Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1126

 

 

“Тавин гурав” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00706 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Тавин гурав” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Түмэндэмбэрэлд холбогдох

 

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 375 351 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогзолмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнгөн тулга цамхаг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 53 дугаар байр нь 2013 онд ашиглалтад орсон. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр оршин суугчдын хурал болж дотроосоо сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаар болж уг хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн тогтоолоор Ц.Өлзийг гүйцэтгэх захирлаар томилж, сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг баталж, өмнө авч байсан тарифаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөр авахаар заасан. Дүрэмд зааснаар сар бүр сууц өмчлөгчдийн холбооны болон захирлын цалин, засвар үйлчилгээнд 10 000 төгрөг, жижүүрт 5 600 төгрөг, лифт 5 000 төгрөг, гэхдээ 3 давхрын айлаас 4 500 төгрөг, гэрэлтүүлэг 2 500 төгрөгийг тус тус авч байхаар болсон. Би ажил авснаас хойш бүх гэрлийг хийж, хашаа хороог засаж, лифтийг ашиглалтад оруулсан. Хийсэн ажлаа оршин суугчдын хурал дээр тайлагнасан. Л.Түмэндэмбэрэлийнх 2016 оны 01 дүгээр сараас эхлэн төлбөр төлөөгүй, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөх талаар хэлэхэд “Мөнгөн тулга цамхаг” ХХК-иас авах ёстой авлагыг суутгуулна гэсэн зүйл хэлсэн. Тухайн үед компани, сууц өмчлөгчдийн холбоо 2 тусдаа гэдгийг хэлж ойлгуулсан. 2016 оны 4 дүгээр сард төлбөрөө төлөхийг шаардахад мөнгөгүй байна, удахгүй төлнө гэсэн боловч төлбөр хийгээгүй тул 2016 оны 10 дугаар сард дахин шаардахад төлбөр төлөхгүй гэсэн. Бид оны эхний 1 сард хурал хийж, хийсэн ажлынхаа тайланг тавьдаг. Л.Түмэндэмбэрэл хуралдаа суудаггүй. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хурал хийж уг хариуцагчтай учраа олсон, төлбөрөө 2 хувааж төлнө гэсэн. Төлбөр төлөөгүй оршин суугчид алданги төлөх зохицуулалт нь “Тавин гурав” Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан. Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 22 806 төгрөг, нийт 273 672 төгрөгийг төлөөгүй тул дүрэмд зааснаар алданги тооцож 104 679 төгрөг гарсан тул нийт 378 351 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сарын төлбөрт сууц өмчлөгчдийн холбооны 10 000 төгрөг, жижүүрийн 5 600 төгрөг, лифтний 4 500 төгрөг, гэрэлтүүлгийн 2 500 төгрөг, банкны хураамж 206 төгрөг тус тус багтсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 53 байрны 3 давхарын 6 тоотын өмчлөгч нь Л.Түмэндэмбэрэл мөн юм. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр төлөөгүй нь үнэн. Сарын төлбөрөөс жижүүр, гэрэлтүүлэг, лифтний мөнгийг төлнө. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Ц.Өлзийг бид сонгоогүй. Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг мэдэхгүй, ямар засвар үйлчилгээ хийдгийг мэдэхгүй, ямар учраас тариф тогтоосныг мэдэхгүй, хог нь бөөгнөрч эвгүй үнэр үнэртдэг, халууны улиралд доод давхрын айл амьдрах боломжгүй болдог, зун бүтэн сар жижүүргүй байсан, гэтэл бүрэн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хийсэн ажил нь тодорхойгүй тул энэ хүнд цалин төлөхгүй, ажилласан гэдгээ нотолбол төлбөр төлнө. Манайх сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ хийгээгүй, гишүүн нь биш гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Л.Түмэндэмбэрэлээс 375 879 төгрөгийг гаргуулж “Тавин гурав” СӨХ-д олгож, Тавин гурав СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 472 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 926 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс 375 879 төгрөгийг гаргуулж "Тавин гурав" сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээс лифт, жижүүр, гэрэлтүүлэгийн төлбөр болох 151 200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алдангид 104 769 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 10 000 төгрөг буюу 120 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч Л.Түмэндэмбэрэл болон гэр бүлийн бусад гишүүд сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг уншиж, танилцаж байгаагүй, сууц өмчлөгчдийн холбоо нь хууль журмын дагуу сонгогдсон эсэх нь тодорхойгүй. Хэрвээ алданги төлөхөөр оршин суугчидтай нэг бүрчлэн сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, журмыг танилцуулж, алданги тооцох тохиролцоог бичгээр баталгаажуулах ёстой. Иймд алданги тооцож байгаа нь ямар ч үндэслэлгүй. Хариуцагч болон бусад оршин суугчид 30 гаруй хүмүүс нэгдэн маргаан үүсгэж сууц өмчлөгчдийн холбоо татан буулгаж, өөр сууц өмчлөгчдийн холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар сууц өмчлөгчдийн холбоод мэдэгдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Сууц өмчлөгчдийн холбооны хуралд оршин суугчид ажлаа хийж чадахгүй байгаа талаар гомдол гаргаж, энэ асуудлаа шийдвэрлэхгүй бол сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өгөхгүй талаар өргөдлөө нэхэмжлэгчид танилцуулж байсан. Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо нь өөрт ноогдсон ажлаа хийдэггүй, нэг ч удаа засвар үйлчилгээ хийж байгаагүй, хог байнга бөөгнөрдөг, хогоо цаг тухайд нь ачуулдаггүй, зун бүтэн cap жижүүргүй, ямар ч цэвэрлэгээ хийгдээгүй, зун байрны гадна хог бөөгнөрч, бункер хогоор дүүрч өмхий үнэртдэг, ус байнга алддаг, үүнийг засварлах ажил хийгээгүй. Шугам сүлжээ, сантехникийн талаар ямар ч ойлголт байхгүй, засвар үйлчилгээ хийдэггүй. Оршин суугчдад сууц өмчлөгчдийн холбооны тайланг танилцуулдаггүй. Хариуцагчийн зүгээс жижүүр сууц өмчлөгчдийн холбооны даргад цалин өгөх, төлбөр төлөх ямар ч үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж лифт, жижүүр, гэрэлтүүлгийн төлбөр болох 151 200 төгрөгийг хангаж, харин алдангид 104 769 төгрөг, СӨХ 10,000*12=120 000 төгрөг нийт 224 769 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Тавин гурав” СӨХ нь хариуцагч Л.Түмэндэмбэрэлд холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 273 672 төгрөг, алданги 104 679 төгрөг, нийт 378 351 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч сар бүрийн лифт, жижүүр, гэрэлтүүлгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Тавин гурав” СӨХ-г Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 53 дугаар байрны оршин суугчид байгуулсан, хариуцагч Л.Түмэндэмбэрэл нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 53 дугаар байрны 6 тоот орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13/037 тоот СӨХ-ны гэрчилгээ болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заажээ.

 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дах хэсэгт зааснаар “сууц өмчлөгч” гэдэг нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дах сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд байх юм.

 

Иймээс тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч байгаа өмчлөгч дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний засварыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны дүрмээр сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг тогтоох бөгөөд дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.2, 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар зохицуулсан байна.

 

Хариуцагч Л.Түмэндэмбэрэл тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ц.Өлзийг сонгоогүй гэх тайбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь тухайн орон сууцны оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар СӨХ байгуулах, СӨХ-ны удирдах зөвлөлийг сонгох бөгөөд уг байгуулсан удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилж, хөлсөөр ажиллах гэрээний дагуу тэрээр ажиллаж байгаагаас үзвэл СӨХ-ны мөнгийг энэ үндэслэлээр төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч Л.Түмэндэмбэрэл СӨХ нь засвар үйлчилгээ хийдэггүй, хийсэн ажил нь харагддаггүй, хог нь бөөгнөрч өмхий үнэртдэг, халууны улиралд доод давхрын айл амьдрах боломжгүй болдог гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй, СӨХ-ны үйл ажиллагааны дутагдал нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

            Нэхэмжлэгч сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг сар бүр СӨХ-ны 10 000 төгрөг, лифт 5 000 төгрөг, жижүүр 5 600 төгрөг, гэрэлтүүлэг 2 500 төгрөг байхаар тогтоосон хурлын тэргүүлэгч гэсэн 3 хүний гарын үсэгтэй хэргийн 5 дугаар тал дахь “Тавин гурав” СӨХ-ны дүрэм гэх баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд ирүүлсэн боловч уг баримтыг хуульд нийцсэн баримт гэж үзэх үндэслэлгүй, СӨХ-ны дүрэм эх хувиараа авагдаагүй байгаа нь эргэлзээтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг сар бүр ямар хэмжээтэй байх, уг зардлыг хугацаандаа төлөөгүй нөхцөлд алданги тогтоосон баримтгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр 151 200 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00706 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар хариуцагч Л.Түмэндэмбэрэл 151 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Тавин гурав” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 227 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “11 926 төгрөг” гэснийг “5 186 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Түмэндэмбэрэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                        М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ