ явж байхад зүүн гар нэг л нойтон оргиод хөндүүрлээд байхаар нь гэртээ ороод хартал зүүн гарны тохойны дээд хэсэгт зүсэгдчихсэн байсан...” гэжээ. /хх-ийн 6-7/
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...14 цаг өнгөрч байхад Н согтчихсон намайг янхан, гичий гээд элдэв бусаар хэлээд байсан. Тэгтэл Д Нд хандан чи одоо өөрөөсөө настай хүнийг ингэж муухай үгээр доромжилж болдог юм уу гэхэд Н өвгөнийг хөөхөд өвгөн за би явлаа гээд багананаас бариад үүд рүү алхсан. Тэгэхээр нь би нөгөө талаас нь босоод өвгөнийг гаргаж өгөөд ирье гэж хэлсэн. Тэгэхэд Н өвгөний зүүн гар руу үзүүртэй юмаар цохиход дээл нь урагдсан. Би баруун талд нь зогсож байсан бөгөөд өвгөн ч тоогоогүй юм хэлээгүй гарсан. Тэгээд би өвгөнийг хашааны гадаа гаргаад орхиод зугтсан. Хашааны буланд очоод харсан чинь өвгөн нуруугаа үүрээд алхаж байсан...” гэжээ. /хх-ийн 9-10/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот дүгнэлтэд:
1. Д.Д-ийн биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 12-13/
Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай гэрт ороод Их монгол нэртэй 0,5 литрийн архи А Д бид 3 задлаад хувааж уусан. Тэгээд би тэр хоёрыг гэрээсээ хөөчихсөн юм. ...Би тухайн үед юу болсныг санахгүй байгаа. Ямар ч гэсэн тэр хоёрыг гэрээсээ хөөснөө санаж байна. Тухайн өдөр 5 шил архи уучихсан. А бараг архи уугаагүй эрүүл шахуу байсан болохоор болсон асуудлын талаар мэдэж байгаа. Тэр надад сүүлд хэлэхдээ чи Д-ийг гэрээсээ хөөгөөд байхаар нь би гаргаж өгөх гээд хаалган дээр очиход чи Дашзэвэг ахын араас нь хутга барьчихсан далайж байсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 21-22/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
Нн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 25/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Нд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ................ овогт Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 10-09 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд согтуугаар хохирогч Д.Д-ийн зүүн бугалга орчимд хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тэр үед би Д ахын зүүн гарыг хутгаар зүссэн гэж А хэлсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна…” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Д-ийн “...Н миний араас зүүн гар хэсэгт хутгаар зүсчихсэн. Тухайн үед би тоогоогүй гэрээс гараад явсан. Гэрлүүгээ явж байхад зүүн гар нэг л нойтон оргиод хөндүүрлээд байхаар нь гэртээ ороод хартал зүүн гарны тохойны дээд хэсэгт зүсэгдчихсэн байсан...” гэх, гэрч Д.А-ийн “...Н өвгөний зүүн гар руу үзүүртэй юмаар цохиход дээл нь урагдсан. Би баруун талд нь зогсож байсан бөгөөд өвгөн ч тоогоогүй юм хэлээгүй гарсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Нн үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ийн биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Нд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөртэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Нн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Д.Д нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролд 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-т олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............. овогт Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Нд мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нгээс бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн ......................... тоотод оршин суух, .......... овогт Д.Д- /РД: ................../-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА