Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0685

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Л-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, П.Э,

Нэхэмжлэгч: Ж.Л,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газарт нэхэмжлэгч нь Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаанд гаргасан иргэний хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нөхөн даатгалд хамруулах захиргааны акт гаргахыг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 635 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, П.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.М

Хэргийн индекс: 128/2022/0358/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 635 дугаар шийдвэрээр:

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Лг Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоож, хуулийн хугацаанд гаргасан Ж.Лгийн “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх” хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талаас гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газарт нэхэмжлэгч нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаанд гаргасан иргэний хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нөхөн даатгалд хамруулах захиргааны акт гаргахыг даалгасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд:

            1.Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ ТОГТООХ нь хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103.3.4 дэх хэсэгт гэж заасан нь хуульд байхгүй заалтыг баримталсан.

            2.Үндэслэх хэсгийн 5 дугаар зүйлд “Үүнтэй холбогдуулан шүүх, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь”-н хамт тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад эрхтэй хэмээн тухайлан хуульчилсан байхад....” гэж заажээ.

            Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь” гэдгийг тодорхой болгох зорилгоор уг гэрээг яг хэзээ, хаана, хэрхэн байгуулсан талаар тодорхой бус байгаа нь уг хуулийн “тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээ” гэдэг заалтыг зөрчиж байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 635 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ж.Лгээс “Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэгч нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоолгох,

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаанд гаргасан иргэний хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нөхөн даатгалд хамруулах захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу туслах малчнаар ажиллаж байсан хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эрхтэй байхад хариуцагч нараас үндэслэлгүйгээр татгалзсан, хуульд заасан шаардлагуудыг хангасан, 2005-2008 он хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн шаардлага хангагдахгүйд хүрэх эрсдэл бий болоод байна” гэж маргасан.

Харин хариуцагч нараас “туслах малчин Ж.Лгийн ажил олгогч нь гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, хөлсөөр ажиллах малчдын тухайд хууль, эрх зүй дутмаг, хөлсөөр ажиллах гэрээ тухайн ондоо хийгдсэн эсэх нь нотлоход хүндрэлтэй тул харьяа нийгмийн даатгалд хандуулаад нотлогдож байгаа бол хөлсөөр ажиллуулж байгаа иргэнээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нөхөн даатгалд хамруулна” гэж маргадаг.

3.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”,

3 дугаар зүйлийн 3.1.3-д “"тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" гэж нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг”,

4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна.”

6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна.”,

7 дугаар зүйлийн 7.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:”, 7.1.4-т “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь”, 7.2-т “Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.”,

8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2005 оны 1 дүгээр сараас 2008 оны 12 дугаар сар дуустал хугацаанд нэхэмжлэгч Ж.Л нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян овоо багт оршин сууж, туслах малчнаар ажиллаж байсан болох нь малчин Т.Мөнхбаттай “Малчин хөлсөөр ажиллуулах гэрээ”[1],  Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/80 дугаартай тодорхойлолт[2], Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/90 дугаартай албан бичиг[3] зэргээр тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх өргөдөл”[4]-ийг гаргажээ.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаар албан бичгээр[5] “... дээд газраас одоог хүртэл хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөөгүй тул таны хүсэлтийн дагуу Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамааруулаагүй болно” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн.

Мөн нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх “ тухай өргөдлийг[6] гаргажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/87 дугаар албан бичгээр[7] “... Таны 2004 онд байгуулсан дээр дурдсан гэрээгээр малчин Т.Мөнхбат нь таны ажил олгогч бөгөөд уг гэрээний хугацаанд ... ажлын хөлснөөс ... нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй ... Говь-алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан гэрээний хугацаанд авсан ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг таныг хөлсөөр асуулсан малчин Т.Мөнхбатаар нөхөн гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг зөвлөж байна” гэх хариуг өгсөн байна.

Дээрх албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөлд 2022 оны 01 дүгээр сарын 28, 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд уг асуудлаар гомдол[8] гаргажээ.

Тухайн гомдлыг Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөлийн 32/09 дугаар албан бичгээр[9] “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 3/87 дугаар албан бичгээр .... хариу өгсөн байна. Иймд дээрх шийдвэр үндэслэлтэй байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 3/87 тоот албан бичгээр өгсөн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье” гэх хариуг өгсөн болох нь тогтоогдож байна.

6.Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч Ж.Л нь 1982 онд төрсөн бөгөөд 2005 оны 1 дүгээр сараас 2008 оны 12 дугаар сар дуустал хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан бөгөөд хуульд заасан холбогдох баримтыг бүрдүүлэн “туслах  малчнаар ажиллаж байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх” хүсэлтээ хууль хүчин төгөлдөр хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн оршин суугаа газрын харьяалах Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст гаргасан.

Гэвч түүний хүсэлтийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэрлэхээс татгалзсан, мөн нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргасныг тус газраас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдож байна.

7.Нэхэмжлэгч Ж.Л 40 настай бөгөөд 2005 оны 1 дүгээр сараас 2008 оны 12 дугаар сар дуустал хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан хугацаандаа тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байх тул Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан тухайн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрх нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар үүсжээ. 

Гэтэл нэхэмжлэгчийн “туслах  малчнаар ажиллаж байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх” агуулга бүхий хүсэлтийг хариуцагч нараас “дээд газраас одоог хүртэл хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөөгүй, таны ажил олгогч гэрээний хугацаанд ажлын хөлснөөс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” зэрэг үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасантай нийцээгүй, хууль бусаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан гэж үзэхээр байна.

Иймээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоож, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаанд гаргасан иргэний хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна.

8.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь” гэдгийг тодорхой болгох зорилгоор уг гэрээг яг хэзээ, хаана, хэрхэн байгуулсан талаар тодорхой бус байгаа нь уг хуулийн “тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээ” гэдэг заалтыг зөрчиж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

9.Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь:” хэсгийн удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй 103.3.4 гэсэн заалт бичсэн алдааг гаргасан талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

10.Гэвч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүйгээс шалтгаалж хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газартай холбоотой ямар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй, мөн “нөхөн даатгалд хамруулах захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс “хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай” гэж захиргааны байгууллагын эрх хэмжээтэй холбоотойгоор өөрчлөн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан агуулгатай шийдвэр гаргасан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан агуулгаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд хэрэглэх шаардлагагүй хуулийг хэрэглэсэн, маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалтыг зөв хэрэглээгүй байна.

Эдгээр алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжтой байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

            Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь:” хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй 103.3.4 дэх заалтыг баримталсан, мөн 106.3.13 дахь заалтыг баримтлаагүй алдаа гаргасан болохыг анхан шатны шүүхээс цаашид анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 635 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Лгээс “Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаанд гаргасан иргэний хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нөхөн даатгалд хамруулах захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ж.Л нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоож, нөхөн даатгалд хамруулаагүй хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаанд гаргасан нэхэмжлэгч Ж.Лгийн хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж,  бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах, П.Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 62-63  дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 109 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 110 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 61-62 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 121-123 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 14 дэх тал 

[8] Хэргийн 1-р хавтас 94-97 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 15 дахь тал