| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0064/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/69 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Б-д холбогдох 2134000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаараа .................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овгийн П овогтой Б/РД:ИФ........../ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 06 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амар гэх амралтын газрын ажилчдын байранд хамт тус газар галчаар ажилладаг иргэн Х.Б-тэй “чи муу гуйлгачны хүүхэд гэж, чи намайг доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөг, баруун хацар, баруун амны булан, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимын склер, баруун нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 06 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амар гэх амралтын газрын ажилчдын байранд хамт тус газар галчаар ажилладаг иргэн Х.Б-тэй “чи муу гуйлгачны хүүхэд гэж, чи намайг доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөг, баруун хацар, баруун амны булан, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимын склер, баруун нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Х.Б-ийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сард зараар ажил хайж байгаад Бүрд ХХК-д галчаар ажилд орсон юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тухайн ажилд орсон. Байгууллагын эзэмшлийн өмч болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутагт байх Амар-н амралтын газарт галчаар ажиллахаар ирсэн. Тухайн ирсэн өдрөөсөө хойш Батжаргал гэх залуутай хамт галчаар ажиллаж байгаа юм. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байхад 19 цагийн орчим миний ажиллаж байгаа амралтын газрын малчин гэх залуу 0.5 граммын Соёрхол нэртэй нэг шил архи аваад ирэхээр нь тухайн малчин залуутай нийлж Б бид хоёр тухайн архийг амралтын газрынхаа ажилчдын байранд хувааж уусан. Архи дууссаны дараа 20 цаг өнгөрч байхад ББаян-Өнжүүл сумын төв рүү явж дэлгүүр ороод 0.75 граммын Хараа архи 1 шил, 0.5 граммын Экс архи 1 шилийг авчирсан. Малчин гэх залуу тухайн архинаас уухгүй яваад өгсөн. Тэгээд бид хоёр үлдээд амралтын газрын ажилчдын байрандаа 0.5 граммын Экс архийг нь хувааж уусан бөгөөд би согтоод байхаар нь унтаж амарсан. Тэгээд унтаж байтал 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 01 цагийн орчим Б намайг татаж сэрээсэн. Би эхнэртэйгээ утсаар ярьж байхад чи ханиалгаж байгаад утас таслуулчихлаа гэхээр нь би яаж мэдэх вэ дээ гэхэд юу гэж ханиалгаад байгаа юм бэ гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон бөгөөд миний нүд хавдчихсан. Тэгээд намайг чи доромжиллоо гээд намайг толгой руу 10-аад удаа цохисон. Орноос татаж унагаагаад миний цээж рүү өшиглөсөн, чирч татаад чи худлаа ажлын цаг алаад байна гээд дайраад байсан. Тэгээд Б газар хэвтээд унтаад өгсөн бөгөөд миний дотор муухай болоод толгой эргээд байхаар нь Баян-Өнжүүл сумын төв рүү 15 цагийн орчим алхаж ирээд цагдаагийн байгууллагад хандсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн №55 дугаартай шинжээчийн “...1. Х.Б-ийн биед баруун, зүүн хөмсөг, баруун хацар, баруун амны булан, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимын склер, баруун нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Б нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 37 дугаар хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 17-ны өдөр 10 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 41 дүгээр хуудас/ 2021 оны 02 сарын 17-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч П.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овгийн П овогтой Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН