| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0042/э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-02-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2125000000017 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Жем” зочид буудлын гадна иргэн О.Э-ын эзэмшлийн Тоёота тундра маркийн 94-95 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуу шидэн хагалаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1 820 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж
ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн” гэв.
Хохирогч О.Э нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 8-р хуудас/,
2. Хохирогч О.Э-ын “2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэр Б-ын төрсөн өдөр болсон ба уг өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Жем” зочид буудлын доод талд байх караокены өрөөнд Б-ын найз М, түүний нөхөр М, Б нарын хамт төрсөн өдөр тэмдэглэсэн юм. Бид нар караокеноос гараад Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Шугар баарны гадна очиход баар хааж байсан ба манай эхнэр Болортуяагын гар утас байхгүй байна гээд эргэж явахаар болсон. Таксинд суугаад явж байхад Б, М нар хоорондоо маргасан. “Жем” зочид буудлын гадаа ирээд эхнэрийн гар утсыг газар уначихсан байж магадгүй гээд хайж байхад Б, М нар миний машины хажууд маргалдаад хоорондоо зууралдчихсан байсан. Би тэр хоёрыг салгаад М-ийн машины ар талын суудал дээр суулгаад хөдлөх гэхэд Б машины араас чулуу аваад шидсэн. Б-ын шидсэн чулуу миний машины ар талын салхины шилийг хагалсан. Би машинаас буугаад яаж байгаа юм бэ гэж асуухад оночихсон уу, би төлнө гэж хэлсэн. Уг үйл явдлаас хойш 3-4 хоногийн дараа машины хагалсан шилийг захиалсан. Нийт 1 820 000 төгрөг болсон. Б надад 1 300 000 төгрөгийг 2 хувааж өгсөн ба үлдэгдэл 500 000 төгрөгийг өгөхгүй байгаа. Би өөрөөсөө мөнгө гаргаад машины шилийг засуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
3. Гэрч Т.Б-ийн “2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн өдөр байсан болохоор тэмдэглэх гээд нөхөр Эрдэнэбаяр, манай найз М, түүний нөхөр М, найз Б нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Жем” зочид буудпын доод талын караокед орж дуулж байгаад бааранд орно гээд караокенээс гарсан юм. Бааранд орох гэсэн боловч хүмүүс их байсан ба тэр үед өөрийнхөө гар утсыг байхгүй байгааг мэдээд эргээд караоке руу такси бариад явж байхад М, Б нар хоорондоо маргалдаад байсан. Яагаад гэвэл миний утсыг хамгийн сүүлд Б байсан болохоор маргалдаж байсан. Караокены гадаа утсаа хайж байхад М, Б нар маргалдаж хоорондоо зууралцсан ба тэр хоёрыг манай нөхөр Э салгаж М машинд суулгасан. Бид нар хөдлөх гээд машинаа асаахад Б чулуу шидэж нөхрийн машины ар талын салхины шилийг хагалчихсан. Машинаас буугаад яаж байгаа юм бэ гэж асуухад би хохирлыг нь барагдуулна, яг гоё ончихлоо гэж инээгээд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
4. “Бан Хас” ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №20/02/02096 дугаартай “хойд салхины шил 1 500 000 төгрөг, тээврийн зардал 70 000 төгрөг, эд анги сольж угсрах зардал 250 000 төгрөг, нийт 1 820 000 төгрөг гэсэн” дүгнэлт. /хх-ийн 21-р хуудас/
5. Яллагдагч Г.Б-н “Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хагарсан шилний 1 820 000 төгрөгийн хохирлоос 1 300 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 520 000 төгрөг дээр нэмээд үнэлгээний хөлс төлсөн 80 000 төгрөгийг оруулаад нийт 600 000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 03-04-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Э-ын эзэмшлийн Тоёота тундра маркийн 94-95 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар шидэж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1 820 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үндэслэл журмын дагуу хүлээж авсан тухай мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байна. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийн тухайд шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн уураа барьж чадалгүй бусдын эд хөрөнгөд хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ маргахгүй байна. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор хохирол учруулсан нөхцөл байдлыг зэргийг харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Б нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Х.У саналдаа: “Шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй. Өнөөдрийг хүртэл хохирогчид учруулсан хохирлыг өөрийн санаачилгаараа төлж барагдуулсан. Үүнийг нь ч гэсэн хохирогч өөрөө хүсэлтдээ шүүхэд хандаж гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байдлаар хэлсэн байдаг юм байна. Ийм учраас хохирлын асуудал шийдэгдсэн, бусдад төлөх төлбөргүй байна. Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь гэм буруу болон хувийн байдалд нь тохироогүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дах хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд тухайн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын чанар, оногдуулах ял нь түүний хувийн байдал, хохирлын хэм хэмжээд тохирсон байна гэж заасан байна. Тиймээс Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. Г.Б нь одоогоор ээж, төрсөн хүүгийнхээ хамт амьдардаг, өөрөө цар тахлын улмаас одоогоор ажил хийх боломжгүй, мөн бизнесменүүд бүгд л ажлынхаа хаалгыг барьж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Одоо харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд орохоор өргөдлөө өгсөн байгаа, тун удахгүй шийдэгдэх юм байна лээ. Иймд торгуулийн ялыг оногдуулж өгөөч ээ. Ингэхдээ хуульд зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн оногдуулахыг зааж өгөөч. Г.Б нь торгуулийн ялыг төлөх болох боломжтой байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч О.Э-ын “Б машины араас чулуу аваад шидсэн. Б-ын шидсэн чулуу миний машины ар талын салхины шилийг хагалсан. Би машинаас буугаад яаж байгаа юм бэ гэж асуухад оночихсон уу, би төлнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Б-ийн “Бид нар хөдлөх гээд машинаа асаахад Б чулуу шидэж нөхрийн машины ар талын салхины шилийг хагалчихсан. Машинаас буугаад яаж байгаа юм бэ гэж асуухад би хохирлыг нь барагдуулна, яг гоё ончихлоо гэж инээгээд байсан” гэсэн мэдүүлэг. “Бан Хас” ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20/02/02096 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б 2020 оны 10 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Жем” зочид буудлын гадна иргэн О.Э-ын эзэмшлийн Тоёота тундра маркийн 94-95 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуу шидэн хагалж 1 820 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б-ын иргэн О.Э-ын эзэмшлийн Тоёота Тундра загварын тээврийн хэрэгслийн хойд салхины шилийг чулуу шидэж хагалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Э-т 1 820 000 төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
5. Хэрэгт хамаарал бүхий зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Г-ны Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар утгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А