Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 306

 

          Б.Б-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Б.Эрдэнэбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-н өмгөөлөгч З.Мөнхзолбоо,

шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч О.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох эрүүгийн 1706002900294 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Б-н Б, 19.. оны .. дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 1, ............ дүүргийн ... дүгээр хороо, .......... дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .......... дүүргийн .. дугаар хороо, ..... дүгээр гудамжны ..... “б” тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 18-наас 20-ны өдөр ........ дүүргийн 8 дугаар хороо, .......... дүгээр гудамжны ... “б” тоотод хамтран амьдрагч Д.С-ыг “халаасанд байсан 30.000 төгрөгийг авсан” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар нь цохиж, орон дээр түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овогт Б-ын Б-ыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас 12.164.000 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.   Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие тус хэргийг хянан шалгах явцад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр прокурор Б.Эрдэнэбаатарт бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх, гэрч асуулгах, хохирогчийн эрүүл мэндийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтүүдийг гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч хүсэлтэд дурдсан ажиллагааг бүрэн хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “... хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх"-ийг хянах үүргээ биелүүлээгүй ба мөн хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах ёстой байсан. Уг асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тус анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

2.   Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж үзсэн бөгөөд уг дүгнэлтийн нэмэлт шинжилгээний хариуны 3 дахь хэсэгт "Шүүх эд эсийн 1464 тоот эд эсийн хариунд: Бүлэн: ... хугацаа 6-12 цаг" гэсэн байх бөгөөд энэ нь тархинд гэмтэл үүсч "цусан хүрээ үүсч эхэлсэн цаг хугацаа"-г харуулж байна. Хавтаст хэрэгт авагдсан "Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл"-д талийгаач нь нас бараад 12 цаг болсон буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өглөөний 09 цаг 20 минут орчим нас барсан гэсэн байна. Уг тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтээс үзвэл үхлийн шалтгаан болсон гэмтэл нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний шөнө 21 цагаас 7 дугаар сарын 20-нд шилжих шөнийн 3 цаг хүртэлх хугацаанд үүссэн байна. Гэтэл уг хугацаанд Б.Б нь амь хохирогчтой хамт байгаагүй буюу 2017 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 11 цагаас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 10 цаг хүртэл амь хохирогч нь найзындаа байсан нь гэрч Г.С, Б.М нарын мэдүүлгээр нотлогддог. Гэрчүүдийн мэдүүлгээр 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б.Б нь амь хохирогчийг зодсон, шүүгдэгчийн мэдүүлэгт "амь хохирогчтой 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим муудалцаж, нэг алгадаж, ор луу түлхсэн” гэж мэдүүлсэн ч дээрх үйлдлүүд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үхлийн шалтгаан болох тархины битүү гэмтэл үүссэн гэх цаг хугацаатай давхцахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь амь нас хохирсон хор уршигтай шалтгаант холбоо нь хангалттай тогтоогдохгүй буюу гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоогоогүй байна.

3. Амь хохирогч нь төрөлхийн зүрхний хүнд өвчтэй бөгөөд түүнээс улбаалан артерын даралт ихсэх өвчтэй байсан, нас барахаас 10-аад хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 3 хоногийн турш архи хэтрүүлэн хэрэглэсэн ба нас барах үедээ цусанд нь 5,2 промилли спиртын агууламжтай байсан нь өвчний улмаас тархинд цус харвасан байх магадлалтай гэж үзэхээр байна. Учир нь артерын даралт ихсэх өвчний улмаас тархинд цус харвахад гэмтлийн нэгэн адил тархины хатуу, зөөлөн бүрхүүл доор цусан хураа үүсэх боломжтой бөгөөд гэмтлийн улмаас үүсэх цусан хураанаас ялгах шинж тэмдэг нь эдэд давхар цус харвах байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтийн нэмэлт шинжилгээний эд эсийн шинжилгээнд тархи, уушги, зүрх, элэг бөөр, нойр булчирхай, бүлэнгээс дээж авсан боловч тархины эдэд цус харвасан эсэх асуудлаар дүгнэлт гаргаагүй байна. Үүнээс үзвэл шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйчлэлийн үндэслэл болсон уг шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ төрүүлэхээр байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд үйл явдал, он, сарын хувьд өөр хоорондоо ноцтой зөрүүтэй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4-т зааснаар нүүрэлдүүлж мэдүүлэг авах замаар мэдүүлгийн зөрүүг гаргах ёстой байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-т заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ төрвөл ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаагүй.

Дээрхээс дүгнэхэд уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь процессын хуулийг зөрчсөн. Миний хүсэлтийг хүлээн авсан атлаа хүсэлтэд дурдсан ажиллагааг огт хийгээгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход үндэслэл бүхий эргэлзээтэй, хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг бодитой нотолж чадахгүй, нотлох баримтуудын эргэлзээ бүхий байдал нь хэргийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7, 1.15 дахь зүйлүүдэд заасан зарчмуудыг зөрчиж, хэт нэг талыг барьж, шүүгдэгчийн эрхийг хангаагүй, мөн хуулийн 32.3 дахь зүйлийн 1.1 дэх заалтад заасан хянавал зохих асуудлыг прокурор хянаагүй, уг асуудлаар гаргасан хүсэлтийг шүүх буруу шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-н өмгөөлөгч З.Мөнхзолбоо давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Даваажаргалын тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 1.4-т "Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болно" гэж заасан. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийх эрхийг нь хязгаарлаагүй байна. Харин шүүх хурлын үеэр тэрээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт нөхөж гаргасан боловч шүүх уг хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, прокурорт буцаагаагүй. Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа биш юм.

2. О.Даваажаргал өмгөөлөгч хэргийг шалгах явцад цаг хугацааг тодруулах талаар  хүсэлт гаргасан. Шинжээч эмч М.Золжаргалын “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь тархины битүү гэмтэлд шалтгаант холбоогүй, Бүлэнг: Үнхэлцэгийн хөндийд 10 мл орчим шар шингэн нь хүний физиологийн хувьд байх ёстой шингэн юм. Зүрхний баруун, зүүн талын тосгуур ховдолд ногоон өнгийн жижиг бүлэнтэй гэсэн нь нас барсны дараах зүрхний хөндий дэх цус бүлэгнэх урвалтай холбоотой үүсч буй урвал юм, талийгаачид үүссэн гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд байна, талийгаачийн зүрх нь 380 гр жинтэй, 13*10.5*8.5 хэмжээтэй бөгөөд хэвийн зүрх нь 280-320 гр жинтэй байдгаас үзвэл хэвийн хэмжээнээс бага зэргийн томорсон, зүрхний эмгэг өөрчлөлт нь талийгаачийн үхэлд ямар ч шалтгаан нөлөөгүй. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан" гэсэн мэдүүлгээр уг асуудалд маш ойлгомжтой хариултууд өгсөн байна.

Дээрх хариултуудаас харахад бүлэн нь үхэлд хүргэсэн шалтгаан биш харин нас барсны дараах зүрхний хөндий дэх цус бүлэгнэх урвал болох нь ойлгомжтой байна. Мөн 1464 дүгээр дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгүүдээс талийгаач нь зүрхний эмгэг өөрчлөлтөөс болж нас бараагүй нь харагдаж байгаа атал түүнийг төрөлхийн зүрхний өвчтэй байсан нь үхэлд хүргэсэн гэх өмгөөлөгч О.Даваажаргалын тайлбартай үл нийцэж байна.

Мөн талийгаачийн амь хохирсон байдал нь байцаалтын явцад зөвхөн нэг удаагийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бус 2000 оноос хойш Б.Б-ын байнгын гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, зодуураас болж, төрөлхийн эмгэг, өвчтэй хүн шиг бие муутай, бэртэлтэй болсон байсныг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Талийгаач нас барахаас өмнө тархи толгой нь байнга өвдөх, цээжээр хатгуулж, хөндүүрлэх, нэг талын гар нь хөдөлгөөнгүй өвчтэй, гүйцэд амьсгаа авч чадахгүй бачуурах зэрэг зовиуруудтай болсон байсан. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үеэс үүр цайтал зодуулж, 19-нөөс 20-нд шилжих шөнө зугтаж найз Сумъяасүрэнгийнд очиж хоноод, 7 дугаар сарын 20-ны өглөө гэртээ хүргүүлж ирээд Б.Б-ын гарт зэрлэгээр зодуулан нас барсныг нотлох хангалттай баримтууд хэрэгт авагдсан байна. Талийгаач бүтэн 17 жилийн турш хайр энэрэлгүй, дарамт зодуурт өртөж гэсгээл цээрлэл мэт аймшигтай амьдралаар амьдарч явсаар энэ удаагийн зодуурыг тэсч давалгүй амь нас хохирсныг дараах баримтуудыг судлан, шинжилж, шүүх бүрэлдэхүүн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Үүнд:

1. Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн №1464 шинжээчийн дүгнэлтээс харвал амь хохирогчийн нас барсан гол шалтгаан нь "тархины битүү гэмтэл" байна.

2. Амь хохирогчийн биед учирсан шарх, гэмтэл, зулгаралтууд нь бүгд гадны нөлөөгөөр хатуу мохоо зүйлийн олон удаагийн давтамжтай, амьд үед нь шинээр үүссэн ба нас барах үед шинээр үүссэн дээрх шинэ гэмтэл, хөхрөлт, няцралт нь гадны хүчин зүйлээс үүссэн нь тодорхой харагдана.

3.   Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн дэслэгч Б.Отгонтөгсийн илтгэх хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-н байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч М.М, П.Г, Д.О, Б.О, Ш нар болон шүүгдэгч Б.Б-ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.М, Н нарын мэдүүлэг мөн амь хохирогчийн нүүрийг эгц урдаас нь авсан байдалтай фото зураг /XX-16/ зэрэг болно... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... ” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Мөн Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар гэр бүлийн зүгээс дуудлага өгч байсан нь нотлогддог. Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг байнга алдагдуулж байсан нь хэргээс харагдаж байна. Иймд Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй... 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч О.Даваажаргал хоёр үндэслэл бүхий хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн, холбогдох ажиллагааг хийсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 18-наас 20-ны өдөр ........ дүүргийн ... дугаар хороо, ............ дүгээр гудамжны ... “б” тоотод хамтран амьдрагч Д.С-г “халаасанд байсан 30.000 төгрөгийг авсан” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар нь цохиж, орон дээр түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-н “... 2017 оны 7 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед ээжийн арын айлын Оюунаа эгч над руу “аав чинь ээжийг нь зодоод байна, хурдан залга” гэж бичсэн байсныг би 19-ний өглөө уншаад Оюунаа эгч рүү залгаж асуухад Оюунаа эгч “аав чинь ээжийг чинь зодоод унтуулсангүй, манай нөхөр өмөөрч аавтай чинь зодолдсон” гэж хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 18-ны шөнө ээж зугтаад Оюунаа эгчийнд ороод байж байтал Б.Б араас нь ороод “пизда минь, гэртээ ор” гээд сууж байхад нь цамцнаас нь угзарч татаж хаалгаар чирч гаргаад, шороон дээр чирээд аваад гарсан гэсэн... талийгаачийн амьдарч байсан гэрт О ах, Н ах, Ч эгч бид нар очоод гэрийг нь цэвэрлэхэд ширээ, сандал хоёрын дундаас архины хагарсан шил олдсон... Мөн ээжийн бичиг баримтыг хайж байх үед ээжийн нас барсан байдалтай хэвтэж байсан орны араас 2-3 хэсэг болоод хагарсан архины шил олсон... Намайг бага байхаас л Б.Б ээжийг зоддог байсан...” /хх 22-26/,

гэрч Ц.М-н “...Би 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг дээр найз Г, Э нартай уулзаад 1 шил 0,75 граммын архи, 1 лааз пиво уучихаад дэлгүүрээс архи аваад гараад иртэл хойд талын Б.Б ах хашаандаа нүцгэн зогсчихсон гараараа даллаад байхаар нь гэрт нь ороход эхнэр нь баруун орон дээрээ хэвтэж байсан. Бид авч орсон архиа уугаад сууж байхад Б.Б ахын эхнэр Д.С хөдлөхгүй байхаар нь би эхнэр чинь хөдлөхгүй байна ш дээ” гэсэн чинь Б.Б ах “үхсэн Доржийн өлөн бөөс үхээгүй” гээд байсан ба манай найз Г гарч цагдаа руу залгаад хэлчихээд ороод ирсэн чинь Б.Б ах эхнэрийгээ орноос нь татаж унагаасан. Тэгэхэд эхнэр нь хөдлөхгүй байсан. Б.Б ахын хацар нь халцраад тав тогтчихсон байсан...” /хх 27-28/,  

гэрч П.Г “... Дэлгүүрээс архи аваад гараад иртэл М нэг хүн дуудаад байхаар нь очиж уулзсан. Тэгээд гэрт нь ороод архиа задлаад тус бүр нэг татчихаад сууж байхад гэрийн баруун талын орон дээр нэг эмэгтэй доошоо харсан байдалтай хэвтчихсэн хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би гарч цагдаа дуудаад буцаж ортол нөхөр нь орон дээрээс татаж унагаасан...” /хх 29/,

гэрч Г.С-н “...2017 оны 7 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед би нөхөр Мөнхжаргалын хамтаар гадуур ажилтай явж байгаад гэртээ ирэхэд С манай гэрт ирчихсэн байсан... С нь “Би Б-тай маргалдаад ирлээ, танайд хоноё” гэхээр нь “тэг, тэг” гэсэн...” /хх 32-33/,

гэрч Б.О “...2017 оны 7 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай урд талын айлд хүн байгаагүй. Манай гэрт хадам аав Мягмаржав болон Өнөболд, Маралмаа, Энхбаатар, нөхөр Шинэтөр нар байсан. Би унтахаар орондоо ороод хэвтэж байтал шөнө 01 цагийн орчим талийгаач Д.С манай гэрт орж ирээд Шинэтөрөөс тамхи гуйсан. Удалгүй араас нөхөр Б.Б нь орж ирээд “Доржийн янхан минь, чи энд юугаа шиншилж яваа юм” гэхэд талийгаач “би Шинэтөрөөс тамхи асуугаад байхгүй гэхээр нь гарах гэж байна” гэж хэлсэн. Би Б.Б ахад “маргааш өглөө ажилтай, та нар гэртээ орж унт” гэсэн чинь Б.Б ах намайг “янхан минь мэдэж байна, гарах гэж байна” гээд талийгаач руу уурлаад араас нь нуруу хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохиод гаргасан. Тэгээд тэр хоёр гэр лүүгээ орсон. Б.Б талийгаачийг хэл амаар доромжлоод орилоод хэрэлдээд байсан. Тэгээд нэлээд гэгээтэй болсон байхад нэг харсан чинь Б.Б ах талийгаачийг гэрийнхээ зүүн талд нь унагаачихсан “яасан их орилдог юм” гээд дээрээс нь 2 удаа цохисон. Талийгаач “чи болиоч” гээд орилоод байсан чинь манай нөхөр Шинэтөр гараад Б.Б ахын гарыг бариад салгасан. Талийгаачийг босгоод гэр лүү нь оруулсан. Б.Б ах хэл амаар доромжлоод Шинэтөрийн араас гэр лүү ороод ирсэн. Гэрт ороод ирэхээр нь Шинэтөр “та манай гэрээс гараад унтаж амар” гээд гаргах гэсэн чинь гарахгүй маргалдаад байсан. Тэгэхээр нь Шинэтөр Б.Б ахыг “болиоч” гээд нүүр лүү нь алгадсан чинь Б.Б ах хашаанаас гараад явсан. Удалгүй Б.Б ах гаднаас дахин орж ирээд Шинэтөртэй маргалдаад байхаар нь өглөөний 07 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирсэн чинь талийгаач “манай нөхөр яагаа ч үгүй, намайг зодоогүй, битгий авч яваарай” гээд өмөөрөөд явуулаагүй. Тэгээд цагдаа яваад өгсөн ба би 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан... Б.Б ихэнхдээ архи уухаараа зоддог байсан. Талийгаачийг байнга зоддог тул манай гэрт заримдаа орж ирээд хонодог байсан. Талийгаачийн нүд, нүүр, хөл нь байнга л хөхөрчихсөн байдаг байсан. Мөн Б.Б ах агсам тавьж, юм авч шиддэг байсан. Талийгаачийн зүүн шанаа нь хавдчихсан нүд нь хөхөрчихсөн байсан...” /хх 36-39/,

гэрч М.Шинэтөрийн “... Гэртээ амарч байтал гаднаас талийгаач С эгч халамцуу орж ирсэн. Удалгүй араас нөхөр Б.Б нь орж ирээд “Доржийн янхан энд юу хийгээд байгаа юм” гэсэн. Талийгаач за гээд эргэж хараад хаалгаар гарч амжаагүй байхад Б.Б ар нуруу луу нь цохиж унагаасан. Тэгэхээр нь би орноосоо босож очиход талийгаач газар унасан, Б.Б талийгаачийн дээр гараад энгэрээс нь заамдсан байдалтай байж байхаар нь би Б.Б-ыг “та болиоч, архи уухаараа дандаа ийм зан гаргах юм” гэж хэлээд түлхсэн. Энэ хооронд талийгаач босоод зогссон байсан. Тэгэхээр нь би Б.Б-ыг гэр лүүгээ ор гэсээр байгаад гэр лүү нь оруулсан ба талийгаач араас нь орсон. Ингээд 7 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед унтаж байхад талийгаач Д.С орж ирээд надаас тамхи асуусан. Нүүр лүү нь хартал талийгаачийн нүд, эрүү хоёр нь хавдаж, хөхөрсөн байхаар нь би “та нүүрээ яасан юм бэ” гэхэд “Б.Б урьд шөнө цохиод ийм болгосон, би гэрийн гадаа хоносон, Б.Б намайг гэрт хонуулаагүй хөөсөн” гэсэн...” /хх 40-42/,

гэрч Л.Сайнжаргалын “... Б.Б дахиад нэг шил архи ууя гээд гарсан. Тэгээд 0,75 граммын архи авч ирсэн ба Б.Б, Д.С бид гурав хувааж уусан. Б.Б, Д.С хоёр хоорондоо маргалдаад байсан. Намайг байхад зодолдоогүй... Б.Б нь талийгаачийг хааяа зоддог. Согтохоороо “үхсэн Доржийн өлөн бөөс” гэж байнга дууддаг...” /хх 46-47/,

шинжээч М.Золжаргалын “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гавал тархины битүү гэмтэлд шалтгаант холбоогүй... Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд болно... Зүрхний эмгэг өөрчлөлт нь талийгаачийн үхэлд ямар ч нөлөөгүй. Талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас барсан...” /хх 111-112/ гэх мэдүүлгүүд,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаач Д.С-н биед тархины баруун тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохой, ташаанд цус хуралт, дух, баруун нүдний гадна булан, зүүн тохой, шуу, зүүн ташаа, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Д.С-н биед тархины баруун тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохой, ташаанд цус хуралт, дух, баруун нүдний гадна булан, зүүн тохой, шуу, зүүн ташаа, баруун өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан ба тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1464 дугаартай дүгнэлт /хх 63-65/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Архинд донтох эмгэг” өвчтэй байсан. Энэ нь олдмол өвчин болно. Энэ үедээ өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах, хянах чадвартай байсан. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна...” гэх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1102 дугаартай дүгнэлт /хх 173-175/,

     хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13, 14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/, Цагдаагийн АСАП сангийн тэмдэглэлүүд /хх 116-126/ зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 

  Мөн шүүхээс Б.Б-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч О.Даваажаргалаас “...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, талийгаачид учирсан тархины гэмтэл үүссэн цаг хугацаа Б.Б-н үйлдэлтэй цаг хугацааны хувьд тохирохгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Шинжээч М.Золжаргал “...Зүрхний баруун зүүн талын тосгуур ховдолд ногоон шаргал өнгийн бүлэнтэй гэсэн нь нас барсны дараах зүрхний хөндий дэх цусны бүлэгнэх урвалтай холбоотой үүсэж байгаа урвал юм..” /хх 112/ гэж мэдүүлжээ. Тэгэхээр бүлэн үүсэх урвал нь талийгаачийг нас барсны дараа үүсэх процесс гэж үзэхээр байна.  

Хэрэгт авагдсан цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны оройн 21 цаг 25 минутаас эхлэн хийсэн бөгөөд уг тэмдэглэлд “талийгаачийн нас барсан хугацааг 12-16 цаг болсон” гэж ерөнхий байдлаар бичжээ.

Гэрч Б.Оюуны “...2017 оны 7 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай урд талын айлд хүн байгаагүй... Би унтахаар орондоо ороод хэвтэж байтал шөнө 01 цагийн орчим талийгаач Д.С манай гэрт орж ирээд Шинэтөрөөс тамхи гуйсан. Удалгүй араас нөхөр Б.Б нь орж ирээд... талийгаач руу уурлаад араас нь нуруу хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохиод гаргасан. Тэгээд тэр хоёр гэр лүүгээ орсон... Тэгээд нэлээд гэгээтэй болсон байхад Б.Б ах талийгаачийг гэрийнхээ зүүн талд нь унагаачихсан “яасан их орилдог юм” гээд дээрээс нь 2 удаа цохисон... Удалгүй Б.Б ах гаднаас дахин орж ирээд Шинэтөртэй маргалдаад байхаар нь өглөөний 07 цагийн үед цагдаад дуудлага өгсөн. Цагдаа иртэл талийгаач “манай нөхөр намайг зодоогүй, битгий авч яваарай” гээд өмөөрөөд явуулаагүй...” /хх 36-39/, гэрч М.Шинэтөрийн “...Талийгаачийг “за” гээд эргэж хараад хаалгаар гарч амжаагүй байхад Б.Б ар нуруу луу нь цохиж унагаасан... талийгаач газар унатал Б.Б талийгаачийн дээр гараад энгэрээс нь заамдсан байдалтай байж байхаар нь би түлхсэн... талийгаач Д.С орж ирээд надаас тамхи асуусан. Нүүр лүү нь хартал талийгаачийн нүд, эрүү хоёр нь хавдаж, хөхөрсөн байхаар нь би “та нүүрээ яасан юм бэ” гэхэд “Б.Б урьд шөнө цохиод ийм болгосон, би гэрийн гадаа хоносон, намайг гэрт хонуулаагүй хөөсөн” гэж хэлсэн...” /хх 40-42/, шинжээч эмч М.Золжаргалын “...Дээрх зүрхний эмгэг өөрчлөлт нь талийгаачийн үхэлд ямар ч шалтгаан нөлөөгүй. Талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас барсан...” гэх мэдүүлгүүд /хх 112/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1464 дугаартай дүгнэлт /хх 63-65/, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 07 цаг 15 минутад гэрч Б.Оюун 88550771 дугаарын утсаар Цагдаад дуудлага өгсөн талаарх дуудлагын мэдээлэл /хх 76/ зэрэг баримтуудаас үзвэл талийгаач Д.С нь Б.Б-д 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс зодуулж эхэлсэн ба маргааш өглөө нь буюу 7 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 15 минутад гэрч Б.Оюун цагдаад дуудлага өгсөн боловч цагдаа ирээд Б.Б-г авч яваагүй тул Б.Б нь талийгаачийн хамт гэртээ үлдсэн, тухайн өдрийн 14 цагийн орчим талийгаач нь найз Г.Сумъяасүрэнгийнд очоод тэндээ хоноод маргааш өглөө нь гэртээ хүргэгдэж ирсэн хэргийн үйл баримт цаг хугацааны хувьд хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд талийгаач нь Б.Б-д зодуулсны улмаас тархиндаа хүнд зэргийн гэмтэл авч нас барсан ба Б.Б-н талийгаачийн толгой руу цохисон үйлдэл, талийгаачийн тархинд учирсан хүнд гэмтэл хоёр нь шууд шалтгаант холбоотой байна.

             Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргалын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.