| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00348/И |
| Дугаар | 138/ШШ2017/00382 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2017/00382
| 2017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 138/ШШ2017/00382 | Дорнод аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох Автомашины үнэ болох 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2011, 2012 оноос манайхаар ирж, очсоор хажуу өрөөнд чинь амьдаръя гэдэг болсон. Тэгээд хажуу өрөөнд суух болсон. Гэтэл сүүлдээ хамтын амьдрал ярьсаар байж хажуу өрөөний ч хөлс төлөхөө больж бэлэн хоол идэж, бэлэн хувцаслуулсан хүн болсон. Ганц бие хөгшин надад түлээ түлш бэлтгэх, ийш тийш ажил төрөл хөөцөлдөхөд түшиг болох юм бодсон. Гэтэл их багаар архи уудаг, бэлэн юман дээр дураараа аашилж гэрийн эзэн, хөрөнгийн эзэн шиг загнахад нь би хөөдөг байлаа. Тэр тоолондоо л янз бүрээр амлаж, бичиг цаасанд амлалт ч бичүүлж байлаа. Амлалт өгч тэгж сайхан амьдарна, ингэж орлого олж нэмэр тус болно гээд янз бүрийн юм ярина. Тэгээд хөгжим авчихвал энд тэнд тоглоод орлого олох боломж байна гээд байхаар нь би тэтгэврийн зээл авч 1100000 төгрөг өгсөн. Тэгээд Улаанбаатар явж хөгжим авч ирсэн. Гэтэл нэг ч удаа мөнгөтэй тоглолт хийж байгаагүй. 2013 оны 05 сард би Улаанбаатар хотоос хүнээс Verna Accent маркийн машиныг 7200000 төгрөгөөр худалдаж авсан. Өөрөө ажил хөөцөлдөхөд хүний унаа царайчлахгүй, Энхбаатар ч барьчихдаг хүн болохоор нэмэр болвол хэрэг юм гэж авсан. Тэгээд Энхбаатарт хоолны мөнгөнд нэмэр болж, өөрийн хэрэглээний мөнгөө ядаж олог гээд унуулдаг байсан. Аятайхан эдэлж хэрэглээд засвар үйлчилгээг нь хийгээд байвал алсдаа өртөг зардлыг нь төлбөл чи өрийн болгож болох юм гэж нэг удаа хэлсэн юм. Тэр цагаас хойш 5000, 10000 төгрөг өгдөг нь ч зогссон. Бэлэн хоол идээд л машин унасан хүн болж хувирсан. Тэгэхээр нь чи миний машиныг ямар ч хөлс мөнгө өгөхгүй унаад байранд минь хөлсгүй сууж бэлэн хоол унд идчихээд явна гэж байхгүй. Би машинаа зарна гэсэн чинь машины үнэнд чинь 3000000 төгрөг өгье гэсэн. Би чамд тал үнийг нь өгөөд авч болно гэснээс хойш нэг төгрөг ч өгсөнгүй гэж загнасан чинь, машиныг барьж байж би цувуулж мөнгийг чинь өгнө гэсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй. Манайхаас яв, машиныг тавь гэсэн чинь намайг элэг барьж гражид байсан машины хаалга цоожийг булааж эвдэж ороод машиныг аваад хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Би цагдаад өгөхөд энэ таны машин гэж нотлох юм алга гэсэн. Хуучин эзнийхээ нэр дээр байсан юм. Ингээд би бүх татварыг нь төлж машинаа албан ёсоор нэр дээрээ шилжүүллээ. Одоо би машинаа авна гэхээр тонож дуусах нь ойлгомжтой боллоо. Иймд *******аас миний өмчлөлийн Verna Accent маркийн 66-94 УНЦ улсын дугаартай машиныг түүний хууль бус өмчлөлөөс гаргуулж авч өгнө үү. Одоо би машины элэгдлийг хасаж 3500000 төгрөгөөр үнэлнэ гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь *******т холбогдуулан Verna Accent маркийн автомашины үнэ болох 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. ******* нь Verna Accent маркийн автомашиныг надад авчирч өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******т холбогдуулан Автомашины үнэ болох 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага Verna Accent маркийн автомашиныг авчирч өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр гаргаж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******т холбогдох Автомашины үнэ болох 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70950 төгрөгнөөс 35475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын 5422106149 тоот данснаас 35475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА