Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Да-эд холбогдох 2134000000055 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, холбоочин, аврагч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө ТӨв аймгийн Онцгой байдлын газрын харъяа Баян сум дахь салбарт жолооч ажилтай байсан, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт .....................оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, К овгийн Т овогтой Д /РД:НБ........./ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Т.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын алба хаагчдын байранд эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Т Д-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас өмсөж байсан цамцны захаар боож, эрүүл мэндэд нь духанд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Т.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын алба хаагчдын байранд эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Т.Д-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас өмсөж байсан цамцны захаар боож, эрүүл мэндэд нь духанд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхийн хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан болох нь:   

 

Хохирогч Т.Д-ын өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед Онцгой байдлын алба хаагч нарын байранд гэртээ амарч байсан. Би орон дээрээ хэвтэж байсан чинь гаднаас манай ажилтан эрэн хайх аврах бүлгийн жолооч Днь согтуу орж ирээд хэвтэж байсан намайг чамайг би ална. Танай аав чинь яахын нь харна гэх зэргээр заналхийлж миний өмсөж байсан цамцны захаар намайг боосон. Би боолгож байхдаа Онцгой байдлын салбарын дарга руугаа залгасан чинь миний утсыг аваад шидсэн. Тэгэхээр нь би ноцолдож байгаад гараас нь арай хийж мултарч гараад хөл нүцгэн хажуу айл болох Т гэх залуугийн зугтаж орсон. Тэгээд ЦБ-д дуудлага өгсөн. Би хэсэг хугацааны дараа гэртээ ороход Д нь гэрт байсан эд хогшлыг  эвдсэн байсан. Тухайлбал миний хоол цайны аяга, ус буцалгагч, сандал, хоолны тогоо зэргийг эвдсэн байсан. Тэгээд сумын цагдаа орж ирээд Д-ийг авч явсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дугаар хуудас/,

 

Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №72 дугаартай шинжээчийн “...

1. Т.Д-ын биед духанд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Дболон хохирогч Т.Д нар нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 24-ний өдөр 21 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 59 дүгээр хуудас/ 2021 оны 02 сарын 24-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Т.Д-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Т.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Т.Д-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч К овгийн Товогтой Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ийг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН