Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ц.Л

Хохирогч О.Б

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2125000000045 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Б-ийг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 5-05 тоотод О.Б-ийг зодож, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт  гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлсэн “2021 оны 01дүгээр сарын 2-ны орой О.Б-ийн аав О айлд архи уусан. Тэгээд нөгөө айлаасаа О-д ирсэн. О ах гэртээ орж ирээд хүүхэддээ хандаж “цай хийж өг” гэсэн цай хийж өгсөн. Идээ тавьж өг миний хүү гэхэд архи уух гэж байгаа архичдад идээ хэрэггүй гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь би тухайн үед согтчихсон байсан согтуурхаад ахад “та хүүхдээ хүмүүжүүлэхгүй байна, таныг хүндлээд ороод ирж байхад таны хүүхэд ингэж хэлж болж байгаа юм уу” гэж хэлсэн. О ахад “та хүүхэддээ юм хэлээч” гэсэн. Тэгээд би О ахад “хүүхдийг чинь хоёр алгадчих уу” гэсэн тэг гэсэн. Тэгээд ийм юм болоод дүүг би хоёр алгадсан байгаа. Ааваас нь зөвшөөрөл авч алгадсан.

 

гэхдээ миний буруу” гэх мэдүүлэг,  

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.Б-ийн мэдүүлсэн “Б.Б гэдэг хүн нь надад хохирол учруулсан. Миний зүгээс надад учруулсан хохирлыг барагдуулж өгөөч өөр асуудал байхгүй гэсэн байгаа. Миний үүдэн шүд байхгүй болсноор имплант буюу авагддаггүй шүд 2,000,000 төгрөгөөр хийлгэх шаардлага байгаа. Хамартаа хийлгэх мэс засал нь 500,000 төгрөг, эмнэлгээр явсны зардалд 200,000 төгрөг. Нийлээд нийтдээ 2 700 000 төгрөг болж байгаа. Энэ хүн эхлээд зүүн тал руу 2 алгадсан. Дахин 5-6 алгадсан. Би цагдаа дуудсан. Аав юм ойлгох тэнхээ байгаагүй,нэлээд согтуу орж ирсэн. Би гэртээ архи уулгах дургүй тул тэднийг орж ирэхэд нь дургүй байсан.2-ны өглөө эмнэлэг орж үзүүлсэн байгаа” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.О-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...2021.01.02-ны шөнийн 02 цагийн үед найз Ц, хуурай дүү Б-ийн хамт гаднаас Соёрхол нэртэй 0.75 гитрийн хэмжээтэй 2 шил архитай орж ирэн бид 3 уусан. Эхний нэг шилийг бид 3 хуваан ууж дуусгаад 2 дахь шил рүүгээ орж байхад манай хүү О.Б-ийг Б нь гараараа алгадсан гэж миний хүү О.Б надад хэлсэн. Би харин архи уугаад тасарсан байсан болохоор алгадаж байгааг нь хараагүй. Миний санаж байгаагаар бид 3-ыг орж ирэхэд манай хүү О.Б ширээн дээр цай авчирч өгөөд идээ тавилгүй архи уух гэж байгаа хүмүүс идээгээр яах юм бэ гэхэд нь Батхүрэл та хүүхдээ хүмүүжүүлдэггүй юм уу, хүмүүс айлд орж ирж байхад гээд юм яриад байсан. Тэгээд бид гурав 2 дахь шилтэй архиа уух гэж байхад надаас таны хүү О.Б алгадаж болох уу гэж асуугаад байсан. Тэгээд би санахгүй байна... Миний хүү О.Б-ийн урд талын 1 ширхэг шүд хугарсан, хамар эвгүй болчихлоо гээд байсан. Би эмнэлгээр хамт явсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

 

Гэрч Ө.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...2021 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед нөхөр О бид 2 айлд очоод шөнө 01 цаг өнгөрч байхад ирсэн. Би охин Э-ы хамт унтаж байхад манай нөхөр эргэж гаран 02 цагийн үед Ц гээд найз, Б гэх нэг эрэгтэйгийн хамт орж ирсэн. Тэр гурав Соёрхол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хуваан уугаад эхний шилтэй архиа ууж дуусгаад 2 дахь шилтэй архи талаасаа дээгүүр байхад хүмүүсийн дуу чангараад байхаар нь би сэрсэн. Намайг сэрэхэд манай хүү О.Б-ийн хамраас цус гоожсон, уйлсан байдалтай Б-ийн хажууд сууж байсан. Тухайн үед цагдаад манай хүү дуудлага өгөн цагдаа ирэхэд Б нь тасраад унтсан байсан болохоор цагдаад өгч явуулаагүй. Тухайн үед хүүгээсээ юу болсонг асуухад, Б намайг 2 удаа алгадсан гэж хэлсэн. Яагаад ээжийгээ дуудаагүй юм бэ гэсэн чинь шүдээ зуугаад юм ярихгүй гэсэн. Миний хүү О.Б-ийн үүдэн нэг ширхэг шүд хугарсан, хамарны яс гэмтсэн байх шиг байсан. Би эмнэлгээр дагуулан явахад нэг ширхэг шүд хийлгэхэд 1,000,000 төгрөгнөөс дээш үнэтэй байдаг юм байна лээ. Харин хамрыг нь Бүсийн оношилогоо эмчилгээний төвд үзүүлэх цаг авчихаад байж байхад надад ажил гараад манай хүү ганцаараа явж чих хамар хоолойны эмчид үзүүлсэн. Тэгээд хүүгээсээ хамраа үзүүлсэн үү гэж асуухад 500,000 төгрөгний үнэтэй хагалгаанд орж янзална гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

 

Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн... 2021 оны 01дүгээр сарын 02-ны өдөр О.Б гэх хүүхэд манай эмнэлэгт ирж  үзүүлэхэд баруун дээд төвийн үүдэн нэг ширхэг шүд нь маш их өвдөлттэй байсан. Энэ нь шинэ гэмтэл гэсэн үг. Маш их өвдөлтийг хүн удаан тэсэн явж чадахгүй учир 24 цагийн дотор үүссэн гэмтэл гэж бодож байна. О.Б-ийн шүдийг 2021 оны 01 сарын 02-ны өдөр авахад нэлээд үхаж авсан байгаа учир нь залуу хүний шүд учир. О.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай эмнэлэгт ирж хиймэл шүдний хэв өгөхөд шүд авахуулсан ором нь эдгэсэн байсан. Эдгэсэн тохиолдолд шүдний хэв авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

 

-Яллагдагчаар Б.Б-ийн мэдүүлсэн “...О ах надад хандаж миний хүү О.Б-д хэдэн үг хэлээч гэхээр нь би О.Б-ийг дуудаж хажуудаа суулган, О ахаас таны хүү О.Б-ийг 2 удаа алгадаж болох уу гэж асуухад О ах зөвшөөрөхөөр нь суугаагаар нь өөрийн баруун гарын дотор хэсгээр нүүрэн хэсэг рүү 2 удаа алгадахад О.Б уйлсан. Уйлахаар нь би нулимсыг нь арчиж өгсөн. О.Б-г 2 удаа алгадахад юу ч дуугараагүй. Тэгээд би архиндаа согтон тасраад маргааш өглөө нь сэрсэн. Өглөө сэрэхэд О.Б гэрээс шууд гараад явсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүйгээс гадна, би яасан бэ О.Б ахын дүү гэхэд шууд гараад явсан. Хамар, шүд гэмтсэн гэж юу ч яриагүй. Тэгээд би 2021.01.02-ны өдрөө Улаанбаатар хот руу өөрийн тээврийн хэрэгслээр явсан хойно 2021.01.02-ны орой нь О.Б над руу залгаад та миний хамрыг муруйлгаж, 1 ширхэг шүд хугалсан байна би өнөөдөр эмнэгээр ороод шүдээ авахуулчихлаа таныг цагдаад өгнө гэсэн... О.Б ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, нүүрэн хэсгээс нь огт цус гараагүй, зүгээр л уйлаад сууж байсан... Миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй. Хамарны яс гэмтсэнд бол хүлээн зөвшөөрч байна. Харин 1 ширхэг шүд хугарсанд эргэлзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай...О.Б-ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт нь шинэ гэмтлүүд ба үзлэг хийгдэхээс 28 хоногийн дотор хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтлүүдэд цохилтын хүч тодорхойлох боломжгүй байна, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт нь нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь нэг удаагийн үйлчлэлээр, нэг шүдний булгаралт нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх-ийн 17-19-р хуудас/,

 

-Инээмсэглэл шүдний эмнэлгийн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 03-04-р хуудас/ тус эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 75-р хуудас/,

 

-Хохирогчийн эмчилгээний зардлын баримт /хх-ийн 79-80-р хуудас/, хохиролд 500,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 90-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 5-05 тоотод Отгонбулганыд шүүгдэгч Б.Б нь ирж архидан согтуурах үедээ гэрийн эзэнд “танай хүүхэд идээ тавьсангүй,хүүхдээ хүмүүжүүлсэнгүй” гэх шалтагаар түүний хүү О.Б-ийг хажуудаа суулгаж байгаад нүүрэн хэсэгт нь алгадан зодож хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол гэмтэл учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм

 буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгчийн Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 02 цагийн орчим хохирогч О.Б-ийн гэрт түүнийг санаатай алгадаж зодсоны улмаас биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр 15-ны 71 дугаартай “...О.Б-ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт нь шинэ гэмтлүүд ба үзлэг хийгдэхээс 28 хоногийн дотор хугацаанд үүссэн байх боломжтой...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт, гэрч Г.Н-ийн ... 2021 оны 01дүгээр сарын 02-ны өдөр О.Б гэх хүүхэд манай эмнэлэгт ирж  үзүүлэхэд баруун дээд төвийн үүдэн нэг ширхэг шүд нь маш их өвдөлттэй байсан.Энэ нь шинэ гэмтэл гэсэн үг. Маш их өвдөлтийг хүн удаан тэсэн явж чадахгүй учир 24 цагийн дотор үүссэн гэмтэл гэж бодож байна. О.Б-ийн шүдийг 2021 оны 01 сарын 02-ны өдөр авахад нэлээд үхаж авсан байгаа...” гэх мэдүүлэг, Инээмсэглэл шүдний эмнэлгийн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,гэрэл зураг/хх-ийн 03-04-р хуудас/ ,тус эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 75-р хуудас/,хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “шүдний булгаралтыг л гайхаад эргэлзээд байна” гэснийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгаж дүгнэхэд, эргэлзээ нь үндэслэлгүй, баримтгүй, өөрөөр хэлбэл,эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал,ямар нэг нотолгоо тогтоогдохгүй байна. Харин хохирогчид учирсан 1 шүдний булгаралт гэмтлийг Б.Б нь нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө хохирогчийн гэрт санаатай үйлдлээр учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогджээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сум Даваат баг Манханы 5-05 тоотод согтуурсан үедээ О.Б-ийг зодож “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний булгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд 500,000 төгрөг төлсөн талаар шүүгдэгч болон хохирогч нар мэдүүлж байгаа учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийг өмгөөлж, торгуулийн ял бага хэмжээгээр оногдуулна уу, ажил хийж байгаад төлнө. Хөл гар өвддөг, булчирхай нурууны өвчтэй гэжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч ажил хийх боломжгүй хүнд өвчтэй байдал хэрэгт баримтаар нотлогдоогүй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт 2,700,000 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй. Харин шүүгдэгч 500,000 төгрөгийн хохирол төлсөн болох /хх-ийн 90-р хуудас/-т авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогчийн шүдний гэмтэл эмчлэгдээгүй  болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Х овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,

тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.А