Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01904

 

Д.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1718 дугаар магадлалтай,

Д.У-ын нэхэмжлэлтэй,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох,

Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас миний контрактын гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн байсныг надад албан ёсоор гардуулаагүй тул ямар үндэслэлээр цуцласан болохыг 2018 оны 01 дугаар сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх үед олж мэдлээ. Би Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори ТӨҮГ-ын захирлын албан тушаалыг хууль болон контрактаар хүлээсэн үүргийнхээ дагуу чанартай гүйцэтгэж байсан. Контракт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан үйл баримт бүрдээгүй байхад хууль зөрчиж гаргасан. Ажил хүлээлгэн өгөх өдөр болон ажлаас халагдах өдрийг шийдвэрээр тогтоогоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан тэтгэмж өгөөгүй. Надад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаалыг өгөх үүргээ биелүүлэлгүй өдийг хүрсэн тул хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй нөхцөл үүссэн. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори ТӨҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.У-ыг Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаар тогтоолоор Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар /МЭЭСБУЛ ТӨААТУҮГ/-ын захирлаар томилж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн. Д.У- нь төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллах хугацаандаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг тус тус зөрчсөн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дотоод аудитын хорооны дүгнэлт болон төрийн өмчийн хорооны шалгалтаар тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.У- нь ажлын байрандаа байдаггүй, өөртэй нь утсаар яриад одоо очиж байна гэхэд ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг очиж байгаа сургаар гарч зугтдаг. Иймд түүнийг ажлаас чөлөөлсөн болохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-4/3394, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-4/3463 дугаар албан бичгээр мэдэгдэж, ажлын байрандаа байж байхыг хугацаа заан мэдэгдсэн боловч товлосон цагт ажлын байрандаа байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.У-ыг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лобартори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 6.902.320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Д.У-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Д.У- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 125.387 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1718 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэр, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 1718 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д. Ууганбаяр нь ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн А- 4/3394 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-4/3463 дугаар албан бичгүүдээр мэдсэн буюу мэдсэн байх боломжтойг нотлох тухайн цаг хугацаанд өдөр тутмын албан болон санхүүгийн бичиг баримтуудад гарын үсэг зурж, цалингаа тооцуулан авч ажлаа хийж байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Үндэслэлгүй халагдаж байгаа талаарх Д. Ууганбаярын шаардах эрх нь 2017 оны 11 сарын 28-нй өдрийн А-4/3394 дугаар албан тоотыг хүлээн авснаар буюу эрх нь зөрчигдсөнийг мэдсэн тэр цаг хугацаанд үүсч байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулах гэж, ажил хүлээлцүүлэх гэж олон удаа араас нь хөөцөлдсөн боловч бултаж явсаар 2018 оны 1 сарын 15-ны өдөр ажил хүлээлцсэн Д. Ууганбаярын буруутай байдлыг шүүх харин зөвтгөсөн. Д.У-тай байгуулсан Контрактыг шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж шийдсэн нь үндэслэлгүй юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Д.У-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэсэн нь гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байсан. Ажиллаж байгаа байгууллага нь Төрийн өмчит үйлдвэрийн газар. Өөрөөр хэлбэл Төр өөрийн хөрөнгийг захиран зарцуулах , төрийн чиг үүрэг бүхий энэ тусгай байгууллагыг хуулийн дагуу удирдан зохион байгуулах эрхийг олгож, мөн Төрийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг давхар олгосон Контракт байгуулсан. ТБОНӨТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах гэрээнд тусгах нөхцөлүүдийг хуульчилж өгсөн ба үүнд “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож гэрээг цуцлах талаар заавал тусгана” гэсэн нөхцөл байхгүй байна. Харин мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Захирал гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болно” гэж заасан байна. ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооноос Д.У- гэдэг хүн ажил авснаас хойш 2013 онд гарсан дотоод аудитын зөвлөмжийг биелүүлээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл Тогтоох хэсэгт шийдэгдээгүй байна. Үндэслэх хэсэгт “Иймд Төрийн өмчийн хорооны /ийм алдаатай/ “ажлаас чөлөөлсөн” тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэж үзсэн хэрнээ Тогтоох хэсэгт үүнийг шийдээгүй, тушаалыг хүчинтэй эсэхийг шийдвэрлээгүй хэрнээ нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилсон нь үндэслэлгүй байна.

Иймд.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэр, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 1718 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Д.У- нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай  шаардлага гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...зөрчил гаргасан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн тайлбар гаргаж маргасан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 430 дугаар тогтоол гаргаж, Д.У-ыг “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.3., контрактын гэрээний 8.4а, 8.4в дэх заалт болон дотоод аудитын хорооны дүгнэлтийг үндэслэл болгожээ.

“Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨААТҮГ-ын үйл ажиллагаанд аудит хийсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дотоод аудитын хорооны 2017 оны 5 дугаар сарын 5-ний өдрийн 2 дугаар тогтоолд “...лабораторийн итгэмжлэлийн хугацааг сунгуулах, ...санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гарсан асуудлуудыг дүрэм, журмуудад нийцүүлэн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ирүүлэх...” гэжээ.

“Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨААТҮГ нь дээрх тогтоолд заасан зөрчил дутагдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, 2017 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 64 тоот албан бичгээр аудитын хороонд, төлөвлөгөөний биелэлтийг 2017 оны 7 дугаар сарын 3-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус хүргүүлсэн байна /хэргийн114-124 дүгээр тал/.

Зохигчийн хооронд байгуулагдсан Контрактын 8.4а-д “захирал контрактад заагдсан үүргээ биелүүлээгүй бол”, 8.4в-д “хууль тогтоомж болон үйлдвэрийн газрыг удирдан зохион байгуулах үүргээ зөрчсөн, түүнд өгсөн удирдамж, зааврыг биелүүлээгүй бол” контрактыг хугацаанаас нь өмнө цуцлахаар тус тус заасан боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах талаар заасан, хариуцагч аудитын дүгнэлт гарснаас хойш 6 сарын дараа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан.

Хариуцагч ажлаас халсан шийдвэрийг ажилтанд хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...контрактыг цуцалж 2018 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр ажил хүлээлцүүлсэн...” гэснээс үзвэл хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүх, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 6.902.320 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2.-т нийцжээ.

Харин нэхэмжлэгчтэй байгуулсан контрактыг дүгнэхэд энэхүү тогтоол саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1718 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                             Г.ЦАГААНЦООЖ