| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
2021 02 26 2021/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..............овогт Мад холбогдох 2121000200046 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, зээгийн хамт Дорнод аймгийн ....................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ овогт М. /РД: .................../
Шүүгдэгч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өнөр” хорооллын 15-02 тоот хашаанд иргэн С.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Мыг Дорнод аймгийн Матад сумын багийн даргаар ажиллаж байхад Төрийн албаны зөвлөл болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргаж байсан. Намайг өөрийг нь шүүмжилсэн гэх шалтгааны улмаас зодсон. Мад зодуулснаас хойш миний тархи хөдөлсөн. Би нэг цохиулаад ухаангүй болсон учраас 2 дахь цохилтыг нь мэдрээгүй. Дараа нь би сумын эмнэлэгт үзүүлж, өвчин намдаах тариа тариулсан. Надад шүүгдэгчээс нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгчээс хохиролд 354.000 төгрөг өгсөн. Одоо толгой байнга өвдөж, 1 сар гарангийн хугацаанд эм ууж байна. Би Дорнод аймгийн төрийн албанд өргөдөл гаргаж байсан. 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баруун талаас түймрийн утаа орж ирлээ гэж хэлэхэд “Сүхбаатарын аймагт гарсан түймрээр битгийн хүн дарамтлаад бай” гэж хэлсэн. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүргэн хүү Г-оо идэш авах нэрээр согтуу ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манайд түймэр гарахад утас нь холбогдохгүй байсан. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин түймэр гарахад “би очиж чадахгүй, амарч байна” гэсэн. М нь анхнаасаа л арын хаалгаар багийн дарга болсон. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зуслангийн баруун талд байрлах уурхайн машинаас гал алдахад сумын Засаг дарга Д, багийн дарга М нар хараад зогсож байсан. Энэ хүн миний гэр орон, мал сүргийг шатаж, устаж үгүй болохыг хүлээдэг байх. М мөнгөөр л Засаг даргын орлогч болсон байх. Би түүнд гомдолтой...” гэв.
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Матад сумын 6 дугаар багийн иргэн Б-ийн гэрийг хайгаад явж байтал нэг хашаан дотор цагаан өнгийн машин байхаар нь Б-ийг байна гэж бодоод машиныг онгойлгоход Матад сумын орлогч дарга байсан М тухайн машин дотор сууж байсан. Б-ийг биш болохоор нь хажуу айл руу ороод Б-ийг сураглаад явж байхад М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай цагаан машин дотроос гарч ирээд “Чи намайг дандаа шүүмжилдэг, би чамаас өс хонзонгоо авна” гээд намайг заамдаж аваад миний толгой руу гараа зангидаж байгаад цохисон. Мад цохиулаад миний толгой эргээд байж байхад манай эхнэр Э машинаас бууж ирээд хүн алах нь уу гэж Мад хандаж хэлсэн чинь манай эхнэрийг чамд хамаагүй гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 9-11/
Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай сумын Засаг даргын орлогч М цагаан машинаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нэлээн согтуу гарч ирээд манай нөхрийг заамдаж аваад заналтай нь аргагүй гараа зангидаж байгаад толгой руу нь хоёр удаа цохисон. Тэгээд би машин дотроос буугаад Мад хандаж хүн алах нь гэлээ гэсэн чинь М “пизда минь зайл, танай нөхрөөс өшөөгөө авч байна” гээд орилоод байсан...” гэжээ. /хх-ийн 12/
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...цагаан өнгийн машин дотроос М согтуу гарч ирээд манай ах Галсанг заамдаж аваад “Чи дандаа намайг ажил хийж байхад шүүмжилдэг” гээд шууд толгой руу нь гараа зангидаж байгаад 2 удаа цохичихсон. Тэгээд Г ахын эхнэр Э машинаас буугаад Мад хандаж чи яаж байгаа юм бэ, хүн аллаа гээд орилоход М гэх залуу Э эгчийг чамд хамаагүй, чи цаашаа зайл гээд байсан. Би машин дотор сууж байсан болохоор болсон асуудлыг бүгдийг харсан. ...би өөрөө жижигхэн биетэй хөгшин болохоор М гэх хүнээс айгаад машинаасаа буугаагүй...” гэжээ. /хх-ийн 13-14/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 тоот дүгнэлтэд:
1. С.Г-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/
М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 01 дүгээр сарын 05-ны өдөр нутгийн танил дүү Г-ын гэрт 2 шил архи уусан. Тэгээд нэлээн согтоод Г-ын хашаан дотор байсан өөрийн эзэмшлийн 84-04 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор унтаж байтал нэг хүн машины хаалгыг онгойлгоод намайг татаж сэрээгээд нэг юм амандаа хэлээд хаалга ширүүн хаагаад явсан. Би босоод араас нь очоод хаалга яасан ширүүн хаадаг юм бэ гээд тухайн хүнтэй уулзахад манай сумын иргэн Г байсан. Тэгээд би Г-г заамдаж аваад машины хамар дээр дараад Г-ийн цээж рүү хоёр удаа тохойгоороо цохисон. Тэгтэл Ганбат ирээд намайг салгаад аваад орсон...” гэжээ. /хх-ийн 37-38/
Дорнод аймгийн Цагдаагийн газарт С.Г-гийн гаргасан өргөдөл /хх-ийн 09/
Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 25/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/
Мын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41-44/
Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 46-47/
Хохирлын баримт /хх-ийн 48/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас гаргаж өгсөн хохирол төлбөрт 354.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Мад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Шоволдой овогт М нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг “Өнөр” хорооллын 15-02 тоот хашаанд согтуугаар хохирогч С.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж түүний биед тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би Г-г заамдаж аваад машины хамар дээр дараад Галсангийн цээж рүү хоёр удаа тохойгоороо цохисон…” гэх, хохирогч С.Г-гийн “...М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай цагаан машин дотроос гарч ирээд “Чи намайг дандаа шүүмжилдэг, би чамаас өс хонзонгоо авна” гээд намайг заамдаж аваад миний толгой руу гараа зангидаж байгаад цохисон. Мад цохиулаад миний толгой эргээд байж байхад манай эхнэр Э машинаас бууж ирээд хүн алах нь уу гэж Мад хандаж хэлсэн чинь манай эхнэрийг чамд хамаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Л.Э, Д.С нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 тоот дүгнэлт, анхны үзлэгийн тодорхойлолт, Мын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Мын үйлдлийн улмаас хохирогч С.Г-гийн биед тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Мад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Мын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч С.Г-д 354.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч С.Г-гаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 354.000 төгрөгийг шүүгдэгч М төлж барагдуулсан, хохирогч С.Г нь шүүгдэгчид гомдолтой боловч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............ овогт Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, хохирогч С.Г-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 354.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА